Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 202/МА2022/00021

 

 

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 136/ШШ2022/00361 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух Хатиган овогт Баатарын Ц- /РД:****/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** тоотод оршин суух Халхад овогт М-ын П /РД:****/-д холбогдох,  

Зээл 9 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О /зайнаас цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...П надаар 2,700,000 төгрөгийн тэтгэврийн зээл авхуулсан. 2018 онд П хашаа байшин 6,000,000 төгрөгөөр худалдан авах гэсэн юм, мөнгө дутаад байна та тэтгэврийн зээл аваад өгөөч гэж хэлэхээр нь 2,466,000 төгрөгийн зээл авч өөрт байсан 500,000 төгрөгийг нэмээд 3,000,000 төгрөг болгож өгсөн. Одоо тэр байшинд нь Пгийн төрсөн дүү охин амьдарч түүнийхээ нэр дээр гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Мөн ээж би зээлээ төлөх мөнгөгүй байна та миний зээлийг төлж байгаач гэж хэлээд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 165,000 төгрөгийн зээл, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 164,200 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 150,000 төгрөгийг М-ын зээлийг төлсөн. Мөн надаас машин засуулах мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөгийг Дын Н гэх хүний данс руу шилжүүлсэн. Түүнчлэн гэртээ 55 инчийн зурагт, угаалгын машин /12кг/ лизингээр авч би төлбөрийг нь төлж байсан. Энэ баримтыг шүүхийн журмаар татуулна. … Гэтэл үр хүүхэд гэр орондоо бус өөрсдийн ах дүүгээ харж ханддаг байсныг мэдсэн үедээ 2019 оны 05 сарын 05-ны өдөр бид хоёр тооцоо бодож 9,000,000 төгрөгийн тооцоо гаргасан байсан. Тэр үедээ өөрөөр нь бичүүлж гарын үсэг зуруулж авсан юм. … Иймд миний мөнгийг М.Пгээс гаргуулж өгнө үү. ...” гэжээ.

2. Хариуцагч М.Пгийн татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга:  “...Миний бие М.П хадам ээж болох Б.Ц- гэдэг хүнээс тэтгэврийн зээл авхуулсан байсан нь үнэн. Дээр нь 1 сарын лизингийн зээлийг 165,000 төгрөг төлсөн нь үнэн. Хадам ээж болох Б.Ц- дээр дурдагдах тэтгэврийн зээл болох 2,700,000 төгрөгийн зээлийн 165,000 төгрөг өөр мөнгө аваагүй үнэн. Бусад нэхээд байгаа мөнгө охин болох С авсан. Охин болох С надаас салаад 1 жил гаран болж байна. ... Миний бие П хүүхдүүдээ хараад ажил хийх боломжгүй, сургуульд хүргэж өгч авдаг. С нь өөр хүнтэй суугаад 1 жил гаран хүүхдүүдийн улсаас авдаг мөнгийг өөртөө зарцуулдаг байсан. Иймд Ц- гэдэг хүнд мөнгө өгөх боломжгүй...” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Пгээс 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц-гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Пгээс 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхээс 9,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс 3,500,000 хүлээн зөвшөөрч 6,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй зөвхөн 9,000,000 төгрөгийг төлнө гэж бичиж өгсөн бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ... Хариуцагч тал 2,700,000 төгрөг, 165,000 төгрөг, 164,200 төгрөгийг авч байсан байдаг ба нийт 3,029,000 болж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг 3,500,000 төгрөгөөр хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч 1 удаа л тэтгэврийн зээл авч өгч байсан ба 2 удаа зээл авч өгч байгаагүй. ... Нэхэмжлэгч тал хариуцагчтай ямар тооцоог хийсний үндсэн дээр 9,000,000 төгрөг гэж тооцож байгаа талаар хэлсэн ярьсан зүйлгүйгээр бичиг бичүүлэн авч уг мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

4.2. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийг төлж байсан гэсэн төлбөрийн баримтуудыг хэрэгт хавсарган өгсөн байдаг. Үүнээс 165,000 төгрөг, 164,200 төгрөгийг яалт ч үгүй М.Пгийн нэр дээр гарсан зээлийн төлбөрийг М.Пгийн дансаар дамжуулаад өгсөн байдаг нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Харин бусад зээлийг М- гэж хүнд өгсөн гэж байгаа. М- гэж хүн бол М.П гэж хүний аав нь байгаа юм. Үүнийг М-аас нэхэмжлэх болохоос биш үүнийг Пд хамааруулж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн машины засвар 250,000 төгрөгийг төлсөн гэж байгаа нь Дын Н гэж хүний дансаар орсон байдаг. Н гэж хүний данс руу машины зээлийн төлбөр гэж үнэхээр шилжүүлсэн байдаг юм бол баримтынх нь гүйлгээний утга дээрээс нь харагддаггүй.

4.3. Анхан шатны шүүх дүгнэхдээ 9,000,000 төгрөгийг зээлсэн гэх байдлаар дүгнэсэн. Гэтэл зохигчид зээлийн гэрээ хийсэн үү, бэлэглэлээр хоорондоо өгч, авсан уу гэдгийг ялгаж, салгалгүйгээр, анхаарч харж үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Зээлийн гэрээ ч, бэлэглэлийн гэрээ ч ялгаагүй эд зүйлийг шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцогдож байгаа юм. Хугацаат зээлийн гэрээ хэрэв байгуулагдсан байх юм бол тухайн мөнгийг хэзээ, хэдэн сарын хугацаатайгаар, хугацаа тогтоогдоогүй байлаа гэж бодоход энэ тэтгэврийн зээлийг би чамд авч өгсөн буцаагаад авна шүү гэдэг байдлаар ярьсан, хэлсэн зүйл хэн хэнд нь байдаггүй. ... Тийм учраас зээлийн гэрээний үр дагавар харагдахгүй байгаа учраас энэ мөнгийг буцааж төлөх нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б.Ц- би ээжээс 9,000,000 төгрөг авсан нь үнэн гэж гарын үсгээ зурж өгсөн байдаг. Энэ бичиг дээр анхан шатны шүүх хуралдаан дээр болон хойшлуулж байсан шүүх хуралдаан зэрэгт маргаж байсан зүйл байдаггүй. ...Б.Ц-гоос М.П зугтаасан байдалтай утас нь холбогдохгүй, утсаа авдаггүй, дугаараа сольсон гэх байдалтай өнөөдрийг хүртэл явсан.  ... 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр М.П бичиж өгөхдөө 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэж бичиж өгсөн байдаг юм. Үүний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Ц- гуай Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж явсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

1. Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч М.Пд холбогдуулан зээл  9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх3-4/, Хаан банк мөнгөн шилжүүлэг /хх5/, “Ээжээс авсан 9,000,000 төгрөгийг 9 сарын 15-ны дотор барагдуулна” гэсэн агуулга бүхий бичгийн баримт /хх5/ зэргийг үндэслэсэн.

Хариуцагч М.П нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...тэтгэврийн зээл болох 2,700,000 төгрөгийн зээлийн 165,000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй. ... Бусад нэхээд байгаа мөнгийг охин болох С авсан. ... Иймд Ц- гэдэг хүнд мөнгө өгөх боломжгүй.” гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд  нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх шаардлагын хувьд нотлох баримтгүй, зээлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг хэрэглэж, зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт цугларсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Ц-  нь 2017 оноос эхлэн хариуцагч М.Пд өөрийн тэтгэврийн мөнгөнөөс зээлүүлсэн, ийнхүү мөнгө зээлүүлэх үед хариуцагч М.П, нэхэмжлэгчийн охин С нар хамтын амьдралтай байсан, хариуцагчаас зээлүүлсэн мөнгөө шаардаж  байсан тухай үйл баримт тогтоогдсон ба харин зохигчид зээлүүлсэн мөнгөний хэмжээний хувьд маргажээ.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Зээлийн гэрээ болон бэлэглэлийн гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлдгээрээ төстэй боловч зээлийн гэрээний үүрэг нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, харин бэлэглэлийн гэрээ нь эд хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлдгээрээ ялгаатай болно.

Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Ц-гийн охин нь хариуцагч М.Птэй хамтын амьдралтай байсан болох нөхцөл байдал үгүйсгэгдээгүй боловч нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь тэдний хамтын амьдралд зориулж хариу төлбөргүй бэлэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч энэхүү татгалзлаа нотлоогүй.

Тодруулбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан тэтгэврийн зээл авч өгсөн гэснийг  хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа үгүйсгээгүй, гагцхүү тэрээр тэтгэврийн зээл 2,700,000 төгрөг, мөн зээл 165,000 төгрөг авсан гээд нийтдээ 3,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Ээжээс авсан 9,000,000 төгрөгийг 9 сарын 15-ны дотор барагдуулна” гэсэн агуулга бүхий баримт үйлдэж гарын үсгээ зурсан зэргээс  үзэхэд зохигчдын хооронд буцаан төлөх нөхцөлтэйгөөр мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. 

3. Хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Ээжээс авсан 9,000,000 төгрөгийг 9 сарын 15-ны дотор барагдуулна” гэсэн баримтыг өөрийн гараар үйлдсэнээ үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг баримтыг өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаагүй, бусад бичгийн баримтуудаар давхар нотлогдоогүй, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.

Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх3-4/, Хаан банк мөнгөн шилжүүлэг /5 баримтууд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бүхэлд нь нотлоогүй ч энэ нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Ээжээс авсан 9,000,000 төгрөгийг 9 сарын 15-ны дотор барагдуулна” гэсэн баримтыг үгүйсгэж няцаагаагүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гаргасан дээрх баримтуудаар хариуцагчийн татгалзлыг нотлохгүйн гадна хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзсан,  үгүйсгэсэн баримтыг гаргаагүй болно.

4. Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх ба энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог.

Энэ нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Ээжээс авсан 9,000,000 төгрөгийг 9 сарын 15-ны дотор барагдуулна” гэсэн баримтанд хариуцагч М.П нь гарын үсгээ зурсан байх тул түүний 9,000,000 төгрөгийг 9 сарын 15-ны өдөр буцаан төлөх агуулга бүхий хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар хүсэл зоригийн агуулгыг үгийн шууд утгыг үндэслэн тайлбарлахад энэхүү бичгийн баримтанд нэхэмжлэгчээс уг баримтыг 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн талаар тэмдэглэснийг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд талууд тохиролцон 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хариуцагчаас төлөх үүргийн хэмжээг 9,000,000 төгрөг гэж тодорхойлсон, мөн “...ээжээс авсан ...” , “...9 сарын 15-ны дотор барагдуулна ...” гэсэн нь уг 9,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлийг заасан агуулгатай байна.

Улмаар анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийг энэ хэмжээгээр тодорхойлж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн.

5. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д нийцсэн, хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо талуудын тохиролцоонд дурдагдсан “...9 сарын 15-ны дотор барагдуулна ...” гэснийг үндэслэн шаардах эрх үүссэн үеийг буюу хөөн хэлэлцэх хугацааг 2019.09.15-ны өдрөөс тоолсон нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан  хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг зөрчөөгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 136/ШШ2022/00361 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Аийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч М.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход   саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                                 ШҮҮГЧИД                                     О.ОДНЯМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ