Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 596

 

                                                               А.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 933 дугаар магадлалтай А.Д-д холбогдох эрүүгийн 1909034691228 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, уг тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн Д овогт А-ийн Д

А.Д нь “хэлмэгдэгсдийн байр хямдхан олж өгнө, зарна” хэмээн Д.Э, Д.М нарыг хуурч, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 25-ны хооронд Д.Э-ээс нийт 18,422,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний хооронд Д.М-аас нийт 9,475,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

2019 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.О-г “хямд байр зарна, Дундговь аймгаас ааруул авч явуулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 15,068,000 төгрөгийг шинжүүлэн авч залилсан,

2019 оны 4,5 дугаар сард Ч.Э “Хөдөө, аж ахуйн их сургуулийн хичээлийн кредит тооцуулан диплом гаргаж өгнө” гэж хуурч, кредит тооцуулан диплом гаргаж өгөх боломжгүйгээ нуух замаар Ч.Э төөрөгдөлд оруулж 2,870,000 төгрөгийг авч залилсан,

Б.Э төрсөн дүү болох Б.Г “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Э төөрөгдөлд оруулж, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3,768,000 төгрөгийг залилан авч нийт 49,603,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Д үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчээс 41,093,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Э 14,092,000 төгрөг, Д.М 8,575,000 төгрөг, П.О 14,668,000 төгрөг, Ч.Э 1,670,000 төгрөг, Б.Э 2,088,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр  хянан хэлэлцэж 933 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “... Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийн насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүд болох Н, Э, Э нарын асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг тэдний оршин суугаа харьяа сум, дүүргийн засаг даргад үүрэг болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль буюу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг хэрэглэсэн.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 3-т “Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлага нь зөвхөн Эрүүгийн хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тодорхойлогдоно гэсэн үг.  /ямар нэгэн дагаж мөрдөх журмын тухай хууль биш/

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай 69 тоот тогтоолоор Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн нь давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болохын нотолно.

Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалт хэсэг нь процессын шинж чанарыг агуулсан шинжтэй тул буцаан хэрэглэхгүй гэх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн.

А.Д-ийн үйлдсэн гэх эхний гэмт хэрэг 2015 оны 06 дугаар сард гарсан, харин анхан шатны шүүх хурал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтаас харахад давж заалдах шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн болох нь тогтоогдоно.

Эрүүгийн хуулинд процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ байхгүй, эрх зүйн онолын хувьд ч боломжгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хууль нь бүхэлдээ материаллаг эрх зүйн хэм хэмжээнээс бүрддэг.

Нөгөө талаас давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг оролдсонд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Д гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан гэх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн.         

А.Д-д холбогдох 5 удаагийн залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цаг хугацааны хувьд авч үзвэл холбогдох хууль тогтоомжид үндэслэн 2 хуваах боломжтой харагддаг. Үүнд:

-Хэлмэгдэгсдийн байр хямдхан гаргуулж өгнө, зарна хэмээн Д.Э, Д.М нарыг хуурч 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 06 дугаар сарын 25-ны хооронд Д.Э-ээс 18,422,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний хооронд Д.М-аас дансаар болон бэлнээр 9,475,000 төгрөг,

-2019 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.О-ыг хямд байр зарна, Дундговь аймгаас ааруул авч явуулна хэмээн 15,068,000 төгрөг, 2019 оны 04 болон 05 сард Ч.Э-ээс Хөдөө аж ахуйн их сургуулийн кредит тооцуулан диплом гаргаж өгнө гэж 2,870,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Б.Э-ээс төрсөн дүү болох Б.Г-ыг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж 3,768,000 төгрөг,

Эхний хоёр үйлдлийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авч үзвэл гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг нягталж үзэлгүй хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Энэхүү алдаагаа засалгүй 2020 оны 03 дугаар сарын 31 -ний өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан гэж үзэж байна. /хэргийн 1 дэх хавтас, 248 дахь тал, хэргийн 3 дахь хавтас, 15 дахь тал/

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэгт тус бүрд шинээр тоолно гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Эдгээрийг харгалзан үзэж А.Д-д оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч А.Д нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр 5 хүнийг залилсан болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж ял шийтгэлийг оногдуулсан байна. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулж болох ялын төрөл, хэмжээнээс хамааруулан ялгамжтайгаар тогтоосон, тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын хөөн хүлээлгэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэж тодорхойлдог билээ.

Эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт этгээдийг илрүүлэн тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагчаар татахгүй тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөгтэй холбоотой юм.

А.Д нь 2015 оны 06 дугаар сард хохирогч Д.Э-г залилан мэхлэж 16 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн (хэргийн 1 дэх хавтас, 1 дэх тал) байна.

Энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 5 жилээр тогтоосон байсан тул А.Д-ийн дээрх үйлдэл нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд үүнтэй холбоотойгоор түүний хувьд дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж байжээ.

Энэхүү хэрэг шалгагдаж байх явцад буюу 2015 оны 8-аас 10 дугаар сарын хооронд А.Д нь хохирогч Д.М-ын 9,475,000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг шинээр үйлдсэнд 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг (хэргийн 1 дэх хавтас, 7 дахь тал) үүсгэсэн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар өмнөх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ийнхүү тасарсан ба сүүлчийн гэмт хэрэг төгссөн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож эхэлсэн байна.

Эдгээр хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2, 72.2-т заасан журмын дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байхад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” үндэслэлээр хуулийг буцаан хэрэглэсэн тохиолдолд түүнд холбогдох дээрх хоёр үйлдэл мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдэх байжээ.

Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт хорих ялын доод хэмжээг 6 сар, дээд хэмжээг 3 жилээр тогтоосон тул А.Д-ийн хувьд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж байсан бөгөөд тэрээр энэ хугацааны дотор буюу 2019 оны 1, 4, 5 дугаар саруудад 3-н удаагийн үйлдлээр бусдын (хохирогч П.О, Ч.Э, Б.Э) 21,706,000 төгрөгийг залилсан гэмт хэргүүдийг шинээр үйлдсэн тул уг хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд хөөн хэлэлцэх 5 жилийн хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн буюу хохирогч Ч.Э-ийг залилсан үйлдэл төгссөн 2019 оны 05 дугаар сараас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу шинээр тоолно.

Энэ тохиолдолд А.Д-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 24 цаг өнгөрснөөр дуусах байсан болно.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд 1.5 дахь заалтыг хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмснийг мөн оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд энэхүү шинэ зохицуулалтанд А.Д яллагдагчаар татсан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хамаарч байх боловч дээрх зүйлийн 2 дахь хэсэгт хууль тогтоогч өөрчлөлт оруулан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн зохицуулжээ.

Хуулийн энэхүү шинэ зохицуулалтаар 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас өмнө яллагдагчаар татагдсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзнэ.

Үүнээс гадна хууль тогтоогч үүнийгээ бататган Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлээр Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны хувьд мөн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хууль буцаан хэрэглэх журам үйлчлэхгүй гэж тогтоосноос гадна гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчилсөнтэй холбогдуулан мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй хэмээн хуульчлан тогтоожээ.

А.Д прокурор 2019 оны 10 дугаар сарын 28 (хэргийн 2 дахь хавтас, 53-54 дэх тал), 2019 оны 11 дүгээр сарын 07 (хэргийн 2 дахь хавтас, 4-5 дахь тал) 2019 оны 12 дугаар сарын 24 (хэргийн 2 дахь хавтас, 172-173 дахь тал), 2020 оны 02 дугаар сарын 06 (хэргийн 1 дэх хавтас, 248-250 дахь тал)-ны өдрүүдэд тус тус яллагдагчаар татсан байх бөгөөд эдгээр тогтоолд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор (хэргийн 3 дахь хавтас, 15-16 дахь тал) өөрчлөлт оруулж, мөн өдөр 295 дугаар яллах дүгнэлт үйлдсэн (хэргийн 3 дахь хавтас, 17-23 дахь тал) хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилсөн хууль болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль тус тус хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө А.Д прокурор яллагдагчаар татсан, түүний хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд байсан тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд шинээр нэмсэн 1.5 дахь заалтыг шүүх хэрэглэх үндэслэлгүй юм.

Хоёр шатны шүүх нь шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Түүнчлэн 2015 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд А.Д нь 5-н удаагийн үйлдлээр бусдын 49,603,000 төгрөгийг залилсан хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, эдгээр хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, хэргийн зүйлчлэл, учруулсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэр хэмжээ шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын тохирооны талаар хийсэн дүгнэлт нь хуульд нийцсэнээс гадна гаргасан шийдвэр нь хууль зөрчөөгүй байна.

Иймд “шүүгдэгчид холбогдох хоёр үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, түүнчлэн түүнд хохироос өөр төрлийн ял оногдуулж өгөх”-ийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 933 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН