Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 610

 

                                                  С.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд, хохирогч Ч.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1056 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1070 дугаар магадлалтай С.Э-д холбогдох эрүүгийн 1906044391971 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1996 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн Б овогт С-ын Э

С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хүүхдийн барьж байсан гар утас булааж авлаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь цохих, ноцолдох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1056 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Э-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээ зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар өмнөх шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 Хохирогч Ч.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж 1070 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуульд заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь шүүгдэгч С.Э-ны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдалд тохироогүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдож, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь энэ хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас үүдэлтэй бөгөөд хохирогч Ч.Батзоригийн /шүүгдэгч С.Э-ны охиноос гар утас булаасан/ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2006021781549 дугаартай эрүүгийн хэрэг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэхээр хянагдаж байгаа болно. Энэ талаарх нотлох баримтууд анхан шатны шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан болно.

Мөн шүүгдэгч С.Э нь эхнэр, 0-2 насны 2 хүүхдээ тэжээхийн тулд “Хүчит шонхор” худалдааны төв дээр өдөр бүр цаг наргүй тэрэг түрж, өөрийн хүч хөдөлмөрөөрөө гэр бүлээ авч явдаг, энэ хэрэг дээр 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 жил 7 сарын хорих ял шийтгүүлэн хоригдож байхад бага хүүхэд нь төрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Жавзмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний хувийн байдалд тохироогүй гэж үзсэн нь үндэслэлтэй. С.Э нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж, тэнсэн харгалзах ялтай байх хугацаанд энэ хэргийг үйлдсэн. Удаа дараа гэмт хэрэг үйлдэж буй хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, торгох ял оногдуулж буй нь эрүүгийн хариуцлагын бодлогод нийцэхгүй. С.Э үйлдсэн хэрэгтээ гэмшсэн бол дахин гэмт хэрэг үйлдэхгүй байсан. Анхан шатны шүүх торгох болон хорих ялын доод хэмжээг оногдуулсан үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй. Хохирогч идэр насны залуу мэт харагдах боловч өөрийгөө илэрхийлэх, бусадтай харьцахдаа нээлттэй хүн биш юм. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд дарамтанд орсон гэж үзэж байна. Мөн хохирол төлөгдөөгүй байхад төлөгдсөн мэт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулаагүй, ял хөнгөдсөн, хор уршиг арилаагүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Ч.Б-ийн хүүхдийн гараас гар утас булаасан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж бөгөөд энэ хэрэгт нэгтгэн шалгах ёстой гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1070 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1056 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүний биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэрийн хашаанд хохирогч Ч.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнд хүч хэрэглэн халдсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоожээ.

Ийнхүү хүч хэрэглэн халдсан С.Э-ны үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлын талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шинээр ял оногдуулахдаа шүүх мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгыг хангахуйц ялыг энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон хүрээнд, уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзсэнээр тухайн зүйл, хэсэгт заасан ямар төрөл, хэмжээний ялыг сонгох нь шүүхийн бүрэн эрх билээ.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гурван төрлийн ялаас хорих ялыг сонгож, ялын хэмжээг энэ зүйл, хэсэгт заасан 6 сарын хугацаагаар тогтоох нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон хэмээн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дүгнэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан С.Э-ны үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож хэрэглэсэн, ийнхүү шийдвэрлэхдээ мөн зүйл, хэсэгт заасан хэмжээг баримталсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй хэмээн хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж болох зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ бөгөөд хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзвэл шүүх уг асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд энэ тохиолдолд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсгүүдэд заасан журмын дагуу явуулна.

Торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврын талаар шүүгдэгчид сануулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн гэхээс шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг тул энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй орхигдуулсныг хууль зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь бүхэлдээ үндэслэл муутай гэж хяналтын шатны шүүх дүгнэж, магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1056 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1070 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН