| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0145/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 151
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Н.Э-д холбогдох эрүүгийн 1826000000163 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/118 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Н.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим иргэн О.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч О.Ү-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Г-н хашаа руу ороход Э намайг “...Чи ер нь яагаад байгаа юм бэ...” гээд миний өмсөж явсан футволкны захнаас заамдаад авсан. Тэгээд баруун гартаа барьж байсан зүйлээр миний зүүн талын хацар луу нэг удаа цохисон. Би юугаар цохисныг нь мэдээгүй. Тэгтэл гэрээсээ Г гарч ирсэн. Г гарч ирээд Ц, Г хоёр Э бид хоёрыг салгахаар миний 2 гараас “боль” гээд барьсан. Тэгтэл Э өмнө нь миний зүүн талын хацар луу цохисон зүйлээрээ миний толгойн орой руу нэг удаа цохисон. Тэгтэл Б, Г-н гэрээс гарч ирээд бид нарыг салгасан. Миний хацар, толгой руу нохойны идүүрээр цохисон гэсэн. Би тухайн үед юугаар цохисныг мэдээгүй юм. Б бид нарыг салгаад Г гэрээсээ ус авчраад миний толгой дээр асгасан боловч цус нь тогтохгүй болохоор эмнэлэг рүү явж оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд намайг гэртээ 7 настай хүү А-н хамт байж байтал Б, Ү, Э ах Ц нар машинтай ирсэн. ...Тэгээд манайд ирээд гэр лүү ороход Э, Үнар гадаа үлдсэн. Тэгээд гэрт байхад Б-н хүүхэд гаднаас орж ирэхдээ “...гадаа байгаа хоёр хүн чинь хэрэлдээд байна...” гэхээр нь би гэрээс түрүүлээд гартал Ү, Э хоёр хашааны хаалганы хажууд хэрэлдээд барилцаж авах гээд зогсож байсан. Тэгээд би очоод тэр хоёрыг салгасан. Ү-н зүүн хацар нь халцарсан байсан. Миний араас Б, Ц хоёр гарч ирээд мөн тэр хоёрыг салгахаар очсон. Тэгээд Ү, Э хоёрын дундуур ороод би Ү-г цааш нь татаад Ц, Б нар Э-г цааш нь салгаад аваад явахад Э гүйж ирээд манай хашаанд байсан нохойны идүүрээр Ү-н толгой руу нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Гэрч П.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “.. 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байсан. Тэр өдөр би Э-н гэрт байхад Ү, Б хоёр мотоциклтой ирсэн шиг санагдаж байна. ...Г-н хашааны гадаа очоод Г, Б бид гурав түрүүлээд гэрт нь орсон. Ард Э, Ү нар маргалдаад үлдсэн. Бид гурвыг гэрт байхад гэрийн гадаа Э, Ү нар маргалдаад хэрэлдээд байгаа бололтой хашгираад байхаар нь гэрээс гараад иртэл Э, Ү хоёр хоорондоо барилцчихсан зогсож байсан. Г бид хоёр дундуур нь ороод салгатал Э гүйж ирээд Ү-н толгой руу юмаар цохичихсон. Би юугаар цохисныг нь хараагүй. Сүүлд сонсоход нохойны идүүрээр цохисон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаартай: “... Үзүүлэгч О.Ү-н биед толгой орой хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тухайл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 5 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Э-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40-45, 66-68 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Э-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Э-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим иргэн О.Ү-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Н.Э-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Ү-н “...шүүгдэгч Н.Э-т зодуулсан талаар” өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Б.Г-д, П.Ц нарын “...Шүүгдэгч Н.Э хохирогч О.Ү-г зодсоныг харсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-19/, шүүгдэгч Н.Э-н үйлдлийн улмаас хохирогч О.Ү-д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 446 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 5/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7/ зэрэг болно.
Шүүгдэгч Боржигон овогт Н.Э-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Э-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугуй хэлбэртэй амсрын диаметр 21.2x18 7 см. ероолын диаметр 11.1x10.6 см хэмжээтэй нэг ширхэг савыг устгахыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8. 9. 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3. 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Н.Э-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугуй хэлбэртэй амсрын диаметр 21.2x18 7 см. ероолын диаметр 11.1x10.6 см хэмжээтэй нэг ширхэг савыг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш. эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч. хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч. давж заалдах гомдол гаргах. улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.