Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ижил шарга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох

“Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/592 дугаар захирамжийг хууль бус байсныг тогтоолгох, Төв аймгийн  Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийн биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах, Батсүмбэр сумын Засаг даргын үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Ижил шарга” ХХК-ний захирал Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ижил шарга” ХХК-ний захирал Б.Оюунбилэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 тоот тогтоол, 2009 оны газар зохион байгуулах төлөвлөгөөнд 2 га газар эзэмшихээр тусгасан. Сумын Засаг дарга 2011 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 202 тоот захирамжаар 1 га газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан. Харин 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Газар эзэмших 000297605 дугаар бүхий гэрчилгээг олгосон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг сумын Засаг дарга үл ойшоон “Ижил шарга” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж, газар эзэмших гэрчилгээг тус бүр нь 2-3 жилийн зайтайгаар олгосон. Манай эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулах гэхээр багийн Засаг дарга, БОХУБ, газрын даамал нар төрийн албан хаагчид нараар дарамтлуулж, их хэмжээний торгууль шийтгэл оногдуулна гэдэг байсан. Аймгийн Засаг даргад “Ижил шарга ХХК-ний эзэмшил газар мөн эсэхийг тодруулж өгөхийг хүссэн” хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын ажлын алба 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09/1963 тоот өргөдпийн хариугаар “Ижил шарга” ХХК-ний амралт, сувилалын зориулалттай газрын, ашиглах эрх тань нээлттэй байна гэсэн хариу ирсэн. Эзэмшлийн газар дээрээ 2015 оны 07 сард гэрийн бууриуд болон хашаа барьсан. Сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/541 тоот захирамж гаргаж газар эзэмших эрхийг цуцалсан. Энэ талаар надад мэдэгдээгүй. 2016 оны 03 сард аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын тооцоо нийлж яваад тооцооны мэргэжилтэн Бадамгараваас мэдсэн даруйд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Засаг даргын 2016 оны 05 сарын 24-ны өдрийн А/283 тоот захирамжаар Батсүмбэр сумын Засаг даргын тус захирамж нь “Ижил шарга” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон. Аймгийн Засаг даргын захирамжийг биелүүлэхгүй, 2016 оны 07 сарын 01-ний өдрийн А/592 тоот захирамжийг гарган “Ижил шарга” ХХК-ний барьсан төмөр болон модон хашааг “Нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан” гэх үндэслэлээр надад мэдэгдэлгүйгээр сумын цагдаа болон төрийн албан хаагчдаар хүч түрэн модон хашааг албадан буулгаж, улсын орлого болгон хураан авч газрыг чөлөөлсөн.

Батсүмбэр сумын Засаг дарга Ганбаяр нь “Ижил шарга” ХХК-ний газар дээрээ үйл ажиллаагаа явуулах нөхцөл бололцоог хангаагүй. ... 2014 оны 07 сард эзэмшлийн газар дээрээ хашаа барьсан. 2016 оны 04 дүгээр сард аймгийн газрын албанд дээр очоод газрынхаа төлбөрийг төлөх гэж байхдаа мэдээд, аймгийн засаг даргад гомдол гаргасан. Манай компаний газар дээр байсан хашааг, нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй хашаа барьсан гэж буулгаж, улсын орлого болсон. Аймгийн Засаг даргын ажлын алба 2014 онд Батсүмбэр суманд ажилсан, мөн Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн А/541 тоот захирамжийг 2016 оны 05 сарын 24-ны өдрийн Аймгийн Засаг даргын А/283 тоот захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн. Уг захирамжийг илт хүчин төгөлдөр бус гэж үзэн хүчингүй болгож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Батсүмбэр сумын Засаг даргаас өгсөн хариу тайлбартаа “Ижил шарга” ХХК-ний захирал Б.Оюунбилэг нь газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг, Засаг даргын Тамгын газар ирж хүлээн авсан гэдэг боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Газар чөлөөлөх гээд ирэхэд нь аймгийн Засаг даргын А/283 тоот захирамжийг үзүүлэхэд Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт ирээгүй гэж хэлдэг. Аймгийн Засаг даргын А/283 тоот захирамж нь албан ёсоор очоогүй ч гэсэн газрын даамал тус захирамжийг уншсан, мэдсэн боловч захирамжийн биелэлтийг хангахгүй байгаа эс үйлдэхүй нь тогтоогдож байна. Албадан чөлөөлсөн захирамжаа хуульд нийцсэн гэж хэлээд байна. Тус захирамж дээр хураах, улсын хөрөнгө болгох гэсэн заалт огт байхгүй. Хувийн өмчийг хууль бусаар хурааж авахыг хориглоно гэж Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан байдаг. 2008 оны 10 сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоол дээр “Ижил шарга” ХХК-нд 2 га газар олгосон шийдвэр байхгүй гэж байна. 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэсэн байдаг. Энэ талаар нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ талаар оруулсан. Гэтэл 2011 оны 07 сард 1 га газрыг олгосон. Сумаас газрыг 2 жилийн хугацаатай өгсөн боловч, газар эзэмших гэрчилгээг 2013 онд өгсөн. Төрийн байгууллага нь газрын тухай хуулиа зөрчиж байна. Газраа эзэмшүүлэхээр олгосон бол тухайн үедээ газар эзэмших гэрээгээ хийгээд явах ёстой. Аймгийн Засаг даргаас “Ижил шарга” ХХК-д 2014 оны 10 сарын 25-ны өдрийн 09/64 гэдэг албан тоотоор танай компаний газар ашиглах эрх тань нээлттэй байна гэсэн хариуг өгсөн. 2015 оны 07 дугаар сард гэрийн буурь цутгаж хашаа барьсан. 2015 онд Батсүмбэр сумын Засаг даргын газар эзэмших эрх хүчингүй болгосон А/541 дугаартай захирамжийг Б.Оюунчилэгт огт хэлээгүй газрыг нь цуцалсан байдаг. Бусдын эрх хууль ёсны эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд, тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д дахь заалтыг зөрчсөн. Б.Оюунбилэг нь газар эзэмших эрхийг цуцалсаныг 2016 оны 04 дүгээр сард мэдсэн байдаг. Энэ бүгдээс харахад, төрийн байгууллагын хариуцлагагүй байдал харагдаж байна. Батсүмбэр сумын Засаг дарга нь Аймгийн Засаг даргын А/283 тоот дугаартай захирамжийг өнөөдрийг хүртэл аваагүй гэж хэлдэг. Энэ захирамжийг мэдэх бүрэн боломжтой байсан. Монгол улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар хувийн өмчийг хууль бусаар хураахыг хориглосон заалтыг зөрчсөн. Газрын тухайн хуулийн 61 дүгээр зүйл 61.1-д заасан заалтыг зөрчсөн. Дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг дарга захирамж гаргасан байхад, манай суманд ирээгүй гэдэг үндэслэлээр тус захирамжийг биелүүлэхгүй байгааг ойлгохгүй байна. Иргэн Б.Оюунбилэг энэ захирамжийг Батсүмбэр суманд гаргаж өгөх ёстой байсан юмуу? Төрийн байгууллага хоорондоо энэ захирамжийг явуулах ёстой байсан юмуу? Энэ бүгдээс харахад төрийн албаны доройтол гэж үзэж байна.  Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх ёстой гэж заасан байдаг. Сумын Засаг даргаас захирамж гаргадаг. Тухайн захирамжийг танилцуулдаггүй. Захирамжтайгаа танилцая гэхэд зугтаагаад явдаг. Эзнийг нь байхгүй байхад, хөрөнгийг нь хураадаг. Дандаа хууль бус ажиллагаа хийж байна. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.1-д дэх заалтыг зөрчсөн.  Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Ижил шарга” ХХК-д амралт сувилалын зориулалтаар 2 га газрыг эзэмшүүлсэн. Өөрийн хүсэлтээр нь 1 жилийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.8-д заасны дагуу 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаагүй. 2013 онд үйл ажиллагаагаа явуулж газраа ашиглана гэж гэрээ байгуулсан. Энэ гэрээг үндэслээд, 2011-2013 он хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж газар эзэмших эрхийг цуцалсан. 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хашаа бариад, үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Сумын Засаг даргын Тамгын газраас энэ үйл ажиллагаатай холбоотойгоор, үйл ажиллагаагаа зогсоо гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 40 минутанд Б.Оюунбилэгт өгсөн боловч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан. Мөн гарын үсэг зурахаас татгалзсан. Тухайн мэдэгдэх хуудасны дагуу 3 хоногийн дараа газрыг албадан чөлөөлөх захирамж гарч хуулийн дагуу газрыг чөлөөлсөн. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албадан нүүлгэх гээд очиход Б.Оюунбилэг нь аймгийн Засаг даргын захирамжийг тухайн үед үзүүлээгүй. 7-10 хоногийн дараа үзүүлсэн. Аймгийн Засаг даргын захирамж сумын Засаг даргын Тамгын газарт ирээгүй. Энэ эс үйлдэхүй мөн. Захирамжийг мэдээгүй байсан учраас биелүүлэх боломжгүй байсан “Ижил шарга” ХХК-ний нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжаа 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүлээн аваад, тус өдрөө аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан гэж хэлж байна. Нэхэмжлэгч нь худлаа ярьж байна гэж үзэж байна. Учир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргад хандсан гэж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч, шүүгчийн захирамжийг гардан авсанаас хойш 31 хоногийн дараа аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан гэдэг нь тогтоогдож байна. Энийг би өөрийн субеьктив байдлаар тодорхойлж байна. Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад өгсөн гомдлын хариуг Батсүмбэр сумын А/592 дугаартай албан нүүлгэх захирамжид урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Тухайн захиргааны актыг биелүүлэхийг зөвшөөрөхгүй. Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт ирээгүй. Иймээс нэхэмжлэгч “Ижил шарга” ХХК-нийг газар эзэмших эрх нь дууссан байхад, үйл ажиллагаа явуулсан гэж үзээд, албадан нүүлгэх захирамж гаргасан. Батсүмбэр сумын Засаг даргын зүгээс “Ижил шарга” ХХК-ний талаар асуудал шийдэгдсэн гэж үзсэн. Гэтэл аймгийн Засаг даргаас сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон захирамж гаргасан байдаг ч захирамжаа хүргүүлээгүй. Иймээс тус захирамжийг биелүүлэх шаардлага байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангангүй байх боломжтой гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс анх “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/592 тоот захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн  Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийн биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах”  гэж  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, харин шүүх хуралдаанд “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/592 дугаар захирамжийг хууль бус байсныг тогтоолгох, Төв аймгийн  Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийн биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах, Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэсэлэлд холбогдох маргааны үйл баримтыг үзвэл, Төв аймгийн Батсүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Газар зохион байгуулалтын ажлын 2008 оны тайланг дүгнэж, 2009 оны төлөвлөгөөг батлах тухай” 29 дүгээр тогтоолоор 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг, байршил, зориулалт, хэмжээгээр нь баталж[1],  Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 96 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ижил шарга” ХХК-д 1 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлээд, мөн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаар захирамжаар өмнөх 2009 оны 96 дугаар захирамжаа хүчингүй болгоод, 1 га газрыг амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлэхээр дахин шийдвэрлэсэн[2].  Улмаар тус сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Т.Эрдэнэболор  нь 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ижил шарга” ХХК-тай “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн “Аж ахуйн нэгж, байгууллагын газар газар эзэмших эрхийн гэрчилгээ” маргааш нь буюу 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бичигджээ.[3]  Үүний дараа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, эзэмших эрхийг цуцлах тухай” А/541 дүгээр захирамжаар “...Ижил шарга” ХХК-ийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны 202 тоот захирамж газар эзэмших эрхийн гэрчилгээг 1 га ... хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэн, [4]  харин Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Сумын Засаг даргын захирамж хүчингүй болгох тухай” А/283 дугаар захирамжаар “Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах амралт сувиллын зориулалттай “Ижил шарга” ХХК-ийн эзэмшил 18630368526310 нэгж талбарын дугаартай 1 га газрын 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 202 тоот Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/541 тоот Батсүмбэр сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/541 тоот захирамжийн “Ижил шарга” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосугай, Батсүмбэр сумын Засаг дарга Ганбаярт “Ижил шарга” ХХК”-ийн газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхийг үүрэг болгосугай” гэж шийдвэрлэн.[5] Энэхүү нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн асуудалд холбогдох дээд шатны шийдвэр гарсны дараа  мөн сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Албадан нүүлгэх тухай” А/592 дугаар захирамж гарч, “2 дугаар багийн нутаг 306-р точик нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан Б.Оюунбилэгийн /нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн захирал/ хашааг буулгаж, газрыг албадан чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэжээ.[6]

Нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/592 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасанд тухайн нэхэмжлэлийг шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 123/Ш32016/0139 дугаартай Шүүгчийн захирамжаар “дээд шатны захиргаааны байгууллагад гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгч нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 07/711 дугаартай албан бичгээр “Таны ирүүлсэн хүсэлтийг хянан үзээд Ижил шарга ХХК-нд холбогдох Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/541 тоот захирамжийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Аймгийн Засаг даргын А/283 тоот захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. ... шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг мэдэгдэж байна”[7]  гэсэн хариу авсны үндсэн дээр шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин нэхэмжлэл гаргажээ. [8]  

Нэхэмжлэл гаргах хугацааны хувьд авч үзвэл нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн огноо бүхий гомдлын хариуг хүлээн аваад 21 хоногийн дараа буюу тухайн сарын 27-ны өдрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн хугацаанд багтаж байх тул шүүхээс нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй, мөн нэхэмжлэлд нэхэмжлэгч нь дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдлоо 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан гэж бичсэн, шүүх хуралдаан дээр 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэж нэг сарын өмнө, хойно байхаар тайлбарласан боловч нэгэнт тухайн асуудлыг дээд шатны байгууллага албан тушаалтнаас шийдвэрлээд хариу өгсөн хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь хуулийн шаардлага хангаж байхыг хянаж үзэх тул шүүхээс өмнөх захиргааны байгууллагад гомдол гаргасан хугацаа, түүнийг шийдвэрлэсэн хугацаанд хяналт тавих үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Түүнчлэн Засаг дарга нарын захирамжуудаас гадна 2014 онд нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад  хандан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, газар дээрээ төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудалд холбогдуулан гаргасан гомдлын дагуу Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн  “Өргөдөл гомдлын дагуу шалган туслах ажлаар суманд ажиллах удирдамж”-ийн дагуу ажлын хэсэг ажиллаж, Аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 01/1963 дугаартай албан бичгээр иргэн Б.Оюунбилэгт “... 1 га газраа танай компани хууль гэрээнд заасан зориулалтаар ашигларх эрх тань нээлттэй байгаа болохыг таньд мэдэгдэж байна. Мөн гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газаро эзэмших эрхийг сумын Засаг даргаас хүчингүй болгох эрхтэй байдаг тул газраа ашиглахыг таньд зөвлөж байна” гэсэн хариу өгч байсан зэргээр нэхэмжлэгч хариуцагч нар 2014 оноос хойш маргаан үргэлжилсэн гэж үзэхээр байна. 

Дээрх маргаанд холбогдох үйл баримт, газар эзэмших эрхийн асуулдлуудыг шийдвэрлэсэн эрх бүхий этгээдүүдийн шийдвэрийн хүчин төгөлдөр эсэх, гарсан цаг хугацаанд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг тухайн газрыг эзэмших эрхтэй байсан эсэх талаар талууд маргаагүй бөгөөд Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр А/541 дүгээр захирамжаар Ижил шарга” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон шийдвэрийн үр дагаварт хамааруулан маргаж байх ба энэхүү шийдвэрийг Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр А/283 дугаар захирамжаар “Батсүмбэр сумын Засаг даргын ...А/541 тоот захирамжийн “Ижил шарга” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосугай, ... “Ижил шарга” ХХК”-ийн газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхийг үүрэг болгосугай” гэж шийдвэрлэсэн, харин энэ шийдвэр гарсны дараа буюу  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Засаг даргын  “Албадан нүүлгэх тухай” А/592 дугаар захирамж гарч, нэхэмжлэгчийн газарт байсан эд хөрөнгийг хурааж, аймгийн Засаг даргын шийвэр хэрэгжээгүй буюу  хариуцагч хэрэгжүүлээгүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.  Өөрөөр хэлбэл, Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны А/541 дүгээр захирамжийг, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” шийдвэрлэх бөгөөд, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, ... тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, 30 дугаар зүйлийн 30.1.9-т “сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих” гэж хуулиудад заасан бүрэн эрх, үүргийн хүрээнд аймгийн Засаг даргаас нэгэнт шийдвэрлэсэн байх тул хариуцагч сумын Засаг даргын 2015 оны А/541 дугаар захирамжийн “Ижил шарга” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болж, нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрх нь сэргэсэн байна.   Гэтэл энэхүү аймгийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн атал хариуцагч сумын Засаг дарга нь дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлээгүй, улмаар тус хүчин төгөлдөр шийдвэрээр эзэмших эрх нь хэвээр хадгалагдах газрыг, хүчингүй болсон А/541 дугаар захирамжийн үндсэн дээр нийтийн эзэмшил газар гэж тодорхойлж үндэслэл болгоод, 2016 оны 07 дугаар сард “Албадан нүүлгэх тухай” А/592 дугаар захирамж гаргасан нь энэ акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж зааснаар илт хууль бус акт болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/592 тоот захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/592 дугаар захирамжийг хууль бус байсныг тогтоолгох” гэж шүүхээс гарах шийдвэрт холбогдуулан шаардлагаа тодоруулсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тайлбар, үндэслэл, түүний агуулга, зорилгоор нь дүгнэхэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...сумын Засаг даргын 2016 оны А/592 дугаар захирамжийн хууль бусыг тогтоолгох гэсэн учир нь 2016 оны 5 дугаар сард аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байхад сумын Засаг дарга нь 2016 оны 07 дугаар сард тухайн газрыг нийтийн эзэмшил газар гэж газар чөлөөлөх захирамж  гаргасан нь үндэслэлгүй болж байх учир илт хууль бус шийдвэр болохыг тогтоолгож, тэр шийдвэрээр хураагдсан эд хөрөнгөө буцаан авах шаардлагатай байгаа” гэсэн тайлбаар, мөн маргаан бүхий акт илт хууль бус акт болох нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасанд, мөн шүүхээс гарах шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, ... нь илт хууль бус болохыг тогтоох” гэсэн болон 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад бадлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж тус тус заасанд  нийцүүлэн нэхэмжлэл, түүний шаардлагын зорилго, үр дагаврыг торорхойлсноор дүгнээд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчийн  2016 оны А/592 дугаар захирамж нь үндэслэлгүй болж байх учир илт хууль бус шийдвэр болохыг нь тогтоох үндэслэлтэй байна.

Мөн аймгийн Засаг даргаас 2016 оны А/283 дугаар захирамж гарч Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т “дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага” гэж зааснаар хариуцагч Засаг дарга уг шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй байхад, хариуцагч талаас “аймгийн Засаг даргын шийдвэрийг хүлээн аваагүй, мөн нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй 40.1.6-р тул аймгийн засаг даргын шийдвэрийг биелүүлэх боломжгүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй хууль бус тайлбар байх бөгөөд аймгийн Засаг даргын шийдвэрийг хүлээн аваагүй гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгтэй танилцахдаа мэдсэн, мөн хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс долоогоос арав хоногийн дараа аймгийн Засаг даргын захирамжийг үзсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагаар хариуцагч, түүний хариуцсан алба нь аймгийн Засаг даргын 2016 оны А/283 дугаар захирамжийг мэдсэн, улмаар тодруулж авах бүрэн боломжтой байсан нь нотлогдож байгаагаар тус шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож  байна. Үүний улмаас нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өнөөг хүртэл ашиглах болмжгүй болж, эзэмших эрх бүхий газраа эзэмшиж, ашиглах эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа болох нь тэр газрыг албадан чөлөөлсөн гэх хариуцагчийн талбараар тогтоогдож байх тул дээрх аймгийн Засаг даргын 2016 оны А/283 дугаар захирамжид заасан үүргээ гүйцэтгэхийг харицагчид даалгах үндэслэлтэй байна.

Дээрхээс маргаан бүхий акт буюу хариуцагчийн 2016 оны А/592 дугаар захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоож, мөн хариуцагч нь аймгийн Засаг даргын 2016 оны А/283 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тус дээд шатны Засаг даргын шийдвэрийн  биелэлтийг хангаж, гүйцэтгэхийг хариуцагч Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн газар эзэмших, зөрчигдсөн эрхийг сэргээж шийвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.4, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.9, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/592 дугаар захирамж илт хууль бус болохыг, Батсүмбэр сумын Засаг дарга нь  Төв аймгийн  Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, Төв аймгийн  Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийн биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОРИГТБААТАР

 

 

 


[1] Хавтаст хэргийн 100-101 дэх тал

[2] Хавтаст хэргийн 12-14, 96, 102-103 дахь тал

[3] Хавтаст хэргийн 13, 42 дахь тал

[4] Хавтаст хэргийн  51 дэх тал

[5] Хавтаст хэргийн 73 дахь тал

[6] Хавтаст хэргийн  53 дахь тал

[7] Хавтаст хэргийн 19 дэх тал

[8] Хавтаст хэргийн 1 дэх хуудасны ар тал