Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01958

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01958

 

 

Д.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/02515 дугаар шийдвэртэй,

Д.Н нэхэмжлэлтэй, ЧДДт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 462,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ДН, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ДН нь ЧДДт холбогдуулан 2019 онд ЧДДт төлсөн 462,000 төгрөгийг тус хэлтсээс гаргуулахаар шаардсан.

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч н.Ариунаа нь 2019 онд 9917-8227 дугаартай утаснаас ДНтэй 3-4 удаа ярьж танай М ХХК нийгмийн даатгалд 462,000 төгрөгийг төлөөгүй байна. Төлөх шаардлагатай төлөөгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн.

Тухайн үед М ХХК-ийн гишүүнчлэлээс гарахаар 2005 онд өргөдөл өгөөд ажиллахгүй удаж байна гэж хариулахад, өөдөөс 2005 оноос 2016 он хүртэл С.Ганцэцэг гэдэг хүн тайлан тооцоо татвараа төлж байгаад одоо олдохгүй байна та төлөхгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ хүү, алданги гээд нэмэгдэнэ шүү гэсэн.

Тухайн үед төрийн албан хаагчийг хүндэтгээд хуулийг сайн мэдэхгүй тул 3 хуваагаад Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын дансанд 462,000 төгрөг тушаасан.

Улмаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хандаж өргөдөл гаргасан. М ХХК-ийн лавлагаа гаргуулан авсан. ДН нь 2005 оны 11 дүгээр сарын 30 ны өдөр М ХХК-ийг байгуулсан

2006 оны 03 дугаар сарын 09-ний өдөр М ХХК-аас болон ДН нараас өргөдөл гарган Ольхонские ворота ХХК-д дүрмийн сангийн 100 хувь буюу 100 ширхэг хувьцааг шилжүүлэн, Улсын Бүртгэлийн албанд М ХХК-аас Ольхонские ворота ХХК-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг үндэслэн Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 87- тоот тушаалын хавсралтаар татвар төлөгчөөс хассан тодорхойлолт, 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичигт Чингэлтэй дүүрэгт тоот улсын бүртгэлийн дугаартай 35/9011009045 тоот регистрийн дугаартай, 5032199 нэртэй ХХК /хасав/ гэсэн бичилт хийсэн ч тухайн онд надад хариу мэдэгдээгүй.

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ня-бо н.Энх-Амгалан, байцаагч н.Үүрцайх нараас тодруулахад, М ХХК ямар ч татварын тооцоогүй төлөгдсөн байна таны нэр ажилчдын нэрс дунд алга байна гэсэн хариу хэлсэн.

Иймд ДН нь 2004 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр татвар төлөгчөөс хасагдсан

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: М ХХК нь ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 462,000 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэж, уг зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдсөн.

Дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр МатрёшкаХХК-д Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай 0000160 тоот албан шаардлага, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.

Тухайн аж ахуйн нэгж байгууллага нь шимтгэлийн өр төлбөрийг төлж барагдуулаагүйгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4-д заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байсан. М ХХК нь дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 462,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 342,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 120,000 төгрөгийг тус тус төлж, барагдуулсан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, захирал ДН гэдэг хүн бүртгэлтэй байсан тул дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 462,000 төгрөгийг төлж барагдуулах үндэслэлтэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 462,000 төгрөгийг гаргуулж, ДНд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ДНгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 14,510 төгрөг гаргуулж, ДНд олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

1. Нотлох баримт буруу үнэлсэн

Улсын бүртгэлийн лавлагаанд гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд ДН гэсэн байх боловч тэрээр тус компанид ажилладаггүй, хамааралгүй, компанийн гүйцэтгэх захирал биш болохыг гэрч С.Ганцэцэг мэдүүлсэн, компанийн захирал Бутоюгов С.В нь ОХУ-руу яваад буцаж ирээгүй. Хуулийн этгээд гэх хэсэгт нэр нь байгаа үндэслэлээр дээрх компанийн өмнөөс өр төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн.

 

2.Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдэд хөрөнгөө шаардах эрхтэй гэж хуулийг буруу тайлбарласан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа дээр М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, захирал ДН бүртгэлтэй.

Тухайн аж ахуйн нэгж байгууллага нь шимтгэлийн өр төлбөрийг төлж барагдуулаагүйгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг тус тус зөрчиж байсан.

Аж ахуйн нэгж байгууллагын хувийн хэргийн мэдээлэлд өөрчлөлт оруулаагүй тул Матрёшка" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ДНг гэж үзнэ гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Аж ахуйн нэгж байгууллага 2006 оноос өмнө байгуулагдсан. 2006 онд Оросын холбооны улсын Сергейд хувьцаагаа шилжүүлж, компанийн захирлаас өөрийгөө чөлөөлүүлэх өргөдөл бичиж өгсөн. Миний бие өргөдөл бичиж өгч, ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн. 2006-2016 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх хугацаа хүртэл үйл ажиллагааг нягтлан бодогч С.Ганцэцэг гардан гүйцэтгэж хариуцсан. Миний хувьд санхүүгийн асуудалд оролцох ямар ч эрх мэдэл байхгүй. Ажил эрхэлж байх үеийн нийгмийн даатгалаа төлж барагдуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

1.а. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Гэвч давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж шийдвэрлэх боломжтой байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ДН нь ЧДДт холбогдуулан "М ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд 2019 онд төлсөн 462,000 төгрөгийг тус хэлтсээс буцаан гаргуулахаар шаардсан.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.а. Улсын бүртгэлийн лавлагаагаар 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр 1 гишүүнтэй "Матрёшка" ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар ДНг томилохоор шийдвэрлэж, тус компанийн дүрмийг баталжээ. /хх59, 51-54/

"Матрёшка" ХХК-ийн захирлын 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06/07 дугаартай тушаал болон бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд дурдсанаар "Ольхонские Ворота" ХХК-д 100 ширхэг хувьцааг эзэмшүүлэх, ДН нь компанийн гишүүнээс хасуулах хүсэлтийг М ХХК-д гаргасан байна. /хх42-48/

3.б. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс М ХХК нь

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 462,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй тул төлж барагдуулахыг шаардсан Улсын байцаагчийн албан шаардлагыг мөн өдөр гаргажээ. /хх30/

М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр ДН бүртгэлтэй, улсын бүртгэлээс нэр нь хасагдаагүй байгаа үйл баримт тогтоогджээ.

3.в. Дээрх М ХХК-ийн 462,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг ДН нь хувиасаа төлсөн үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх1-2, 26-27/

 

4. Нэхэмжлэгч нь М ХХК-ийн 462,000 төгрөгийн өрийг үндэслэлгүйгээр, хариуцагч бус этгээдээр төлүүлсэн тул буцаан гаргуулна гэсэн бол хариуцагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд одоо ч ДН гүйцэтгэх захирлаар, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэлтэй байгаа гэж маргажээ.

4.а. Анхан шатны шүүхээс .., ДН нь М ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, энэ компанид ажил албан тушаал эрхэлдэггүй байх тул хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэх хэсэгт нэр нь байгаа үндэслэлээр дээрх компанийн өмнөөс өр төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар "улсын бүртгэл" гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг, "хуулийн этгээдийн улсын бүртгэл" гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгох юм.

 

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт зааснаар компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх захирал компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдохоор байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь хувьцаагаа шилжүүлсэн, гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөхөөр өргөдөл гаргасан талаар тайлбарлах боловч уг өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулах ёстой юм.

Хэргийн тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь М ХХК-ийн 462,000 төгрөгийн өрийг өмнөөс нь төлсөн гэж дүгнэхээр байна.

 

ДН төрийн албан хаагчийг хүндлэх үүднээс, хууль мэдэхгүй учраас төлсөн гэж тайлбарлажээ./хх1-2/

 

Тухайн 462,000 төгрөгийн өрийг төлөхийг шаардах үед нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн талаар гомдол гаргаж маргаагүй, өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэжээ.

 

М ХХК нь 462,000 төгрөгийн нийгмийн даатгалын өртэй байсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. Хариуцагч ЧДД нь М ХХК-ийн төлбөл зохих өр төлбөрийг төлүүлснээрээ үндэслэлгүй хөрөнгөжөөгүй.

 

Хуулийн этгээдийн /компанийн/ гүйцэтгэх захирал байх, захирлаас чөлөөлөгдөх нь бүртгэлд үндэслэгдсэн, бүртгэлээр тогтоогдвол зохих үйл баримт бөгөөд ДН нь М ХХК-ийн гүйцэтгэх захирлаас бүртгэл дээр өөрчлөгдөөгүй байгаа нөхцөлд уг этгээдэд хандан хууль зүйн талаас өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийг шаардсан хариуцагчийн үйлдлийг буруутгахгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

5. Хариуцагчийн Нотлох баримт буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/02515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ЧДДт холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 462,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн ЧДД нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД