Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 134

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Хохирогч: С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорог овогт О.Б-д холбогдох 1826000000140 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Цорог овогт О.Б

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суух иргэн С.М-н эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1073600 төгрөгийн хохирол,

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 25 дугаар гудамжны 8 тоотод оршин суух иргэн Ц.Н-н байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9581550 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 10651150 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.М гэдэг айлд орсон. Орсон гарснаа мэдэхгүй байгаа. Маргааш нь хэдэн төгрөг үрсэн гэдгээ санахгүй байгаа. Ухаан санаа орж гараад байгаа.  С.М-н эзэмшлийн гэрээс цүнхтэй мөнгө авч гарсан үйлдлээ болон хохирогч Н-н орон байранд нэвтэрсэн үйлдлээ тус тус хүлээж байна. Хохирогч Н-т хохирол төлбөр төлсөн. С.М-н 130000 төгрөгийг юунд үрснээ санахгүй байгаа. Хохирогч С.М-н 130000 төгрөг болон үнэлгээний 60000 төгрөг буюу нийт 190000 төгрөгийг төлнө. Архинаас болж ийм зүйл боллоо. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч С.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2018 оны 06 сарын 05-ны өглөө сэрээд өөрийнхөө цүнхийг олоогүй. Тэгээд өглөө нөхөр рүүгээ утсаар залгаж асуухад мэдэхгүй гэхээр нь хажуу айлынхаа хүнээс асуухад нэг согтуу эмэгтэй хүн танайхаас гараад явж байсан гэж хэлсэн. Тэгээд сургалж явсаар байгаад О.Б гэрт нь ороход О.Б согтуу унтаж байсан. Нөхөр нь гарч ирээд манай эхнэр өглөө 07 цагийн үед гарч яваад сая орж ирсэн гэж хэлсэн. Машинаас нь миний цүнх гарч ирсэн. 10000 төгрөг өгөөд түрийвчээ ав гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ гадаа байсан ТҮЦ-нээс миний түрийвчийг гаргаж ирсэн. Миний түрийвчинд байсан мөнгөнөөс 130000 төгрөг дутуу байсан. Дутуу байсан 130000 төгрөг түүн дээр үнэлгээ гаргуулсны 60000 төгрөг нийт 190000 төгрөгийг О.Б-с гаргуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 06-07 цагийн орчимд сэрээд үе мөчний эмээ авах гээд цүнхээ авах гэтэл орон дээр байхгүй байсан. Би орон дээр тавьсан санагдаад эрээд олоогүй. Тэгээд авдар дотороо үзээд байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Миний цүнхэнд 7 сая гаран төгрөг байсан. Яг нарийн тоог нь мэдэхгүй байна. Сүүлд нь цагдаагаас хүлээлгэж өгөхөд бүрэн байсан. 5000-10000 төгрөг л дутуу байсан байх. Бусад эд зүйлс бүгд бүрэн байсан. Хар өнгийн эмэгтэй хүний арьсандуу материалаар хийгдсэн хуучин цүнх байсан. Улаан шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, хүзүүний мөнгөн зүүлт 1 ширхэг, тоо ширхэг болон нэрийг нь мэдэхгүй дандаа үе мөчний миний уудаг эмнүүд, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс байсан. Алдсан зүйлээ бүгдийг буцааж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 11-12 хуудас/,

Хохирогч С.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг болох гэж байхад сэрсэн. Тэгээд 09 цаг өнгөрөөгөөд ажилдаа явах гээд өөрийнхөө цүнхийг хайгаад олоогүй. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багт архи уудаг О.Б гэх эмэгтэйгийн гэрийг олоод гэрт нь ороход нөхөртэйгөө хамт унтаж байхаар нь сэрээгээд нөхрөөс нь өглөө танай эхнэр хэдэн цагийн үед гэрээсээ гарсан бэ? гэхэд 07 цаг өнгөрөөгөөд гэрээс гарсан. Саяхан гэртээ орж ирсэн гэхээр нь би тэр эмэгтэйг гэрээс нь гаргаад мөнгө өгье, чи миний цүнхийг авсан уу? Бичиг баримтаа авъя гэхэд эхлээд хэлэхгүй байж байгаад 10000 төгрөг өгчих гэхээр нь тэгье гэж хэлсэн. Нөхөр бид хоёр гэрт нь сууж байсан. Гадаа О.Б гэх эмэгтэй нөхөртэйгөө юм хайгаад байх шиг байснаа амбаараа онгойлгоод энд байна гээд дуудсан. Амбаарт нь түрийвчтэй мөнгө байсан. Миний цүнхийг хар машин дотроос гаргаж өгсөн. Миний бор өнгийн арьсандуу материалаар хийгдсэн эмэгтэй хүний цүнхэнд бэлэн 700000 төгрөг, улаан өнгийн эмэгтэй хүний гялгардуу дуураймал арьсан материалаар хийгдсэн түрийвч 1 ширхэг, эмэгтэй хүний дундын хэмжээтэй унждаг ээмэг 1 хос, нөхөр Б бид хоёрын 2 ширхэг гадаад пасспорт, 2 ширхэг иргэний цахим үнэмлэх, манай 2 хүүхдийн Хаан банкны хадгаламжийн дэвтэр 2 ширхэг зэрэг эд зүйлс байсан. /хх-ийн 38-39 хуудас/,

Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:... Би 2018 оны 06 дугаар сарын 07-ны орой гэртээ хариад өөрийнхөө 7 сая гаран төгрөгтэй хар цүнхээ авдрандаа хийчихээд байж байтал манай нөхөр С тамхи авъя гэхээр нь авдарнаасаа цүнхээ гаргаад дотроос нь 1700 төгрөг гаргаж нөхөртөө өгчихөөд орныхоо хажууд цүнхтэй мөнгөө тавьчихаад унтсан. Тэгээд 2018 оны 06 сарын 08-ны өглөө босоод эм уух гээд цүнхнээсээ эм ээ авах гэтэл миний цүнх байхгүй болсон байсан. Хар өнгийн эмэгтэй хүний цүнх байсан. Дотор нь улаан шигтгээтэй алтан бөгж, мөнгөн гинж, миний иргэний үнэмлэх, үе мөчний эмнүүд болон 7 сая гаран төгрөг байсан. Яг хэдэн төгрөг байсныг нарийвчилан мэдэхгүй байна. Манайх байшингийнхаа хаалгыг цоожлоогүй. Цонхнууд нь бүгд онгорхой хоносон. /хх-ийн 14 хуудас/,

Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай эхнэр авдарнаас миний цүнхийг аваад өг гэхээр нь би авдарнаасаа цүнхийг нь авч өгөхөд манай эхнэр цүнхнээсээ 1700 төгрөг надад авч өгсөн. Тэгээд цүнхээ буцааж надаар хийлгээгүй орон дээр тавьчихаж байгаа харагдсан. Би гарч тамхи авчихаад гэртээ орж ирээд унтсан. Өглөө босоход манай эхнэр миний цүнх алга болсон байна гээд цүнхээ хайгаад байсан. Цүнхэн дотор нь 7 сая гаран төгрөг байсан гэж надад хэлсэн. /хх-ийн 15 хуудас/,

Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Цагдаад хэлж цаг алдаж байхаар гэж бодоод тэр хүний араас нь сураглаж гудамжаар явж байсан хүмүүсээс асуутал нэг согтуу хүүхэн яваад байдаг гэж ярихаар нь сураглаж явж байгаад О.Б гэдэг хүүхний гэрт нь ортол О.Б согтуу орондоо орчихсон байхаар нь би босгоод чи яагаад манай гэрээс юм хулгайлаад байгаа юм бэ? Манай эхнэрийн цүнх хаана байна? гээд тулгаад асуухад нэлээн согтуу байсан болохоор ярьж чадахгүй байсан. Тэгтэл нөхөр нь манай эхнэр өглөө ирсэн. Нэлээн мөнгөтэй байгаа юм шиг байна гээд хүүхдээ гараад гадаа байгаа хар машинд үзээдэх гэхээр нь би хүүхэдтэй нь хамт гараад машинд нь үзэхэд дотроос нь эхнэрийн цүнх гараад ирсэн. Тэгээд би буцаж ороод цүнхэнд байсан түрийвчтэй мөнгө хаана байна гэж асуухад О.Б би мэдэхгүй, хаячихсан гээд байхаар нь би чамайг цагдаад хэлэхгүй, мөнгө гаргаж өгөхгүй бол цагдаад мэдэгдлээ чи үлдсэн мөнгийг нь өгчих гэхэд чи надад тэгвэл 10000 төгрөг өг гэхээр нь тэг тэг гэж хэлтэл гарч яваад амбаарныхаа дотроос манай эхнэрийн ягаан өнгийн түрийвчтэй мөнгийг гаргаж өгсөн. Тухайн мөнгөнөөс 130000 төгрөг л дутуу байсан. /хх-ийн 40-42 хуудас/,

Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 06 дугаар сарын 06-ны өглөө унтаж байтал манай эхнэр О.Б гэрээсээ гараад явчихсан байсан. Тэгээд өдөр нь нэг ундаа, тал шил архи, 1 кг боорцог барьчихсан хүнээс мөнгө зээлчихлээ  гээд согтуу орж ирсэн. О.Б-г ирээд удаагүй байтал машинтай хүмүүс ирээд танай эхнэр цүнх хулгай хийчихлээ гээд О.Б-д 10000 төгрөг өгье, чи цүнх, түрийвч хоёрыг өгчих гээд байсан. Тэгээд хайхад машин дотор эмэгтэй хүний улаан хүрэн цүнх байсан. Дотор нь түрийвч нь байгаагүй болохоор О.Б-с өөрөөс нь асуухад согтуу байсан болохоор хийсэн газраа мэдэхгүй байсан. Тэгээд О.Б өмсөж байсан цамцны энгэрийн халаасанд амбаарын түлхүүр байхаар нь амбаар онгойлгож үзэхэд сандалны доогуур түрийвч байсан. Нөгөө хүмүүс цүнхээ үзээд бүх юм бүрэн байна гээд түрийвчтэй мөнгөнөөс дутаад байна. 700000 төгрөг байх ёстой, 135000 төгрөг алга байна гээд байсан. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн үед зах дотор ЭМТ-ийн дэргэд танай эхнэр цүнх барьчихсан согтуу хэвтэж байна. Цагдаа дээр аваад ирлээ гэхээр нь би шууд цагдаа дээр яваад очтол манай эхнэр шал согтуу мэдрэлгүй шахуу цагдаагийн газрын үүдэнд сууж байсан. Тэгээд хамт эрүүлжүүлэх рүү ороод намайг хажууд гэрчээр байж бай гээд мөнгийг нь цагдаад хүлээлгэж өгсөн. Тэгэхэд 10000, 20000 төгрөгийн боодолтой мөнгөн дэвсгэртүүд болон алтан бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан. /хх-ийн 44-45 хуудас/,

Гэрч В.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 06 сарын 05-ны өглөө эрт цагийг нь мэдэхгүй байна, манай баруун талын Б-н хашааны хаалгаар нэг хүүхэн гарч явж байгаа харагдсан. /хх-ийн 46 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч С.М-н Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №06/18, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №07/08 дугаартай үнэлгээний тайлангууд, шүүгдэгч О.Б яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-8, 18-21, 27, 30-32, 35, 49-52, 61-63 хуудас/,

Шүүгдэгч О.Б хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 502 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69-70 хуудас/,

Шүүгдэгч О.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 7-10 тоотод оршин суух иргэн П.Б-н гэрт нэвтэрч 10000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний хуучин цүнх 1 ширхэг, 10000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний хуучин түрийвч 1 ширхэг, 250000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг 1 хос, 65000 төгрөгийн үнэ бүхий гадаад паспорт 2 ширхэг, 36600 төгрөгийн үнэ бүхий иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, 2000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны хадгаламжийн дэвтэр 2 ширхэг, бэлэн 700000 төгрөгийг хулгайлж, мөн үнэлгээний 60000 төгрөг буюу хохирогч С.М-д нийт 1133600 төгрөгийн хохирол,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 25-08 тоотод оршин суух хохирогч Ц.Н-н байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч 30000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний хуучин цүнх, 100000 төгрөгийн үнэ бүхий шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн гинж, 1000000 төгрөгийн үнэ бүхий шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний алтан бөгж, 100000 төгрөгийн үнэ бүхий шүрэн шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж, 18300 төгрөгийн үнэ бүхий иргэний цахим үнэмлэх тус тус 1 ширхэг, 10000 төгрөгийн үнэ бүхий банкны виза карт 2 ширхэг, 5000 төгрөгийн үнэ бүхий үе мөчний болон өвчин намдаах эм 20 ширхэг, бэлэн 8318250 төгрөгийг хулгайлж, хохирогч Ц.Н-т нийт 9581550 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.М-н 2018 оны 06 сарын 05-ны өглөө сэрээд өөрийнхөө цүнхийг олоогүй.Хажуу айлынхаа хүнээс асуухад нэг согтуу эмэгтэй хүн танайхаас гараад явж байсан гэж хэлсэн. Тэгээд сургалж явсаар байгаад О.Б гэрт нь ороход О.Б согтуу унтаж байсан. Машинаас нь миний цүнх гарч ирсэн. 10000 төгрөг өгөөд түрийвчээ ав гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ гадаа байсан ТҮЦ-нээс миний түрийвчийг гаргаж ирсэн гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Н-н би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 06-07 цагийн орчимд сэрээд үе мөчний эмээ уух гээд цүнхээ авах гэтэл орон дээр байхгүй байсан. Алдсан мөнгө болон эд зүйлсээ буцааж авсан. Хохирогч С.М-н 2018 оны 06 дугаар сарын 05-ны өглөө өөрийнхөө цүнхийг хайгаад олоогүй. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багт архи уудаг О.Б гэх эмэгтэйгийн гэрийг олоод гэрт нь ороход нөхөртэйгөө хамт унтаж байхаар нь сэрээгээд нөхрөөс нь өглөө танай эхнэр хэдэн цагийн үед гэрээсээ гарсан бэ? гэхэд 07 цаг өнгөрөөгөөд гэрээс гарсан. Саяхан гэртээ орж ирсэн гэхээр нь би тэр эмэгтэйг гэрээс нь гаргаад мөнгө өгье, чи миний цүнхийг авсан уу? Бичиг баримтаа авъя гэхэд эхлээд хэлэхгүй байж байгаад 10000 төгрөг өгчих гэхээр нь тэгье гэж хэлсэн. Амбаараа онгойлгоод энд байна гээд дуудсан. Амбаарт нь миний түрийвчтэй мөнгө байсан. Миний цүнхийг хар машин дотроос гаргаж өгсөн. Гэрч С.С-н манай эхнэр авдарнаас миний цүнхийг аваад өг гэхээр нь би авдарнаасаа цүнхийг нь авч өгөхөд манай эхнэр цүнхнээсээ 1700 төгрөг надад авч өгсөн. Тэгээд цүнхээ буцааж надаар хийлгээгүй орон дээр тавьчихаж байгаа харагдсан. Өглөө босоход манай эхнэр миний цүнх алга болсон байна гээд цүнхээ хайгаад байсан. Гэрч П.Б-н түрийвчтэй мөнгө хаана байна гэж асуухад О.Б би мэдэхгүй, хаячихсан гээд байхаар нь би чамайг цагдаад хэлэхгүй, мөнгө гаргаж өгөхгүй бол цагдаад мэдэгдлээ чи үлдсэн мөнгийг нь өгчих гэхэд чи надад тэгвэл 10000 төгрөг өг гэхээр нь тэг тэг гэж хэлтэл гарч яваад амбаарныхаа дотроос манай эхнэрийн ягаан өнгийн түрийвчтэй мөнгийг гаргаж өгсөн. Гэрч Г.М 2018 оны 06 дугаар сарын 06-ны өглөө унтаж байтал манай эхнэр О.Б гэрээсээ гараад явчихсан байсан. О.Б-г ирээд удаагүй байтал машинтай хүмүүс ирээд танай эхнэр чинь цүнх хулгай хийчихлээ гээд манай эхнэр О.Б-д 10000 төгрөг өгье, чи цүнх, түрийвч хоёрыг өгчих гээд байсан. Тэгээд хайхад машин дотор эмэгтэй хүний улаан хүрэн цүнх байсан. Амбаар онгойлгож үзэхэд сандалны доогуур түрийвч байсан. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн үед зах дотор ЭМТ-ийн дэргэд танай эхнэр цүнх барьчихсан согтуу хэвтэж байна. Цагдаа дээр аваад ирлээ гэхээр нь би шууд цагдаа дээр яваад очтол манай эхнэр шал согтуу мэдрэлгүй шахуу цагдаагийн газрын үүдэнд сууж байсан. Мөнгийг нь хүлээлгэж өгсөн. Тэгэхэд 10000, 20000 төгрөгийн боодолтой мөнгөн дэвсгэртүүд болон алтан бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан. Гэрч В.Б-н 2018 оны 06 сарын 05-ны өглөө эрт цагийг нь мэдэхгүй байна. Манай баруун талын Б-н хашааны хаалгаар нэг хүүхэн гарч явж байгаа харагдсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч С.М-н Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №06/18, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №07/08 дугаартай үнэлгээний тайлангууд, шүүгдэгч О.Б яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч О.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт хохирогч Ц.Н-т 9581550 төгрөг, С.М-д 1133600 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цорог овгийн О.Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Б-д нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт хохирогч Ц.Н-т 9581550 төгрөг, С.М-д 1133600 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.