Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 141

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Улсын яллагч Ц.Батзориг,

Хохирогч Ц.О,

Шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Т.Х-д холбогдох эрүүгийн 1826000990101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/89 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял эдэлж байгаа, ******* овгийн Т.Х

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Х нь согтуурсан үедээ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн 15-13 тоотод оршин суух хохирогч Ц.О хувийн сууцанд нэвтэрч 11 ширхэг мөнгөн аяга хулгайлж 7310000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 9 дүгээр хороонд байдаг Л гэдэг айлд очсон. Л-н гэрт очоод юм ууж байгаад тэднийхээс гарсан. Би нэг их согтоогүй. Тэднийхээс гараад наашаа найзындаа орох гээд уруудаж явж байгаад мухар гудамж руу орсон. Нэлээн урт гудамж байсан. Тэгээд хойд талд нь нэг айл байсан. Цонх нь харанхуй, хашаанд нь сүүлгүй, том цагаан нохой уяатай байсан. Хаалгаа жижиг монгол цоожоор цоожилсон байсан. Байшинтай юм чинь баян айл байж мэдэхээр юм байна гэж бодсон. Тэгээд би хохирлоо төлье гэж бодоод цонхоор нь орсон. Ороход ширээн дээр таваг зассан, жижиг пивонууд /2500-3000 төгрөг гэдэг/ ширээн дээр байсан. Би сервантнаас нь 2-3 ширхэг аяга авсан. Эзэд нь ороод ирэх юм шиг санагдаад байхаар нь тэр хавийн аягануудыг нь аваад гарсан. Тэндээсээ ахындаа очсон. Тэгээд хот руу хүнд заруулахаар явуулсан боловч буцаагаад аягануудаа хотоос авч ирүүлсэн. Нийт 11 ширхэг аяга байсан. Томоос жижиг хүртэл аяганууд байсан. Буцааж өгөх гээд энэ айлд очсон чинь эздүүд нь гэртээ ирсэн байсан. Би аягануудыг нь бүгдийг нь зарсан. Тэр аягануудыг жижиг машинтай хүнд бүгдийг нь зарсан. Нэрийг нь Баагий гэдэг гэсэн. Гэр нь 9 дүгээр хороонд байдаг гэж хэлсэн. Надад утасны дугаараа өгсөн. Намайг гадуур байхад байцаасан бол би тэр аягануудыг олохыг бодох байсан. Намайг байцаагаагүй. Би энэ хүний хохирлыг төлж барагдуулна. Манай ах, дүү нар хохирлыг нь төлөлцөнө гэсэн. Хохирлыг нь 2 хувааж төлье гэж хэлсэн. Хохирлоо төлөх юм бол ялынхаа тал хувьд нь суудаг гэж хүн надад хэлсэн. Надаас илүү юм нэхэх байх гэж айгаад мөрдөн байцаалтанд худлаа мэдүүлэг өгсөн нь үнэн. 11 ширхэг мөнгөн аягыг авсан. Хохирогч 11 аяга алдсан гэж үнэн хэлж байна. Надаас илүү юм нэхээгүй болохоор шүүх хуралдаанд үнэнээ хэлж байна.  Би гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хохирлыг нь төлнө гэв.

Хохирогч Ц.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би дүүтэйгээ шинийн 5-ны өдөр ******* сум руу явсан. Маргааш нь манай хамаатны хүн утсаар залгаад танай байшингийн цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд аймагт буцаж ирээд цагдаад мэдэгдсэн. Гэртээ орсон чинь сервантанд байсан мөнгөн аяганууд байхгүй байсан. Мөн айраг хийсэн байсан дээр үеийн аяга байсан алга болсон байсан. Хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. 11 ширхэг мөнгөн аяганы үнэ 7310000 төгрөг, үнэлгээ гаргуулсны 90000 төгрөг, нийт 7400000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* суманд байрлах хашаа байшингаа эзэнгүй орхиод Өвөрхангай аймгийн Богд сум руу золголтоор явсан. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим намайг Богд суманд байхад манай хамаатны хүн болох Алтантуул утсаар яриад "эгч хаана байгаа юм бэ, ойрхон байгаа юм уу, танайд золгох гэж ирсэн чинь танай гэр цоожтой, том өрөөний чинь порчик онгорхой байна" гэж хэлэхээр нь гэрт хулгай орсон байна гэж бодоод Богд сумаас ******* суманд ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Хаалганы цоож нь цоожтой хэвээрээ, том өрөөний цонх онгойсон байсан. ...12 ширхэг жижгээсээ томорсон мөнгөн аяга хулгайд алдсан байна. ...Хамгийн том нь аяганы хулыг мөнгөлсөн мөнгөн аяга байсан. Дараагийнх нь дээрх аяганаас арай жижиг, шинэ цагийн нэг нь цулгуй, нөгөө нь ёроол дээрээ хээтэй 2 ширхэг ижил хэмжээтэй мөнгөн аяга, 10 инчийн шинэ цагийн цулгуй нэг нь ёроол дээрээ хээтэй, нэг нь хээгүй 2 ширхэг мөнгөн аяга, хуучин цагийн хар тагшийг мөнгөлсөн 2 ширхэг мөнгөн аяга, 5 инчийн 3 ширхэг шинэ цагийн цулгуй мөнгөн аяга, 100 грамм ордог жижиг мөнгөн аяга 2 ширхэг байсан. Жижиг аяганы нэгэн дээр багшдаа дурсгав гэсэн бичигтэй, бусад аяган дээр бичиг байхгүй. Нийт 12 ширхэг жижгээсээ томорсон шинэ, хуучин цагийн мөнгөн аяганууд хулгайд алдсан байна. ...Гэрээ хүнд захиж үлдээгээгүй. ...Гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин өгсөн: “...Шар хултай их гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн хар тагштай мөнгөлсөн аяга 1 ширхэг, дунд гарын аяганаас арай том шинэ цагийн 3 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяганаас арай жижиг 4 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга, шинэ цагийн 100 грамм ордог 2 ширхэг аяга, нийт 11 ширхэг мөнгөн аяга болж байна. Би урд өгсөн мэдүүлэг дээрээ 12 гэж буруу хэлсэн байна. ...Хулгайд алдсан мөнгөн аягануудаа харвал танина. ...Эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 90000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. ...Тухайн үед мөнгөн аягануудын гэрэл зургийг үзүүлж байсан ба тэдгээрээс 3 ширхзг аяганы зураг нь манай гэрээс алдагдсан мөнгөн аяга байсан. Үнэлгээний тайлангийн 1 болон 3, 4 дугаарт тэмдэглэгдсэн байсан мөнгөн аяганууд байсан юм. Уг мөнгөн аяганууд манайд байдаг байсан гэдгийг мэдэх хүмүүс бол манай аав Ц-д болон манай ээжийн дүүгийн хүүхэд П гэж хүмүүс сайн мэдэж байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39 хуудас/,

Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын эгч О дээр золгох гээд гэрт нь ирэхэд О эгчийн хашаа нь хаалттай цоожгүй, байшингийн хаалга нь монгол цоожоор цоожилсон, том өрөөнийх нь порчик онгорхой хөшиг нь порчикоор нь цухуйсан байхаар нь О эгчийн утас руу залгаад та хаана байгаа юм бэ гэхэд ******* суманд явж байна гэж хэлэхээр нь танай байшингийн чинь цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгсэн О эгч цонх онгорхой байх ёсгүй гэж хэлэхээр нь хулгай орсон юм байна гэж бодсон. Тэгээд О эгч ******* сумаас гарлаа гэж хэлсэн. ...Би цонх болон порчигонд хүрээгүй. ...Сэжигтэй ямар нэгэн хүн явж харагдаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,

Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аймгаас Ч, Ө нарын хамт жижиг тэргээр хотод ирсэн. Тэгээд Ч-д ирээд байж байтал Ө, Ч хоёр аймгаас нэг хүн эмчилгээний зардал хийх гэж байгаа юм гээд 3 мөнгөн аяга явуулсан, чи танил ихтэй юм чинь хүмүүст үзүүлээдэх гэхээр нь 3 мөнгөн аяганы зургийг хүмүүсийн фейсбүүк чат руу явуулсан. Хуучин цагийн 9-ийн хэмжээтэй, шар бор үндсэн тагштай аяга байсан. Нөгөө хоёр аяга нь 5х7-гийн хэмжээтэй хар тагштай аяга байсан. ...Манай нэг найз хуучны мөнгөн аягыг нь үзье гэхээр нь би Ө руу утсаар залгаж асуухад аймаг руу буцаагаад явуулсан гэж хэлсэн. Одоо хэнд байгаа талаар мэдэхгүй байна. ...Аймгаас Ө-д найз нь өгч явуулсан гэсэн. ...Тухайн аяганы зургуудыг би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ч-н гэрт очоод өдөр авсан. ...Тэгээд үзсэн чинь 2 аяга нь шинэ цагийн, 1 ширхэг нь арай хуучны хийцтэй мөнгөн аяга байсан. Тэгэхээр нь би зургийг нь хүнд үзүүлье гээд өөрийн Эс-6 эдж самсунг маркийн гар утсаар ширээн дээр тавьж байгаад ёроол, хажуу тал болон дээрээс нь нийт 6 ширхэг зураг дарсан. ...Фэйсбүүк чатаар Өндөр ах гэсэн фэйсбүүх нэртэй Ц гэдэг нэртэй хүн рүү явуулсан. Өөр ямар нэгэн хүн рүү явуулснаа сайн санахгүй байна. Аяга бэлэн мөнгөөр авчих боломжтой 2 уяачаас гар утсаар асуусан боловч авахгүй гэсэн, зургийг нь явуулаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-49 хуудас/,

Гэрч Н.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байх Өвөрхангай аймгийн ******* сумаас Д, Ө нарын хамт ирсэн. Надад ямар нэг хүн юм өгч явуулаагүй. Хамт ирсэн Ө-д 3 ширхэг мөнгөн аяга хүн зараад өг гэсэн гээд явуулсан гэж байсан. Хэнээс авсныг нь мэдэхгүй, миний танихгүй хүн байсан. Өндөр, бор царайтай хүнтэй уулзаад цүнхээ авч яваад буцаж ирэхдээ 3 ширхэг аяга авчирсан. Одоо би тэр залууг харвал танихгүй байж магадгүй. Улаанбаатар хотод ирээд гурван аягыг гаргаж ирж үзтэл 1 нь арай том, нөгөө 2 нь жижиг аяга байсан. ...Д хараад дунд үеийн аяга байна гэж ярьж байсан. Тэр гурван аяга манайд байж байгаад маргааш нь юм уу нөгөөдөр нь хүн ирж авч явсан. ...Манай гэрээс намхан хорь гаруй настай хүн ганцаараа алхаж ирж авсан. Хүний юм байсан болохоор тэр хүнд гаргаж харуулаад өгөөд явуулсан. Одоо харвал тэр хүнийг танихгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

Гэрч Ө.Ө мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Ч-тай танилцаад 5 жил болж байна. Нөхөр болох Г-тай найз юм. Харин Д-тай Ч эгчийнд 2 сарын өмнө танилцаж байсан. Ямар нэг хамаатан садангийн холбоо байхгүй. Би Улаанбаатар хотод ажилладаг юм. ...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хот руу явах гээд найз А-д байж байтал Х-н дүү Х орж ирсэн. Х надад хуучин цагийн 3 мөнгөн аяга байна, чи надад 1000000 төгрөгөнд зараад өг гэхээр нь би хот руу авч яваад хүнээс асууя гэж хэлтэл Х мотоцикльтой хүнтэй яваад өгсөн. Удалгүй Хатанбаатар 1 аяга нь том, 2 аяга нь арай жижигхэн аяга авчирч өгсөн. Тэгэхээр нь би өөрийнхөө цүнхэнд хийгээд Улаанбаатар хотод авч ирсэн. Аймгаас би Д, Ч эгч нарын хамт жижиг тэргээр ирээд шууд Ч эгчийнд ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь би Ч, Д хоёрт манай найз 1000000 төгрөгөнд зараатах гэсэн юм, та 2 зараад өгөөч гэсэн чинь Д эгч утсаараа зургийг нь аваад мессенжерээр хүмүүсээс асуугаад байх шиг байсан. Тэгээд би Ч эгчид Х-н өгч явуулсан мөнгөн аягануудыг үлдээгээд яваад өгсөн. Маргааш нь Х миний утас руу нэг дугаараас залгахаар нь мөнгөн аягануудыг чинь 1000000 төгрөгөнд бол авахгүй юм байна гэсэн чинь би чам руу хүн явуулсан, чи өгөөд явуулчих гэхээр нь би Ч эгчийн гэрийн болон утасны дугаарыг өгсөн. Удалгүй Ч эгчээс нэг хүн ирээд аваад явсан гэсэн. ...Том аяга нь шар тагштай, 2 жижиг аяга нь хар тагштай мөнгөн аяганууд байсан. Ямар нэг бичигтэй аяга байгаагүй. Би Х-н эхнэрийн дүүтэй найз байгаа юм. 5 жилийн өмнө Х-тэй танилцаж байсан. Х-г бол зүс танина. Ямар нэг хамаатан садангийн холбоо байхгүй. ...Х надад мөнгөн аяга өгөхөд бид хоёроос өөр хүн байгаагүй. Х надад битгий хүмүүст хэлээрэй гэхээр нь би хүмүүст хэлээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54 хуудас/,

Гэрч М.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би тухайн мөнгөн аягануудыг хаанаас, хэнээс авсан, гарал үүслийн талаар нь бол мэдэхгүй байна. Ямар ч байсан О эгчийн гэрт сервантан дотор нь байдаг байсан. Цагаан cap болон баяр ёслолын үеэр гаргаж ирээд хэрэглэдэг байсан. Миний мэдэхээр 11-12 ширхэг мөнгөн аяга байдаг байсан. Томоос нь жижиг хүртэл нь өрөөд тавъчихсан байдаг байсан. Содон шинж тэмдгийн талаар бол сайн мэдэхгүй. Ер нь дээр үеийн гэмээр хуучны мөнгөн аяганууд байдаг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: "..Манай охины гэрт 11 ширхэг мөнгөн аяга байдаг байсан. Манай хүргэн Н маань өөрөө их мундаг хүн байсан ба одоо нас барчихсан юм. Тэр хүний цуглуулж байсан аяганууд байдаг байсан. ...Ямар хэмжээ хэлбэртэй байсныг бол санахгүй байна. Том том аяганууд гэрийнх нь сервантан дотор өрөөстэй байдаг байсан. ...Миний санаж байгаагаар арав гаран аяга харагдаж байдаг байсан. Яг нарийн тоог нь мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

Гэрч С.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Х-г танина. Манай эхнэрийн дүү охин Ш-н нөхрийн нь дүү болох хүн байгаа юм. Надтай бол садан төрлийн холбоогүй. Хааяа хааяа орж ирээд гарч л байдаг юм. Шөнө орой ч гэсэн орж ирээд гарч л байдаг. Манайхаар Ш-н төрөл гэдгээр л орж гарч явдаг байх. Надтай бол дотно харьцаа байхгүй. Cap шинээр орж ирсэн. Cap шинийн дараа ч орж ирж байсан. Цагаан сараас хойш хэд хэдэн удаа л орж ирсэн. ...Архи уух нь уусан санагдаж байна. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Цагаан сараас хойш орж ирсэн бол архи уусан байсан байх. Тэр мөнгөний талаар бол мэдэхгүй. Архи ууж байх үедээ лав мөнгөн аяга гаргаж ирсэн зүйл санаанд орохгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,

Шүүгдэгч Т.Х-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...Ямар ч байсан 3 мөнгөн аяга бол надад байсан. Согтуу байж байгаад босож ирэх үед 3 аяга ойчсон юм. Тухайн үед би согтуу унтаж байгаад боссон. Босоод ойр хавиараа бол юм хайж үзээгүй шууд яваад өгсөн. ...Би тэр өдөр ах Б-н гэрт байж байгаад цагдаа дээр бүртгүүлэхээр ирсэн. Тэгээд би 9 дүгээр хороонд байдаг Л гэх өвгөний гэрт ганцаараа очсон. Тэднийд эхнэр хүүхэд нь тэгээд Л ах байсан. Би тэнд очоод бараашик, монгол архи, цагаан архи зэргийг уусан. Би тэнд 5-6 хундага архи, дунд зэргийн жижиг аягаар 2 удаа монгол архи, шилэн аягаар нэлээд хэдэн бараашик уусан. Тэгээд тэндээс гараад хашаагаа дагаж алхаж явсан. Нэг мэдэхэд даараад байхаар нь сэрээд харахад хашааны хажууд хэвтэж байсан. Захын цаад талд өндөрлөгийн наад хороололд гудамжинд хэвтэж байсан. Гурван аяга хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. ...Өндөрлөг рүү өгсдөг замын баруун талд 2 давхар цагаан байшингийн урд талын урд гудамжинд байдаг. Л нь манай бэр Ш-н ах дүүгийн хүн нь гэдэг юм. Золголтоор л тэр айлд орсон. ...Би тэр аягануудыг зах дээрээс такси барьж явж байгаад тэр таксины хүнд 300000 төгрөгөөр зарсан. Жижиг цагаан тэрэгтэй 30 гаран насны хүн байсан. Тэр өдөр зах дээр очиж аягаа зарах санаатай явсан юм. Зах хаалттай байхаар нь жолоочид үзүүлсэн чинь худалдаж авахаар болоод бэлэн мөнгөөр авсан. Түрийвчнээсээ бэлэн мөнгө гаргаж ирээд тооцоо хийсэн. Тэр хүнийг болон машиныг нь одоо харвал танина. Захын зүүн талын зогсоол дээрээс таксидсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэнд” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04/45 дугаартай: "...Хохирогч Ц.О гэрээс хулгайд алдагдсан гэх 11 ширхэг мөнгөн аягыг 7310000 төгрөгөөр үнэлэв..." гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 77-79/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-33/,

Шүүгдэгч Т.Х-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-91/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-94/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-109/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Х нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын оршин суух хохирогч Ц.О хувийн сууцанд нэвтэрч 11 ширхэг мөнгөн аяга хулгайлж 7310000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Т.Х нь дээрх  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.О "...Хаалганы цоож нь цоожтой хэвээрээ, том өрөөний цонх онгойсон байсан. 11 ширхэг жижгээсээ томорсон мөнгөн аяга хулгайд алдсан байна...” /хх-35-39/, гэрч Ц.А-н "...О эгч дээр золгох гээд гэрт нь ирэхэд О эгчийн хашаан нь хаалттай цоожгүй, байшингийн хаалга нь монгол цоожоор цоожилсон, том өрөөнийх нь порчик онгорхой, хөшиг нь порчикоор нь цухуйсан байхаар нь О эгчийн утас руу залгаад та хаана байгаа юм бэ гэхэд ******* суманд явж байна гэж хэлэхээр нь танай байшингийн чинь цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгсэн Оюун эгч цонх онгорхой байх ёсгүй гэж хэлэхээр нь хулгай орсон юм байна гэж бодсон..." /хх-45/, гэрч Ц.Д "...Ө, Ч хоёр аймгаас нэг хүн эмчилгээний зардал хийх гэж байгаа юм гээд 3 мөнгөн аяга явуулсан, чи танил ихтэй юм чинь хүмүүст үзүүлээдэх гэхээр нь 3 мөнгөн аяганы зургийг хүмүүсийн фейсбүүк чат руу явуулсан. Хуучин цагийн 9-ийн хэмжээтэй, шар бор үндсэн тагштай аяга байсан. Нөгөө хоёр аяга нь 5х7-ийн хэмжээтэй хар тагштай аяга байсан..." /хх-46-49/, гэрч Н.Ч-н "... Ө нэг өндөр, бор царайтай хүнтэй уулзаад цүнхээ авч яваад буцаж ирэхдээ 3 ширхэг аяга авчирсан. ...Улаанбаатар хотод ирээд гурван аягыг гаргаж ирж үзтэл 1 нь арай том, нөгөө 2 нь жижиг аяга байсан..." /хх-50-51/, гэрч Ө.Ө "...Х надад хуучин цагийн 3 мөнгөн аяга байна, чи надад 1000000 төгрөгөнд зараад өг гэхээр нь би хот руу авч яваад хүнээс асууя гэж хэлтэл 1 аяга нь том, 2 аяга нь арай жижигхэн аяга авчирч өгсөн. ...Х надад битгий хүмүүст хэлээрэй гэхээр нь би хүмүүст хэлээгүй..." /хх-52-54/, гэрч М.Б-н "...О эгчийн гэрт сервантан дотор нь байдаг. Цагаан cap болон баяр ёслолын үеэр гаргаж ирээд хэрэглэдэг байсан. Миний мэдэхээр 11-12 ширхэг мөнгөн аяга томоос нь жижиг хүртэл нь өрөөд тавьчихсан байдаг байсан..." /хх- 56/, гэрч Ц.Ц-н "..Манай охины гэрт 11 ширхэг мөнгөн аяга байдаг байсан. Манай хүргэн Н маань өөрөө их мундаг хүн байсан ба одоо нас барчихсан юм. Тэр хүний цуглуулж байсан аяганууд байдаг байсан..." /хх-57/ гэсэн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04/45 дугаартай үнэлгээний тайлан /хх-77-79/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-33/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Т.Х-н үйлдсэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* овгийн Т.Х-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Х нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 3 сар 24 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугааэр сарын 29-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшисэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Т.Х-д Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 378 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцож тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Х-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 7400000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О “11 мөнгөн аяганы үнэ 7310000 төгрөг, үнэлгээ гаргуулсны 90000 төгрөг, нийт 7400000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэнд” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04/45 дугаартай үнэлгээний тайлан /хх-77-79/ зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-с 7400000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-д олгож,

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Т.Х-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн Т.Х-г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар  6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-т оногдуулсан 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-н цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-с 7400000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Т.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.