| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00134/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 139
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Л.О-д холбогдох 1826002590155 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Л.О
Шүүгдэгч Л.О нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 02 цагийн орчимд өөрийн гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хохирогч Ч.Д-н зүүн талын хөлийн гадна хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Энэ миний хутга бөгөөд манай ширээн дээр байсан. Хүргээд өг гэхээр нь нойрондоо харамсаад айлгах гээд чичсэн. Хохирогчид хохирол төлбөрт 610000 төгрөг төлсөн. Дахиж архи уухгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би хөдөөнөөс эхнэр Э хамт тугаланд өгөх сүү авах гэж аймгийн төв рүү орж ирээд З гэх хүн рүү залгаад сүүгээ авъя гэхэд Алтаншар зам гэх бааранд байна гэхээр нь тэнд нь очтол Л.О-н хамт караокед сууж байсан. Тэгээд би тухайн газар үлдээд манай эхнэр гараад явсан ба тэнд 1 ширхэг 2.5 литрийн пиво гурвуулаа хувааж уусан. Манай эхнэр ирэхээр нь бид нар бөөнөөрөө гараад З-н гэрт нь очиж сүүгээ авчихаад би Л.О-р түрдэг тэрэг янзлуулах гээд өгчихсөн байсныг Л.О би одоо хөдөө нүүх гэж байгаа тэрнийгээ очиж ав гэхээр нь авах гээд тэдний гэрт нь очих замдаа 2 ширхэг пиво авсан байсныг Л.О-н гэрт нь нэгийг нь уучихаад нэгийг нь талд нь оруулчихаад манай эхнэр өнөөдөр хөдөө явахааргүй боллоо орой болчихлоо, би ээжийнд очиж унтлаа гээд явсан ба би Л.О-н гэрт З болон Л.О-н хамт үлдсэн. Тэгээд шөнө 02 цагийн үед бид нар юм ярьж байгаад унтах гэж байгаад би Л.О-г татаад намайг айлд хүргээд өгөөч гэхэд унтаад сэрэхгүй болохоор нь З-г сэрээх гээд байж байтал Л.Очирпүрэв босч ирээд миний зүүн талын хөл рүү юмаар дүрэх шиг болсон. Тэгэхээр нь хартал миний хөл рүү хутгаар дүрсэн байсан ба цус гараад байсан. Тэгээд З, Л.О хоёр миний хөлийг юмаар боогоод эмнэлэг дээр хүргэж ирсэн. Миний эмнэлэгт хэвтсэн 610000 төгрөгийг Л.О барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 18-19 хуудас/,
Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай эмнэлэгт 02 цаг 26 минутын үед Д гэх хүн зүүн шилбэнийхээ дунд хөндлөн зүсэгдсэн шархтай, цус их алдсан, шархан дээр нь скочоор боосон байдалтай хүргэгдэж ирсэн ба үзлэг хийхэд шархнаас тухайн үед цус гоожсон зүйлгүй, 5-6 см зүсэгдсэн, 6 см гүнтэй, өөр ил харагдах шархгүй, биеийн байдал хүнд, архи их уусан хүн байсан. Эмнэлэгт хүргэж ирсэн Л.О гэх хүн нь хэлэхдээ хутга барьж сууж байхад хөлөө өргөөд хутгалуулсан гэж тайлбарлаж байсан. /хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч Н.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би ядраад байсан учир шөнийн 01 цагийн үед унтсан ба 02 цагийн үед Л.Ов гэнэт л орилоод байхаар нь сэрээд юу болсон талаар асуутал Л.О би Ч.Д-г алчихлаа гээд байсан. Тэгээд би Ч.Д-г харахад гутлын доод хэсгээс нь цус гараад ирсэн. Тэгэхээр нь яасан юм бэ? гэхэд хутгалчихсан гэхээр нь тэр хутга хаана байна? гэхэд Л.О барьчихсан зогсож байхаар нь хутгыг нь булааж аваад гадаа гаргаж шидчихээд Ч.Д-н хөлийг нарийн уяагаар боож скочоор гадуур нь ороогоод эмнэлэгт хүргэж ирсэн. Бид бүгд согтуу байсан. Ч.Д нэг их согтуу байгаагүй. Жаахан л уусан байсан. Хэрэлдэж маргалдсан зүйл огт байхгүй. Л.Очирпүрэвийг унтаж байхад нь Ч.Д хүргээд өг гэж татаж сэрээсэн юм шиг байна лээ. Тэгтэл Л.О босч ирээд шууд л хутгалсан юм шиг байна лээ. Намайг сэрээд харахад Л.О гэрийнхээ зүүн талд хутгаа барьчихсан би Ч.Д-г алчихлаа гээд орилоод зогсож байсан. Ч.Д-н зүүн хөлийн шилбэний дээд талд гадна хэсэгт нь хутгалсан байсан. Өөр ямар нэгэн шарх байгаагүй. /хх-ийн 24-25 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №399 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Ч.Д-н биед зүүн хөлийн шилбэний гадна хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна. /хх-ийн 38 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Л.О-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41, 43-44 хуудас/,
Шүүгдэгч Л.О-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0320, 0125 тоот, Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47-50 хуудас/,
Шүүгдэгч Л.О-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны шөнийн 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар баг 21-15 тоотод байх гэртээ хохирогч Ч.Д-н зүүн хөлийн шилбэний гадна хэсэгт нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Д-н шөнө 02 цагийн үед би Л.О-г татаад намайг айлд хүргээд өгөөч гэхэд унтаад сэрэхгүй болохоор нь Зоригоог сэрээх гээд байж байтал Л.О босч ирээд миний зүүн талын хөл рүү юмаар дүрэх шиг болсон. Тэгэхээр нь хартал миний хөл рүү хутгаар дүрсэн байсан ба цус гараад байсан. Гэрч А.Т-н манай эмнэлэгт 02 цаг 26 минутын үед Д гэх хүн зүүн шилбэнийхээ дунд 6 см гүн, 5-6 см хөндлөн зүсэгдсэн, шархтай, цус их алдсан байдалтай хүргэгдэж ирсэн. Гэрч Н.З-н шөнийн 02 цагийн үед Л.О гэнэт л орилоод байхаар нь сэрээд юу болсон талаар асуутал Л.О би Ч.Д-г алчихлаа гээд байсан. Тэгээд би Ч.Д-г харахад гутлын доод хэсгээс нь цус гараад ирсэн. Тэгэхээр нь яасан юм бэ? гэхэд хутгалчихсан гэж хэлсэн. Л.О босч ирээд шууд л хутгалсан юм шиг байна лээ гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №399 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Л.О-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Л.О-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Л.О-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Л.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ч.Д-д хохирол төлбөрт 610000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвэрэн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Л.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 610000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвэрэн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.