Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 214/МА2022/00025

 

О.Амараагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132/ШШ2022/00533 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Амараагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Намнансүрэн, М.Цэнджав нарт холбогдох

26 870 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буяннэмэхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буяннэмэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Адалбек /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Амараа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буяннэмэх нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багийн иргэн Б.Намнансүрэн түүний гэр бүл М.Цэнджав нартай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 500 000 төгрөгийг хоёр сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр автомашинаа барьцаалан зээлдэхээр тохиролцож, барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад мөнгө төгрөгийн боломжгүй байна хүүг нь төлөөд хугацааг нь сунгая гэснээр дахин 1 сараар сунгаж түүнд хамтран зээлдэгч М.Цэнджав гарын үсэг зурсан. Энэ мэтээр сар бүр хүүг төлж гэрээг сунгасаар 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дахин 10 000 000 төгрөг зээлдүүлээч банкнаас зээл авах гэтэл өмнөх зээлээ хаа гээд байна. Банкинд байгаа зээлийн үлдэгдлээ хааж зээл авчихаад урьд авсан 12 500 000 төгрөгийн хамт буцаагаад өгье гэхээр нь зээл аваад мөнгийг маань бүрэн өгөх нь гээд 10 000 000 сая төгрөгийн зээл олгосон. Гэтэл банк зээл өгсөнгүй ээ нэг дэлгүүрээ зараад /сумын төвд 2 дэлгүүр ажиллуулдаг/ зээлээ бүгдийг төлье дэлгүүр зарагдтал та сар бүр гэрээгээ сунгаад яваач гэж хүссэн. Тухайн үед дэлгүүрээ зарах зар тавьсан байсан тул үнэмшээд зээлийн гэрээг сунгаад явсан. 2022 оны 3 дугаар сараас зээл байтугай хүүгээ ч төлөхгүй утасдахаар утсаа авахгүй, гэр оронд нь очихоор худалдагч нар нь байхгүй гээд байдаг болсон. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өглөө эрт би өөрөө гэрт нь очиход гэртээ байсан ба нөхөр Б.Намнансүрэн нь 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл харж үзээч би энэ хугацаанд 18 500 000 төгрөг төлнө. Үүнээс хойш хүү битгий тооцооч гэж гуйгаад төлөхөө илэрхийлсэн бичиг хийж өгөхөөр нь би зөвшөөрч хэлсэн хугацаандаа төлчихвөл үүнээс хойш хүү тооцохоо болъё гэсэн. 7 дугаар сарын 1-ний өдөр болоход нэг ч төгрөг өгөөгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаар ярих гэхээр холбогдохгүй байсан тул Б.Намнансүрэн, М.Цэнджав нараас үндсэн зээл 18 500 000 төгрөг, зээлийн хүү 8 370 000 төгрөг нийт 26 870 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Б.Намнансүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О.Амараа болон түүний эхнэр Л.Буяннэмэх нараас эхлээд 12 500 000 төгрөг, дараа нь 10 000 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг авсан. Үүний дараа үндсэн мөнгө болох 22 500 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг Л.Буяннэмэхийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш сар бүр өөрийн Хаан банкны 5284122246 болон 5007101880 данснаас 18 500 000 төгрөгийг бэлэн бусаар 2022 оны 6 дугаар сар хүртэл шилжүүлж байсан. Иймд О.Амараагийн нэхэмжлээд байгаа 26 870 000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батаа анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газраас хариуцагч нар хамтран зээл авч байгаагүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээ байгуулаагүй, барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулсан байгаа. Хариуцагч тал 6 сарын хугацаанд тодорхой хэмжээнд хүү төлж байсан. Барьцаалан зээлдүүлэх тусгай зөвшөөрөлгүй учир хүү, алданги авах эрхээ алдсан. Бид 24 300 000 төгрөгийг төлсөн баримтаа нотлох баримтаар өгсөн гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Намнансүрэн, М.Цэнджав нарт холбогдох 26 870 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Амараагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буяннэмэх давж заалдсан гомдолдоо: “...Уг гэрээ нь бичвэрийн хувьд талууд компанийн гэрээний загвар дээр гарын үсэг зурж зээлийн гэрээг байгуулснаараа “Барьцаалан зээлдэх гэрээ” гэсэн бичвэртэй боловч эдгээр гэрээний барьцаа болгож өөрийн эзэмшил нэр дээр шилжүүлсэн хөрөнгө /машин/ байхгүй. Харин зээлдэгч нарын бизнесийг дэмжих өөртөө хүү авч тодорхой хэмжээний ашиг олох зорилгоор аль аль талаасаа хүсэл сонирхолоо чөлөөтэй илэрхийлж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаар 2 талд үүрэг үүсч би мөнгийг шилжүүлсэн. Зээлдэгч нар сар бүр хүүг төлж, үндсэн мөнгөө төлөх боломжгүй байна гээд гэрээний хугацааг сунган гарын үсэг зурж 2022 оны 3 дугаар сар хүртэл явсан. Үүнийг баталсан гарын үсгүүд бүхий гэрээний сунгалт, зээлийн гэрээг байгуулж түүний хугацааг сунган хүүг төлж байснаа зөвшөөрч 2022 оны 5 дугаар сард тооцоо нийлж үндсэн зээл 18 500 000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт зэрэг нотолгоог үнэлж дүгнэхгүй, хэний ч шаардаагүй гэрээг хүчин төгөлдөр эсэх асуудлыг шийдэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэжээ. Үүнээс үзэхэд Б.Намнансүрэн, М.Цэнджав нарын зээлийн хугацааг сунгая, хүүг нь төлөе гэсэн хүсэл зоригийг бид хүлээн авч гэрээний сунгалт дээр гарын үсэг зуруулснаар хүү авах эрх хангагдсан гэж үзэж байна. Б.Намнансүрэн нь 22 500 000 төгрөгийн зээл авсан талаар маргаангүй тооцоо нийлж 18 500 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 18 500 000 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргав” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ О.Амараа, хариуцагч Б.Намнансүрэн, М.Цэнджав нарын хооронд барьцаалан зээлдэх гэрээ байгуулагдсан гэж шийдвэрлэсэн байна. “Хутаг Шинэс” ХХК болон О.Амараа нарт барьцаалан зээлдэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гарсан. Гомдлын үндэслэл нь энэ гэрээг иргэд хооронд байгуулсан гэрээ гэж үзнэ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн1-д зааснаар зээлийг олгохдоо аж ахуйн нэгжийн данснаас биш иргэн Л.Буяннэмэхийн данснаас 2 удаа Б.Намнансүрэнгийн данс руу шилжүүлсэн байдаг. Эд хөрөнгө барьцаалсан гэж байгаа боловч тухайн эд хөрөнгө болох машин барьцаалж өөрийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт хэрэгт тогтоогдоогүй. Зээлийн гэрээ нь 2 талын үүрэг хүлээдэг гэрээ. Үүргийн дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн дансанд зохих мөнгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу хүү тооцож авах эрх үүссэн. Энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд хүсэл зоригоо илэрхийлж нөгөө тал хүлээн авч гэрээ байгуулсан байдаг. Анхны гэрээг 2 сарын хугацаатай байгуулахдаа хариуцагч Б.Намнансүрэн, М.Цэнджав нар ирж гарын үсэг зурсан. Үүнээс хойш 3 сарын дараа зээлийн хүүгээ төлөхгүй байсан тул удаа дараа шаардаж, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 18 500 000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэж харилцан тохиролцож баталгаа гаргуулж байсан. Өөрөөр хэлбэл энэ зээлийн гэрээгээр 22 500 000  төгрөгийг авсан гэдгээ хариуцагч нар маргадаггүй. Тооцоо нийлж 18 500 000 төгрөгийг төлөхөө ч илэрхийлж байгаа нь зээл, зээлийн хүү түүнийг баталгаажуулж байна гэж үзнэ. Иргэний хуулийн 281.1, 282.3, 282.4 зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тооцсон. Гэрээний үүргийн дагуу үлдэгдэл 18 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн гэрээний дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж зохигч маргаагүй байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн. Барьцаалан зээлдүүлэх зөвшөөрөлгүй ч гэсэн иргэд хооронд зээл өгч хүү авч болно. Зээлсэн мөнгөө цаг хугацаанд аваагүйгээс болж нэхэмжлэгч талд  тодорхой хэмжээний хохирол учирсан. Өөрсдийн хөдөлмөр хөлсөөр олсон мөнгөө Улаанбаатарт хотод 12 дугаар ангид сурдаг хүүхдээ байр авч өгнө гэж байсан боловч хариуцагч нарт итгэж мөнгөө зээлсэн. Иймд барьцаалан зээлдэх гэрээ биш иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзэж 18 500 000 төгрөгийг гаргуулахаар давж заалдах гомдол гаргаж байна” гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Адалбек тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Шүүгч тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Үндэслэх хэсэгтээ маш тодорхой хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйлчилгээ явуулдаг гэдгээ нэхэмжлэгч тал өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх үзсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3 заасан хуулийг тайлбарлаж шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ алдаа гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Авсан өгснийг буцаах хуулийн зохицуулалттай. Хариуцагчийн зүгээс 2 500 000 төгрөгийг нэмж төлсөн учраас нэхэмжлэгч О.Амараагаас буцаан гаргуулж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буяннэмэхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч О.Амараа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буяннэмэх нар хариуцагч Б.Намнансүрэн, М.Цэнджав нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 26 870 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батаа эс зөвшөөрч маргаж байна.

2а. Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “12 500 000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, Toyota Hiace маркийн автомашин барьцаалан, 10 000 000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай, 10 хувийн хүүтэй, хашаа байшин барьцаалан барьцаалан зээлдүүлэх гэрээг тус тус байгуулсан. Гэвч барьцаа хөрөнгийг шилжүүлсэн зүйлгүй. 2022 оны 3 дугаар сараас хойш зээл, зээлийн хүү төлөөгүй тул Б.Намнансүрэнгээс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 18 500 000 төгрөг төлж барагдуулна гэсэн тодорхойлолт авсан, иймд үндсэн зээлд 18 500 000 төгрөг, зээлийн хүүнд 8 370 000 төгрөг, нийт 26 870 000 төгрөгийг гаргуулна..., бэлэн бланк ашиглаж, “Хутаг шинэс” ХХК-ний тамгийг дарсан боловч Л.Буяннэмэхийн данснаас мөнгө шилжсэн, барьцааны зүйлийг шилжүүлж аваагүй иргэд хоорондын зээлийн гэрээ байсан” гэж тайлбарлаж, барьцаалан зээлдүүлэх гэрээнүүд, О.Амараа таньд хүсэлт гаргах нь гэсэн тодорхойлолт, Л.Буяннэмэхийн Хаан банкны 5284053508 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлжээ. /хх 4-20/

2б. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзлын үндэслэлээ:  “үндсэн мөнгө болох 22 500 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг Л.Буяннэмэхийн данс руу шилжүүлсэн. Сар бүр өөрийн Хаан банкны 5284122246 болон 5007101880 данснаас бэлэн бусаар 2022 оны 6 дугаар сар хүртэл шилжүүлж нийт 24 300 000 төгрөгийг төлсөн. Барьцаалан зээлдүүлэх тусгай зөвшөөрөлгүй учир хүү, алданги авах эрхгүй.” гэж тайлбарлаж, Б.Намнансүрэнгийн Хаан банкны 5007101880, 5284122246 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлжээ. /хх 48-64/.

3. Зохигчдын хооронд 2 удаагийн мөнгө шилжүүлсэн үйлдлээр нийт 22 500 000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь тэдний тайлбараар тогтоогдсон, хариуцагч 22 500 000 төгрөгийг авсан талаар болон нэхэмжлэгч 24 300 000 төгрөгийг буцаан авсан тухай мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

3а. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасны дагуу зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.

3б. Нэхэмжлэгч түүний төлөөлөгч нараас нотлох баримтаар ирүүлсэн  “Хутаг шинэс” ХХК-ний тамга дарсан, хэвлэмэл хуудас бүхий барьцаалан зээлдүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурж, нийт 14 сарын хугацаанд 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сар бүрийн 22-ны өдөр, мөн 9 сарын хугацаанд 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 23-ны өдөр сунгав гэсэн бичилт хийж, хариуцагч М.Цэнджав гарын үсэг зурсан нь зээлийн гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл барьцаалан зээлдүүлэх гэрээ О.Амараа, Б.Намнансүрэн, хамтран зээлдэгч М.Цэнджав нарын хооронд байгуулагдсан бол гэрээний сунгалт анх байгуулсан гэрээний нэгэн адил талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс ямар хугацаатай сунгаж байгаа, хүүний хэмжээ хэд байх талаар, гэрээнд оролцогч талууд гэрээний гол нөхцлийг тодорхой тохиролцож, бүгд гарын үсэг зурах хэлбэрээр гэрээний хүчин төгөлдөр байдал баталгаажих учиртай тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй.

4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасан боловч, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2“гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээг байгуулсанд тооцно гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. /Сунгалт гэсэн хэсэгт зөвхөн хариуцагч М.Цэнджав гарын үсэг зурсан байдаг./

4а. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно.” гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1“Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.”, мөн хуулийн 15.3.4-т “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;” гэж тус тус заасан.

4б. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хариуцагч талын мэтгэлцсэн үндэслэлээр зохигчдын хооронд байгуулсан барьцаалан зээлдүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх боловч, шүүх өмнө нь зээлийн харилцаатай байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн үйл ажиллагаа явуулдаг байсныг харгалзан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нараас шилжүүлсэн төлбөр авсан зээлийн хэмжээнд хүрсэн тул төлөх төлбөргүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж,  шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буяннэмэхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 250 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132/ШШ2022/00533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буяннэмэхийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Буяннэмэхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 250 450 /хоёр зуун тавин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ХҮРЭЛБААТАР

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                     

                                        ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ