Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0639

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0639

Улаанбаатар хот

 

 

М.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-Э, Э.И нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Э.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарын давж заалдах гомдлоор, М.Н-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.Н-ийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг өмчлөгчөөр бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж гомдолдоо: “...Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.У миний бие энэхүү хэргийг шүүгч шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэгт хайхрамжгүй хандаж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчээс гуравдагч этгээд Г.Я шүүх хуралдааныг явуулах эсэх талаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээс тус тус асуусан, харин нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээдүүд бүгд Г.Я байлцуулах тал дээр уг нь санал нэгдсэн боловч шүүгч хурлыг цааш үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаад явсан юм. Учир нь энэхүү маргаан бүхий орон сууцны хамгийн их бусдыг хохироож, өөрөө гэм зэмгүй үлдэж байгаа хүн бол Г.Я байсан юм.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэрт Хас банкны эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж, тогтоох хэсгийн 2-т “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоотод байрлах орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Н нь орон сууцны үнийг Г.Я-ээс гаргуулах эрхтэйг дурьдсугай” гэж шүүхийн шийдвэрт тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны 12 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт Хас банкны барьцааны эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар байсаар байхад шүүгч банктай холбоотой асуудлыг хөндөж шийдвэрлээгүй. Мөн дээр нь Г.Я-ийн нэр дээр байгаа эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ өнөөдөр “Х б” ХХК-д эх хувиараа байгааг мөн хариуцагчийн зүгээс тайлбартаа тусгасан байгаа.

Нэхэмжлэгч М.Н 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг бөглөж, 20000 төгрөг тушаасан баримт, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хавсаргаж өгсөн боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний 98 дугаар шийдвэрт улсын бүртгэлд бүртгэх эрх зүйн үндэс байгаагүй тул улсын бүртгэгч бүртгэхээс татгалзан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.3.2-т “Хүлээж авсан мэдүүлгийг буцаахдаа мэдүүлэгт бүртгэхээс татгалзсан үндэслэл, тайлбарыг тодорхой бичиж, мэдүүлгийг чагтлан, гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, огноо тавин буцаан” гэж заасны дагуу улсын бүртгэгч мэдүүлэгт дээрх журамд заасны дагуу мэдүүлэгт бичилт хийж буцаасан нь тодоос тод байхад шүүгч үүнийг авч хэлэлцээгүй.

Мөн дээр нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг тэр мэдүүлгийг гаргаад өгөөч гэж хариуцагчийн зүгээс хүртэл хэлсэн удаа бий. Учир нь манай эрхийн улсын бүртгэгчээс тэрхүү мэдүүлгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С ирж авсан гэж нотолдог. Өнөөдөр М.Н-ийн тушаасан 20000 төгрөгийн баримтыг Г.Я мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгсөн нь тэр мэдүүлгийг нэхэмжлэгч тал авсан гэдгийг хангалттай нотлоод байгаагийн зэрэгцээ Улсын бүртгэгчийн мэдүүлэг буцаах дэвтэрт мэдүүлэг гаргасан М.Н гарын үсэг зурах учиртай, гэвч буцаасан материалыг Э.С өмгөөлөгч авсан болохоор гарын үсгийг зуруулалгүй өгсөн гэдгийг бүртгэгч өөрийн биеэрээ нотлоод байхад шүүгч мөн л авч хэлэлцээгүй нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Мэдүүлэг гаргагч нь тухайн эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.6-д “Энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэж тус тус заасны дагуу мэдүүлгийг буцаах үндэслэл байсан болоод буцаасан гэж хариуцагчийн зүгээс шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бичгээр тайлбарласан байхад шүүгч үндэслэх хэсэгтээ “...яагаад хүлээн авахаас татгалзаж, буцаасан талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй” гэж буруу үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүгчийн үндэслээд байгаа хуулийн 14 дүгээр зүйлд хариуцагчийн зүгээс тайлбар гаргахгүй байна гэж байхгүй шүү дээ. Харин шүүх хуралдааны үеэр шүүгч өөр заалтын талаар асуусан тайлбар гаргах шаардлага байсан уу гэж асуугаад байсан, өөрөөр хэлбэл шүүгч буруу зүйлийг үндэслэл болгосонд гомдолтой байна.

Мөн өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар шийдвэрээр Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасан шийдвэр гарсан байна.

Түүнчлэн энэхүү шийдвэрийг албадан биелүүлэхээр 2018 оны 08 дугаар сарын 07-ны 573 дугаартай захирамж гарсан бөгөөд энэ талаар шүүгч мөн л авч хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл хэзээ мөдгүй Улсын бүртгэлийн байгууллагад шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр мэдүүлэг орж ирэх учир шүүх мөн л хайнга хандсанд гомдолтой байна.

Эцэст нь шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг үндэслэн шийдвэр гаргасан. 5 дугаар зүйлийн 5.1.2-т бүртгэл үнэн зөв байх эсэхэд хариуцагчийн зүгээс эргэлзэж байна. Учир нь анхнаасаа М.Н Г.Я рүү бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг хуурамч гэрээгээр шилжүүлсэн, мөн Г.Я-с Б.П руу худалдсан гэрээ хүчингүй болсон, дахиад М.Н, Г.Я хоёрын хоорондын бэлэглэх гэрээ хүчингүй болсон байхад шүүгч 5.1.2-ыг үндэслэснийг буруу гэж үзэж байна.

Дээр нь 14 дүгээр зүйлийн 14.1-д улсын бүртгэгч татгалзах үндэслэл байсан болоод тодруулбал 14.1.1-д заасныг үндэслэн буцаасныг энд дурдах нь зүйтэй байна. Гагцхүү буцаасан мэдүүлэгт буцаасан үндэслэлийг бичдэг журамтай юм.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч М.Н-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгөнд гуравдагч этгээд “Х б” ХХК нь барьцааны эрхтэй байсныг тодорхойгүй байдлаар шийдвэрлэж “Х б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрлээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч М.Н нь ...тогтоол зэргийн үндэслэн Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан тус аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот 3 өрөө байрыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөндсөн байх бөгөөд уг мэдүүлгийг “материал дутуу” гэсэн тэмдэглэл хийж 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан хүний гарын үсэг зуруулалгүйгээр буцаасан байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө...” гэж заасан. Гэтэл тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хуулийн дээрх заалтад нийцүүлж, нэхэмжлэгч М.Н-ээс өгсөн мэдүүлгийг яагаад хүлээн авахаас татгалзаж, буцаасан талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй, тайлбар бичгээр хийх шаардлагагүй гэж хариуцагч шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа зэрэг нь буруу хуулийн дээр шаардлагыг хангаагүй байна” гэж үнэлэлт, дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь Улсын бүртгэлийн хэлтсээс М.Н-ийн өгсөн мэдүүлгийг яагаад хүлээж авахаас татгалзсан тухайгаа тайлбарлаж холбогдох баримтыг буцааж өгсөн гэдгээ шүүхэд гаргасан хариу тайлбараараа удаа дараа нотолдог, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...татгалзах үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох баримтыг буцааж өгнө гэж заасан болохоос татгалзах үндэслэлийг заавал бичгээр тайлбарлан мэдүүлэг гаргагчид өгнө гэж заагаагүй болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хөтлөх журам”-ын 2.3-т Улсын бүртгэгч нь мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж буцаахдаа дараах зүйлийг баримтална. Үүнд: 2.3.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хүлээлгэн өгөх гэж байгаа мэдүүлэг нь хуулийн шаардлага хангаагүй талаар мэдүүлэг гаргагчид тайлбарлаж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзан буцааж болно. Энэ тохиолдолд ямар нэгэн бичилт тэмдэглэгээ хийхгүй болно” гэж заасны дагуу хуулиас нарийвчилсан зохицуулалт нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тайлбарыг заавал бичгээр хийх шаардлагагүй гэж зохицуулснаас харж болно.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гэтэл дээрх бүртгэл хийгдсэний дараа 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч М.Н тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уг орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан боловч тус хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаар албан бичгээр “Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т М.Н нь орон сууцны үнийг Г.Я-ээс гаргуулах эрхтэйг дурдсугай гэж заасан, шүүхийн шийдвэрт Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон, бүртгэлийн байгууллагаас шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн нь үндэслэлгүй болжээ” гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хөтлөх журам”-ын 5.6-т “Шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгаа тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.5, 24.6, 24.8-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. “Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т М.Н нь орон сууцны үнийг Г.Я-ээс гаргуулах эрхтэй гэж шийдвэрлэсэн болохоос М.Н-ийн нэр дээр орон сууцыг шилжүүлэх талаар заагаагүй, мөн Г.Я нь 2014 онд орон сууцыг “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Д.П-д шилүүлсэн бөгөөд энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тус гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийн Монгол Улсын дээд шүүхээс Худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, байрыг Г.Я-д шилжүүлэхийг даалгасан уг хэрэгт бие даасан нэхэмжлэл гаргасан гуравдагч этгээдээр М.Н мөн оролцсон бөгөөд Улсын Дээд шүүхээс орон сууцыг М.Н-д бус Г.Я-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл орон сууцыг М.Н-ийн нэр дээр шилжүүлэх тухай шүүх, арбитрын шийдвэрт заагаагүй, мөн М.Н нь орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00098 дугаартай тогтоолыг хавсаргаж өгөөгүй нь Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.4-т заасныг зөрчсөн тул Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцыг М.Н-ийн нэр дээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Д.П нь 2014 онд “Х б” ХХК-д тус орон сууцыг барьцаалж зээл авсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 001/ХТ2017/00098 дугаар тогтоолоор орон сууцны өмчлөгч өөрчлөгдөх нь барьцуулагч “Х б” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болохыг дурдсан, мөн уг барьцаагаар үүрэг нь хангагдах Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсний улмаас “Х б” ХХК нь зээлдэгч Д.П-ыг холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102 дугаар шийдвэрээр зээлдэгч Д.П-аас зээлийн төлбөр гаргуулах, сан дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцнаас үүргийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн байхад захиргааны хэргийн шүүхээс хэргийн шийдвэрлэхдээ тус орон сууцыг барьцаалагч “Х б” ХХК барьцааны эрхийн талаар огт дурдаагүй шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд тухайн хөрөнгөнд холбогдуулсан үүргийг хамт шилжүүлдэг зарчимтай. Тэгэхээр энэ байдлаас харвал Анхан шатны шүүх өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Н-д үүсгэхдээ “Х б” ХХК-ийн барьцааны эрх хэвээр үлдэх, шинээр шилжүүлж авч байгаа өмчлөгчөөс шаардах эрхтэй болохыг тодорхой тусгаж өгөөгүй байгаа нь хэргийг бүхэлд нь шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг өөрчилж, гуравдагч этгээдийн барьцааны эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Н-ээс Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоотод байрлах орон сууцны улсын бүртгэлийг М.Н-ийн нэр дээр бүртгэхийг даалгах, хариуцагч нь уг орон сууцыг миний нэр дээр улсын бүртгэл хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 98 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 978 дугаар тогтоолыг үндэслэн М.Н миний бие орон сууц өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр хандсан боловч бүртгэхгүй байгаа нь миний өмчлөх эрхийг зөрчиж байна” хэмээн маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаж буй үл хөдлөх хөрөнгө болох Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоотод байрлах 3 өрөө орон сууц нь 2010 онд иргэн М.Н-ээс иргэн Г.Я-д бэлэглэлийн гэрээний дагуу, 2014 онд иргэн Г.Я-ээс иргэн Д.П-ны нэр дээр Худалдах худалдан авах гэрээний дагуу, сүүлд 2018 онд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу иргэн Г.Я-ийн нэр дээр тус тус шилжиж бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэрээр М.Н, Г.Я нарын хооронд байгуулагдсан 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Н нь орон сууцны үнийг Г.Я-аас гаргуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дараа нь Г.Я-ээс иргэн Д.П-д холбогдуулан Г.Я, Д.П нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Сүмбэр сумын 3 дугаар баг, 4-122 тоот 3 өрөө орон сууцыг Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг орон сууцны бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл, М.Н-ээс мөн дээрх шаардлагатай ижил бие даасан шаардлагыг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргасныг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаануудаар хянан хэлэлцэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 978 дугаар тогтоолоор Г.Я, Д.П нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Д.П-ийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцны өмчлөгчөөр Г.Я-г бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн "Х б" ХХК-аас хариуцагч Д.П-д холбогдуулан зээл, зээлийн хүү нийт 23.820.293 төгрөгийг гаргуулах, хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох маргаж буй 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 573 дугаар шүүгчийн захирамж гарсан үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх “Иргэн М.Н-ээс Г.Я-д шилжүүлсэн “Бэлэглэлийн гэрээ”, иргэн Г.Я-ээс Д.П-д шилжүүлсэн “Худалдах худалдан авах гэрээ” тус тус хүчингүй болсон тул М.Н-ийн нэр дээр уг орон сууцыг шилжүүлэн бүртгэх нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцнэ гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол;” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М.Н-ийн хувьд маргаж буй орон сууцыг өмчлөгч болохыг нотлосон баримт байхгүйгээс гадна нэхэмжлэлд дурдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 978 дугаар тогтоолоор  түүнийг өмчлөгчөөр тогтоогоогүй, харин иргэн Г.Я-г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улмаар бүртгэлийн байгууллага уг тогтоолыг үндэслэн Г.Я-г маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хүчинтэй байхад хариуцагчаас нэхэмжлэгч М.Н-ийг  өмчлөгчөөр бүртгэх боломжгүй гэж татгалзсан нь дээрх хуулийн заалттай нийцсэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н-ийн “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны улсын бүртгэлийг нэхэмжлэгч М.Н миний нэр дээр бүртгэхийг даалгуулах, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тус аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг М.Н миний нэр дээр улсын бүртгэл хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ