| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00128/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2018-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 136
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шинжээч: Э.Хүрэлсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Билгүүн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: Б.Д-д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт Б.Д-д холбогдох 1826000880104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,******* овогт Б.Д
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын газрын замын эсрэг талын 461-р байрны гадна хохирогч Д.Б-н хамар тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Б.Ө бид 2 найзууд бөгөөд тухайн өдөр Д.Б нь над дээр согтуу ирсэн. Би Д.Б-г түлхэж унагасан нь үнэн. Харин цохиж зодоогүй. Түлхсэнээс болж гэмтэл авсан нь тогтоогдох юм бол би хохирлыг нь төлнө. Тухайн үед харанхуй байсан. Д.Б машинаас буугаад машины шил хагалчих гээд цонх нүдээд байхаар нь би машинаас буусан. Би хэргийн материалтай бүрэн танилцсан. Хохирогчийн мэдүүлэгтэй танилцсан. Машин дотор гэрэлгүй байсан болохоор Д.Б-д ил харагдах шарх, сорви байсан эсэхийг хараагүй гэв.
Шинжээч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүх би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Б-н биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд түүний баруун нүдний дотор буланд 2.5х1 см, зүүн нүдний дотор буланд 2х1.1 см бүдэг хөхөлбөр шаргал өнгийн цус хуралттай, биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэл байхгүй байсан. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн рентгэн шинжилгээний хариунд хамар ясны таславч дотор хэсгээрээ зүүн тийш ялимгүй мурийсан, хамар ясны үзүүр хэсэгт жижиг сэлтэрсэн хугаралтай гэсэн хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үзүүлсэн. Хэрэг болсон цаг хугацаанд тухайн гэмтэл нь үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Түлхсэнээс болж уг гэмтэл үүсэх ямар ч боломжгүй гэв.
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед Ө-н байрны гадаа очсон. Миний уур хүрээд Ө-тэй уулзаад байсан залууг машинаас буулгаад чи яахаараа манай найз охинтой уулздаг юм бэ? гэхэд чамд хамаагүй гэхээр нь би тэр залуугийн энгэрээс нь заамдаад авсан. Тэр залуу намайг зөрүүлээд заамдаад авсан. Тэр залуу миний толгойн оройн хэсэгт гараараа цохихоор нь би зөрүүлээд цээжин хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэр залуу зөрүүлээд миний хамаран тус газар гараараа 2 удаа цохисон. Миний хамраас цус гарахаар нь тонгойгоод сууж байтал тэр залуу миний цээжин тус газар 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Б.Д-с өөр хүн намайг зодож цохиогүй. Б.Д л намайг нүүрэн хэсэгт гараараа цохисон. /хх-ийн 6-7, 18 хуудас/,
Гэрч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Б.Д-тэй хамт байрны гадна очоод машинаас буух гэж байтал Д.Б ирээд маргаан болсон. Зодоон хийж байгаа дуу чимээ гараагүй. Юу болсон талаар би хараагүй. Харанхуй байсан болохоор би анзаараагүй. Уг асуудал ******* сумын 5 дугаар багийн 461-р байрны гадаа болсон. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 01 цаг 30 минутаас 02 цагийн орчимд болсон. /хх-ийн 13-14, 23-24 хуудас/,
Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д.Б-г 01 цаг 30 минутын үед гэртээ харьж амраад маргааш ирж уулзаарай гэж хэлээд явуулсан. Тэгтэл 2018 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 02 цаг 30 минутын үед эмнэлгээс залгаж манай эмнэлэг дээр хамран тус газраа цохиулж гэмтсэн хүн ирлээ гэж дуудлага ирсэн. Тэгээд нээх удалгүй Д.Б өөрийн биеэр ирээд Ө-н найз залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Хамар нь муруйсан жаахан шалбарсан байсан. Би архиваас өөрийн бичиг баримтуудыг шүүж харахад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны 09:00 цаг хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн байна. Би дээр өгсөн мэдүүлэгтээ өдрийг нь андуурч 2018 оны 02 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 21-22 хуудас/,
Шинжээч Э.Хүрэлсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.Д-н биед хийсэн бодит үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ирж үзүүлэхдээ 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бусдад зодуулсан гэх бөгөөд эмнэлгийн бичиг баримтгүй ирсэн. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирэхдээ БОЭТ-ийн гэмтлийн эмчийн үзлэгээр тархи доргилт гэсэн онош тавигдсан эмнэлгийн гар карт авч ирж үзүүлсэн. Эмнэлгийн картанд бичигдсэн тархи доргилт гэмтэл нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бусдад зодуулсан гэх гэмтлээс хойш 10 гаруй хоног өнгөрсөн байсан. Мөн тархи доргилт гэмтлийг тухайн хүн аваад тодорхой хугацаа өнгөрсөн байх боловч рентгэн зураг, компьютер томографикийн шинжилгээ зэргийг хийлгэж өөрт үүссэн гэмтлийг эмнэлгийн байгууллагаар нотлуулаагүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох бодит үзлэгээр тархи доргилт гэмтэл тогтоогдоогүй бөгөөд шүүх эмнэлэг нь тухайн цаг үед үүссэн бодит байдлыг үнэлж дүгнэлт гаргасан. Д.Б-н биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоохдоо биеийн бодит үзлэгээр баруун, зүүн нүдний дотор талд үүссэн цус хуралт гэмтэл болон БОЭТ-ийн рентгэн шинжилгээнд хамар ясны сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдсоныг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон. /хх-ийн 74-75 хуудас/,
Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Д.Б эхлээд цагдаа дээр ирэх үедээ биедээ ил харагдах шарх сорив гэмтэлгүй байсан. ...Д.Б гаднаас ганцаараа орж ирээд би Ө-тэй хамт явсан залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Тухайн үедээ хамар дээр нь халцарсан байсан. /хх-ийн 97-98 хуудас/,
Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны орой 16 цаг 30 минутад ээлж хүлээж авсан. Түүнээс хойш Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-нд шилжих шөнийн 02 цаг 37 минутад БОЭТ-ийн яаралтай тусламжийн төвийн хүлээн авах тасагт ирсэн өвчтөн. Миний бүртгэсэн бүртгэл бол 2018 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 02 цаг 37 минутад гэж бүртгэж авсан байна. Д.Б тухай үед хамар нь муруйсан байдалтай байсан гэж бичсэн байна. Тэгэхээр тэмдэглэлд тусгасан бэртэл байсан байх. /хх-ийн 99-100 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Д.Б-н биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №0017034 дугаартай шийтгэлийн хуудас, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 70-71, 81 хуудас/,
Шүүгдэгч Б.Д-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 981, Хас банкны ******* тооцооны төвийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 162/032 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66-68 хуудас/,
Шүүгдэгч Б.Д-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 01 цаг 30 минутаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын газрын замын эсрэг талын 461 дүгээр байрны гадаа хохирогч Д.Б-н хамаран тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Э.Хүрэлсүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Б-н биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийхэд түүний баруун нүдний дотор буланд 2.5х1 см, зүүн нүдний дотор буланд 2х1.1 см бүдэг хөхөлбөр шаргал өнгийн цус хуралттай, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн рентгэн шинжилгээний хариунд хамар ясны таславч дотор хэсгээрээ зүүн тийш ялимгүй мурийсан, хамар ясны үзүүр хэсэгт жижиг сэлтэрсэн хугаралтай гэсэн хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Хэрэг болсон цаг хугацаанд тухайн гэмтэл нь үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь түлхсэнээс болж уг гэмтэл үүсэх ямар ч боломжгүй гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-н би 2018 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед Ө-н байрны гадаа очсон. Тэр залуу миний толгойн оройн хэсэгт гараараа цохихоор нь би зөрүүлээд цээжин хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэр залуу зөрүүлээд миний хамар тус газар гараараа 2 удаа цохисон. Б.Д-с өөр хүн намайг зодож цохиогүй. Гэрч Б.Ө-н би Б.Д-тэй хамт байрны гадна очоод машинаас буух гэж байтал Д.Б ирээд маргаан болсон. Гэрч Б.С-н 2018 оны 02 дугаар сарын 08-ний шөнө 02 цаг 30 минутын үед эмнэлгээс залгаж манай эмнэлэг дээр хамран тус газраа цохиулж гэмтсэн хүн ирлээ гэж дуудлага ирсэн. Тэгээд нээх удалгүй Д.Б өөрийн биеэр ирээд Ө-н найз залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Хамар нь муруйсан жаахан шалбарсан байсан. Шинжээч Э.Хүрэлсүхийн Д.Б-н биед үзлэг хийж гэмтлийн зэрэг тогтоохдоо биеийн бодит үзлэгээр баруун, зүүн нүдний дотор талд үүссэн цус хуралт гэмтэл болон БОЭТ-ийн рентгэн шинжилгээнд хамар ясны сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдсоныг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон. Гэрч Б.Ц-н Д.Б эхлээд цагдаа дээр ирэх үедээ биедээ ил харагдах шарх сорив гэмтэлгүй байсан. Дараа нь Д.Б гаднаас ганцаараа орж ирээд би Ө-тэй хамт явсан залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Тухайн үедээ хамар дээр нь халцарсан байсан. Гэрч Б.Т би 2018 оны 02 дугаар сарын 07-ны орой 16 цаг 30 минутад ээлж хүлээж авсан. Түүнээс хойш Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-нд шилжих шөнийн 02 цаг 37 минутад БОЭТ-ийн яаралтай тусламжийн төвийн хүлээн авах тасагт ирсэн. Д.Б тухай үед хамар нь муруйсан байдалтай байсан гэж бичсэн байна. Тэгэхээр тэмдэглэлд тусгасан бэртэл байсан байх гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №120 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яаралтай тусламжийн хуудсаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн болон шүүгдэгч Б.Д нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдээгүй гэж тус тус тайлбарлаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд, шинчээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Д-с замын болон эмчилгээний зардалд 118000 төгрөг, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын багийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Ц-н 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №0017034 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед халдах зөрчилд торгох шийтгэл ногдуулагдсан 100000 төгрөг, нийт 218000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч 100000 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш тул хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Б нь хэрэгсэхгүй болгосон уг нэхэмжлэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхгүйг, эмчилгээний болон замын зардалд 118000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б-н нэхэмжлэлээс 100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь хэрэгсэхгүй болгосон уг нэхэмжлэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхгүйг, эмчилгээний болон замын зардал гэх 118000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.