| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00131/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 140
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Г.Д-д холбогдох эрүүгийн 201715000123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн Г. Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.О-н эзэмшлийн улсын дугааргүй, цагаан өнгөтэй “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1650000 төгрөгийн,
Мөн согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.М-н өмчлөлийн 5.5 кг ямааны ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 495000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна гэв.
Хохирогч Х.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн орчимд ******* сумын төвөөс Н гэх айлаас өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, цагаан өнгийн Даюун маркийн мотоцикльтойгоо Өмнөговь аймгийн ******* сум чиглэлд танихгүй цагаан өнгийн мотоцикльтой залуутай хамт явсан. Тэгээд 2 км орчим яваад өмнө явж байсан цагаан өнгийн мотоцикльтой залуу зогсоод өврөөсөө 2 литрийн хэмжээтэй хүрэн савтай пиво гаргаад надтай хувааж уучихаад дэлгүүр орчихоод ирнэ гэж боссоноо миний мотоциклийг сэмхэн унаад хөдлөөд явсан. Тухайн үедээ ирэх байлгүй гэж бодоод өөрийнх нь мотоциклийн дэргэд хүлээгээд цаг орчим суусан. Тэгээд ирэхгүй болохоор нь сумын төв рүү цагдаад мэдэгдсэн. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны орой миний мотоциклийг сумын төвөөс 25 км зайд хүнд зарчихаад хуучин мотоцикль дээр 300000 төгрөг авсан байсныг ******* сумын хэсгийн төлөөлөгч очиж авчирсан. Тэр залуу миний мотоциклийг унагаад банкны хайрцагны урд хэсгийг цөмөлчихсөн, буруу талын толийг сууриар нь унагасан байдалтай байсан. ...Миний мотоциклийн түлхүүр мотоцикль дээр байсан шууд унаад хөдөлсөн. ...Надад гомдол санал байхгүй, Г.Д-с нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Хохирогч О.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг "*******" гэх газар өвөлжөөн дээрээ нутаглаж байхад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой 18-19 цагийн үед Г.Д улсын дугааргүй, шар өнгийн Даюун маркийн мотоцикльтой ирээд 0.5 литрийн "Нутгийн буян" нэртэй архи 2 шилийг надтай хувааж уучихаад хоносон. Маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны 09 цагийн орчим манай эхнэр У хамаатны П гэх залуугийн хамт ******* сумын төв орохоор мотоцикльтой явсан. Тэгээд 11 цаг өнгөрөөд би Г.Д-тай 5.5 кг ямааны ноолуур аваад сумын төв орох гээд явсан. Сумын төвөөс 4 км орчим зайтай очоод Д мотоциклио зогсоогоод бие засчихаад мотоциклийнхоо тохойноос 2 шил 0.5 литрийн "Нутгийн буян" гэх архи гаргаж надтай хувааж уусан. Тэгээд би тэндээ тасраад унтсан байсан. Сэрсэн чинь Г.Д миний авч явсан 5.5 кг ноолуурыг хулгайлаад явсан байсан. ...Би 5.5 кг ямааны ноолуураа сум орж зарчихаад П, Ц хоёрт ямаа самнуулсан хөлсийг нь өгөх зорилготой явсан. ...Г.Д архинаасаа их уугаагүй, ах уу гээд өгөөд байхаар нь ууж байгаад тасраад унтчихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч Т.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15-16 цагийн орчим Г.Д надад 5.4 кг ноолуур авчирч өгсөн. Би ноолуурыг кг-ыг нь 58000 төгрөгөөр авсан. 5.4 кг ноолуур нь 313200 төгрөг болсон. Мөнгөө аваад гарсан. ...Г.Д надад ноолуур өгч байхад бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Г.Д ганцаараа явж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,
Гэрч Г.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Г.Д цагаан өнгийн улсын дугааргүй, банк нь зөв талын урд хэсгээрээ цөмөрсөн мотоцикльтой ирээд манай зээ хүү Т-той гэрийн гадна уулзсан. Зээ хүү Т гэрт орж ирээд Д улсын дугааргүй, унаж яваа цагаан өнгийн мотоциклио зарна, намайг аваадах гээд байна гээд сонирхоод байхаар нь би Д-д хандаад шинэ мотоцикль байна, гаалийн бичиг нь хаана байна гэсэн чинь хээр хэтэвчтэйгээ хаясан байна гэсэн. Тэгээд Т-г сундлаад явснаа алга байна гээд ирчихээд явахгүй байгаад байсан. Би Т-с наад хүн чинь мотоциклио яаж зарна гэж байна гэсэн чинь өөрийнхөө хуучин мотоцикль дээр 500000 төгрөгийн зөрүү өг гэж байна гэхээр нь надад 300000 төгрөг байна гээд Т-д өгсөн. Т өөрийн эзэмшлийн улсын дугааргүй шар өнгийн Даюун маркийн хуучин мотоцикль дээрээ 300000 төгрөг өгөөд Г Д-н унаж явсан улсын дугааргүй, цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийг авч үлдсэн. Д нь Т-н шар мотоциклиор гэртээ харина гээд явсан. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим сумын хэсгийн төлөөлөгч ирээд Д-н Т-д зарсан улсын дугааргүй, цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийг О гэх хүнээс худлаа ярьж унаж яваад танайд зарсан байна гээд аваад явсан гэсэн. ...Г.Д бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Гэрч М.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийи орчим Г.Д цагаан өнгийн улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикльтой манайд ирээд цай ууж суунгаа унаж яваа мотоциклио зарна, авах уу гэхээр нь би өөрөө мотоцикльтой авахгүй гэсэн чинь чи мотоцикль дээрээ хэдэн төгрөгийн зөрүү өгөөд авчих гээд 2-3 удаа гуйгаад байхаар нь өөрийн эзэмшлийн
улсын дугааргүй, шар өнгийн Даюун маркийн мотоцикль дээрээ бэлэн 300000 төгрөг өгөөд унаж явсан цагаан өнгийн мотоциклийг нь аваад үлдсэн. Г.Д надад хэд хоногоос гаалийн бичгийг авчирч өгнө гээд явсан. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим сумын хэсгийн төлөөлөгч ирээд Д, О гэх хүний мотоциклийг худлаа яриад унаж яваад танд зарсан байна гээд аваад явсан. Тухайн үед эмээ П, Д бид гурваас өөр хүн байгаагүй. Би мотоциклио бүрэн бүтэн авсан. Харин 300000 төгрөгөө аваагүй байгааг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,
Шүүгдэгч Г.Д-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үдээс өмнө О-той Н гэх айлд ороод 1 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи Н, О бид гурав хувааж усан. О бид хоёр тус тусдаа нэг, нэг мотоцикль унаад сумын урд талын гол гарсан. Голын зах дээр О-той ярилцаад сумын төвөөс нэг шил архи авахаар болоод О надад 10000 төгрөг өгсөн. Би 10000 төгрөгийнх нь оронд бензин хийж өгөхөөр тохиролцсон. О-д хөдөө очихоороо өгөх болсон чинь надад мөнгө байхгүй байсан тул бензин хийж өгнө гэж яриад би сумын төв орохдоо О-н унаж явсан цагаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг унаад явсан. Учир нь миний унаж явсан цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль асахдаа удаан байсан тул О-н мотоциклийг унаад сумын төв орж 1.5 литрийн пиво аваад буцаад О-н байсан газар очтол О миний мотоциклийг унаад явчихсан байсан. Тэгэхээр нь сумын төв орж Н-д очиж пиво хувааж уусан. Тэр оройноо сумын төвийн голын хажууд ганцаараа хоночихсон. Маргааш өглөө нь О-г олж мотоциклийг нь өгч өөрийнхөө мотоциклийг авах гээд хайж явж байгаад голын адагт очтол миний цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн ачаа, яндан, рижак, севчээ нь байхгүй байхаар нь Н-д О-н мотоцикльтой очоод О миний мотоциклийг голын зах дээр хаячихаад явчихсан байна, хамт яваад чирээд ирье гээд Н-тай хамт очоод мотоциклио Н-д чирж авчраад хашаанд нь оруулчихаад О-г Н-тай хамт сумын төв дундуур мотоцикльтой хайж байгаад олдохгүй байхаар нь Н-тай 2 шил архи уучихаад О-н мотоциклийг унаад хөдөө гэр рүүгээ явж байхдаа М-д ортол хүү Т нь унаж яваа мотоциклио зарчих, хэний мотоцикль юм гэхээр нь минийх гээд хэлчихсэн чинь хуучин мотоцикль дээрээ 300000 төгрөг өгье гэхээр нь би О-н мотоцикль гэдгийг хэлэлгүйгээр зөвшөөрөөд хуучин улаан шаргал өнгийн Даюун маркийн мотоцикль дээр 300000 төгрөг бэлнээр аваад зарсан. 300000 төгрөгөөр архи, пиво, хувцас аваад хөдөө гэр рүүгээ явж байгаад М-д очсон. М-тай гэрт нь 3 шил архи хувааж уугаад хоносон. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр М намайг айлд хүргээд өгчих, сумын төв орж ноолуур зарах гэсэн юм гэхээр нь М-тай хамт ноолуурыг нь мотоцикль дээрээ ганзагалаад сумын төв рүү явж байхдаа М бид хоёр 2 шил 0.5 литрийн архи хувааж уугаад М-г согтоод унтаад өгөхөөр нь мотоцикльтойгоо сумын төв ороод М-н ноолуурыг Б-н ажилтан У-д 1 кг-ийг нь 58000 төгрөгөөр бодоод 5.4 кг ямааны ноолуурыг 313200 төгрөгөөр зарсан. Буцаж М-г үлдээсэн газар очтол байхгүй байхаар нь ойролцоох хонин дээр явж байсан хүнээс асуухад хойд талын айл руу явган явж байсан хүн мөн байх гэхээр нь би буцаад сумын төв ороод ноолуурын мөнгөөр нь 2-3 шил архи аваад уучихсан. М-н эхнэр, дүү хоёр нь Т-г хамт дагуулж ирээд мотоциклио аваад явчихсан. Би айлд хоночихоод маргааш нь намайг сумын төлөөлөгч Д айлд байхад ирээд авч явсан. Архи хэрэглэчихсэн үедээ мотоцикль, ноолуурыг нь мэдэлгүйгээр зарсан. О-д мотоциклийг нь өгсөн тул өглөг авлага байхгүй гэж бодож байна. М-т 300000 төгрөгийг өгөөгүй, Т-д 300000 төгрөгийг өгөөгүй. Нийт 600000 төгрөгийг өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №07/07 дугаартай: "...Хохирогч О.М-н хулгайд алдагдсан гэх 5.5 кг ноолуурыг 495000 төгрөгөөр үнэлэв..." гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 164-166 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "...Лэндс" ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №07/06 дугаартай: "...Хохирогч Х.О-н хулгайд алдагдсан гэх Даюун маркийн мотоциклийг 1650000 төгрөгөөр үнэлэв..." гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 168-170 хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15/,
Шүүгдэгч Г.Д-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69, 131/, Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-105/ зэрэг болно.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Д-г 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.О-н эзэмшлийн цагаан өнгийн, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний мотоциклийг унаад явахдаа Д гэдэг залуу надад хэлэхдээ сумын төв орж дэлгүүр орчихоод пиво аваад хурдан ирнэ гэж хэлсэн...” /хх-4/ гэсэн тайлбар, хохирогч Х.О-н “Д нь 2 литрийн хэмжээтэй хүрэн савтай пиво гаргаад надтай хувааж уучихаад дэлгүүр орчихоод ирнэ гэж боссоноо миний мотоциклийг сэмхэн унаад хөдлөөд явсан. Тухайн үедээ ирэх байх гэж бодоод өөрийнх нь мотоциклийн дэргэд хүлээгээд цаг орчим суусан...” /хх-18/ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Д-н яллагдагчаар өгсөн “...О-той ярилцаад сумын төвөөс нэг шил архи авахаар болоод О надад 10000 төгрөг өгсөн. Би 10000 төгрөгийнх нь оронд бензин хийж өгөхөөр тохиролцсон. О-д хөдөө очихоороо өгөх болсон чинь надад мөнгө байхгүй байсан тул бензин хийж өгнө гэж яриад би сумын төв орохдоо О-н унаж явсан цагаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг унаад явсан. Учир нь миний унаж явсан цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль асахдаа удаан байсан тул О-н мотоциклийг унаад сумын төв орж 1.5 литрийн пиво аваад буцаад О-н байсан газар очтол О миний мотоциклийг унаад явчихсан байсан...” /хх-57-58/ гэсэн мэдүүлгүүдийг шүүх дүгнэж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан” гэсэн гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг” заавал нотлохоор хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д-н энэ гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Д нь хохирогч Х.О-н улсын дугааргүй, цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, энэ хэрэгт шүүгдэгч Г.Д-г гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Д-г 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.О-н эзэмшлийн цагаан өнгийн, улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг шаардсан байдаг. Г.Д нь бусдын эд зүйлийг хууль бусаар авсан. Гэхдээ нууцаар авсан уу, илээр авсан уу гэдэг нь эргэлзээтэй асуудал байгаа. Хулгайн гэмт хэрэг нь нууцаар авсан гэдгийг шаардаж байгаа болохоор зүйлчлэл тохироогүй байна гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан нөхцөл байдлууд харагддаг. Иймд шүүгдэгчид ашигтайгаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан зүйлчлэл өөрчлүүлэх тухай хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.М-н өмчлөлийн 5.5 кг ямааны ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 495000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.М-н “...мотоциклийнхоо тохойноос 2 шил 0.5 литрийн "Нутгийн буян" гэх архи гаргаж надтай хувааж уусан. Тэгээд би тэндээ тасраад унтсан байсан. Сэрсэн чинь Г.Д миний авч явсан 5.5 кг ноолуурыг хулгайлаад явсан байсан...” /хх-22/, гэрч Т.У-н "...2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15-16 цагийн орчим Г.Д надад 5.4 кг ноолуур авчирж өгсөн. Би ноолуурыг кг-ыг нь 58000 төгрөгөөр авсан. 5.4 кг ноолуур нь 313200 төгрөг болсон. Мөнгөө аваад гарсан..." /хх-27/ нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №07/07 дугаартай үнэлгээний тайлан /хх-164-166/, шүүгдэгч Г.Д-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч ******* овгийн Г.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Г.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Д-н цагдан хоригдсон 39 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Д-с 495000 төгрөгийг гаргуулж хохирогч О.М-т олгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Г.Д-д Өвөрхангай аймгийн прокуророос Г.Д нь согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.О-н эзэмшлийн улсын дугааргүй, цагаан өнгөтэй “Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1650000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овгийн Г.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Г.Д-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-н цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Д-с 495000 төгрөгийг гаргуулж хохирогч О.М-т олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.