| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00766/И |
| Дугаар | 137/ШШ2026/00549 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2026/00549
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,766,988.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. төвд байрлах, Г банк ХК /РД: .., утас: .. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У.М нь Г банктай 2024 оны 10 сарын 18-ний өдрийн ..тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн жилийн 21% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч У.М нь зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,073,403.74 төгрөг, үндсэн хүү 747,945.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,477.62 төгрөг, нийт 1,824,826.57 төгрөгийг төлсөн. Зээлдэгч У.М нь .. тоот зээлийн гэрээний хавсралт-1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 465 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь "Иргэний хуулийн 421 дүгээр зүйл /Цахим хэлбэрээр хийх хэлцэл/-ийн 421.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд “Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.Иймд зээлдэгч У.М-аас 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 8,926,596.26 төгрөг, зээлийн хүү 2,670,460.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 164,431.67 төгрөг, бусад 5,500 төгрөг, нийт 11,766,988.03 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банканд гаргаж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт У-ийн М /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч У.М миний бие Г банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн нийт 11,766,988.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч У.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,766,988.03 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.М н нь зээлийн 11,766,988.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 11,766,988.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,222 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 101,611 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 101,611 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б