Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 213/МА2022/00022

 

                              

 

 

Д.Батбаярын нэхэмжлэлтэй

Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2022/00308 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч Д.Батбаярын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК-д нарт холбогдох

Олох байсан орлогын 120.965.122 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  нэхэмжлэгч Д.Батбаярын  давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Бат-Ирээдүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Батбаяр нь 2004 оноос Баянхонгороос Улаанбаатар, Улаанбаатараас Баянхонгор чиглэлд пургон автомашин жолоодон зорчигч тээврийн үйлчилгээ явуулж эхэлсэн. Улмаар Тээвэрчин хоршоог анх байгуулагдахад оролцож хоршооны гишүүн болж хуримтлалын мөнгө болох замын хуудасны 35000 төгрөгийг сар бүр төлдөг болсон. Улмаар 2008 онд миний бие Солонгос улсаас автобус оруулж ирэн тус хоршоонд нэгдэж нэг эргэлтэндээ 50000 төгрөгийн хураамж төлж ажил үйлчилгээгээ явуулж байсан 2018 онд манай Тээвэрчин хоршоо бүтэц зохион байгуулалт дүрмээ өөрчлөн баталж компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар болж бид төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүд сонгон компанийн гүйцэтгэх захирлаа сонгон жолооч бидэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар бид компанидаа ажиллан ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж байтал 2018 оны 8 дугаар сард надад сахилгын арга хэмжээ үндэслэлгүйгээр авч зорчигч тээвэрлэх эрхийг нэг сарын хугацаагаар хассан. Тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тул би шүүхэд хандан гомдол гаргатал намайг компанийн шийдвэрт гомдол гаргалаа гэж дургүйцэн хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэрийг гаргасан байсан. Улмаар тус тушаал шийдвэрт мөн л гомдол гарган Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 334 дүгээр шийдвэр гарган надтай хөдөлмөрийн гэрээ цуцалсан болон сахилгын арга хэмжээ авсан бүх тушаал шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч талаас Давж заалдсан бөгөөд Баянхонгор аймгийн Эрүү. Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлалд хариуцагч тал мөн л Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаас болж тус хэрэг удааширч Улсын дээд шүүхээс хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэрлэн 478 дугаартай тогтоол гаргасан. Ингэхдээ Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Улмаар 3 шатны шүүхийн шийдвэрийг Баянхонгор Тээвэрчин ХХКомпани биелүүлэхгүй явсаар 2021 оны 4 сард намайг ажиллуулна гэсэн боловч 8 дугаар сард 1 удаа л зорчигч тээвэрлүүлсэн. Тогтмол тээвэрт явуулна гэж хэлчихээд болохоороо чамайг дуудна гээд огт ажил хийлгэхгүй байсан.

Би ийм байдлаар бүтэхгүй юм байна гээд түүнчлэн 2 жил гарангийн хугацаанд огт ажил хийгээгүй, автобусаа банкны зээлээр авснаас үүдэлтэй маш их хэмжээний өрөнд орсон байсан тул өөрийн автобусыг өөрийн компанийн Болдбаатар гэх хүнд зарж өр ширээ дарсан. Миний хувьд Баянхонгор Тээвэрчин компанийн удирдлагуудын буруутай шийдвэрээс болж маш их хохирсон. Энэ хугацаанд Баянхонгор тээвэрчин компани автобусыг компанийн эзэмшлийнх гэж автобусны бичиг баримт авчихаад огт өгөхгүй байсан. Миний хувьд тухайн байгууллагыг буруутай гэж үзэж байгаа шалтгаан нь хууль бус шийдвэр байна гэдгийг 3 шатны шүүхээр тогтоосон юм. Би тус компанид хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулахдаа сард дунджаар 6632170 төгрөгийг олдог байсан /Үүнийг сард Баянхонгор тээвэрчин компаниас миний дансанд хийсэн тооцооноос сүүлийн 12 сарын хугацаад тооцож үзэж дундажилсан болно./

Улаанбаатар Баянхонгор хоёрын хооронд сард 3-4 удаа эргэлт рейс хийдэг байсан бөгөөд нэг эргэлт рейс хийхэд замын хуудсанд 50000 төгрөг төлдөг журамтай, өөрөөр хэлбэл сард 200000 төгрөгийг замын хуудасны зориулалтаар Баянхонгор тээвэрчин компанид төлдөг байсан. Түүнчлэн нэг эргэлтэд 600000 төгрөгийн шатахуун зарцуулдаг гэж тооцвол сард 2400000 төгрөгийн шатахуун зарцуулдаг байсан юм. Үүнийг зорчигч тээвэрлэсэн орлогоос 2600000 төгрөгийн цэвэр зарлагыг хасвал сард дунджаар 4032170.75 төгрөгийн орлогыг цэврээр цалин түүнтэй адилтгах орлого болгон олдог байсан байна. 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тус компанийн гүйцэтгэх захирал О.Бат- Ирээдүй жолооч нарын дунд хурал хийхдээ надад хандан чиний хохирлыг барагдуулж өгнө Ингэхдээ олох байсан орлогын чинь 50 хувиар тохиролцъё гэж надад хэлж байсан бөгөөд хохирлоо авъя гээд хандахад утсаа авахаа больсон. Баянхонгор тээвэрчин ХХКомпаний хууль бус шийдвэр буруутай үйлдлээс болж 30 сар огт орлогогүй ажилгүй байсан бөгөөд тухайн хугацаанд 4 хүүхдээ ар гэрээ тэжээж банкны зээлээ төлөх гэж маш их өрөнд орж сэтгэл санааны хувьд маш их хохирсон. Аргаа бараад автобусаа хүртэл зарж өр ширээ дарсан. Иймд шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Баянхонгор Тээвэрчин ХХКомпаний буруутай үйл ажиллагаа хууль бус шийдвэрээс болж олоогүй хохирсон 30 сарын цалин түүнтэй адилтгах орлогын 120.965.122 төгрөгийн хохирлыг гаргуулж надад олгуулж өгнө үү...гэжээ. 

Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч О.Бат-Ирээдүй шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Д.Батбаяр нь нэхэмжлэлдээ олох байсан орлого гэж 120.965.122 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ нь хэзээ ч олох боломжгүй хийсвэр тооцоо бөгөөд урьд өмнө олж байсан орлого юм бол НДШ, болон иргэний орлогын албан татварт төлдөг 10 хувийн татвараар нотлогдох ёстой. Дэлхийд цар тахлын улмаас хойшлогдсон МУДШ-ийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 478 дугаар тогтоолыг 2021 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч тогтоолд 546.516 төгрөгийг хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна..гэсний дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот тушаалаар Д.Батбаярыг ажилд эгүүлэн томилж цар тахлын хорио тавигдсанаас хойш журмын дагуу хот хоорондын тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх хуваарьт оруулан явуулахаар болж 546.516 төгрөгийг олгосон бөгөөд тухайн үед цар тахлын хөл хориотой хот хоорондын тээвэрлэлт тэг зогсолт хийсэн хэзээ хорио тавигдах нь тодорхойгүй байсан болно. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 334 дугаар шийдвэрт ..нэхэмжлэлийн шаардлагаас 7.517.825 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосон..гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн болно. 

Улмаар МУДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00478 дугаар тогтоолд.. Баянхонгор тээвэрчин ХХК-нь зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгчийг ажлын байраар хангаж, жолооч Д.Батбаяр нь хүн хэтрүүлэн тээвэрлэсэн, ээлжийн жолоочгүй явсан, автомашиныг хугацаанд нь оношлогоонд оруулаагүй нь зорчигчийн амь нас, аюулгүй тээвэрлэлтэнд ноцтой эрсдэл үүсгэх нөхцөл байдал бий болгосон буруутай, дээрх зөрчилд арга хэмжээ авсан ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн боловч жолоочийн гэм бурууг харгалзан үзвэл хохирол, үндсэн цалин дээр нэмж олгодог нэмэгдэл цалинг аль алиныг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй, нэхэмжлэгч нь 8.064.341 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин гэж тодорхойлжээ. Шаардах эрхийг хэд хэдэн үндэслэлээр тодорхойлсон нь хууль зөрчөөгүй бөгөөд хохирол эсхүл гэрээний харилцааны эрх зүйн үндэслэлийг тухайн маргаанд хэрэглэсэн аль ч тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байжээ...гэж шийдвэрлэжээ. 

Иймд үндэслэлгүй нэхэмжилсэн 7.517.825 төгрөгийг 120.965.122 төгрөг болгон өсгөж нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд ийм өндөр ашиг орлого олох боломжгүй учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хот хоорондын нийтийн тээвэр нь Ковид19 цар тахлын улмаас 2020 оны дунд үеэс эхлэн суудал ашиглалт буурч алдаг оног явж байснаас цар тахлын дүрэм, журам хууль гарч халдвар хамгааллын улмаас зорчигчийн тоог цөөлөн суудал ашиглалтыг багасан явуулж байсан бол 2020 оны 10 сарын 10-ны өдрөөс улс даяар хот хоорондын тээвэрлэлт тэг зогсолт хийж хөл хорио тогтоосон бөгөөд энэ хугацаанд тус компани нь жолооч ажилчид цалингүй компанийн санхүүгийн нөөц бололцоог харуул хамгаалалтын ажилтнуудад зарцуулан ажиллаж, цар тахлын хүнд үед нэг жилийн хугацаанд НДШ, ЭМДШ зэрэг өрөнд орон дампуурлын байдалд орсон ба одоог хүртэл зарим ажилчдын цалинг тавьж чадахгүй эдийн засаг санхүүгийн хувьд сэргэж чадаагүй байна. 2020 оны 10 сарын 10-ны хатуу хөл хориог УОК-ийн шийдвэр гарч 2021 оны 07 сарын 17-ны өдрөөс сулруулан хот хоорондын тээврийг өдрийн нэг гаралттайгаар явуулж эхэлсэн. Хөл хорио тавигдсанаас эхлэн Д.Батбаярын ажил үүргийг компаниас гаргасан хуваарийн агуу хэвийн гүйцэтгүүлэн 8-10 сард НДШ, ЭМДШ зэргийг төлсөн. Иймд ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн боловч жолоочийн гэм бурууг харгалзан үзсэн гурван шатны шүүхийн тогтоол, цар тахлын үеийн хөл хорионы цалингүй тэг зогсолт, компанийн тусгай зөвшөөрөл зарж олсон ашиг зэргийг харахад Д.Батбаяр нь хохиролгүй харин ч ашиг гарган наймаа хийсэн нь харагдаж байгаа учир уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан Баянхонгор Тээвэрчин ХХК-нд холбогдуулан гаргасан олох байсан орлого 120965122 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736076 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Д.Батбаяр нь Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2022/00308 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний хувьд 2004 оноос Баянхонгороос Улаанбаатар.Улаанбаатараас Баянхонгор чиглэлд пургон автомашин жолоодон зорчигч тээврийн үйлчилгээ явуулж эхэлсэн. Улмаар Тээвэрчин хоршоог анх байгуулагдахад оролцож хоршооны гишүүн болж хуримтлалын мөнгө болох замын хуудасны 35000 төгрөгийг сар бүр төлдөг болсон. Улмаар 2008 онд миний бие Солонгос улсаас автобус оруулж ирэн тус хоршоонд нэгдэж нэг эргэлтэндээ 50000 төгрөгийн хураамж төлж ажил үйлчилгээгээ явуулж байсан. 2018 онд манай Тээвэрчин хоршоо бүтэц зохион байгуулалт дүрмээ өөрчлөн баталж компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар болж бид төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүд сонгон компанийн гүйцэтгэх захирлаа сонгон жолооч бидэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ингээд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар бид компанидаа ажиллан ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж байтал 2018 оны 8 дугаар сард надад сахилгын арга хэмжээ үндэслэлгүйгээр авч зорчигч тээвэрлэх эрхийг нэг сарын хугацаагаар хассан.

Тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тул би шүүхэд хандан гомдол гаргатал намайг компанийн шийдвэрт гомдол гаргалаа гэж дургүйцэн хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэрийг гаргасан байсан. Улмаар тус тушаал шийдвэрт мөн л гомдол гарган Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр 334 дүгээр шийдвэр гарган надтай хөдөлмөрийн гэрээ цуцалсан болон сахилгын арга хэмжээ авсан бүх тушаал шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч талаас Давж заалдсан бөгөөд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 8 ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлалд хариуцагч тал мөн л Хяналтын шатны шүүх рүү гомдол гаргаснаас болж тус хэрэг удааширч Улсын дээд шүүхээс хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10 ны өдөр шийдвэрлэн 478 дугаартай тогтоол гаргасан. Ингэхдээ Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Улмаар 3 шатны шүүхийн шийдвэрийг Баянхонгор Тээвэрчин ХХКомпани биелүүлэхгүй явсаар 2021 оны 4 сард намайг ажиллуулна гэсэн боловч 8 дугаар сард 1 удаа л зорчигч тээвэрлүүлсэн. Тогтмол тээвэрт явуулна гэж хэлчихээд болохоороо чамайг дуудна гээд огт ажил хийлгэхгүй байсан. Би ийм байдлаар бүтэхгүй юм байна гээд түүнчлэн 2 жил гарангийн хугацаанд огт ажил хийгээгүй, автобусаа банкны зээлээр авснаас үүдэлтэй маш их хэмжээний өрөнд орсон байсан тул өөрийн автобусыг өөрийн компанийн Болдбаатар гэх хүнд зарж өр ширээ дарсан. Миний хувьд Баянхонгор Тээвэрчин компанийн удирдлагуудын буруутай шийдвэрээс болж маш их хохирсон. Энэ хугацаанд Баянхонгор тээвэрчин компани автобусыг компанийн эзэмшлийнх гэж автобусны бичиг баримт авчихаад огт өгөхгүй байсан.

Миний хувьд тухайн байгууллагыг буруутай гэж үзэж байгаа шалтгаан нь хууль бус шийдвэр байна гэдгийг 3 шатны шүүхээр тогтоосон юм.

Иймд тус компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хохирсон гэж үзэж сарын дундаж орлогоо тодорхойлж 30 сарын хугацаанд олох байсан орлого 120 сая төгрөгийг Баянхонгор Тээвэрчин компаниас нэхэмжилсэн.

Гэвч дээрх шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч Д.Батбаярын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд  нь хянахад:

Нэхэмжлэгч Долгорхүүгийн Батбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК-д холбогдох олох байсан орлого 120.965.122 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг   нэхэмжлэгч Д.Батбаярын олох байсан орлого  120 965 122 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн  Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2022/00308 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч  нэхэмжлэгч Д.Батбаярын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх  хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хариуцагч Баянхонгор тээвэрчин ХХК нь нэхэмжлэгч Д.Батбаяртай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Д.Батбаярыг улс, хот хооронд зорчигч, жуулчин, шуудан тээвэрлэлтийн жолоочоор ажиллуулж байгаад 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг нь нэг талын санаачлагаар цуцалсан байна.

Нэхэмжлэгч Д.Батбаярыг ажилд нь эгүүлэн тогтоож, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 546516 төгрөгийг Баянхонгор тээвэрчин ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг Давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 478 дугаар тогтоолоор хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ./Хэргийн 55-97 дугаар тал/

Харин Баянхонгор тээвэрчин ХХК-ийн захирлын  2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаар тушаалаар Д.Батбаярыг хот хоорондын нийтийн зорчигч тээврийн жолоочийн ажилд мөн өдрөөс эхлэн томилсон хэдий ч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлаар хангаагүй хохироожээ.

 Хариуцагчийн төлөөлөгч нь үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Д.Батбаяр нь олох байсан орлого 120 965 122 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ 2017-2018 онуудад Баянхонгор Тээвэрчин ХХК-нд ажиллаж байхдаа олсон орлогоо Голомт банк дахь өөрийн 6105101828 дугаар дансны мэдээллийн дунджаар тооцон нэхэмжилсэн, энэ нь шаардлагыг нотлох, нотлох баримт гэж тайлбарлаж байх хэдий ч 2019-2021 онуудад бүх нийтийг хамарсан халдварт коронавирусийн улмаас зорчигч тээврийн үйл ажиллагаа тасалдаж, тэг зогсолт хийж байсан үйл явдалтай давхцаж байх тул дээрх баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох нь бодит байдалтай нийцэхгүй юм. /хэргийн135 дугар тал/                                                                                                                               Анхан шатны шүүх “...Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд ... Шаардах эрхийг хэд хэдэн үндэслэлээр тодорхойлсон нь хууль зөрчөөгүй бөгөөд хохирол эсхүл гэрээний харилцааны эрх зүйн үндэслэлийг тухайн маргаанд хэрэглэсэн аль ч тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байжээ...гэж тодорхойлсон ...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Батбаяр нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зөв тодорхойлоогүй,  шаардлагыг нь  нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, Д.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн  56.1, 57.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Батбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаагүй тул түүний  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736.076 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд  хэвээр үлдээв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2022/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Д.Батбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736076 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд, өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН

Л.НЯМДОРЖ