| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/00140/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 146
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт Баатарын Пүрэвжавд холбогдох эрүүгийн 1826002360150 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,******* овгийн Б.П
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын Онги 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч О.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын “Онги” 8 дугаар багийн нутаг дэвсгэр, зүүн хорооллын зүүн талын хөмөгнөөс нэг тооны хээр зүсмийн гүү туугаад морьтой сумын төвийн гудамж руу орж байтал гудамжинд айлын гадаа хүмүүс байсан. Тэгээд хажуугаар нь өнгөртөл араас 2 хүн дуудахаар нь очиход Т нь надаас тамхилчих гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд хөдлөх гэсэн чинь намайг буугаад ир гээд морины цулбуураас бариад авахаар нь би нэг алгадчихаад морио гуядсан. /давхисан/ Тэгсэн араас тэр залуу мотоцикльтой хөөгөөд би гудамжны үзүүр рүү зугтахад гудамжны үзүүрт араас мотоцикльтойгоо ирээд зогс гэж орилоод араас мөргөсөн. Би морьтойгоо давхар ойчсон. Ойчоод босох хооронд тэр хоёр мотоциклиосоо бууж ирээд, толгой руу өшгичөөд эхэлсэн. Тухайн үед би зодуулсандаа хэсэг манарсан. Нэг мэдэхэд мотоцикльтойгоо тэр 2 морь хөөгөөд холдуулчихсан байсан. ...Зодуулсан газраасаа босоод байж байтал манай эмэгтэй дүү Ч гудамжны зүүн үзүүрээс морь хөтлөөд ирсэн. ...ээж сурагчийн овоон дээрээс намайг зодуулж байхыг дурандаж хараад дүүг явуулсан байсан. Би огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Нөгөө 2 залуу халамцуу байх шиг байсан. ...Үдээс хойш уулын толгойн сүүдэр бууж байх үед л хэрэг болсон. Ойролцоогоор 17-18 цагийн үе байсан. ...Миний мэдэхийн П өшиглөж байсан. Т-г би цохисон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед газарт нүүрээ дараад хэвтэж байсан. Хамт зодсон байх л гэж бодсон. ... Би П-тай эвлэрсэн, хохирлоо барагдуулж авсан болохоор надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Гэрч А.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг болох үед хүү М-г сумын төвийн зүүн талын гол руу нэг туранхай хээр гүү ус уух гээд явсныг авчруулахаар явуулаад охин О.Ч-н хамт сумын төвийн баруун захад байх сурагчийн овоон дээр гараад гол руу дурандаад сууж байсан. Тэгээд хүү М шарга морьтойгоо гүүгээ туугаад сум руу М-н гудамжны араар ороод явж байтал тод ягаан дээлтэй, цагаан мотоцикльтой хоёул /сундалсан хүн ард нь байгаа хүн нь бараан хувцастай байсан/ эрчтэй давхиж очоод М-г гудамж сүлжүүлээд мотоциклиороо хөөгөөд усан бууны том төмөрний араар мотоцикльтойгоо М-г зугтаагаад орсны дараа араас нь ороод хөөж гаргаж ирээд тэрний хажуу талд мотоцикльтойгоо морийг нь дайрч унагаад манай хүүг зодож байгаа нь харагдсан. Би яадаг хүмүүс вэ хүүхэд аллаа шүү дээ гэж орилоод хамт явсан охиноо түрүүлж гүйлгээд өөрөө араас нь явсан. ...Тэр хүмүүс намайг явж байтал морийг нь хөөгөөд гудамжаар гараад ирсэн. Тэгээд харсан чинь ард манай том хүү П мордчихсон морийг нь барьж авах гээд явсан. Би "яагаад байгаа юм бэ нэгийг нь алах гээд байхад, ямар улсууд байна" гэхэд “Ц ахын хүргэн П, Т хоёр л байна” гээд морийг нь хөөгөөд барьж чадаагүй манай охин өмнөөс нь гарч ирээд морийг нь барьсан. М нүүр нь цустайгаа холилдсон битүү хавдартай болчихсон ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дугаар хуудас/,
Гэрч Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний орой 18-19 цагийн орчимд шарга морьтой согтуу хүн хашаа руу давхиж орж ирээд гэрийн ард урдуур яваад байсан. Араас нь мотоцикльтой П, Т хоёр ирэхээр нь би “...Т-г аашлаад юу болоод согтуу хөлчүү хүн орж ирээд байгаа...” юм гэсэн чинь Т “... шарга морьтой хүнийг хөтлөөд хашаагаар гараад явсан. Морьтой хүн нь өгсөөд явсан. Араас нь Т, П хоёр давхиад явсан. Эргээд шарга морьтой хүн буцаад гудамж уруудаж орж ирээд манай урд усан бууны бункерийн дэргэд морьтойгоо давхраараа уначихаж байсан. Морьтой явсан хүн нь нүүр ам нь улаан нялцгай болчихсон босоод явсан. Т, П нар мориных нь араас хөөцөлдөөд явж байсан. Тэгээд тэд нар гудамж өгсөөд явчихсан. ...Тухайн үед мотоцикль мөргөөгүй. Би тухайн үед хашаан дотроо засвар хийгээд том хаалга онгорхой байсан. Хүн зодсон эсэхийг мэдэхгүй. Намайг харахад хүн зодоод байгаа харагдаагүй. ...Манай ковшчин Д, Б, Ж, Ж, А, Б гээд хүмүүс хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би он, cap, өдрөө санахгүй байна. ******* сумын төвд мотоцикльтой ганцаараа орж ирчихээд буцахдаа П-тай таараад гэрт хүргээд өг гэхээр нь сундлаад “Баяжих” дэлгүүрийн арын гудамжинд явж байтал П цагаан мотоцикльтой унасан, ард нь Т сундалчихсан зогсож байсан. Уулзаад мэнд мэдэлцээд байж байтал М шарга морьтой хүрээд ирсэн. Ирээд мэнд мэдэлцээд удаагүй байтал юунаас болсныг нь мэдэхгүй П-г морин дээрээсээ гараараа шавхуурдчихаад давхиад явчихсан. Араас нь П мотоцикльтой хөдлөөд хөөсөн. Т мотоциклиос буугаагүй байсан юм. Тэгээд гудамжаар давхиад нэг онгорхой хашаа руу морьтойгоо орсноо буцаад гараад ирсэн. Тэгээд гудамж өгссөнөө буцаж уруудаж давхиад араас нь П мотоциклиороо мөргөөд унагачихаж байсан. Морь нь газар унаад босохдоо хөл нь доголсон байдалтай давхиад явчихсан. Араас нь П бид хоёр мотоцикльтой морийг нь барьж авах гээд явсан. Тэд нар дээр очоогүй хажуугаар нь өнгөрөөд явахад П нь М нүүр рүү 2 удаа өшиглөөд авч байсан. М нүүрнээс нь цус гарчихсан байсан. Т цохиж зодож байгаа харагдаагүй. Бид хоёр мориных нь араас хөөгөөд гудамж тойроод явж байтал Мөнхчулууны дүү нь өмнөөс ирээд морийг нь барьж аваад ах руугаа явсан. Ээж нь замд таараад П-г загнаад байсан. Би П-г гэрт нь хүргэж өгчихөөд ганцаараа хөдөө гэр лүүгээ харьсан. Ахиж тэд нартай таараагүй...” /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Т.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш 16-17 цагийн үед ******* сумын “Онги” 8 дугаар багт Б гэх хүний хашаан дотор уурхайн техник хэрэгслүүд янзлаад сууж байтал хашааны том хаалгаар шарга морьтой нэг согтуу хүн давхиад ороод ирсэн. Араас нь мотоцикльтой 2 хүн ирээд нэг дээлтэй хүн нь орж ирээд хөтлөөд гаргасан. ...Би тэнд засвар хийж байсан гудамжнаас гарч хараагүй. Ковшны тэндээс том хаалгаар харж байсан...” /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч Г.В-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш 16-17 цагийн үед ******* сумын “Онги” 8 дугаар багт Б ахын хашаан дотор уурхайн техник хэрэгслүүдээ янзлаад сууж байтал хашааны том хаалгаар шарга морьтой нэг согтуу хүн давхиад ороод ирсэн. Араас нь мотоцикльтой хүн ирээд хүүхэд дайрлаа наад морьтой хүнээ гарга гэхэд цулбуурнаас нь бариад гаргасан. Тэгээд морьтой хүн нь дээшээ гудамж өгсөөд давхиад араас нь мотоцикльтой ирсэн хүн нь хөдлөөгүй байхад буцаж эргэж давхиад бункер байсны урд ойччихож байгаа харагдсан. Өөр юм би хараагүй...” /хх-ийн 38-39 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №361 дугаартай: “... О.М биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, баруун чамархайн хэсэгт шарх, баруун зүүн чамархай, зүүн гарын сарвуу, хуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй. Гоо сайханд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хүч үйлчилсэн тоог нарийвчлан тогтоох боломжгүй. ... Дээрх гэмтлүүд нь хүний болон мориноос үеийн аль алинаас нь үүсэх боломжтой, гэмтлүүд. Нарийвчлан ялгаж зааглаж тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч А.Д, Г.В нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.П-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.П-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 75, 80, 97-101 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын “Онги” 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.М-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.П-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт, мөрдөн байцаалтан шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч “... О.М шүүгдэгч Б.П-д зодуулсан талаар...” мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/, гэрч А.Д-н “...Хохирогч О.М-г зодуулсан болохыг харсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Б.Эр-н “... шүүгдэгч Б.П хохирогч О.Мө-г зодсоныг харсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч М.Б, Т.А, Г.В нарын мэдүүлэг /хх-ийн 27-28, 36-37, 38-39/, гэрч А.Д, Г.В нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-ийн 40/, Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “... Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хүч үйлчилсэн тоог нарийвчлан тогтоох боломжгүй. ... Дээрх гэмтлүүд нь хүний болон мориноос үеийн аль алинаас нь үүсэх боломжтой, гэмтлүүд. Нарийвчлан ялгаж зааглаж тогтоох боломжгүй талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/, шүүгдэгч Б.П-н үйлдлийн улмаас хохирогч О.М-д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №361 дугаартай дүгнэлт /хх-ийн 43/ зэрэг болно.
Шүүгдэгч******* овогт Б.П-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Б.П-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.П-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт Б.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч******* овогт Б.П-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвжавд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч. хохирогч. тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.