| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00389/И |
| Дугаар | 157/ШШ2026/00367 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2026/00367
2026 06 04 157/ШШ2026/00367
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Г-д холбогдох “2,511,779.78 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М овогтой Г СК0000/ нь 2024 оны 11 дүгээр 07-нд 1,000,000 төгрөгийн эрх тогтоолгон 30 хоногийн хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр 141639 зээлийн гэрээ байгуулан авсан. Одоогийн байдлаар 555 хоног хугацаа хэтэрсэн. Цахим гэрээний 8 хэсгийн 8.2.2. Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ногдох хүүгийн хамтаар үл маргах журмаар төлнө. 8.2.3. Зээл зээлийн хүүг тухайн зээлийн эргэн төлөгдөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байгаа. Энэхүү гэрээний зүйл заалтыг тухайн харилцагч зөрчсөн гэж үзэж байгаа тул нийт 2,511,779.78 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж байна.” гэжээ.
Хариуцагч Б овогт Мын Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие П ББСБ-аас нэхэмжилсэн 2,511,779.78 төгрөгийг төлж барагдуулна. Төлөхөд маргах татгалзах зүйл байхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь хариуцагч М.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,511,779.78 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.Г нь 2,511,779.78 төгрөгийг “П ББСБ” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны шилжүүлгийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,511,779.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,511,779.78 (хоёр сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун далан есөн төгрөг, далан найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,138 төгрөгийн тавин хувь 27,569 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,569 төгрөгийг, хариуцагч М.Г-ас улсын тэмдэгтийн хураамж 27,569 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,511,779.78 (хоёр сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун далан есөн төгрөг, далан найман мөнгө) төгрөгийг хариуцагч М.Г нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,138 төгрөгийн тавин хувь 27,569 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,569 төгрөгийг, хариуцагч М.Г-ас улсын тэмдэгтийн хураамж 27,569 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР