| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0121/э |
| Дугаар | 2018/ШЦТ/327 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/327
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1721003260096 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн ******* суманд 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн баривчлах ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас иргэн *******-ийн 2 тооны адуу, М.М-ын 1 тооны адууг хулгайлсан, 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч Б.Б-ий 2 тооны адууг хулгайлсан, 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт “ ” гэх газраас иргэн *******-гийн 1 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 5700.000 /таван сая долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******-ийн 2 тооны, М.М-ийн 1 тооны нийт 3 тооны адуу хулгайлсан нь үнэн. 10 дугаар сарын 14-нд Б.Б 2 тооны адуу, мөн 2017 оны 12 дугаар сарын 05-нд *******-гийн 1 тооны адуу гээд нийт 6 тооны адуу хулгайлсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гараад ажил төрөл хийгээд учруулсан хохирлоо төлнө” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11-12 цагийн орчимд манай аав нь над руу залгаад гэрийн гадаа аргамжаатай байсан 4 хөл цагаан алаг зүсмийн морь алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би ******* сумын зүүн талаар хайсан боловч адуугаа олоогүй. ******* ах өөрийн гэсэн гэр орон болон мал, эд хөрөнгөгүй хүн юм билээ. Тийм болохоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /2 хавтасны 22-25 тал/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 18-ны өглөө адуугаа татаад 2 тооны морио бариад гэрийнхээ зүүн урагш 700-800 метр зайд цавьдар зүсмийн бүдүүн морио хүзүүгээр нь аргамжаад баруун урд хөлийг нь зүүн хойд хөлтэй нь өрөөлдөж чөдөрлөөд тавьсан. Тэгээд маргааш өглөө нь 05 цагийн орчимд босоод морио харахад морь байхгүй, аргамжсан газраа очиж үзэхэд 1 аргамжаа нь тайлагдсан, нөгөө аргамжааны гадас нь үлдсэн байсан. Ойр орчмоор хайгаад олоогүй. ******* нь өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, мөн хамаатан садан учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /2 хавтасны 29-32 тал/
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 18-ны өглөө хээр зүсмийн бүдүүн морио бариад малчин үлдээгээд сумын төв орсны маргааш өглөө нь манай малчин ярихдаа хониндоо явах гэсэн чинь аргамжаатай морь аргамжаатайгаа байхгүй байна гээд ойр орчмоор хайгаад олоогүй. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна” гэжээ. /2 хавтасны 35-36 тал/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 9 дүгээр сард , гэх 2 залуугаас хар зүсмийн бүдүүн морь, бор зүсмийн бүдүүн морь зэргийг худалдаж авсан. Тэгээд уг 2 морио 2017 оны 10 дугаар сарын дунд үеэр ******* сумын “” гэх газарт малчин гэх хүнд аваачиж өгсөн юм. Ингээд дээрх адууг аваачиж өгснөөс хэд хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын дунд үеэр ах над руу залгаад дээрх 2 тооны адуу чинь аргамжаатай байж байгаад алга болчихсон гэж хэлсэн. ...*******оос 2 тооны адууны үнийг гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ. /1 хавтасны 20-21 тал/
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын дунд үеэр манай нутгийн нь өглөө 10-аас 11 цагийн орчимд над руу залгаад та 2 тооны бүдүүн морь худалдаж авах уу, сумаас баруун тийш манай нөхөр ******* мотоциклтой 2 тооны адуу авчирч байхад нь мотоцикл нь эвдэрсэн гэж байна гэж хэлэхээр нь би адууг нь авахаар болоод өөрийн дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээр төрсөн дүү ыг гийн хамтаар явуулсан. Ингээд , *******, нар орой манай хашаанд ирээд 2 тооны адуу буулгасан. ...******* нь хулгайн адууг худал хэлж өгөөд ажил чирэгдэл болж байгаад гомдолтой байна. Харин нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. / 1 хавтасны 23-24 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны орчим ******* нь миний эзэмшлийн улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоциклыг унаад ******* сум руу очиж ах дүү нартайгаа уулзаад ирье гээд явсан. 2017 оны 10 сарын дунд үеэр ******* над руу залгаад би ах дүү нараасаа 2 тооны адуу авсан юм. Чи унаа хөлслөөд ир гэж хэлсэн. Би тэр адууг нь хулгайн адуу гэж огт мэдээгүй” гэжээ. /1 хавтасны 33-35 тал/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 сард манай сумын ******* гэх залуу баруун хойноос нар жаргахын үед 2 тооны адуу мотоциклоор тууж ирээд манай малын хашаанд хаагаад гэрт орж ирэхээр нь манай эхнэр хаанаас ямар адуу аваад явж байгаа юм гэхэд би хүнээс авлагаа аваад явж байна гэж байсан. Тэгээд манайд утсаар яриад байж байгаад 19 цагийн орчимд *******ын эхнэр гэх нүдний шилтэй хар намхан эмэгтэй, цэнхэр өнгийн портер машинтай 2 хүн ирэхэд нь ******* 2 тооны адууг ачаад шууд урагшаа гараад явсан...” гэжээ. /1 хавтасны 36-37 тал/
Эд зүйлийн үнэлгээ /1 хавтасны 58, 2 хавтасны 69-71 тал/
*******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хавтасны 68 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч *******-ийн 2 тооны адуу, М.М-ийн 1 тооны адууг,
2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас хохирогч Б.Б-ий 2 тооны адууг,
2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас хохирогч *******-гийн 1 тооны адууг тус тус хулгайлж, бусдад 5700.000 /таван сая долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч *******, *******, М.М, Б.Б, иргэний нэхэмжлэгч *******, гэрч , Г. нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тус хэрэгт шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-т 2 тооны адууны буюу 2000.000 төгрөгийн, хохирогч М.М-т 1 тооны адууны буюу 1000.000 төгрөгийн, хохирогч Б.Б-д 2 тооны адууны буюу 2000.000 төгрөгийн, хохирогч *******-д 1 тооны адууны буюу 700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч *******, ******* нар нь “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-оос бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 3000.000 төгрөгийг гаргуулж, 1000.000 төгрөгийг хохирогч М.М-т, 2000.000 төгрөгийг Б.Б-д тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 186 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос гэм хорын хохиролд нийт 3000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, 1000.000 /нэг сая/ төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух М.М-т, 2000.000 /хоёр сая/ төгрөгийг Б.Б-д тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч *******-оос нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ