Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0651

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0651

   Улаанбаатар хот

 

 

“И к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0652 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0652 дугаар шийдвэрээр: Хулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэгчийн “И к” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан улсын байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаарлдага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэлээ Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэсэн заалтыг баримталжээ. Хуулийн дээрх заалт нь зөвхөн 50-иас дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид хамааралтай заалт гэж үзэж байна.

“И к” ХХК-ийн 37.5 хувийг Д.Т, 12.5 хувийг Д.О, 50 хувийг Г.Г тус тус эзэмшдэг бөгөөд 50-иас дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч “И к” ХХК-д байдаггүй.

Иймд анхан шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас хувьцаа эзэмшигч Г.Г-т хувьцаа эзэмшигч компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг 2018 оны 01 дүгээр сэрын 18-ны өдөр буюу хурал болох өдрөөс 6 хоногийн өмнө түүний гар утсанд мессеж хэлбэрээр хүргүүлсэн боловч хариуд нь /асуултын тэмдэг/ ирүүлсэн байдаг.

Анхан шатны шүүхээс боломжит хугацаанд мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0652 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “И к” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн “И к” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 200 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээг өөрчилж бүртгүүлэхээр ... “И к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлын тогтоол зэргийг ирүүлсэн... энэ өдрийн хуралд 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г оролцоогүй байдаг ...иймд “И к” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ...тогтоолд үндэслэн бүртгэл хийх боломжгүй” гэж тайлбарласан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 он/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 19.1.2-т “Үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хуульд заасан шаардлага хангаагүй” гэж заасан тул “И к” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолоор баталсан дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “И к” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлын тогтоол гарахаас өмнө тус компанийн нийт хувьцааны 50 хувийг Г.Г, 37.5 хувийг Д.Т, 12.5 хувийг Д.О эзэмшиж байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн  ээлжит бус хурлаар компанийн хөрөнгийн хэмжээг 200.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, компанийн хувьцаа эзэмшигчид ногдох хувь хэмжээг Д.Т 47.31 хувь, Г.Г 40 хувь, Д.О 12.69 хувь байхаар өөрчлөн тогтоосон байх бөгөөд уг хувьцаа эзэмшигчдийн хуралд 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г оролцоогүй болох нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”,  69.3-т “Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно” гэж хуульчилсан.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд компанийн 50-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хурал хүчинтэйд тооцогдохоор, 50-аас дээш хувь хүрээгүй тохиолдолд уг хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай компанид 50 хувиас дээш хувьцаа эзэмшигч байхгүй учраас хурлыг хууль бус гэж үзэхгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, тухайн хуралд оролцсон 2 хувьцаа эзэмшигчийн нийт хувь нь 50-аас дээш биш учраас хурлыг хууль бус гэж үзэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 он/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.3 гэсэн заалтыг нэмсэн өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0652 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...23.1.3...” гэсний дараа “Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.3...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ