| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00129/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 135
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: Ч.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.Р-д холбогдох 1826001980131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт Ч.Р Шүүгдэгч Ч.Р нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Өвөрхангай аймгийн 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Атар-Өргөө ХХК-ий зүүн талын засмал зам дээр улсын дугааргүй “Хайрхан” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 2.1а, 9.2-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар Р.А нас барж, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Р шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн үед 5-уулаа 2.5 литрийн пиво уусан байсан. Надад жолоодох эрхийн “А” үнэмлэх байхгүй. Тухайн явдлаас хойш нэг их удалгүй тэр өдрөө надаас цус авсан. Тухайн өдөр миний ухаан санаа хэвийн байсан. Маш их гэмшиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Талийгаачийг осолд орлоо гэж дуулаад эмнэлэг дээр ирэхэд ухаангүй байдалтай байж байсан. Тэгээд ухаан орохгүй байж байгаад нас барсан. Хиймэл амьсгалын аппараттай байж байгаад нас барсан. Одоо ямар босоод ирэх биш дээ. Ч.Р нь талийгаачийн нөхөр нь болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 26 хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Осол болдог өдрийн өглөөний 06 цагийн орчимд манай байшингийн унтлагын өрөөний цонхыг хүн хүчтэй нүдэхэд сэрээд цонхны салхивчийг онгойлгож харахад манай нөхрийн дүү Ч.Р ганцаараа зогсож байсан. Тэр үедээ Ч.Р манай хүн үхлээ шүү дээ. Та хоёр туслаачээ, хурдлаачээ гэж хэлчихээд мотоциклио асаагаад хөдөлсөн. Тэгэхээр нь хаана байгаа юм бэ? гэж асуухад манай хажуугийн баруун талын зам дээр байгаа гэж хэлчихээд давхиад явчихсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр босоод араас нь нөхрийнхөө машинаар хамт явсан. Мотоцикль ирсэн мөрийг нь дагаж явж үзэхэд манай гэрээс нэг их холгүй засмал зам дээр А хэвтэж байсан. Ч.Р эхнэр дээрээ очоод эхнэрийгээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Би тэр үед утсаа мартсан байсан болохоор машинаараа шууд аймгийн эмнэлэг рүү явж түргэн дээр очиж дуудлага өгчихөөд буцах замдаа цагдаа орж дуудлага өгөөд нэг цагдааг машиндаа суулгаад нөгөө осол болсон газар очсон. Ослын газар очиход түргэн ирээгүй байсан. Очоод удаагүй байж байтал түргэн ирээд А-г аваад явсан. А сонин дуугараад байсан. Өөр юм яриагүй. Газар хэвтэж байхад нь түргэний эмч эмэгтэй ирж үзээд шууд эмнэлэг рүү аваад явсан. Араас нь эмнэлэг дээр очиход хүлээн авах дээр хүлээж аваад нэлээд хэдэн шингэн дусал залгаж зүрхний бичлэг хийж байсан. Тэгээд сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн. Сэхээн амьдруулах тасагт орсны дараа тархины томографийн зураг авч байсан. Тэгээд эмчилгээ хийж эхэлсэн. Эхний өдөр сэхээнд хэвтсэний дараа маргааш хагалгаанд орж магадгүй, даралт нь тогтворгүй байна, тогтворжихоор нь хагалгаанд оруулна гэж хэлж байсан. Харин маргааш нь тархиндаа нэлээд хүнд гэмтэл авсан тул хагалгаанд орох боломжгүй байна гэж нэг эрэгтэй эмч хэлж байсан. Тэгээд эмнэлэгт 6 хоног болоод нас барсан. Энэ хугацаанд эмчилгээ сайн хийгдсэн. Өвчний түүх дээрээ бичээстэй байгаа. Анх сэхээнд орсноосоо хойш амьсгалын аппараттай байж байгаад нас барсан. Эмчилгээ хийлгэх хугацаандаа ухаан ороогүй. Нөхөр нь байнга хамт байсан. Бусад хүмүүс ээлжээр сахиж байсан. Ч.Р найзындаа байж байгаад гэртээ харихаар явж байтал урдуур нохой орохоор нь тормос гишгэтэл араар сундалж явсан А мотоциклиос унасан гэж ярьж байсан. Цагдаагаас хүмүүс хэргийн газар очиж үзлэг хийгээд байсан. /хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч Э.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Аг нь осол болдогийн урд өдрийн орой 22 цаг өнгөрч байх үед надтай утсаар яриад машинаа журмын хашаанд хийчихсэн. Одоо найзынхаасаа гараад явж байна. Таних хүн байвал хэлж яриад өгөөч. Намайг ирж аваад гэрт хүргээд өгөөч гэхээр нь би гэрээсээ гараад Ягаан толгойн Жаст клонкын баруун тал хавьд ганцаараа зогсож байх үед нь очиж авсан. Тэр үед А жоохон юм уучихсан бололтой архи үнэртэж байсан. Тэгээд Ч.Р-тай ярихад хөдөөнөөс аймаг руу орж ирж байна гэхээр нь манайд уулзая гээд уулзахаар болсон. Тэгээд Ч.Р аймагт орж ирээд шууд манайд ирээд унаж явсан мотоциклио манай хашаанд үлдээгээд миний машинаар цагдаа дээр ирсэн. Тэгээд бид нар шөнийн 02 цагийн үед манай гэр рүү явсан. Ч.Р аймаг руу орж ирэх үедээ “Их богд” төвөөс нэг том пиво авч ирсэн байсныг нь манайд очиж уусан. Пиво уух үедээ ярьж суусаар байгаад нэлээд удсан. Тэгээд Ч.Р, А хоёрыг хоночихоод яв гэхэд А өглөө эрт цагдаа орж уулзана, гэрээр орж толгойгоо угаачихаад цагдаа орно гээд байсан. Тэгээд тэр хоёр гэртээ харихаар Ч.Р мотоциклио унаад өглөөний 06 цагийн үед манайхаас явсан. Тэгээд намайг унтаж байтал өглөөний 10 цагийн үед манай найз А манайд ирээд Ч.Р мотоцикльтой явж байгаад унасан гэж байна. А их муу байна гэхээр нь би ганцаараа эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиж Ч.Р-тай уулзахад замаар явж байтал нохой дайраад тормос гишгэтэл пидал гацаад уначихлаа. А ухаангүй байна гэж байсан. /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би тэр осолд ордог өдрийнх нь өглөө Ч.Р-н гар утас руу залгахад эгч нь утсыг нь аваад Ч.Р мотоцикльтой явж байгаад осолд ороод эхнэрийнх нь бие муу эмнэлэг дээр байна гэж байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж Ч.Р-тай дөнгөж уулзчихаад лам хэрэгтэй байна гэхээр нь Ө ламынд очиж уулзсан. Тэгээд эмнэлэг дээр арц рашаан аваачиж өгсөн. Тасаг руу нь ороогүй. Ч.Р-тай дөнгөж уулзчихаад лам хэрэгтэй гэхээр нь гараад явсан. Яасан? Юу болсон юм бэ? гэж асуухад ослын талаар надад юм яриагүй. Эхнэрийн бие муу хүнд байна гэхээс өөр зүйл яриагүй. /хх-ийн 32-33 хуудас/,
Гэрч Г.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр эмэгтэй Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн зам дээр мотоциклиос унасан гээд зам дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Намайг очиход орчиндоо харьцаагүй, ухаангүй, амнаас нь цус гараад байсан шиг санагдаж байна. Биеийн байдал нь хүнд, хамт явсан гэх эрэгтэй нь тэнд байсан. Амьсгал олширсон, амнаас нь хөөстэй цус гарч байсан. /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Ч.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Одоо он сар, өдрийг нь санахгүй байна. Мотоцикльтой эхнэрийнхээ хамт гэртээ харих гэж яваад Атар өргөөгийн наад талын засмал зам дээр унасан гэж байсан. Тухайн үед урдуур нь нохой ороод ирэхээр нь тормос гишгэтэл аваад шидчихсэн гэж ярьж байсан. Мотоциклийнх нь тормос хаяа гацдаг байсан. Би осол болохоос 2-3 хоногийн өмнө мотоциклийг нь унаж явахад тормосных нь пидаль гацаад байсан. Дайргын гол руу явж байхад тормос гишгэхэд тормос сулхан барьж байхаар нь боолтоор боогоод чангалчихсан. Тэгээд огцом тормос гишгэхэд пидаль нь гацаад мотоциклийн арын дугуй хөндөлсөөд шарвах маягтай болоод байсан. Огцом гишгихгүй бол зүгээр байсан. Осол гарах үед нохой гараад ирэхэд тормосоо огцом гишгэснээс болоод ард сууж явсан хүн шидэгдэж унасан байх гэж бодоод байгаа юм. Ч.Р осолд орсныхоо дараа ирж эхнэр бид хоёрыг сэрээж хэлчихээд яваад өгсөн. Осолд орсон өдрөөсөө хойш манай бэр Алтанцэцэг ухаан оролгүй байж байгаад нас барсан. /хх-ийн 36-37 хуудас/,
Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Р.А нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өглөөний 05 цагийн үед осолд орсон. Ирэх үедээ биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаангүй, өвчний түүхээс харахад нөхрийн үгээр 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 05 цагийн орчимд мотоциклийн ард сууж явсан. Нохой урдуур орох үед тормос гацаад мотоцикльтой шарваж унасан. Ингээд 103 дуудаж яаралтай түргэн тусламж дээр хүргэгдэж ирсэн. Унасны дараа амаар цус гарч цусаар бөөлжсөн гэсэн. Эрчимт эмчилгээний тасагт 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 10 минутанд хэвтсэн. Компьютерийн шинжилгээ хийгдсэн байсан. Онош нь гавал тархины хавсарсан хүнд гэмтэл, тархины няцралын хүнд зэрэг, аалзат бүрхэвчийн доорх цус харвалт, суурь ясны хугарал, тархины оврого гүн комын байдал, амьсгал зүрх судасны цочмог дутагдал, сорогдолын хатгаа гэсэн оношоор хэвтсэн. Хэвтэх үед биеийн байдал маш хүнд, амьсгал зүрх судасны дутагдалтай байсан учир зохиомол амьсгалын аппаратанд оруулсан. Төвийн венийн судсанд гуурс тавьсан. Эмчилгээний хувьд өвдөлт намдаах, цусны эргэлт дэмжих, тархины хаван хөөх, шээс хөөх, тархины цусан хангамж сайжруулах, цус тогтоох, ходоод хамгаалах эмчилгээ хийгдэж байсан боловч биеийн ерөнхий байдал хүнд хэвээр 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 цаг 05 минутанд нас барсан. Үхлийн шалтгаан нь олон эрхтэний дутагдал /амьсгал зүрх судас, бөөр, цус бүлэгнэлт/-ын улмаас нас барсан. Тухайн хүний биед учирсан гэмтэл нь маш хүнд гэмтэл байсан. Суурь ясны хугаралтай байсан учир биеийн байдал сайжрахгүй байсаар нас барсан. Суурь ясны хугарлын үед бүрэн эдгэрэх боломжгүй. Суурь ясны хугарлаас гадна тархины хавсарсан гэмтэлтэй байсан учир олон эрхтэний дутагдалд орсны улмаас нас барсан. /хх-ийн 38-39 хуудас/,
Гэрч Ж.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ч.Р бид нэг айлын хүргэн. Яг хэдэн цагт цусны дээж авсан талаар санахгүй байна. Тэр үед Ч.Р-г эмнэлэг дээр эхнэрээ сахиад байж байх үед нь дуудаж цусны дээж авсан. Эмнэлэг дээр байх хугацаандаа өөрийгөө үзүүлсэн эсэх талаар мэдээгүй. Ямар ч байсан эмнэлэг дээрээс үдээс хойш дуудагдаж ирээд цусны дээж өгсөн. Ч.Р нь архи нэг их уугаад байдаггүй. Хол байдаг байсан болохоор нэг их сайн мэдэхгүй. Гэр бүл болсноосоо хойш гэр бүлийн хүрээндээ зодоон цохион хийсэн гэж дуулдаж байгаагүй. Ганц нэг удаа хэрүүл маргаан хийж байсан тухай дуулдаж байсан. Тэгэхдээ бага сага асуудлаас л болж маргаж байсан. Ажил төрлийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, зах дээр гуанз түрээслэж хамт ажиллаж байсан. Талийгаач эхнэр нь нэг хүүхэдтэй. Тэр хүүхдийг нь манай хадам ээж, аав хоёр үрчилж авсан. Ч.Р хүүхэдтэй гэж дуулдаж байгаагүй. /хх-ийн 40-41 хуудас/,
Шинжээч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйлийн В-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч гэмтсэн байхаар нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдож байгаа. /хх-ийн 112-113 хуудас/,
Гэрч Л.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ч.Р-с 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд эрүүлжүүлэх байрны эмчийн өрөөнд цусны дээж авсан. Тухайн үед Ч.Р нь эмнэлэг дээр байж байгаад ирлээ гэж хэлж байсан санагдаж байна. /хх-ийн 151-152 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №18 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... Тухайн осол, хэрэг гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн байдал тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол мөн. МУ-ын ЗХДүрмийн 2-р бүлгийн 2.7а дахь заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, ЗХДүрмийн 2.1а дахь заалт “Замын хөдөлгөөний олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтыг, ЗХДүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамгаалах малгайгүй, хамгаалах малгай хэрэглээгүй зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож явах үед мотоцикльд тэнцвэржилт алдагдах үед зогсоож чадалгүй зам дээр унасан гэж үзэж байна. /хх-ийн 45 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №55 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Талийгаач Р.А-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлалын шинжилгээгээр тархины эдийн баруун орой, чамархай хэсгийн няцрал, гавлын зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор, нугасны том нүх, суурийн баруун дунд хонхор, баруун чамархай хүртэл хугарал гэмтэл болон зүүн гарын алга, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуя, зүүн хөлийн өвдөг, шилбэ, бүсэлхий нуруу, баруун өвдөг цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой. Гавлын суурь, баруун, зүүн чамархай, ясны хугарал гэмтэл, тархины эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Р.А нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна. Дээрх гэмтлийн үед амь насыг аврах боломжгүй. Амь хохирогч Р.А нь авто ослын хавсарсан гэмтэл, гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-н 58-59 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №4994 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Р” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. /хх-ийн 93 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №5918 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн “Р.Алтанцэцэг ЙБ87091406” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. /хх-ийн 99-100 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 3-8, 10-11, 21, 119-120 хуудас/,
Шүүгдэгч Ч.Р-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 219 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 125, 130, 135 хуудас/,
Шүүгдэгч Ч.Р-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131 хуудас/ зэрэг болно.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ч.Р-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол.../ гэж заасан байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж давхар зүйлчилсэн,
Мөн Ч.Р-г дээрх гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №4994 дугаартай “Ч.Р гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.Г, Л.Т нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Ч.Р нь согтуурсан байсан болох нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р-т ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ******* овогт Ч.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Р нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өглөөний 05 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Атар-Өргөө” ХХК-ий зүүн талын засмал зам дээр улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Р.А-н амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Р-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Р-н талийгаач нь осолд ороод ухаан орохгүй байж байгаад нас барсан. Гэрч Т.Б-н осол болдог өдрийн өглөөний 06 цагийн орчимд манай байшингийн унтлагын өрөөний цонхыг хүн хүчтэй нүдэхэд сэрээд цонхны салхивчийг онгойлгож харахад манай нөхрийн дүү Ч.Р ганцаараа зогсож байсан. Тэр үедээ Ч.Р манай хүн үхлээ шүү дээ. Та хоёр туслаачээ, хурдлаачээ гэж хэлчихээд мотоциклио асаагаад хөдөлсөн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр босоод араас нь нөхрийнхөө машинаар мотоцикль ирсэн мөрийг нь дагаж явж үзэхэд манай гэрээс нэг их холгүй засмал зам дээр А хэвтэж байсан. Эмнэлэгт 6 хоног болоод нас барсан. Ч.Р найзындаа байж байгаад гэртээ харихаар явж байтал урдуур нохой орохоор нь тормос гишгэтэл араар сундалж явсан А мотоциклиос унасан гэж ярьж байсан. Гэрч Э.Ө-н тэр хоёр гэртээ харихаар Ч.Р мотоциклио унаад өглөөний 06 цагийн үед манайхаас явсан. Тэгээд намайг унтаж байтал өглөөний 10 цагийн үед манай найз А манайд ирээд Ч.Р мотоцикльтой явж байгаад унасан гэж байна. А их муу байна гэхээр нь би ганцаараа эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиж Ч.Р-тай уулзахад замаар явж байтал нохой дайраад тормос гишгэтэл пидал гацаад уначихлаа. А ухаангүй байна гэж байсан. Гэрч Д.А-н Ч.Р-н гар утас руу залгахад эгч нь утсыг нь аваад Ч.Р мотоцикльтой явж байгаад осолд ороод эхнэрийнх нь бие муу байдалтай эмнэлэг дээр байна гэж байсан. Гэрч Г.З-н тэр эмэгтэй Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн зам дээр мотоциклиос унасан гээд зам дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Гэрч Ч.Ү-н Ч.Р мотоцикльтой эхнэрийнхээ хамт гэртээ харих гэж яваад Атар өргөөгийн наад талын засмал зам дээр унасан гэж байсан. Тухайн үед урдуур нь нохой ороод ирэхээр нь тормос гишгэтэл аваад шидчихсэн гэж ярьж байсан. Осолд орсон өдрөөсөө хойш манай бэр А ухаан оролгүй байж байгаад нас барсан. Гэрч Б.Ц-н Р.А нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өглөөний 05 цагийн үед осолд орсон. Эрчимт эмчилгээний тасагт 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 10 минутанд гавал тархины хавсарсан хүнд гэмтэл, тархины няцралын хүнд зэрэг, аалзат бүрхэвчийн доорх цус харвалт, суурь ясны хугарал, тархины оврого гүн комын байдал, амьсгал зүрх судасны цочмог дутагдал, сорогдолын хатгаа гэсэн оношоор хэвтсэн. Биеийн ерөнхий байдал хүнд хэвээр байсаар 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 цаг 05 минутанд нас барсан. Гэрч Ж.Г-н Ч.Р-г эмнэлэг дээр эхнэрээ сахиад байж байх үед нь үдээс хойш дуудаж цус авсан. Шинжээч Б.Б-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйлийн В-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч гэмтсэн байхаар нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдож байгаа. Гэрч Л.Т-н Ч.Р-с 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд эрүүлжүүлэх байрны эмчийн өрөөнд цусны дээж авсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №18 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №55 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ч.Р нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох “А” ангилалын эрхгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Р-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Р-т оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч Ч.Р-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ч.Р-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг шүүгдэгч Ч.Р-т буцаан олгож, жолооны үнэмлэх 1 ширхэгийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
Шүүгдэгч Ч.Р нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг,
Мөн шүүгдэгч Ч.Р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Р-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ******* овогт Ч.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч ******* овогт Ч.Р-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Р-т оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р-т оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, мөн шүүгдэгч Ч.Р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг шүүгдэгч Ч.Р-д буцаан олгож, жолооны үнэмлэх 1 ширхэгийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.