Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/329

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчид овогт Б.Ц-д холбогдох 1821000000347 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” ХХК-д зуухны машинч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хорчид овогт Б.Ц.

 

Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоотод хохирогч  Х.У-ийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгож байгаа 500.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.

 

Хохирогч Х.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд Хэрлэн сумын 3 дугаар баг Бумбат хорооллын ... тоотод оршин суух найз Б.Ц-ийн гэрт очиход тэр өөр нэг найзтайгаа шар айраг хувааж уугаад сууж байсан. Би Б.Ц-ийн гэрээс орны бүтээлгээ аваад гарах гэтэл миний араас Б.Ц зайлаарай гэж хэлж байсан ба цуг байсан залуугийнх нь машинд суугаад байтал Б.Ц гэнэт машины хаалга онгойлгоод миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон юм. Б.Ц надад эмчилгээний зардал 650.000 төгрөгийг өгсөн тул надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...Одоо Б.Ц бид хоёр харилцан тохиролцож сайн дураар эвлэрсэн” гэжээ. /хх-ийн 08-10, 36 тал/

 

Гэрч Э.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд юм бодолгүй машиндаа сууж байхад арын хаалгыг онгойлгоод Х.У суусан бөгөөд удалгүй тас хийх чимээ сонсогдсон юм. Тэгэхэд Х.У Б.Ц-д хандан чи миний нүд рүү цохидог нь яаж байгаа юм бэ, нүд сохоллоо ш дээ гэж байсан. Харин би гараараа цохисон болон алгадсаныг нь хараагүй” гэжээ. /хх-ийн 16-17 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 743 тоот актын дүгнэлтэд

            1. Х.У-ийн биед баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 25 тал/

    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/

Б.Ц-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Хорчид овогт Б.Ц нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоотод хохирогч  Х.У-ийн нүүрэн тус газар гараараа цохиж, түүний биед баруун нүдний алимны доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.У, гэрч Э.Отгонбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 763 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болохыг дурдав. 

 

Шүүгдэгч Б.Ц нь  “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Х.Уийн эрүүл мэндэд учруулсан хохиролд 650.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Х.У нь “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Б.Ц бид хоёр харилцан тохиролцож сайн дураар эвлэрсэн” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.


            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ц-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хорчид овогт Б.Ц-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Ц-ийн ...  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ