Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 222/МА2022/00001

 

Т.О-ийн нэхэмжлэлтэй,

ТЦ-ын ЗДТГ-т холбогдох

 иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх,  С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.О /цахимаар/

Хариуцагч  ТЦ-ЗДТГ  /цахимаар/

Нарийн бичгийн дарга Б.Мягмар нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 321 дүгээр шийдвэртэй Т.О нэхэмжлэлтэй ТЦ ЗДТГ холбогдох “тус сумын Засаг даргын ... оны .... дугаар сарын ны өдрийн .......дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Түмэнцогт сумын Засаг даргын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг дарга Г.Энхтуяа нь өмнө нь ямар шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдээгүй, тайлбар хийх боломж олгоогүй. 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 21 минутанд ЗДТГ-ын дотоод ажилтан Б.Ариунжаргал утсаар ярьж сахилгын шийтгэл ногдуулсан талаар утсаар ярьж, тусгаарлалтад байгаа учраас маргааш үйлчлэгчээр захирамж хүргүүлье гэж хэлсэн. Захирамжийг 7 дугаар сарын 10-ны хагас сайн өдрийн 19 цаг 30 минутад ЗДТГ-ын үйлчлэгч Ариунзаяа авчирч өгсөн. Сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг үндэслэн 3 сар хүртэл хугацаагаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулснаас үзэхэд тус хуулийн 131.1.2 дахь хэсгийг үндэслэсэн  гэж ойлгогдож байгаа. Засаг дарга захирамждаа намайг хөдөлмөрийн гэрээний ямар заалт болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар зөрчил гаргасан талаар огт дурдаагүй бөгөөд энэ талаар ч миний зүгээс ямар нэгэн ойлголтгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Намайг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2/50, 2/51 актыг үндэслэжээ. Гэвч тухайн актуудад дурдагдснаар тус шалгалт нь 2020 оны санхүүгийн тайланд хийгдсэн шалгалт бөгөөд Төрийн аудитын байгууллага нь тус зөрчлийг 3 дугаар сарын 11-ний өдөр илрүүлсэн байдаг. Иймд зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, мөн илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т зааснаар сонсох ажиллагаа явуулсан гэж үндэслэх хэсэгт дурджээ. Гэвч надад энэ хуулийн 27.3 дахь хэсэгт заасанчлан сахилгын шийтгэл ногдуулах талаар ямар ч мэдэгдэх болон сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд хариу тайлбар гаргах боломж олгоогүй билээ. Утсаар дотоод ажилтны арга хэмжээ авсан гэж ярьсныг сонсох ажиллагаа гэж ойлгохгүй байна. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд тус хуулийн 42.3-т энэ хуулийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ гэж заажээ. Миний бие төрийн аудитын байгууллагын албан шаардлагыг цаг тухайд нь биелүүлж, холбогдох албан тушаалтны зөвлөснөөр биелэлтийн хариуг заасан хугацаанд нь хүргүүлсэн бөгөөд уг асуудлаар Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын байгууллагаас холбогдож лавлахад сумын Засаг даргад албан шаардлага өгөөгүй талаар мэдэгдсэн. Манай байгууллагад ч ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Иймд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын оны :... сарын -ны өдрийн ......дугаар захирамжаар миний үйлчлүүлэгчийн цалинг 3 сарын 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан байна. Уг захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1г гэдэг заалтыг барьсан нь эргэлзээтэй байна. Төсвийн тухай хуулийн 70.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг барьж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар сонсох ажиллагааг утсаар мэдэгдсэн боловч ажил тарснаас хойш захирамж гарсан гэдгийг хэлсэн. Сонсох ажиллагаа явуулаагүй гэдгийг нэхэмжлэгч хэлдэг. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/80 дугаар захирамжийг нэхэмжлэл гардан авснаас хойш гаргасан учир хуурамч бичиг гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү? гэв.

 

Хариуцагч Засаг дарга Г.Энхтуяа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 12 дугаар сарын 07-нд Түмэнцогт сумын Засаг даргаар томилогдсон бөгөөд ажил авсан үеэс эхлэн ЕБС-ийн захирал Т.Октябрьтуяатай холбоотой ёс зүйн харилцааны доголдолтой, ажилчидтай эрэмбэ дараатай ялгаварлан зүй бус олон янзаар харьцдаг, цалин хөлс тухайн сарын эцэст ордоггүй, дутуу ордог, цалингийн сан хүрэлцэхгүй нэрийдлээр үр дүн хасдаг, НДШ сар бүр төлөгддөггүй, байгууллагын дотоод чатаар ковид цар тахлын хөл хориотой үед гэртээ зүгээр хэвтэж цалин авч байгаа биз дээ гэж доромжилдог талаар ҮЭ-ийн дарга, тэргүүлэгчид, ажилтан албан хаагчид болон багш нарын амаар болон бичгээр гаргасан гомдол тасралтгүй ирсээр байгаа билээ. Мөн хамтран ажилладаг НИК болон хүнс нийлүүлдэг Их-Өргөө ХХК, Шуудан холбоо зэргээс 2019 онд авсан түлш шатахуун болон бараа материалын үнэ, бичиг хэргийн зардал өгдөггүй, санхүүгийн тайландаа өглөгөөр тусгаагүй, өргөдлийн хариуг хугацаанд нь өгдөггүй зэрэг асуудал удаа дараа гаргаж байна. Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны 155 албан тоотоор ТЕЗ-ийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээр ЕБС-д хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна. Аудитын илрүүлэлтээр нийт 106,191,300 төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 7,035,500 төгрөгийн алдааг залруулж, 4,923,900 төгрөгийн зөрчилд акт тогтоож, 55,888,700 төгрөгийн зөрчилд зөрчил арилгах 2 албан шаардлага, 20,202,000 төгрөгийн алдаа зөрчлийг арилгах давтан гаргахгүй байх 2 зөвлөмж өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Октябрьтуяад сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, цлсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Түмэнцогт сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: Ерөнхий боловсролын сургуулийн  захирал Т.Октябрьтуяа нь ёс харилцааны доголдолтой, ажилчидтай эрэмбэ дараатай ялгаварлан зүй бус олон янзаар харьцдаг, цалин хөлс тухайн сарын эцэст ордоггүй, дутуу ордог, цалингийн сан хүрэлцэхгүй нэрийдлээр үр дүн хасдаг, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлдөггүй, байгууллагын дотоод чатаар ковид цар тахалын хөл хориотой үед “гэртээ зүгээр хэвтэж, цалин авч байгаа биз дээ” гэж доромжилсон талаар үйлдвэрчний эвлэлийн дарга, тэргүүлэгчид, ажилтан албан хаагчид, багш нарын амаар болон бичгээр гаргасан гомдол тасралтгүй ирсэн. Мөн хамтран ажилладаг байгууллагуудаас авсан түлш шатахуун, бараа материалын өр төлбөрөө төлдөггүй, санхүүгийн тайландаа өглөгөө тусгадаггүй, бичиг хэргийн зардал өгдөггүй, өргөдлийн хариуг хугацаанд нь өгдөггүй зэрэг асуудлыг удаа дараа гаргаж байна. Төрийн албаны мерит зарчмыг баримтлан ажиллах, санхүүгийн үйл ажиллагаагаа сайжруулахыг үүрэг болгож 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр сумын Засаг дарга албан бичиг хүргүүлж байсан. Сүхбаатар аймаг дахь төрийн Аудитын газраас 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийгдэж хязгаарлалтай дүгнэлт өгсөн.Аудитын дүгнэлтээр нийт 106191300 төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 7035500 төгрөгийн алдааг залруулж, 4923900 төгрөгийн зөрчилд акт тогтоож, 55888700 төгрөгийн зөрчилд зөрчил арилгах хоёр албан шаардлага, 20202000 төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх хоёр зөвлөмж өгсөн. Санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргаж байгаа. Төсвийн ил тод байдлыг хангаагүйн улмаас ажилтан албан хаагчдаас гомдол их ирдэг. Мөн төсөв хүрэлцэхгүй байгаа асуудлаар санал ирүүлж байгаагүй, төсөв батлуулах үед тухайн жилийн цалингийн сангийн хүрэлцээний асуудлаар тооцоолол ирүүлдэггүй, нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнээ. Энэ үүргийг хангалтгүй биелүүлсэн нь аудитын байгууллагын дүгнэлт, сар бүрийн нягтлан бодох бүртгэлийн ажиллагаанаас илт харагдаж, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд мэтгэлцэх эрхээр бүрэн хангасан байна.

            Нэхэмжлэгч Д.Октябрьтуяа нь шүүхэд “Түмэнцогт сумын Засаг дарга намайг сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж  2021 оны 07 сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамж гаргаж, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэн захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Түмэнцогт сумын Засаг дарга Г.Энхтуяа нь “ Сургуулийн захирал  Д.Октябрьтуяа ажилчидтайгаа ялгаатай харьцдаг, доромжилдог, багш, ажилчдын цалинг хугацаанд нь өгдөггүй, цалин хүрэлцэхгүй гэх үндэслэлээр үр дүн хасдаг, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлдөггүй, харилцагч байгууллагуудад өгөх төлбөрийг барагдуулдаггүй, өглөгөө санхүүгийн тайландаа тусгадаггүй, Төрийн Аудитын газрын  2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хязгаарлалттай дүгнэлт, 03 сарын 11-ний өдрийн төлбөр барагдуулах 1/50, 1/51 дугаар акт, зөрчил арилгуулах албан шаардлага  гэх мэт олон алдаа зөрчлүүдийг гаргаж байсан.  2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б/15 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тухайлбал: Хариуцагч шүүх хуралдаанд “Д.Октябрьтуяагийн өмнөх Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байгаа” гэж тайлбарладаг ч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй, мөн “нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ байгуулах санал”-ыг түүнтэй холбогдсон гомдол их ирдэг, зан харьцааны доголдолтой гэж хойшлуулж байсан ба бусад төсөв захирагч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн тайлбараас үзэхэд зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй төдийгүй  ажил олгогч өөрөө эрх олгосон албан тушаалтантайгаа хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг ажилтан байгууллагын дотоод журам зөрчсөн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд сахилгын шийтгэл ногдуулахаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” талаар тус тус заажээ.

             Засаг дарга Г.Энхтуяагийн сургуулийн захирал Д.Октябрьтуяатай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй явдал нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй  юм.

Түүнчлэн хариуцагчийн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжид хуулийн заалтуудыг оновчтой  баримтлаагүй, Д.Октябрьтуяа сахилгын ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байгаагаас үзэхэд  уг захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзнэ.

Мөн Засаг дарга Б/15 дугаар захирамжид  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн “131.2” гэж алдаа гаргаснаа 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/80 дугаар захирамжаар илэрхий алдаа гэж “131.1.2” гэж зассан захирамж нь хугацааны хувьд  нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргаснаас хойш гарсан учир үнэлэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-69/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааны маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “ Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...”, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэжээ. “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид ... хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт ашиг сонирхлын  зөрчилгүй, хөндлөнгийн хуулийн этгээд, хүн гарган өгч буй нотлох баримтад  “хуулбар үнэн” дардас  дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй” гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтын хувь дээр Засаг даргын Тамгын газрын “хуулбар үнэн” дардсыг дарж ирүүлснийг шүүх хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт хийж   үнэлээгүй нь дээрх хуулийн зүйл, хэсгүүдэд нийцсэн гэж үзнэ. /хх-27-37, 41-68/

Нэхэмжлэгч санхүүгийн тайланд хийгдсэн Аудитын шалгалтаар олон зөрчил илэрч, түүнд  2021 оны 3 сарын 11-ний өдөр 1/50,1/51 дугаар акт тавигдаж, зөрчлүүдийг арилгаж, 06 сарын 30-ны дотор хариу мэдэгдэх  албан шаардлага ирүүлсэн, эдгээрийн  хариуг сумын санхүүгийн албанд 6 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Засаг дарга акт, албан шаардлагын талаар тухайн цаг үед нь мэдэж байсан атал үүнтэй холбогдуулан надад 7 сарын 8-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн хуулийн “зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна “ гэснийг зөрчиж байна гэжээ. /хх-83, 85/ Хариуцагч үүнийг шүүхэд ирүүлсэн болон хоёр шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбарууддаа  үгүйсгээгүй байна. Үүнээс үзэхэд хариуцагч нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийг зөрчил илрүүлснээс хойш 3 сарын дараа ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “... зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэнтэй нийцэхгүй буюу сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Нэхэмжлэгч сонсох ажиллагаа хийгээгүй атлаа хийсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлж өгснийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг шүүх тухайн нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр үнэлээгүй гэж дүгнэсэн нь уг хүсэлтийг  шийдвэрлэсэн гэж үзлээ. /хх-81/

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн боловч, шүүх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Түмэнцогт сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                       О.БААТАРСҮХ

                                                                                  С.ОЮУНТУНГАЛАГ