Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 05

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 123/Ш2017/0005

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                     Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа би тус аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын даргад холбогдуулан иргэн Л.Мэнд-Амараас ирүүлсэн “Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Р.Мөнхбатад нэр дэвшигч миний биеийг багийн Засаг даргаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг даалгах, Л.Мэнд-Амарыг багийн Засаг даргаар томилохоор эрх бүхий албан тушаалтанд уламжлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын сарын 08-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Мэнд-Амар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лувсангомбо овогтой Мэнд-Амар би 2016 оны 12-р сарын 17-19-ний өдрүүдэд Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3-р багийн засаг даргын сонгуульд нэр дэвшсэн. 2017 оны 12 дугаар сарын 19-нд 3-р багийн нутаг дэвсгэр Зана-н өвөлжөөнд 3-р багийн иргэн Ц.Баасанжавын саравчинд багийн ИНХ хуралдаж хаалт хийсэн. Сонгуулийн хорооны даргаар Бүрэн сумын Тамгын газрын дарга Т.Түвшинбат, нарийн бичгээр газрын даамал Б.Өлзийтунгалаг, 3-р багийн хуучин ИНХ-н дарга Д.Батмөнх нар ажилласан. Санал хураалт дууссаны дараа хайрцгийг задлаж саналын хуудсыг Т.Түвшинбат, Б.Өлзийтунгалаг, иргэдээс Д.Чинзориг нар тоолж нийт 74 сонгогч саналаа өгсөн. Ц.Лхагва 40, Л.Мэнд-Амар 34 санал авсан. 3-н өдрийн санал хураалтын дүнгээр нийт 278-н сонгогчоос Л.Мэнд-Амар 139 санал авч 50 хувьтай, Ц.Лхагва 127 санал авя 45.6 хувьтай, Ө.Доржготов 12 санал авч 4,3 хувийн санал авсан гэж протокол үйлдэн хуралд ирсэн сонгогчдод зарлаад Т.Түвшинбат би Төв аймгаас утасдаж асуулаа 50 хувиар сонгогдох боломжгүй саналаа өгөөгүй багийн бусад иргэдийг цуглуулж санал хураалтыг дуусга гэж байна гээд сонгогчдод зарласан. Иймээс тус сонгуулийн дүнгээр нэр дэвшигч Л.Мэнд-Амар миний бие 50 хувийн санал авсан. Гэвч Монгол 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Р.Мөнхбат нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг зөрчин намайг багийн Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжлахгүй байна. Мөн тэр талаар ямар нэгэн эрх зүйн акт гаргахгүй байгаагаас нэр дэвшигч миний бие багийн Засаг даргад томилогдох эрх зөрчигдөж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Р.Мөнхбат шүүхэд ирүүлсэн  тайлбартаа: Өрнөх овогт Лувсангомбын Мэнд-Амарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах шийдвэр гаргаж байна. Үүнд: Төв аймгийн Бүрэн сумын 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурал байгууллагдсанаас хойш анхдугаар хуралдаан хийгээгүй. Мөн 3 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн Л.Мэнд-Амар, Ц.Лхагва нарын асуудлыг хэлэлцээгүй. Нэхэмжлэгч Л.Мэнд-Амарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрч байна. Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан шийдвэрийг Засаг даргад уламжлах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Бүрэн сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Р.Мөнхбат нь нэхэмжлэгч Л.Мэнд-Амарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргажөгсөн төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаварын талаар танилцаж зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн Л.Мэнд-Амарын гаргасан нэхэмжлэлтэй Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын даргад холбогдох “Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Р.Мөнхбатад нэр дэвшигч миний биеийг багийн Засаг даргаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохыг даалгах, Л.Мэнд-Амарыг багийн Засаг даргаар томилохоор эрх бүхий албан тушаалтанд уламжлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бүрэн сумын Монгол 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч иргэн Л.Мэнд-Амарт олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

                

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ХАЖИДМАА