Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/0421

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/0421

Улаанбаатар хот

С.Г-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх

дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн

Газар зохион байгуулалтын албанд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:       Г.Банзрагч

М.Батсуурь

Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа    

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжийн С.А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох,

2. С овогтой Г-гийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 26-634 хаягтай 18649309116785 /1331401102/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргахыг даалгах;

3. С овогтой Г-гийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 26-634 хаягтай 18649309116785 /1331401102/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын кадастрын зургийг иргэн С.Г-гийн нэр дээр мэдээллийн санд оруулахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0417 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 530 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Э,    

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.С нарыг оролцуулж,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б, гуравдагч этгээд С.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0417 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-гээс нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсэг, мөн нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжийн С.А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, С овогтой Г-гийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 26-634 хаягтай 18649309116785 /1331401102/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамж гаргахыг даалгах, С овогтой Г-гийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 26-634 хаягтай 18649309116785 /1331401102/ нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, уг газрын кадастрын зургийг иргэн С.Г-гийн нэр дээр мэдээллийн санд оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 530 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны  12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжийн С.А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 26-634 хаягтай 700 м.кв газрыг эзэмших эрхийг сунгаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих хуульд заасан журмын дагуу сунгахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, мөн дүүргийн Газрын албаны С.Г-гийн эзэмших эрх бүхий дээрх газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүйг хууль болохыг тогтоож, зохих журмаар бүртгэхийг даалгасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:       

3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “С.Г-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 530 дугаар магадлалыг эс зөвшөөрч байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Гомдлын шаардлага: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 530 дугаар магадлалыг хүчингүй болгуулах, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлүүлэх.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

6. Гомдлын үндэслэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

7. Анх иргэн С.Г-д дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 70 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 26-634 тоот хаягт газар эзэмших эрхийг нэг жилийн хугацаатай олгож шийдвэрлэсэн.

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.1.3, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болохоор зохицуулсан. Энэ дагуу дүүргийн Засаг дарга шийдвэр гаргахдаа газрыг 15 жил дотроо багтаан, түүнээс бага хугацаагаар газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт зааснаар гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх ерөнхий зохицуулалттай.

9. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1 дэх заалтад “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж тус тус заасны дагуу газар эзэмшигчийн үүрэг болон газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийг зохицуулсан байна.

10. Гэтэл нэхэмжлэгч С.Г нь 2013 оны 07 дугаар сарын 23-нд дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучин нэрээр/-нд газар эзэмших эрхээ сунгуулахаар хүсэлт гаргасан байна. Тодруулбал нэхэмжлэгчийн газар эзэмших эрх 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч 2013 онд буюу 8 жилийн дараа газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулсан. Ингэхдээ маргаан бүхий газраас гадна дүүргийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар дүүргийн 12 дугаар хороо, Чулуут 6-144 тоот хаягт эзэмшсэн газрыг мөн сунгуулах хүсэлт гаргаж байсан буюу нэхэмжлэгч нь тус дүүргийн 12 дугаар хороонд нийт 1.55 га газрыг эзэмших хүсэлт гаргасан.

11. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасны дагуу иргэнд 0,07 га газраас илүү газар эзэмшүүлэх бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ёстой.

12. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж заасны дагуу иргэн болгонд тэгш эрхтэйгээр 0,07 га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зарчмыг баримталдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч С.Г нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж үзсэн нь дээрх зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна.

13. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 530 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

14. Гуравдагч этгээд С.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Иргэн С.Г-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээд С.А би Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 530 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

15. Иргэн С.Г нь өөрөө болон өөрийн хамаатан садан нь огт амьдарч байгаагүй газрыг үндэслэлгүйгээр 1 жилийн хугацаатай эзэмших эрх олж авсан.

16. Эзэмших эрхийн гэрчилгээ нь нөхөн олгов гэсэн тамгатай байх бөгөөд эх хувь мөн болох нь тогтоогдоогүй.

17. Эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх хүсэлт гаргаагүй.

18. Өөр байршилд өмчлөлийн газартай бөгөөд Газрын тухай хуулиар 2 дахь газраа үнэ төлбөртэй эзэмших үүргээ биелүүлээгүй. Тухайн газарт төлбөр төлж байгаагүй.

19. Маргаан бүхий газрын эзэмших эрхийг 2013 онд 5 жилээр сунгуулсан.

20. Кадастрын зургийн мэдээллийг өөрчлөн мэдээллийн санд оруулж гаргасан зэрэг хууль бус үйлдлүүдтэй.

21. Анхан шатны шүүх хуралд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зөрсөн.

22. Давж заалдах шатны шүүх хуралд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн зэрэг гомдолтой байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

23. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

24. Нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 70 дугаар захирамжаар С.Г-д эзэмших эрх үүссэн газарт иргэн Д.Б-д газар эзэмшүүлэх эрхийг давхардуулан олгосон, улмаар дүүргийн Засаг даргаас С.А-д газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргаагүй байхад нийслэлийн Засаг дарга уг газрыг С.А-д өмчлүүлсэн нь хууль бус…” гэж, хариуцагч нараас “С.Г-гийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсны дараа Д.Б-д уг газрыг эзэмшүүлсэн, улмаар Д.Б-гөөс С.А нарын хооронд хийгдсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон тэдний гаргасан хүсэлтийг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргажээ.

25. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн  34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байна.

26. Тухайн тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 70 дугаар захирамжийн дагуу иргэн С.Г-д тус дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-634 тоот хаягт байрлах газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн амины хашааны зориулалтаар 1 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байгаа нь дээр дурдсан “шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулах” нөхцөл хангагдаагүй байхад “эрхийн гэрчилгээ” олгосон гэж үзэхээр байна.

27. Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан атал нэхэмжлэгч гэрчилгээнд заасан хугацаанаас 8 жил гаруйн дараа буюу 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр энэхүү хүсэлтээ гаргасныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

28. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 386 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-634 тоот хаягт байрлах газрыг иргэн Д.Б-д эзэмшүүлсэн, иргэн Д.Б-гөөс тухайн газрыг 2006 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр иргэн С.А-д шилжүүлсэн, улмаар нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 430 дугаар захирамжаар тус газрыг С.А-д өмчлүүлж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

29. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг “эрхийн гэрчилгээнд” заасан боломжит хугацаандаа гаргаагүйн улмаас тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болсон байтал газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, уг газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгах хуулийн үндэслэлгүй байна.  

30. Энэ талаар анхан шатны шүүх “Нэхэмжлэгч С.Г-д маргаан бүхий газрыг 1 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн шийдвэр нь 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр, газар эзэмшүүлэх 12-737 тоот гэрчилгээ нь мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр огноологдсоны дээр нөхөн олгов гэсэн тэмдэглэгээтэй, харин Д.Б-д маргаан бүхий газрыг анх эзэмшүүлсэн шийдвэр нь 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр огноологдсон буюу нэхэмжлэгчийн газар эзэмшиж байсан 1 жилийн хугацаа дуусгавар болсны дараа гарсан байх тул маргаан бүхий шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй…” гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэжээ.

31. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... хуульд заасан доод хэмжээнээс бага хугацаа буюу амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн зорилгод нийцэхээргүй, гэрчилгээнд заасан “нэг” жилээр С.Г-гийн газар эзэмших эрхийг хязгаарласан, ... Баянзүрх дүүргийн Засаг дарга нь С.Г-гийн газар эзэмших эрх нь хуульд зааснаар дуусгавар болоогүй байхад Ө.Б-д давхцуулан эзэмшүүлсэн 2005 оны 386 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн...” хэмээн маргааны үйл баримтыг буруу үнэлж, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.

32. Хэдийгээр Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “...Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж” болохоор заасан боловч тухайн газрын хэрэгцээ, зориулалт, нөхцөл бололцоо боломжоос шалтгаалж талууд хуульд заасан хугацаанаас өөрөөр тохиролцох боломжийг хязгаарлахгүй гэж үзнэ.

33. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 530 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т тус тус зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                      ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН