Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 213/МА2022/00021

 

                               

*******ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч  Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2022/00335 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч *******ын хүсэлттэй

Гэм хорын хохиролд 8,695,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг прокурор Э.Гантулгын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны  7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, прокурор Э.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Золцэцэг нар оролцов.

Хүсэлт гаргагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хүсэлт болон тайлбарын агуулга:

*******  нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд шүүгдэгч ******* нь хохирогч *******тай маргалдаж түүний бөгжтэй гараар цохиж зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл учруулах явцад ******* нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Г.Энх-Амгаланг боож хамжиж түүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан, уг гэмтлийг учруулах явцад үйлдлээрээ санаатай нэгдэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж , хохирогч Г.Энх-Амгаланд хүч хэрэглэж, маргаан үүсгэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Миний бие уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гарган 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаартай Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ******* надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бүх заалтыг хүчингүй болгож , прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн.

Миний бие нийт 4 сар 24 хоног эрх чөлөөгөө хязгаарлуулж, хайртой дотно гэр бүл, хамт олон, ах дүү, нийгмээс тусгаарлагдан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдсон. Үүнд дараах мөнгийг нэхэмжилж байна.

Би 2019 оны 10 сараас эхлэн одоо хүртэл Баянхонгор аймгийн Чандмань- Баянхонгор хувьцаат компанийн дулаан хангамж үйлчилгээний албанд машинистаар ажиллаж байгаа бөгөөд сарын цалин 704,000 төгрөг бөгөөд 2020 оны 11 сар, 12 сар, 2021 оны 1 сар, 2 сар, 3 сар нийт 5 сарын цалин 3,520,000 төгрөг гаргуулах,

Ял шийтгүүлсний улмаас миний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын бичилт зогссон тул нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийх,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 шатны шүүхээр явахдаа өмгөөлөгч *******тай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлүүлсэн ба өмгөөллийн хөлсийг гэрээ байгуулсан өдөр өмгөөлөгч Б. Бурмаагийн 5247025531 тоот дансруу 750 000 төгрөг, 2020 оны 10 дугаар 30-нд 1 000 000 төгрөгийг бэлэн, үлдэгдэл 750 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөн дансруу нь шилжүүлэн өөрийн зөрчигдсөн эрх ашгаа 3 шатны шүүхэд төлөөлүүлэн цагаадсан тул өмгөөлөгчид төлсөн 2 500 000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна.

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд гарсан зардал болон Өвөрхангай аймаг дахь 423 дугаар хорих ангид хоригдож байх хугацаанд гарсан зардал 500 000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд намайг Өвөрхангай аймаг дахь 423 дугаар хорих ангид хоригдож байхад ар гэрээс 300 000 төгрөг 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн Төрийн банкинд байрших 100101812501 тоот дансанд шилжүүлж би хорих ангийн дэлгүүрээс 200 000 төгрөгөөр ахуйн бараа авсан 100 000 төгрөгөөр дээд шүүхээс цагаадан Баянхонгор аймагт ирэхэд замын зардалд зарцуулсан, мөн тус аймгийн Цагдан хорих байранд хоригдож байхад ар гэрээс 200 000 төгрөгийг илгээмж болон илгээмж явуулахад шуудан холбоонд төлбөр төлсөн.

Дээд шүүхээс суллах мэдэгдэл ирсний дагуу 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангиас Баянхонгор аймаг дахь Онцгой байдал руу яаралтай хүнээ хүлээж авах талаар албан бичиг, мөн шуудан холбоонд төлсөн мөнгөний баримт зэргийг нотлох баримтаар хавсаргасан. Байгаа баримтынхаа хүрээнд 500.000 төгрөг нэхэмжилсэн.

Нийт хоригдсон 145 хоногийг 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож 2,175,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэсэн зарчимтай. Мөн Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахааргүй тохиолдолд мөн нэг хоногийг 15 нэгжтэй буюу 15,000 төгрөгт тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгуулийн ял шийтгэл оногдуулж болохоор заасан байгаа учир Эрүүгийн хуулийн зарчмаар тухайн хүний хоригдож байгаа өдрийн гэм хорын хохирлын агуулгыг бүхэлд нь 15 нэгж буюу 15,000 төгрөг гэж хуульчлан өгсөн учир эдгээр баримтуудыг үндэслэж уг мөнгийг нэхэмжилсэн. Гэм хорын агуулгыг дотор нь эд хөрөнгийн хохирол сэтгэл санааны хохирол гэж хуваан үздэг. Иймээс нэхэмжлэгчид аль ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

Миний бие 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд сэтгэл санаа, бие сэтгэл, эдийн засгаараа хохирч олон хоногийг нойргүй хонож өнгөрүүлсэн. Хорих ангиас суллагдаад ирэхэд гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөж эхнэр маань өөр хүнтэй уулздаг болсон байсан үүнээс болж маргаан гарч би Зөрчлийн тухай хуулиар 10 хоногийн баривчлах шийтгэл хүртэл авсан.

Иймд төрийн байгууллага албан тушаалтны надад учруулсан хохирол 8 695 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Гантулгын шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гэм хорын хохирол буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн зэрэг үндэслэлээр учирсан хохирлоо нэхэмжилсэн байна.

*******ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс *******ад холбогдох хэргийг түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэм буруутай үйлдэл байна гэж дүгнэсэн.

Харин Улсын дээд шүүхээс ... шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн ... амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нотлох баримт авагдаагүй, шүүх үнэлээгүй гэж дүгнэснээс өөр бусдаар *******ад хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна гэж дүгнээгүй байна.

Ийм учраас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн нотлох баримтыг хууль бусаар, хуурамчаар үйлдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн хуулийг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан асуудал байхгүй.  Нэгэнт *******ад холбогдох хэргийг шалгасан үйл ажиллагаа нь хууль бус биш байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай оролцож байгаа. Нийгмийн даатгалын бичилт хийлгэх, цалин хөлс гаргуулах, цагдан хохигдож байх хугацаанд гарсан зардлууд, өмгөөлөгчийн зардал, цагдах хоригдсон хоног зэргийг нийлүүлэн нэхэмжилсэн байна. Үүн дээр анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг гаргах үндэслэл байхгүй байна гэжээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ын хүсэлтийн зарим шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 8,495,108 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч *******ад олгож, ажил олгогчоос төлөгдөх байсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл 495,388 төгрөгийг *******ын нийгмийн даатгалын нэрийн дансанд нөхөн төлөхийг Монгол Улсын Засгийн газрын нөөц санд даалгаж, хүсэлтийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

 Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нийт 8695000 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч *******ад олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Өмгөөлөгч *******д өмгөөллийн хөлсөнд бэлнээр 1000000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр өгсөн гэх бэлэн мөнгөний орлогын баримтад өмгөөлөгчийн тэмдэг дарагдсан байх боловч үүнийг тухайн цаг хугацаанд өгсөн гэхэд эргэлзээтэй, хөндлөнгийн баримтаар баталгаажаагүй, банкны дансаар шилжээгүй байх тул уг баримтыг сүүлд нь нөхөн бүрдүүлсэн байх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн мөнгөн дүнгээс 1000 000 төгрөгийг хасуулах,

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2021 оны 09 дүгээр сарын 02- ний өдрийн 02/959 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаас үзэхэд Э.Цэрэнчунтыг хоригдож байх хугацаанд ар гэрээс нь 300,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хорих байранд ял эдэлж байх хугацаанд 200,000 төгрөгийг зарцуулсан, 100,000 төгрөгийг бэлнээр авч, замын зардалд хэрэглэсэн байх бөгөөд үүнийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж оролцсон, мөн ар гэрээс нь хорих байгууллага руу шуудан илгээхэд 16500 төгрөгийг төлсөн болох нь Монгол шуудан ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгө хураах тасалбараар тус тус нотлогдсон байна гэж дүгнэн 316500 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

******* нь цагдан хо ригдсон эсэхээс үл хамааран өдөр тутамд хоол хүнсийг хэрэглэх бөгөөд цагдан хоригдох хугацаанд түүнийг хоол хүнсээр төрөөс хангаж байсан тул ар гэрээс нь түүнд шилжүүлсэн мөнгө, хүргүүлсэн илгээмж зэрэг нь нөхөн төлөх хохиролд тооцогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан нөхөн төлөх хохирол хамаарахгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн дүнгээс 316500 төгрөгийг хасуулах,

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зуйлийн 3.1-д ”..Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй..” гэж заасан байхад *******ын хүсэлтийг засгийн газарт мэдэгдэж хариуцагчийг зөв тогтоолгүй иргэний хэргийн анхан шатны шүүхээс прокурорын байгууллагыг шууд томилсон захирамж гаргаж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд прокурор томилсон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй эсэхэд Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасны дагуу шүүхийн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2022/00335 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Учир нь:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор хүсэлт гаргагч *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар  мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар 1жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн нэмж нэгтгэн  1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг шийтгэх тогтоолыг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн,  Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар тогтоолоор  шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргүүдийг хэрэгсэхгүй болгон *******ыг цагаатгажээ.

Хүсэлт гаргагч ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т заасны дагуу хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан  тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэж,  учирсан хохирлоо  төрөөс шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч ******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл буюу хяналтын шатны шүүхээс цагаатгах  тогтоол гаргах хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих ангид ял эдэлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн  510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх  “...Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д заасан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно..гэснийг баримтлан 2021 оны 1-3 сарын цалин болох 704.000+704.000+704.000=2.112.000 нийлбэрийг 3 сард хуваан дундаж цалинг тодорхойлох бөгөөд 2.112.000:3=704000 тогтооход нэхэмжлэгч *******ын сарын дундаж цалин хөлс нь 704000 төгрөг болж байх бөгөөд уг нэг сарын дундаж цалин хөлсийг  нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хуваан тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс нь 32.744 төгрөг байна. *******ын ажилгүй байсан хугацаа болох 2020 оны 11 сараас 2021 оны 03 сарыг дуустал 5 сар*21.5=107 хоногоор тооцоход 32.744*107=3.503.608 төгрөгийн цалин, олговрыг төрөөс гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс нь төрөөс гаргуулах хохирол,олговорт хамаарах ойлголт тул ажил олгогчоос төлөгдөх байсан 495,388 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нөхөн төлүүлж”  шийдвэрлэсэн нь тоо, тооцоолол, үндэслэлийн хувьд зөв байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн  1.6-т заасны дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хөлсийг 2500 000 төгрөгөөр тохиролцсон, 1,000,000 төгрөгийн хөлсийг бэлнээр өгсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх тул өмгөөллийн хөлсийг гаргуулж шийдвэрлэхдээ 1500 000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдоогүй байхад  2500 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй төдийгүй Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх заалтууд нь хөнгөн хэргийн ангилалд хамаарах тул заавал өмгөөлөгч авах зохицуулалтгүй мөн түүнчлэн  өмгөөлөгчид төлөх  хөлслөх гэрээний үнэ, хөлсийг талууд харилцан тохиролцдог  байдлуудыг харгалзан  төрөөс өмгөөллийн хөлсний 2500 000 төгрөгийг  гаргуулах боломжгүй  юм.

Харин анхан шатны шүүхээс *******ын үндэслэлгүйгээр 145 хоног хорих ял эдэлсэн хохиролд нэхэмжилсэн 2,175,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хангаж,  Э.Цэрэнчунтыг хоригдож байх хугацаанд ар гэрээс нь 300,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хорих байранд ял эдэлж байх хугацаанд 200,000 төгрөгийг зарцуулсан, 100,000 төгрөгийг бэлнээр авч, замын зардалд хэрэглэсэн байх бөгөөд үүнийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж оролцсон, мөн ар гэрээс нь хорих байгууллага руу шуудан илгээхэд 16500 төгрөгийг төлсөн болох нь Монгол шуудан ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгө хураах тасалбараар тус тус нотлогдсон, харин хүсэлт гаргагчаас шаардсан ...хорих байранд гарсан зардал болон замын зардалд нийт 500,000 төгрөгийг гаргуулах тус шаардлагаас үлдэх 183,500 төгрөгийн зардал нь нотлогдоогүй, хүсэлт гаргагчаас нотолсон баримтыг гаргаж өгөөгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд Засгийн газрын нөөц сангаас *******ад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагуудыг хэвээр  үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрт   өөрчлөлт   оруулж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШШ2022/00335 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ 8 495108” төгрөг гэснийг  “5 995108 төгрөг”  гэх өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтуудыг  тус тус  хэвээр үлдээж,   Прокурорын гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхисугай.

2. Прокурор болон хүсэлт гаргагч ******* нар нь тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл   хүсэлт гаргагч , өмгөөлөгч, Прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН 

Л.НЯМДОРЖ