Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 137

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.М-д холбогдох 1826001860127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ******* овогт Б.М

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Жинст” хорооллын 4-6 тоот хашаанд байрлуулсан хохирогч А.Э-н эзэмшлийн улбар шар өнгөтэй, улсын дугааргүй Мустанг-5 маркийн 200 мотортой мотоциклийг хулгайлж 1700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Надад мөнгөний хэрэг гараад ийм хэрэг хийсэн. Хүний эд зүйлийг авах нь буруу зүйл гэдгийг мэднэ. Хэрэгт шалгагдаж байхдаа дахиж гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хохирогчид мотоциклийг нь буцаан өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч А.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед намайг хөдөөнөөс гэртээ ирэхэд Б.М манай хашааны үүдэнд тааралдсан. Тэгээд манайд 1 пиво барьж орж ирсэн. Тэгээд Б.М-н авч ирсэн пивыг Б.М-тэй хамт ууж байгаад би унтчихсан байсан. Тэгтэл манай хүүхэд Э.Н мотоцикль чинь хаана байгаа юм бэ? гээд намайг сэрээхээр нь гараад харахад миний мотоцикль байхгүй байсан. Улбар шар өнгийн Мустанг-5 маркийн 200 мотортой шинэ мотоцикль байсан. Б.М авсан байсныг мэдсэн. Ойролцоогоор 7 хоногийн дараагаар ******* сумын цагдаагийн хэсгээс мотоциклио буцааж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 12-16 хуудас/,

Гэрч Э.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аав хониноос ирээд унтаад өгсөн. Би гэрээс түр гараад Тогооч өвөөгийнд оччихоод гэртээ ирэхэд мотоцикль байхгүй байсан. Ааваас мотоцикль чинь хаана байна гэж асуухад мэдэхгүй байсан. Намайг өвөөгийнх рүү явахад гэрийн гадаа мотоцикль байсан. Би удалгүй 10 орчим минут болоод ирэхэд байхгүй болчихсон байсан. /хх-ийн 17 хуудас/,

Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр байх, одоо cap, өдрийг нь сайн санахгүй байна. Өвөрхангай аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгч Батхуяг над руу утсаар залгаад Б.М-н хэрэг нь аймаг руу шилжсэн, яаралтай аймагт ир гэж дуудсан. Ингээд би өөрийн төрсөн дүү Б хүү М-р ******* сум руу Б.М-г мотоциклиор нь хамт хүргүүлсэн байсан. Тэр өдрөө М хүргэж өгчихөөд ирсэн байсан. Маргааш өдөр нь байх ******* сумаас цагдаа Отгонбаатар яриад Б.М-г хүний мотоцикль аваад явчихсан байна гэж утсаар ярихаар нь би Б.М-г байж болох газраар хайсан. Тэгтэл манай хамаатны М гэх айлд байна гэж сураг гарахаар нь би өөрөө очиж Б.М-г авсан. Тэгээд тэр мотоциклийг нь ******* суманд хүргэж өгөх гээд Баянхонгор аймгийн Жинст суманд очоод Б, Отгонбаатар цагдаатай холбогдож мотоциклийг нь өгсөн. Улбар шар өнгийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн шинэвтэр мотоцикль байсан. /хх-ийн 55-56 хуудас/,

Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Одоо он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2018 оны 04 дүгээр сарын дундуур л байсан санагдаж байна. Б.М нь гэрээсээ явж байна гээд манай аав Г-д ирж байна гэж нэг улбар шар өнгийн шинэвтэр Мустанг-5 маркийн мотоцикльтой ирж 3 хоносон байх. Манайд ямаа самналцаад хонож байсан. Тэгээд ирснээс нь хойш аав нь буюу Б ах ирээд Б.М-г унаж ирсэн мотоцикльтой нь аваад явсан. Б.М тэр мотоциклио миний мотоцикль байгаа юм. Аав цагаан сарын өмнө шинээр нь өгсөн юм, зарчихмаар байна, чи авах уу? гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгтэл мотоцикль авах хүн байна уу? гэж асуугаад байсан. /хх-ийн 57-58 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №04/37 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.М-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийнн 9-10, 20-22, 50-54, 61-62, 64-66 хуудас/,

Шүүгдэгч Б.М-н хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 хуудас/,

Шүүгдэгч Б.М-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг Жинст хорооллын 4-06 тоот хашааны гаднаас хохирогч А.Э-н өмчлөлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, хохирогч А.Э-д 1700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Э-н Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед Б.М-н авч ирсэн пивыг хамт ууж байгаад унтчихсан байсан. Сэрээд гараад харахад миний мотоцикль байхгүй байсан. Гэрч Э.Н-н намайг өвөөгийнх рүү явахад аавын мотоцикль гэрийн гадаа байсан ба 10 орчим минут болоод буцаад ирэхэд мотоцикль байхгүй байсан. Гэрч П.Б-н Б.М-н авсан байсан мотоциклийг нь Өвөрхангай аймгийн ******* суманд хүргэж өгөх гээд Баянхонгор аймгийн Жинст суманд очоод Батхуяг, Отгонбаатар цагдаатай холбогдож мотоциклийг нь өгсөн. Улбар шар өнгийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн шинэвтэр мотоцикль байсан. Гэрч Г.М-н 2018 оны 04 дүгээр сарын дундуур Б.М улбар шар өнгийн шинэвтэр Мустанг-5 маркийн мотоцикльтой манай аав Г-д ирсэн гэж байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №04/37 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.М-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдон тогтоодсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Б.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй”, энэ зүйлийн 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.М-д Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн арван сар дөрөв хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

Мөн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн арван сар дөрөв хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нэг жил арван сар дөрөв хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан нэг жил арван сар дөрөв хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.