Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 226/МА2022/00035

 

 

 

2022 оны 11 сарын 17-ны өдөр 226/МА2022/00035 Хэрлэн сум

 

 

 

 

Э.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.Сүнжидмаад холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/0035

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд,

Нэхэмжлэгч Э.Ганцэцэг /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00399 дугаар шийдвэртэй Э.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Сүнжидмаад холбогдох Зээл 18.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Сүнжидмаатай 2018 онд анх амаар тохиролцон мөнгө зээлж эхэлсэн бөгөөд тухайн үеэс хойш Э.Сүнжидмаа нь надаас тогтмол мөнгө зээлж зээлсэн мөнгөө тогтсон цаг хугацаандаа эргүүлэн төлдөг байсан учир би түүнд итгэж зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй.

Миний бие 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.500.000, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000, нийт 18.500.000 төгрөгийг Э.Сүнжидмаад зээлж түүний ХААН банкны 5700396307 тоот дансаар шилжүүлэн өгсөн.

Хэрэгт авагдсан дансны хуулгуудаас харахад би Э.Сүнжидмаад нийт 43.150.000 төгрөгийн зээл олгож, Э.Сүнжидмаа зээлийн хүүнд 8.650.000 төгрөг, үндсэн зээлд 34.500.000 төгрөгийг шилжүүлсэн, 18.500.000 төгрөгийг төлөөгүй харагддаг.

Миний бие 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүнжидмаагийн ХААН банкны 5700396307 тоот данс руу нийт 8 удаагийн гүйлгээгээр 18.500.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөө ямар хүү тооцохгүйгээр нэхэмжилж байгаа. Би нотлох баримт болгож түүнтэй харилцаж байсан фэйсбүүкийн чатыг үзлэгээр баталгаажуулж өгсөн. Мөн өөрийн мөнгө шилжүүлж байсан дансны хуулгаа гаргаж өгсөн. Миний зүгээс төлбөрөө төлөхийг Э.Сүнжидмаагаас удаа дараа шаардсан бөгөөд Э.Сүнжидмаа нь өнөөдрийг хүртэл төлбөр төлөлгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Э.Сүнжидмаагаас 18.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Сүнжидмаа нь Э.Ганцэцэгтэй холбогдож 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн ба энэ үеэс эхлэн тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн. Ковид-19 цар тахлын улмаас Э.Ганцэцэгээс зээлсэн мөнгөө төлж чадахгүй болж, Э.Ганцэцэгээс өөрөөс нь мөнгө зээлж өөрт нь эргүүлж өгөх замаар зээлээ төлдөг байсан.

2018 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны дансны хуулгыг харахад Э.Ганцэцэгээс Э.Сүнжидмаа нь 130.000.000 төгрөг аваад, 160.000.000 төгрөг болгож өгсөн байдаг. Энэ тооцоог Э.Ганцэцэг өөрөө гаргасан байдаг.

2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгыг шүүж үзэхэд Э.Ганцэцэгээс Э.Сүнжидмаад 36.100.000 төгрөг, Э.Сүнжидмаагаас Э.Ганцэцэг рүү 48.810.500 төгрөг орсон тооцоо гарсан.

Хамгийн сүүлд Э.Ганцэцэг нь Э.Сүнжидмаа рүү 1.000.000 төгрөг шилжүүлээд Э.Сүнжидмаа 2.200.000 төгрөг болгож Э.Ганцэцэг рүү шилжүүлснээр хамгийн сүүлийн зээлийн хүү дууссан байдаг.

Дансны хуулга болон хавтас хэрэгт авагдсан баримтаар 18.500.000 төгрөгийг цувуулж авсан байлаа гэхэд илүү төлөлттэй, үндсэн мөнгөө төлсөн гэдэг нь харагдаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Нэхэмжлэгч 18.500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ч тус бүрд нь хүү тооцсон бичгэн гэрээ байгуулаагүй учир хүү авах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/000399 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Э.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Э.Сүнжидмаад холбогдох 18.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг талуудаас шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа нэг бүрчлэн харьцуулан үзэж, нотлох баримтын тухайд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Бидний хооронд 2018 оноос хойш зээлийн гэрээний харилцаа үүсч байсан тал дээр нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь огт маргадаггүй энэ талаараа шүүхэд мэдүүлдэг бөгөөд дээр дурдсанчлан 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө нь зээлийн гэрээний харилцаа байсныг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй.

Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт тайлбар гаргаж өгсөн бөгөөд уг тайлбараар Э.Сүнжидмаагийн тайлбарт дурдагдсан над руу шилжүүлсэн 42.000.000 /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар/ төгрөг нь зөвхөн 2021 оны 08 дугаар сарын 21-нээс хойш зээлдүүлсэн мөнгөний эргэн төлөлт биш бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 21-нээс өмнө нь зээлүүлсэн мөнгөний эргэн төлөлт давхар, хамт байгааг нэмэлт тайлбараараа дэлгэрэнгүй байдлаар гаргаж өгсөн.

Шүүхэд ганцхан тайлбарыг гаргаад орхиж байгаа бус гаргасан тайлбар болон нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүднээс өөрийн хаан банкны дансны түүвэрчилсэн хуулгыг, Э.Сүнжидмаатай харилцан мессенжер чат /үзлэг хийсэн/ зэргийг гаргаж өгсөн.

Товчхондоо миний ХААН банкны дансны хуулгаар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал зөвхөн зарлагын тооцоог хийхэд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс Э.Сүнжидмаагийн ХААН банкны 5700396307 данс руу 34.650.000 төгрөгийн зээл олгосон. Үүнээс 18.300.000 төгрөгийг буцаан төлж 16.350.000 төгрөгийг төлөөгүй байх ба үүн дээр өөрийн Төрийн банкны 104200047760 тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 шилжүүлж нийт 18.300.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийгээ нэхэмжилж шүүхэд хандсан юм.

Харин 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Э.Сүнжидмаагаас нийт 49.250.500 төгрөгийн гүйлгээ орж ирсэн бөгөөд үүний 39.000.000 төгрөг нь үндсэн зээл хүү нь 10.450.500 төгрөг болж байгаа юм. Үндсэн зээлд шилжүүлсэн 39.000.000 төгрөгийн 20.500.000 төгрөг нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө зээл олгосныг шүүхэд тайлбар болон дансны хуулгаар ойлгомжтой байдлаар гаргаж өгсөн.

Энэ талаарх баримт хэргийн материалд байгаа бөгөөд шүүхийн зүгээс тооцоо хийхдээ алдаа гаргаж нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний нэхэмжилсэн 8 удаагийн гүйлгээгээр олгосон 18.500.000 төгрөг нэг ч төгрөгийн хүү тооцоогүй үндсэн зээлийн үлдэгдэл байсан. Үүнийг шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр өөрийн чадахаар тайлбарласан юм.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч Э.Сүнжидмаагийн нэр дээрх ХААН банк ХХК-ийн 5700396307 тоот данснаас нэхэмжлэгч Э.Ганцэцэгийн 5935196368 тоот дансанд 31.150.000 төгрөг, 5005558849 тоот данснаас 15.391.500 төгрөг, нийт 48.841.5000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тэдгээрийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

Мөн нөгөөтэйгүүр нэхэмжлэгч /хавтаст хэргийн 191-249 хуудас/ ХААН банк дахь 5935196368 тоот дансны хуулгыг гаргаж өгөхдөө нэмэлт тайлбар болгон хариуцагч Э.Сүнжидгаагийн данснаас шилжүүлсэн мөнгийг 43.150.000 төгрөгийн зээл олгосон ба үүнээс хүүнд 8.650.000 төгрөг, үндсэн зээлд 34.500.000 төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн, энэ мөнгө нь одоо нэхэмжилж буй 18.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, мөн 2021 оны 08 дугаар сараас хойш хариуцагч Э.Сүнжидмаагийн данснаас миний данс руу орсон мөнгө 2021 оны 08 дугаар сараас өмнө зээлсэн мөнгөний хүү хэмээн тайлбарлаж байна. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн хэдий ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг хууль зүйн зохицуулалттай... хэмээн дүгнэсэн бөгөөд шүүхийн зүгээс Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасан нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэсэн зохицуулалтыг огт анхаараагүй.

Учир нь нэхэмжлэгч шүүхэд Э.Сүнжидмаатай харилцаж байсан чатандаа үзлэг хийлгэсэн бөгөөд энэ нь хэрэгт нотлох баримтаар үнэлж болохуйцаар тусгагдсан нотлох баримтын шаардлагыг хангасан юм.

Тус чатанд хариуцагчаас хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болон хэдэн төгрөгийг хүүгийн хамт эргүүлэн төлөх талаараа хүлээн зөвшөөрч түүнийгээ бичгээр мэдэгдсэн бөгөөд үүн дээр шүүх ямар нэгэн байдлаар дүгнэсэн зүйлгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс боломжит арга хэмжээг авсан хэдий ч шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна.

Мөн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө зээлсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт эгүүлэн төлж байсан явдал нь хариуцагч нэгэнт бий болсон үүргийг өөрөө хүлээн зөвшөөрч над руу шилжүүлсэн явдал нь хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй хуулийн зохицуулалттай нийцэх бөгөөд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасантай нийцэх юм.

Өөрөөр хэлбэл шүүхээс зээлийн гэрээний харилцаа тус тусдаа үүсч тус тусдаа дуусгавар болж байгаад огт дүгнэлтийг хийгээгүй нь тухайн гэрээний харилцааг ойлгоогүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө зээлсэн мөнгийг хүүгийн хамт эгүүлэн төлж буй байдлыг хүүгүй нэхэмжилж буй 18.000.000 төгрөгийг төлчихсөн харин ч илүү байдлаар төлчихсөн гэж шийдвэрлэж буй нь үндэслэлгүй байна.

Хэрэв хариуцагч нэхэмжлэгчид илүү мөнгө төлсөн гэж үзэж байгаа бол өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалуулах байсан гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Э.Ганцэцэг нь хариуцагч Э.Сүнжидмаад холбогдуулан Зээл 18.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгыг шүүж үзэхэд Э.Ганцэцэгээс Э.Сүнжидмаад 36.100.000 төгрөг, Э.Сүнжидмаагаас Э.Ганцэцэг рүү 48.810.500 төгрөг орсон тооцоо гарсан... Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Нэхэмжлэгч... хүү тооцсон бичгэн гэрээ байгуулаагүй учир хүү авах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... хэмээн маргаж байна.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Хариуцагч Э.Сүнжидмаа нь 2018 оноос эхлэн амаар тохиролцон нэхэмжлэгч Э.Ганцэцэгээс хүүтэй мөнгө зээлдэж буцаан төлж байсан талаар талууд тайлбартаа мэдүүлсэн ба хэн аль нь энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Ганцэцэг ...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.500.000, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000, нийт 18.500.000 төгрөгийг Э.Сүнжидмаад зээлж түүний ХААН банкны 5700396307 тоот дансаар шилжүүлэн өгсөн... гэж нэхэмжилж байна. Харин хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаа буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нийт 33.650.000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нийт 49.581.500 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн болох нь банкны дансны хуулгуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг
бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг хууль зүйн зохицуулалттай.

 

Нэхэмжлэгч хариуцагчтай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хуульд заасан хүү нэхэмжлэх эрхээ алдахаас гадна нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгийг өмнөх зээлийн үндсэн төлбөр болон хүү гэдгээ баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойших хугацааны нэхэмжлэгч хариуцагч нарын дансны орлого зарлагын гүйлгээнд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Давж заалдсан гомдлын тухайд:

 

Нэхэмжлэгч гомдолдоо ...Шүүхийн зүгээс Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасан нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэсэн зохицуулалтыг огт анхаараагүй... Э.Сүнжидмаатай харилцаж байсан чатад хариуцагчаас хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болон хэдэн төгрөгийг хүүгийн хамт эргүүлэн төлөх талаараа хүлээн зөвшөөрч түүнийгээ бичгээр мэдэгдсэн. Мөн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хариуцагч зээлсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт эргүүлэн төлж нэгэнт бий болсон үүргийг өөрөө хүлээн зөвшөөрч над руу шилжүүлсэн явдал нь хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй хуулийн зохицуулалттай нийцэх бөгөөд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасантай нийцэх юм... гэжээ.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт ...үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино... гэж, мөн зүйлийн 199.3-т ...төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй... гэж тус тус заасан бөгөөд хэрэгт хавсаргасан фэйсбүүкийн мэссэж чатад үзлэг хийсэн тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн банкны баримтууд зэргээр үүргийг үүрэг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн, төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон гэж дүгнэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Э.Ганцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 156/ШШ2022/00399 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА

 

Д.ГАНЗОРИГ