Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 22/МА2022/00007

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх,  С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.А

Хариуцагч Г.Г,  түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Нарийн бичгийн дарга Б.Батзаяа  нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дугаар сарын -ний өдрийн ..... дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн А.А-ийн нэхэмжлэлтэй Г.Г-д холбогдох “............................. тухай” иргэний хэргийг хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Г.Г-д холбогдуулан ".............." тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Г.Г-тай 2013 онд танилцаж, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 15-нд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр охин ........ мэндэлсэн. Нөхөр Г.Г нь 2019 оны 11 дүгээр сараас өөр эмэгтэйтэй дотно харьцаа үүсгэснээс бидний харилцаа муудсан. Утсаар харьцаж, миний нүдэн дээр хамт унтаж намайг доромжилж, хэд хэдэн удаа надад гар хүрч байсан. 2020 оны 3 дугаар сарын 09-нд намайг хөөж явуулсан. Хөөж явуулснаас хойш одоог хүртэл утсаар ч яриагүй, ирж уулзаагүй, сална, өөрийнхөө эд хөрөнгийг ав гэж мессэж бичдэг байсан. Улмаар нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Г.Г-тай хамт амьдрахгүй, гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, хуульд зааснаар эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.А-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Охин Г.А маань 2019 оны 2 дугаар сард төрсөн. Бид хоёр 2019 оны 11 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. Эхнэр маань охиноо асарч халамжлахдаа муу, ээж маань л бидний хажууд байж охиныг асарч халамжилж өдий болтол өсгөсөн.Намайг өөр эмэгтэйтэй холбогдсон, зодсон, хөөсөн гэж огт худлаа бичсэн байна. Би тэр бүр архи уугаад байдаггүй. Хааяа найз нөхөдтэйгээ уулзахаар бага зэрэг уудаг боловч эхнэр хүүхэддээ агсан тавьж, айлгаж, зовоож байгаагүй. Харин эхнэр маань ар гэрийнхэндээ байнга худал үнэн юм ярьж, намайг муучилж явдаг. Би чамаас сална, явлаа, хүүхдээ өөрөө өсгөөрэй гэж загнаж байгаад ахтайгаа яваад өгсөн хүн. 2021 оны 3 сараас эхлэн тусдаа амьдарсан. Араас нь мал, гэрийн хогшлыг нь хүргэж өгсөн. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашдаа хамт амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрнө.Тусдаа амьдрах болсон үеэс эхлэн би охиноо өөрийн асрамжид авч үлдсэн. Одоо охин маань надтай хамт амьдарч байгаа. Хааяа ээж рүү нь явуулж уулзуулдаг. Манай аав ээжид буюу өвөө, эмээдээ илүү дассан учраас аавтайгаа байх дуртай, ээж нь халамж хайр муу учраас охиноо ээжид нь өгөхгүй, өөрийн асрамжид авч үлдэнэ. Ээжээс нь тэтгэлэг гаргуулна. Би амины хэдэн малтай, өөрийн таван ханатай гэртэй, амьдралаа аваад явах чадвартай тул охиноо өөрөө өсгөж хүмүүжүүлэхийг хүсч байна. Нэхэмжлэгч охинтойгоо 1-2 удаа л уулзсан. А.А нь охиноо гэртээ авч очоод 5 хонож байна. Хүүхэд эцгийнхээ асрамжид байгаа талаар ............... сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт байгаа. Цаашид эцгийнхээ асрамжид байх нь хүүхэд эрүүл саруул өсч хүмүүжих тал дээр ашигтай тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Г. Анударийг эцгийнх нь асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эх А.А-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах саналтай байна гэв.

3.  Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20....оны ..... дугаар сарын ....ний өдрийн ..... дугаар шийдвэрээр: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лүмбэ овогт АА, Цахар овогт Г.Г нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Г.А-ийг эх А.А-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Г.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Г-аар тэжээн тэтгүүлж,  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 37,644 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: Зохигчид 2021 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарсан бөгөөд энэ үеэс охиноо өөрийнхөө асрамжид авч үлдсэн. А.А нь хүүхдээ асарч халамжлахдаа муу гэж тайлбарладаг. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хүүхэддээ үзүүлэх анхаарал халамж муу гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй үндэслэлээр хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан охин Г.А-ийг ээж А-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Охин Г.А нь 2021 оноос эхлэн эцэг Г.Г-ын асрамжид өсөн бойжиж байгаа. Г нь өөрийн гэсэн мал хөрөнгөтэй, хүүхэддээ тавих анхаарал халамж нь сайн, шулуун шударга зантай, ажилч хөдөлмөрч залуу болох талаар ...... сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолтод дурджээ. Нэхэмжлэгч А нь шүүх хуралдаан болохоос 5 хоногийн өмнө охин А-ийг өөрийн асрамжид авсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. А нь тусдаа амьдрах нэг жилийн хугацаанд охиноо нэг ч удаа эргэж очиж байгаагүй, асарч халамжлаагүй гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байхад шүүх  А-г хүүхэддээ үзүүлэх анхаарал халамж муу гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчжээ. Түүнчлэн охин Г.А-ийг эх А-ийн асрамжид үлдээсэн шалтгаан, эцэг Г-ын асрамжид үлдээхээс татгалзсан хууль зүйн үндэслэл шалтгааныг шүүхийн шийдвэрт огт тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй нь шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болж байна.

            1.Нэхэмжлэгч А.А нь “хариуцагч Г.Г-аас ".................... охин Г.А-г өөрийнхөө асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлээ шүүхэд ирүүлснийг хариуцагч Г.Г “..................” гэж маргажээ.

            2. А.А, Г.Г нар нь  2013 онд танилцаж, 2019 онд  гэр бүл болж, охин Г.А нь 2019 оны 02 сарын 03-нд төрсөн ба гэрлэгчид нь 2021 оны 03 сараас тусдаа амьдарчээ.

            3. Нэхэмжлэгч А.А нь  “хариуцагчийг архи ууж, надад гар хүрч байсан, өөр эмэгтэйтэй холбогдсон, намайг гэрээсээ хөөж явуулаад одоог хүртэл утсаар яриагүй, би охиноо өөрийн асрамжид авна” гэх  /хх-29/,

            - Хариуцагч Г.Г нь “би хааяа найзуудтайгаа нийлж бага зэрэг архи уудаг боловч эхнэр, хүүхдэдээ агсан тавьж, зодож байгаагүй, А худлаа яриад байна, өөрөө л  чамаас сална гээд ахыгаа дагаад явсан, охин надтай үлдээд, 5 хоногийн өмнө л ээж нь авсан” гэх тайлбаруудыг нотолсон баримтаа зохигчид ирүүлээгүй байна. /хх-17,25/ 

- Хариуцагчийн өмгөөлөгчийн “Г.Г-ыг охиноо асрамждаа авч өсгөж, хүмүүжүүлэх боломжтой” гэдэг нь хэргийн 24 дүгээр хуудас дахь багийн Засаг даргын тодорхойлолт нотолж байгаа гэх боловч 3 дугаар багийн иргэн Г.Г-ын ам бүл болон хөрөнгийн тодорхойлолтыг 5 дугаар багийн Засаг дарга хийж өгсөн нь тодорхойлолт бодиттой эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг дурдах нь зүйтэй.

            - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “хэргийн оролцогч нар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд зохигчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тайлбаруудаа нотлох баримтаар нотлоогүй нь зохигчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй  гэж үзнэ.

            4. Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахдаа   “зохигчдыг эвлэрүүлэх талаар эвлэрүүлэн зуучлагчаас зохих ажиллагаа хийсэн боловч амжилтгүй болсон, гэрлэгчид 2021 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хамт амьдрах хүсэлгүй байгаа” гэсэн дүгнэлт хийсэн нь  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

  -Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт”... Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэжээ.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2 дахь хэсэгт “шүүх гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд шүүхээс гадуур эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн маргааныг эвлэрүүлэх арга хэмжээ авахаас татгалзах үндэслэл болохгүй”  байхаар, мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаанд түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна” гэж тус тус  заажээ. 

            -Зохигчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд болон хэргийн баримтаас үзэхэд  гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй нь гэрлэлтийг цуцлахгүйгээр гэрлэгчдийн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс  эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            5. Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг баримтлан*******ийг шийдвэрлэхдээ тухайн хэсэгт заасан зохицуулалтаас алийг нь хэрэглэсэн талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            6. Шүүх гэрлэлт цуцлахтай холбогдон*******, тэтгэлгийн асуудал үүсэж байгаа учраас нэг нэхэмжлэл гэж үзэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчээр 70200 төгрөг төлүүлж байхаар тайлбарласнаар хэрэглэж байгаа тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж үзэхгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1 дүгээр зүйлийн 63.1.3-т заасныг  зөрчсөн гэж үзэхгүй.      

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д шүүх хуралдааныг нээсэн цаг хугацаанаас  эхлэн дууссан цаг хугацаа хүртэлх бүх ажиллагаа шүүх хуралдааны тэмдэглэлд бичиж байхаар заажээ. Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсгийн агуулга, шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн эсэх, зарим тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтооход ч чухал ач холбогдолтой баримт болдог.

- Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн  5 дахь заалтын “... нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 37644 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэснийг шүүх хуралдааны тэмдэглэлд  “... нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140400 төлсөн болохыг дурдаж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулав” гэж  агуулгын илтэд зөрүүтэй бичсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

            8. Шүүхийн шийдвэр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөр хүчингүй болж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178044 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  оны дугаар сарын ний өдрийн ..........дугаар шийдвэрийг хүчингүй болгож  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178044 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                       О.БААТАРСҮХ

                                                                                  С.ОЮУНТУНГАЛАГ