Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2026/00481

 

 

           2026        06          05                                     137/ШШ2026/00481

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Н... кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,410,352 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч 2026 оны 05 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У… хот, Б…  дүүрэг, Г… плаза цогцолбор, … тоотод байрлах, Н… кредит ББСБ ХХК /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь Н… кредит ББСБ ХХК-тай 2021.12.11-ний өдөр 2030141 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Нийт 7 удаагийн гүйлгээгээр 15,770,000 төгрөгийн зээл ба үүнээс үндсэн зээлд 2,317,216 төгрөг, зээлийн хүүнд 4,594,240 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь давхар олон зээл авч өрийн дарамтад орсон байна. Цахим зээлийн өрийн үлдэгдэл 2026.05.06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13,452,786 төгрөг, зээлийн хүү 9,562,407 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,184,211 төгрөг, олголтын шимтгэл 210,950 төгрөг, нийт 24,410,352 төгрөгийг зээлдэгч Б.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д… аймгийн З… сумын …-р баг зоосийн … тоотод оршин суух, Б… овогт Б-ийн Б… /РД:…, утас:…/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Б миний бие нь Н… кредит ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж буй үнийн дүн болох 24,410,352 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н… кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,410,352 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэг 24,410,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Н… кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,410,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,002 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 140,001 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 140,001 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Б.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б