Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 30

 

 

   2022          11           08                                     206/МА2022/00030

Ш.Баяржаргалын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 162/ШШ2022/00162 дугаар шийдвэртэй, 

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багт оршин суух, Баяуд овгийн Шалхааны Баяржаргалын /РД:ДА76110115/ ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-д //РД: 3246701/-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 129,756,758 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Баяржаргал түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм /цахим сүлжээгээр/, хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1  Миний бие 2016 онд Алтайн сүрлэг нуруу ХХКомпанийн хувьцаа эзэмшигчээр орж, 2016 оны 03 сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 сарын 18-ны өдөр хүртэл Алтайн сүрлэг нуруу ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоогоор Алтайн сүрлэг нуруу ХХКомпанийн 37 хувийг эзэмшдэг. Миний бие Алтайн сүрлэг нуруу ХХКомпанийн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахын тулд өөрийн хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрийг зарцуулж ирсэн. Гэтэл Н.Батболд нь Алтайн сүрлэг нуруу ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд компанийг их хэмжээний өр төлбөрт оруулж, Ш.Баяржаргал намайг хувь хүн болон хувьцаа эзэмшигчийн хувиар маш их хохироож байна. Миний бие Алтайн сүрлэг нуруу ХХКомпанийн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахын тулд өөрийн нэр дээр бизнесийн зээл авч, авсан зээлээ 100 хувь хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мах боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох үед зээлийг компанийн хөрөнгөөр төлж барагдуулахаар гүйцэтгэх захирал Н.Батболдтой тохиролцсон.

1.2 Гэтэл Н.Батболд нь үйлдвэрийн хөрөнгийг хувьдаа завшихын зэрэгцээ, авсан зээлээ төлөхгүй намайг их хэмжээний өр төлбөрт оруулан хохироож байна. Ш.Баяржаргал би 2016 оны 04 сарын 18-ны өдөр Хаан банкнаас 2 жилийн хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй 120,000,000 төгрөгийг зээлж компанийн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулах бүх үйл ажиллагаанд зарцуулсан.

1.3 Үүнд: 1. Үйлдвэрийн тоног төхөөрөмж авахад 72,890,000 төгрөг,

 2. 380-ын шугам татахад 4,000,000 төгрөг,

3. Үнэлгээ хийлгэхэд 666,000 төгрөг,

4. Хэлмэрч зуучлагчийн онгоцны билет 1,234,000 төгрөг,

5. Байгал орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 6,000,000 төгрөг,

 6. Үйлдвэр ашиглалтанд оруулах бусад үйл ажиллагаанд үлдэгдэл төлбөрийг зарцуулсан. Мөн өөрийн зүгээс офиссын ком тавилга авахад 3,500,000 төгрөг, цемент болон бетон зуурмаг авахад 6,000,000 төгрөгийг зарцуулсан.

1.4  Ш.Баяржаргал миний нэр дээр авсан 120,000,000 төгрөгийн зээл болон хувийн зүгээс оруулсан мөнгийг Алтайн сүрлэг нуруу ХХКомпанийн тайланд тусгасан байдаг. Алтайн сүрлэг нуруу ХХКомпанийн зүгээс 4 удаагийн зээл төлөлт болох 31,723,200 төгрөгийг төлсөн. Миний бие өөрийн зүгээс бусад зээлийн төлбөрийг төлж барагдуулсан.

1.5 Иймд Ш.Баяржаргал миний өөрийн зүгээс үйлдвэрийн үйл ажиллагаанд зарцуулсан 9,500,000 төгрөг, бизнесийн зээлийн төлбөрт төлсөн үндсэн зээл болох 96,276,018 төгрөг, зээлийн хүү 23,980,740 төгрөг, нийт 129,756,758 төгрөгийг Алтайн сүрлэг нуруу ХХКомпаниас гаргуулж өгнө үү.

1.6 Миний бие Алтайн сүрлэг нуруу ХХКомпанийн мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахын тулд Хаан банкнаас 120,000,000 төгрөгийг зээлж мах боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход дээрх мөнгийг төлж барагдуулна гэж гүйцэтгэх захирал Н.Батболдтой тохиролцож зээл авч өгсөн. Гэтэл одоо авсан зээлээ төлөхгүй намайг их хэмжээний өр, төлбөрт оруулан хохироож байна. Уг зээлээр тухайн үед үйлдвэрт шаардлагатай байгаа зүйлүүдийг авч байсан. Махны үйлдвэрийг ашиглалтад орохоор төлнө гэсэн боловч төлөөгүй би уг зээлийг өөрөө төлж барагдуулсан байгаа. Мөн би захирал байх хугацаандаа офиссын ком тавилга, захирлын ширээ сандал, хурлын 8 сандалтай хурлын ширээ зэргийг авч ирээд тавьсан байсан. Түүний мөнгийг мөн гаргаж өгөөгүй. Цэцэрлэгт зарсан сурагтай байна билээ. Мөн барилга барьж байх үедээ 120,000,000 төгрөг хүрэхгүй байсан учир надаар зуурмаг болон цемент авахлууж байсан. Тэр нь 6,000,000 төгрөг болсон байдаг. Энэ бүгдийг нэхэмжилж байгаа. Энэ бол тухайн онуудын тайлангуудад тусгагдаж явсан. Энэ мөнгөнүүдийн нийлбэр дүн болох 129,756,758 төгрөгийг Алтайн сүрлэг нуруу ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Алтайн сүрлэг нуруу ХХК хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэсэн уг нэхэмжлэлд байгаа 129,756,758 төгрөгийг Алтайн сүрлэг нуруу ХХК-иас иргэн Н.Батболд миний бие болон Агро Сфер холдинг ХХК-ын хувьцаа эзэмшигчдийн хувьд төлж барагдуулсан тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2 Би иргэн Ш.Баяржаргалтай 2000 оноос хойш найз нөхөд байсан. 2012 онд би орон сууц барьж байсан. Тэр хооронд 62,500,000 төгрөгийг авч байсан нь үнэн. Алтайн сүрлэг нуруу ХХК-г 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би байгуулсан. 2016 онд Ш.Баяржаргал Алтайн сүрлэг нуруу мах боловсруулах үйлдвэр барих гэж байгаа юм байна. Энэ үйлдвэрт би хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмшье гэж надтай тохиролцсон. 2016 оны 03 дугаар сарын 16-ны үед Хятад улсын Шинжаан Уйгарын компаниас санамж бичиг ирлээ. Үүний дагуу би компанийн 51 хувийг эзэмшээд энэ хөрөнгө оруулалтыг олж ирье гэж надад хүсэлт тавиад би 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр компанийнхаа 51 хувийг Ш.Баяржаргалд өгч 49 хувьтай болсон. Түүнээс хойш Ш.Баяржаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт нэрээр 98,204,192 төгрөгийг манай компанид оруулсан байдаг. Зээлсэн асуудал бол байхгүй гэжээ.

3.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00162 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-иас 62,566,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Баяржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67,189,958 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Баяржаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 62,566,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 470,784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Баяржаргалд олгож,

3.3  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж

3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс нь болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заана гэсэн хуулийн шаардлагыг тус тус зөрчсөн.

4.2 Ш.Баяржаргал нь зээл авснаас хойш буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс зээлийн төлөлтийн дагуу Н.Батболдын 4 удаагийн төлсөн нийт 31,723,200 төгрөгийг зээл болон зээлийн хүүг хасаж тооцон, үндсэн зээлийн төлбөрт төлсөн 96,276,018 төгрөгийг шүүхээр нэхэмжилсэн байхад, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, нотлох баримттай харьцуулж үзэхгүйгээр нэхэмжилсэн дүнгээс дахин хариуцагчийн төлсөн гэх 31,723,200 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.

4.3 Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн үйл ажиллагаанд зориулж өгсөн зээлийн хүүнд 23,980,740 төгрөгийг өөрөө төлсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу дээрх хохирлыг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүхээс уг хохиролтой холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Энэ талаарх баримт хангалттай авагдсан байтал шүүх нотлох баримтыг үнэлээгүй.

4.4 Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг зөрчсөн. Мөн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

4.5 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Ш.Баяржаргал нь “Алтайн сүрлэг нуруу” ХХК-д холбогдуулан үйлдвэрийн үйл ажиллагаанд зарцуулсан 9,500,000 төгрөг, бизнесийн зээлийн төлбөрт төлсөн үндсэн зээл 96,276,018 төгрөг, зээлийн хүү 23,980,740 төгрөг, нийт 129,756,758 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

7. Нэхэмжлэгч Ш.Баяржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗГ16/62 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, уг зээлийг төлж дуусгасан ХААН банкны 5316075553 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга  зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

8. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

9. Хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн захирал Н.Батболд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан ба үндэслэлээ “Ш.Баяржаргал нь энэ үйлдвэрт би хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа эзэмшье гэж надтай тохиролцсон. 2016 оны 3 дугаар сарын 16-ны үед Хятад улсын Шинжаан Уйгарын компаниас санамж ирлээ. Үүний дагуу би 51 хувийг эзэмшээд энэ хөрөнгө оруулалтыг олж ирье гэж надад хүсэлт тавиад би 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр компанийнхаа 51 хувийг Ш.Баяржаргалд өгч 49 хувьтай болсон.

Түүнээс хойш Ш.Баяржаргал нь 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалт нэрээр 98,204,192 төгрөгийг манай компанид оруулсан байдаг. Зээлсэн асуудал бол байхгүй ” гэж тайлбарлажээ.

10. Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ш.Баяржаргал хариуцагч  “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ  үүссэн байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 62,566,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67,189,958 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            11.Нэхэмжлэгч Ш.Баяржаргалын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлын дагуу хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

            12. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлдэг.

13. Харин нэхэмжлэгч Ш.Баяржаргал нь ХААН банкнаас 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗГ16/62 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан 120,000,000 төгрөгийг хэдийгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй боловч тухайн мөнгийг  хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид зарцуулсан үйл баримт нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

14. Мөн хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХК нь 4 удаагийн мөнгөн шилжүүлгээр нэхэмжлэгч Ш.Баяржаргалын зээл болон зээлийн хүүгийн эргэн төлөлтөд 31,723,200 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул “Ш.Баяржаргалын ХААН банкнаас авсан зээл буюу компанийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид зарцуулсан мөнгийг хариуцагч Алтайн сүрлэг нуруу ХХК-иас буцаан төлөхөөр Н.Батболдтой анхнаасаа тохиролцсон” гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            15. Нэхэмжлэгч нь хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн 4 удаагийн зээл төлөлт болох 31,723,200 төгрөгийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хасаж тооцсон байхад анхан шатны шүүх үүнийг анхаарахгүйгээр хангаж буй нэхэмжлэлийн шаардлагаас дээрх мөнгийг давхардуулан хасаж тооцсон нь үндэслэл муутай болжээ.

            16.Нэхэмжлэгч Ш.Баяржаргалын оффисын ком тавилга авахад зарцуулсан 3,500,000 төгрөг, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 6,000,000 төгрөг тус тус өөрийн зүгээс компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул нийт 9,500,000 төгрөгийг  “Алтайн сүрлэг нуруу” ХХК-аас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байх тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, үүнийг үгүйсэх нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй байна.

            17. Хэргийн 17 дугаар хуудаст авагдсан ХААН банкны дансны хуулгаар нэхэмжлэгч Ш.Баяржаргалын 120,000,000 төгрөгийн зээл 150,989,815 төгрөг болж хаагдсан байхад зээлийн хүүд төлсөн 23,980,750 төгрөгийг анхан шатны шүүх “хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

18. Иймд “нэхэмжлэгч Ш.Баяржаргалын зээл хаагдсан дүн болох 150,989,815 төгрөгөөс хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн 4 удаагийн зээл төлөлт болох 31,723,200 төгрөгийг хасаж, үлдэх 119,266,615 төгрөг дээр Ш.Баяржаргалын өөрийн зүгээс оффисын ком тавилга авахад зарцуулсан 3,500,000 төгрөг, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 6,000,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг нэмж 128,766,615 төгрөгийг хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ш.Баяржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 990,143 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

19. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн төлөөлөгч Н.Батболд нь давж заалдах гомдлоосоо татгалзсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “62,566,800” гэснийг “128,766,615” гэж, “67,189,958” гэснийг “990,143” гэж, 2 дахь заалтын  “62,566,800” гэснийг “128,766,615” гэж, “470,784” гэснийг “801,783” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж,  хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн төлөөлөгч Н.Батболд нь давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,900 төгрөгийг, мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн төлөөлөгч Н.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470,784 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

                                                            

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР