| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0314/э |
| Дугаар | 2018/ШЦТ/325 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/325
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч *******атжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821002810251 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй,
- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн “” гэх газраас иргэн *******-гийн хоёр тооны хонийг хулгайлж, 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн орчим машинтай *******-гийнд очоод машинаа замын хажууд тавиад 2 хонийг хашаанаас гаргаад явж байтал хүн дуугарах шиг болохоор нь 2 хонио орхиод машин дээрээ ирэхэд машин байхгүй болохоор нь тэр чигтээ алхаад аймаг орсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр малын саравчнаасаа малаа гаргаад туслах малчин малын саравчнаас хойш 1 хонь хөл нь боолттой хэвтэж байна гэхээр нь очиж үзэхэд шар эрээн өнгийн цагаан даавууны өөдсөөр хөлийг нь боосон хүрэн хүзүүтэй эр хонь байсан. Мөн хашаатай хонио гаргах гэж байхад нэг эр хонь сул хашааны гадна талд байсан хоёр эр хонийг маань авч явах гэж байгаад орхисон бололтой байсан. Ингээд манай хонины хашаанд хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэжээ. /хх-ийн 19 тал/
******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...*******-гийн гэдэг айлд манай ээж Цэцгээ нь туслах малчин хийдэг юм. Тэгээд би цуг байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Шүр зах дээгүүр явж байгаад архи уугаад орой 22 цагийн үед 19 дүгээр байрны таксины зогсооол дээрээс саарал өнгийн жижиг суудлын машины жолоочтой уулзаж 30.000 төгрөг өгнө, манайх руу яваад хонь аваад ирье гэж хэлсэн. Тэр ах явахгүй гээд байхаар нь би гуйсаар байгаад тэр ахыг аваад явсан. ын баруун талд гэрээс баруун хойш шороон замын хажууд машинаа зогсоож орхиод гэр рүү би өөрөө очоод малын саравчнаас хоёр хонь гаргаж аваад нэгийг нь өмднийхөө уяагаар, нөгөөг нь хөлнийхөө ороолтны тасархайгаар уяж өргөөд малын саравчнаас 100 метр орчим газарт замын хажууд орхиод машин руугаа очиход машин зогсоосон газартаа байхгүй байсан. Тэгээд гэрийн ойролцоо хүмүүс шуугилдаад байхаар нь би баруун хойшоо явган зугатаагаад оршуулгын газраар дамжин явсаар аймгийн төв рүү орж ирсэн. Би жолоочийг харвал танихгүй, нэрийг нь мэдэхгүй...” гэжээ. /хх-ийн 21 тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 54 тал/
Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
*******-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас хохирогч *******-гийн хоёр тооны хонийг хулгайлж, бусдад 440.000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Хохирогч ******* нь хулгайд алдсан 2 тооны хонио буцааж авсан тул шүүгдэгч *******-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******АТЖАРГАЛ