Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/02003

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/02003

 

 

,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01987 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,, ХХК, /РД6262473, захирал ,,,,,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

Гэрээний стандарт бус нөхцөл болох 21 дүгээр заалтыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан гэрээний стандарт бус нөхцөл болох 21-р заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаарджээ. ,,,,,,,,,,,, ХХК нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийн дагуу нүүрсний тээврийн хүндрэлийг арилгах, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Тээвэрчдийн хотхон байгуулах төслийн санхүүжилтэд зориулан ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ББГ-2019/ЗГ/26 тоот болон нэмэлт гэрээг байгуулж 1,650,000,000 төгрөг зээлсэн. Одоогоор, манайх нийт уг зээлээс 1,085,193,279 төгрөгийн төлөлт хийгээд байна. Уг төслийн санхүүжилтийг Хөгжлийн банкаас олгохоор Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны №01 тоот албан даалгавраар шийдвэрлэж, 2019 оноос ажил эхэлсэн боловч 2020 оноос одоог хүртэл санхүүжилт тасалдсан төлбөрт хамгийн хүндээр туссан. Улмаар 2020 оноос ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ны санхүү, эдийн засгийн байдал хүндэрч, үйл ажиллагаа тасалдаж эхэлсэн нь манай үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлсөн. Гэсэн хэдий ч, төслийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт, гэрээний бусад хэрэгжилтийн талаар талууд харилцан ойлголцож, тухай бүр зөвшилцөж, харилцан хүлээцтэй хандаж, талуудын эрх ашгийг харгалзаж үзсэн шийдвэрүүд гаргаж ирсэн. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээлэгч тал болох ,,,,,,,,,,,, ХХК-д мэдэгдэхгүй зээлдэгч талын эрх үүргийг гуравдагч тал болох ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-нд шилжүүлжээ. Харин бидэнд 5 хоногийн дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас ГЗ/1259 тоот албан бичгээр манай гэрээний дагуу үүссэн үүрэг гүйцэтгэгчийн бүхий л шаардах эрхийг ,,,,,,,,,,,,,,,,,,,-д шилжсэн болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн. Гэрээний 21-р заалтыг бидний зүгээс хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ байгуулснаас хойш 21-р зүйл заалт хүчин төгөлдөр эсэхийг шалгах бүхэл бүтэн 3 жилийн хугацаа байсан. Зээлийн графикаас харахад зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох ёстой байсан. Гэтэл манайх зээлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Хугацаандаа зээлээ төлөөд дуусгасан бол тус харилцаа үүсэхгүй. Бид өөрсдийн харилцагчийн төлбөрийг барагдуулахын тулд бүх боломж нөөцийг ашиглаж бусад этгээдэд шилжүүлсэн. ,,,,,,,,,,,, ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй компани юм. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-дахь хэсэгт аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй иргэнтэй байгуулахаар санал гаргаж байгаа тал дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна. 21-р зүйл заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулаад үүсэх үр дагаврыг өөрсдөд ашигтай байдлаар ашиглана гэвэл аль ч шүүх хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК-ийн гэрээний стандарт бус нөхцөл болох 21-р заалтыг хүчингүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг маргааны талаар хуульд заасан дүгнэлт бүхий шийдэл гаргаагүй, эрх зүйн харилцааг бүрэн тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн зөрчигдсөн буюу маргаантай эрхийг сэргээх, түүнийг зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, маргааны талаарх хууль хэрэглээний үр дүн болсонгүй гэж үзэж давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргасан.

Төслийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт, гэрээний бусад хэрэгжилтийн талаар талууд харилцан ойлголцож тухай бүр зөвшилцөж, харилцан хүлээцтэй хандаж, талуудын эрх ашгийг харгалзаж үзсэн шийдвэрүүд гаргаж ирсэн

",,,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зээл, ипотекийн тусгай эрхийн дагуу олгогдсон зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг. Барьцаагаар баталгаажуулж олгосон зээлийн тусгай зохицуулалт бүхий шаардах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх эрх байхгүй юм. Банк энэ хуулиар зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан тохиолдолд тусгай үйлчилгээг үзүүлж болно гэж заасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний асуудал зохицуулагддаг. Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэдгийг гэрээнд маш тодорхой заасан. ",,,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК болон ",,,,,,,,,,,," ХХК нарын хүсэл зоригоор гэрээ байгуулагдсан. Гуравдагч этгээд оролцуулаагүй. Үндсэн гэрээ болох зээлийн үүргийн баталгаа болгож, барьцааны хэлцэл 4-5 этгээдтэй мөн хуульд заасан хэлбэрээр хийгдсэн. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК манайхаас болон барьцаа баригч нарыг хариуцагчаар татан, зээлийн гэрээний үүрэг болон ",,,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүрэг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа, энэ талаар хариуцагч 2 хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасныг энэ хэрэгт шүүх хангалгүй үлдээж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан байгаагаар нотлогдоно.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан.

Зээлийн гэрээний 21-д "Энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Зээлдүүлэгч өөрийн үзэмжээр, хэдийд ч бусдад шилжүүлж болно." гэсэн нь, гэрээний тэгш байдал алдагдсан нөхцөл болсон.

Зээлдүүлэгч зөвхөн өөрийн үзэмжээр, хэдийд ч, бусдад гэрээний эрх, үүргээ өөрөө, шилжүүлнэ гэсэн энэ 4 нөхцөл нь, 2 талын гэрээний үүрэг хүлээгчид үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэх, тохиролцсон болзлын эсрэг, үүрэг гүйцэтгүүлэгчийн хувийн байдалтай холбоотой харилцан буулт зөвшилцөл хийх тохиролцоо, тухайлбал 3-р зүйлд заасан гэрээний ерөнхий болон гол нөхцөл болох төлөлт тооцоолох, мөн гэрээний зөрчил тооцох, үр дагавар шийдэх, давагдашгүй хүчин зүйл тооцоолох зэрэг тохиролцсон гэрээний үндсэн нөхцөлүүд биелэх боломжгүй болсон.

Гэрээгээр, гуравдагч этгээд зээлдүүлэгч талын оронд түүнтэй адил эрхтэйгээр тухайн гэрээний харилцаанд оролцохоор заасан буюу оролцох бололцоотой байхаар тохиролцоо байхгүй юм.

Гэрээнд оролцоогүй, гэрээний гол нөхцөлийн талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй, огт мэдэхгүй этгээд гэрээний үүргийг өөрийнхөөрөө тооцоолон бидэнд шаардлага гаргаж, мөн барьцааны эрх үүрэг огт шилжээгүй байхад барьцааны шаардлагыг өөрийн дурын тооцоолсон дүнг хангуулахаар нэхэмжилж, барьцаа бариулагчийн эрх үүрэг, барьцаа баригчийн шаардлага биелүүлэх, мөн шаардах эрх нь ноцтой зөрчигдөж, зээлийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, буцаан төлбөрөө төлж дийлэнх үүргээ биелүүлж ирсэн зээлдэгчид, түүнээс шалтгаалахгүй бий болсон хөндлөнгийн нөхцөлөөр төлөлтөд саад хүндрэл гарч ялимгүй зөрчсөн үед хэлэлцэн тохиролцсон байсан гэрээний нөхцөлүүд биелэгдэхгүй болж, үндсэн 2 талын гэрээний нэг талын эрх ашгийг хохироосон үйлдэл бий болсон.

Гэтэл Зээлийн гэрээний 4.11 дэх заалтад зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ зээлдүүлэгчийн урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхгүй гэж заасан нь 2 талын хүсэл зориг, гэрээний тэгш, шударга, чөлөөт байдлын зарчим алдагдсан.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 .Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.,

Мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.4 дэх хэсэгт дор дурдсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээд санал гаргагч талын оронд түүнтэй адил эрхтэйгээр тухайн гэрээний харилцаанд оролцохоор заасан буюу оролцох бололцоотой байхаар тогтоосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна; Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.4.2-т нөгөө талд дангаар гэрээг цуцлах эрх олгосон.гэж зааснаар, маргаж буй зээлийн гэрээний 21-р заалт нь гэрээний талуудын хэлцлийн гол нөхцөлүүд, харилцан итгэлцэл, зөвшилцөл алдагдсан, нэг талын эрхийг зөрчсөн, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч ,,,,,,,,,,,," ХХК- д хохиролтой, стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал шаардлага байхгүй байхад нэг талд дангаар гэрээг цуцлан гэрээнээс гарах эрх олгосон тул уг нөхцөл хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Гэрээний 21 дэх заалтыг гэрээнд тусгах зориулалт шаардлагыг тодорхойлоогүй, ойлгомжгүй, энэ талаар хариуцагч ямар нэг мэтгэлцээн хийгээгүй, баримт гаргаагүй тул бусдад зээлийн гэрээний эрх үүргээ шилжүүлэх шаардлага үндэслэл байхгүй байсан гэж үзэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үндэстэй.гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдээгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. гэж зохицуулснаар хэлцлийн зорилт хангасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр, энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж заасан, гэрээний талуудын эрхийг зөрчиж, хүчин төгөлдөр гэрээний хүсэл зоригийн илэрхийллийг хууль бусаар өөрчилсөн, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшилсан тус Зээлийн гэрээний 21 дэх заалт "Энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Зээлдүүлэгч өөрийн үзэмжээр, хэдийд ч бусдад шилжүүлж болно."гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт:

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 21 дүгээр заалтыг стандарт бус нөхцөл гэж маргаж байх боловч нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, зөрчилтэй гэж үзнэ.,

...Нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлдээ зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл буюу шаардах эрхээ тодорхойлсон байх тул гэрээний стандарт бус нөхцөл болох 21-р заалтыг хүчингүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлдээ зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл буюу шаардах эрхээ тусгасан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тусгаж нэхэмжлэлээ дахин гаргаж болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ",,,,,,,,,,,," ХХК-ийн гэрээний стандарт бус нөхцөл болох 21-р заалтыг хүчингүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв ...гэсэн нь маргааны эрх зүйн үйл баримт, түүнд эрх зүйн дүгнэлт хийгдээгүй гэж үзэж байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг ханган, ,,,,,,,,,,,," ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ББГ-2019/ЗГ/26 дугаар Зээлийн гэрээний 21 дэх заалт "Энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Зээлдүүлэгч өөрийн үзэмжээр, хэдийд ч бусдад шилжүүлж болно."гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/882022/01987 дугаартай шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд шүүгч нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой судалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд зааснаар тодорхойлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гэрээний 21-р заалтыг хуулийн ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаагаа тодорхойлоогүй тул хариуцагч тухайн нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргахдаа тодорхой хуулийн тайлбар хэлэх боломжгүй байсан. Үүнийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн мэтээр тайлбарлах нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан гэрээний стандарт бус нөхцөл болох 21-р заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах баримт авагджээ. Үүнд:

3.а. Зохигчид 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр № ББГ-2019/ЗГ/26 дугаар зээлийн гэрээ байгуулж, 1,500,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч зээл, хүүг хавсралтад заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн./хх4-6/

Нэхэмжлэгч нь хариуцагч буюу зээлдүүлэгчээс 1,500,000,000 төгрөгийг шилжүүлэн авсанд маргаангүй.

3.б. Зээлийн гэрээний 21-т энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ зээлдүүлэгч өөрийн үзэмжээр хэдийд ч бусдад шилжүүлж болно гэж заасан бөгөөд хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д гэрээний дагуу шаардах эрхээ шилжүүлсэн талаар нэхэмжлэгчид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн үйл баримтын хувьд талууд маргахгүй байна.

 

4.Зохигч дээрх гэрээний 21-р заалтыг хүчин төгөлдөр эсэхэд маргасан.

4.а. Мөн нэхэмжлэгч нь маргааны үйл баримтад дүгнэлт хийгдээгүй гэсэн агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч нь Зээлдүүлэгч зөвхөн өөрийн үзэмжээр, хэдийд ч, бусдад гэрээний эрх, үүргээ өөрөө, шилжүүлнэ гэсэн нөхцөл нь, 2 талын гэрээний үүрэг хүлээгчид үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэх, тохиролцсон болзлын эсрэг, үүрэг гүйцэтгүүлэгчийн хувийн байдалтай холбоотой харилцан буулт зөвшилцөл хийх тохиролцоо, тухайлбал 3-р зүйлд заасан гэрээний ерөнхий болон гол нөхцөл болох төлөлт тооцоолох, мөн гэрээний зөрчил тооцох, үр дагавар шийдэх, давагдашгүй хүчин зүйл тооцоолох зэрэг тохиролцсон гэрээний үндсэн нөхцөлүүд биелэх боломжгүй болсон.

Гэрээнд оролцоогүй, гэрээний гол нөхцөлийн талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй, огт мэдэхгүй этгээд гэрээний үүргийг өөрийнхөөрөө тооцоолж, барьцааны эрх үүрэгт огт шилжээгүй байхад барьцааны шаардлагыг өөрийн дурын тооцоолсон дүнг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ

4.б. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт хууль, гэрээ буюу үүргийн мөн харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан.

Хэргийн баримтаас үзэхэд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн № ББГ-2019/ЗГ/26 дугаар зээлийн гэрээний эрх үүрэг ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д шилжсэн, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК гэрээний тал биш болсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. Нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн зөрчигдсөн, эрх зүйн хамгаалалтын хуулиар тогтоосон ямар журмыг шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

Хэрэв эрх шилжүүлсэн, эрхийг хүлээн авсан талуудын үйлдэл, ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д шилжсэн гэрээнээс тодорхой заалтыг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох бол үүрэг гүйцэтгүүлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр байна.

Хэрэв гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа бол үр дагавар нь тодорхойгүй байна.

4.в. Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл бүхий хэрэгт энэ хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй талаар гомдол гаргажээ.бубу

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно гэж заасан. Өөр өөр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэд хэдэн хэргийг нэгтгэхийг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээний нөхцөлийг стандарт, стандарт бус гэж хольж тайлбарлаж байгааг тодруулах, хэргийн үйл баримтыг тогтоох нь зүйтэй юм.

 

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/01987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД