Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 214/МА2022/00024

 

 

Т.Пүрэвдагвын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 132/ШШ2022/00516 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Пүрэвдагвын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н*******д холбогдох

113 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Н*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.П*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Адалбек /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Пүрэвдагвын нэхэмжлэл болон тайлбарын агуулга: Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Н*******тэй зээлийн гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн. Б.Н******* нь 2021 оны 02 дугаар сард 7 000 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сард 7 000 000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сард 7 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сард 7 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг төлсөн. Үүнээс эхний төлөлт 7 000 000 төгрөгнөөс 15 хоногийн хугацааны хүүнд тооцож 3 500 000 төгрөг авч, үндсэн зээл 100 000 000 төгрөгнөөс 24 500 000 төгрөгийг хасч, 75 500 000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлөөгүй. 2022 оны 03 дугаар сард таны мөнгийг удаасан гээд 16 000 000 төгрөг төлсөн.  Б.Н******* нь байр зарж өгнө, мал зарж өгнө гээд өгөөгүй. Сүүлдээ Б.Н******* надтай уулзахаа больсон. Би л дэлгүүр дээр нь очиж уулздаг байсан. Би мал дээр байсан хүн энэ бол миний 30 жилийн хөдөлмөр. Ээж маань 4 жилийн өмнө ходоодны хорт хавдраар өвдөөд малаа цөөлөөд сумын төв рүү орж ирсэн. Тэгээд ганц нэг найдвартай хүмүүст эм тарианы мөнгөнд хэрэглэх гэж зээлдэг. Зээлийн үлдэгдэл 75 500 000 төгрөг, алданги 37 750 000 төгрөг, нийт 113 250 000 төгрөг гаргуулж өгнө үү. Нутгийн залуу хүнд тус болъё л гэж бодож зээлсэн” гэжээ.

 

2. Хариуцагч Б.Н*******гийн хариу тайлбарын агуулга: “Би П******* ахаас 100 000 000 төгрөг авсан нь үнэн. Бид хоёр зээлийн гэрээг сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээг 15 хоногийн  хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаанд 15 хоногийн хүү болох 3 500 000 төгрөг, үндсэн зээлд 40 500 000 төгрөг нийт 44 000 000 төгрөг төлсөн.  Одоо үндсэн зээл 59 500 000 төгрөгийн төлбөр үлдсэн. Хүнсний дэлгүүрийн үйл ажилагаа муу,  байгаагаас болж одоо ч үйл ажиллагаа нь сайжраагүй, миний хувьд төлбөрийн чадвар муу байна. Иймд алданги төлөхгүйгээр үндсэн зээл болох 59 500 000 төгрөгийг төлөх боломжтой, алдангийг хөнгөлж өгнө үү” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Н*******гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 89 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.П*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 724 200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас  Б.Н*******гээс 604 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.П******* /рд: ....../-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Н******* давж заалдсан гомдолдоо: “Хариуцагч Б.Н******* би хариу тайлбар болон шүүх хуралдааны үед ч нэхэмжлэгчтэй 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 100 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өмнөх 59 000 000 төгрөг дээр 41 000 000 төгрөг аваад нийт 100 000 000 төгрөг авсан тухай хэлсэн. Хариуцагч Б.Н******* би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 41 000 000 төгрөг л авсан ба нийт нэхэмжлэгч Т.П*******д 44 000 000 төгрөгийг өгсөн одоо 59 500 000 төгрөгийг төлнө , алдангиас хөнгөлж өгнө үү гэж шүүхэд хүсэлт гаргасан юм. Анхан шатны шүүх коронавирусийн халдвартай холбоотойгоор хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа муудсан байдал болон зөвшөөрөлгүй зээл гаргаж орлого олдог нэхэмжлэгчийн байдлыг харгалзахгүйгээр 29 750 000 төгрөгний алданги бодож шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 12 сар хүртэл шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт улсын шилжүүлсэн нь нийт илэрхий байхад алданги тооцсон гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Т.П******* нь нэхэмжлэлдээ болон шүүх хурлын үед найдвартай хүмүүст мөнгө зээлдэг, мөнгө зээлдэг болоод 4 жил болж байна, сүүлийн 1 жил хашраад мөнгө зээлэхээ больсон гэх зэргээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг нь тодорхой байхад энэ байдалд шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр алданги бодож гаргасан юм. /шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа/ Нэхэмжлэгч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4. банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэж заасан заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөлгүйгээр байнга зээл гаргаж хүү, алданги бодож орлого олдог нь хуулинд нийцэхгүй байгаа болохоор хариуцагч би алданги болох 29 750 000 төгрөгийг төлөх хуулийн үндэслэлгүй байна. Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 132/ШШ2022/00516 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан алданги 29 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өнгө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Т.П******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч Б.Н******* намайг 4 жилийн хугацаанд зээлийн үйл ажиллагаа явуулж байна гэж байна. Миний бие хөдөө малтай ээжтэйгээ хамт амьдардаг. Манай ээж ходоодны хорт хавдартай учраас сумын төв дээр хэвтэн эмчлүүлдэг. Манай ээж өндөр настай сард нэг удаа 250 000 төгрөгийг эм тариа хэрэглэдэг байсан. Би ойр дотны хүмүүсдээ аман байдлаар гэрээ хийж мөнгө зээлдэг. Б.Н******* надаас анх ирээд нэг удаа туслаач гэж хамгийн анх 7 000 000 төгрөгийг зээлж байсан. Дараа нь мөнгө хэрэгтэй байна. Улаанбаатар хотод 2 орон сууц байдаг түүнийг зараад таны мөнгийг өгнө гэж хэлээд  50 000 000 төгрөгийг зээлсэн. Мөн Төв аймгийн Баянчандмань суманд гахайн ферм байдаг үүнийгээ зарах хүртэл мөнгө зээлээч гэж байсан. Үүний дараагаар мөнгө хэрэгтэй байна гээд 9 000 000 төгрөгийг зээлсэн. Нэг нутаг усны хүмүүс учраас харж үзэж байсан. Намайг 80 шарыг зараад ав гэсэн. Б.Н******* 2 том дэлгүүр худалдаж аваад ажиллаж байгаа. Б.Н*******гийн үйл ажиллагаа явуулж байгаа 2 дэлгүүрийн үйл ажиллагаа доголдож ирсэн. Б.Н******* өөрөө анх хүүгийн хувьд 7 хувиар тооцож надаас гуйж авсан. Сумын төвд өөр мөнгө зээлдэг хүмүүс 10 хувийн хүүтэй өгдөг гэж байсан. Өөрөө гуйж авчихаад дараа нь шүүх, цагдаа болж байгаад харамсаж байна” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэд хооронд байгуулсан зээлийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 231.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анзаар хоорондоо тохиролцсон байсан. Албан ёсоор нэг нэгэндээ хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж 100 000 000 төгрөгийн хүү алданги тооцож, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байна. Иргэний хуулийн 195.1, 195.2, 195.3-д тус тус заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Анз тооцож шаардах эрх нь үүссэн. 15 хоногийн хугацаанд гэрээний үүргийн гүйцэтгээгүй үнийн дүн 103 500 000 төгрөг болж байна. Үүнээс алданги тооцох ёстой. Алданги, анз нь 50 хувиас хэтэрч болохгүй учраас 103 500 000 төгрөгийг шаардах байсан. Гэвч 7 000 000 төгрөгийг 4 удаагийн давтамжтайгаар нийт 28 000 000 төгрөгийг төлсөн учраас түүнийг хасаж тооцож, 103 500 000 төгрөгөөс өгсөн мөнгийг хасаж 75 500 000 төгрөг, үүнээс алданги тооцох эрх 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг хуулийн шаардлагын дагуу 37 750 000 төгрөг, нийт 113 250 000 төгрөгийг шаардаж байгаа. Гэвч алдангийн хугацаанд 100 хоногийн дараа буюу 3 сар 10 хоногийн дараа 16 000 000 төгрөгийг төлсөн. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр алданги зогссон байдаг. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 000 000 төгрөгийг зээлдэгч төлсөн. Нийт 113 250 000 төгрөгөөс 16 000 000 төгрөгийг хасаад 97 250 000 төгрөгийг нэхэмжилж байна. Ийм байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү. Анхан шатны шүүх хүү алданги дээр алдаа гаргасан байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хүчин төгөлдөр бус гэж байна. Энэ гэрээ яагаад ч хүчин төгөлдөр бус гэрээ байх боломжгүй. Иргэд хоорондоо харилцан тохиролцож, гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Өмнөх зээл нь хэрхэн яаж олгож байсан нь хамаагүй шинээр гэрээний нөхцөлөө тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж 97 250 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгчгүй оролцож байсан байна. Нэхэмжлэгчийн хувьд байгаа бүх мөнгөө зээлсэн одоо банкны өртэй хэцүү байдалд орсон” гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Адалбек шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ бодитой байгуулагдаагүй гэж үзэж байна. Тухайн өдөр 100 000 000 төгрөгийг бодитой зээлдэгч, зээлдүүлэгчид шилжүүлээгүй. Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэр өдөр бодитоор 41 000 000 төгрөгийг авсан. 100 000 000 төгрөгийг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг хэдий ч тухайн өдөр 100 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлж аваагүй, 41 000 000 төгрөгийг авсан түүнийгээ төлж дуусан гэж хариуцагч тайлбарладаг. 15 хоногийн хүү 3 500 000 төгрөг, нийт 44 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Анхан шатны шүүхээс хариуцагч хариу тайлбараа хүлээн зөвшөөрсөн болохоор алданги тооцож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 4 жилийн хугацаанд зээлийн тусгай зөвшөөрөлгүйгээр зээл олгож байсан. Үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3-д зааснаар хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Тийм учраас Иргэний хуулийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн учраас уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж алданги, хүү тооцож шаардах эрх байхгүй. Ковид-19 гарснаас хойш бизнесийн үйл ажиллагаа доголдсон. Энэ үйл явдал нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж байна. Алданги тооцохгүй шийдвэрлэх ёстой гэж хариуцагч гомдол гаргасан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хоорондоо 4-5 жилийн хооронд зээлийн харилцаа үүсгэж харилцаж байсан. Бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй тул алдангийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т.П******* нь хариуцагч Б.Н*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 113 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.  

2а. Нэхэмжлэгч Т.П*******, хариуцагч Б.Н******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь зээлдэгчид 100 000 000 төгрөгийг, 15 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох нөхцлөөр талууд харилцан тохиролцож гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-3/

3. Хариуцагч Б.Н******* 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 100 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй, өмнөх гэрээний үлдэгдэл дээр нэмж мөнгө авч нийт төлбөр 100 000 000 төгрөг болсон гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасны дагуу зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ.

4. Зээлдэгч Б.Н******* зээлдүүлэгч Т.П*******д 15 хоногийн хугацааны хүүнд 3 500 000 төгрөгийг төлсөн ба 2022 оны 2 дугаар сараас 5 дугаар сарыг дуустал хугацаанд 28 000 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сард 16 000 000 төгрөгийг тус тус төлсөн буюу нийт 44 000 000 төгрөгийн үүрэг гүйцэтгэсэн гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. 100 000 000 сая төгрөг авсан болохоо хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар талууд маргаагүй.

4а. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүсэл зоригоо илэрхийлсэн зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

5. Хариуцагч Б.Н******* зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул Т.П******* алданги шаардах эрхтэй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

6. Анхан шатны шүүх зээлийн гэрээг дүгнэж хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 59 500 000 төгрөг, алдангийн төлбөрт 29 750 000 нийт 89 250 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тооцоолол зөв боловч алдангиас чөлөөлөх үндэслэлээ нотлоогүй, баримтаар нотлогдохгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

6а. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасан ба ковед цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нийтэд илэрхий үйл явдал байсан төдийгүй түүнийг заавал баримтаар нотлох шаардлагагүй юм. Иймд давж заалдах шатны шүүх хуульд заасны дагуу алдангийн төлбөрийг 50 хувиар багасгаж, хариуцагч Б.Н*******гээс зээлийн үлдэгдэл төлбөрт 59 500 000 төгрөг, алдангийн төлбөрт 14 875 000 төгрөг, нийт 74 375 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.П*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38 875 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6б. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийг Түдэвийн П******* гэж зөв бичсэн мөртөө тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт мөн  эрх зүйн бусад актад П.П******* гэж алдаа гаргасныг, тогтоох хэсэгт ...хэрэгсэхгүй олгосугай..., ...наян ёсөн сая... гэх мэт дүрмийн алдаанууд байгааг залруулах нь зүйтэй. 

7. Алдангийн төлбөрийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч Б.Н*******гийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 306 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 132/ШШ2022/00516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Н*******гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 89 250 000 /наян ёсөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.П*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй  олгосугай. гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Б.Н*******гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 74 375 000 /далан дөрвөн сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.П*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38 875 000 /гучин найман сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...хариуцагчаас  Б.Н*******гээс 604 200 /зургаан зуун дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.П******* /рд: ......./-д олгосугай. гэснийг ...хариуцагч  Б.Н*******гээс 529 825 /таван зуун хорин есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.П******* /рд: ......../-д олгосугай. гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.Н*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 306 700 /гурван зуун зургаан мянга долоон зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

 

                                          ШҮҮГЧ                                 М.ХҮРЭЛБААТАР