Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 213/МА2022/00023

 

                            

Э.Сувдмаагийн нэхэмжлэлтэй

А.Байгалмаа, Ц.Отгонцэцэг нарт холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч  Т.Жаргалсайхан, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2022/00354  дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Эрдэнэцэцэгийн Сувдмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Амгалангийн Байгалмаа, Цэвээнравдангийн Отгонцэцэг нарт холбогдох

Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж, 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан хашаатай газарт гэрээ барин амьдарч байгаа Ч.Отгонцэцэгийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх, А.Байгалмаагаас хамар хашаа, хашааны хаалга хийлгэх үнэ 2.577.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий үндсэн, өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.Байгалмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Сувдмаа,  түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч А.Байгалмаагийн өмгөөлөгч Л.Бор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Дамбажав нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Сувдмаагийн  нэхэмжлэл болон  тайлбарын агуулгууд:

Амгалангийн Удаанжаргалтай 18 жил хамт амьдарч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн 2009 онд хүү Алтангадасыг өргөж авсан бөгөөд хүү маань одоо 13 настай. Нөхөр маань аваарт орон 2017 оны 05 дугаар сарын 11-нд нас барсан бөгөөд бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж, 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан газар, №000410412 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 47,8 мкв талбайтай хувийн орон сууцыг хамтын хөдөлмөрөөр бий болгосон.

Талийгаач нөхрөө өнгөрснөөс хойш хүн амьтан гуйж шинэ банз худалдаж аван хашаагаа бүрэн шинэчлэн барьсан байсан. Гэтэл нөхрийг минь нас барснаас хойш талийгаачийн төрсөн эгчийн охин болох Ц.Отгонцэцэг нь хашаанд гэрээ барин амьдарч намайг хүүтэй минь хашаанаас хөөж одоо хамт ажил хийдэг найз Амгалангийн хашаанд тэдний гэрт амьдарч байна. Миний хувьд гэртээ хашаандаа амьдрах аргагүй болоод аргагүй эрхэнд байшингаа түгжээд хэл амнаас нь айж одоо хүртэл айлын хашаанд байна.

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 949 дугаартай захирамжаар хариуцагч А.Төрбат нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Отгонцэцэг нүүнээ гээд өөрөө яваад хэд хоногийн дараа гэрээ авна гэсэн, мөн А.Төрбат Ц.Отгонцэцэгийн гэрийг нүүлгэнэ гэж хэлсэн болохоор би түүнийг хариуцагчаар татсан нэхэмжлэлээсээ татгалзсан.

Гэтэл шүүгчийн захирамж гарсны дараа буцаад манай хашаанд хүрээд ирсэн тул дахин шүүхэд хандах болсон. Ц.Отгонцэцэг нь миний зөвшөөрөлгүйгээр манай хашаанд гэр барьж миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж байгаа тул түүнийг албадан нүүлгэж түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Миний өмчлөлийн хашаа нь талийгаач нөхөр А.Удаанжаргалыг байхад А.Байгалмаагийн хашаатай нийлсэн задгай нэг хашаатай айл бүр нь урдаа хүн. машин орж гардаг төмөр том хаалгатай байсан. Талийгаач байхдаа бид хоёрын өмчлөлийн 614 м.кв газраа А.Байгалмаагийн газраас тусгаарлаж хашаа татах боломж гардаггүй байсан. Мөн талийгаач нөхрийг амьд байхад ах дүү нар нь намайг дээрэлхэж загнаж доромжилдоггүй байсан тул бид нар задгай том хашаанд хэрүүл уруулгүй амьдарч байсан.

Талийгаач нөхрийг маань нас барсны дараагаас эхэлж А.Байгалмаа хөөж тууж, гэр оронд орж ирэн зоддог болсон би олон ч удаа цагдаа дуудаж байсан нэг удаа согтуу ирээд зодож хаалга үүд эвдэхэд бас л цагдаа дуудсан цагдаа хэсэг дээр очиж мэдүүлэг аван Байгалмаа уучлалт гуйн бид хоёр эвлэрч байсан боловч дахиад л хэрүүлээ хийдэг байсан.

Иймд би тэжээгчээ алдсаны тэтгэмжээ 6 сараар зээлэн авч 1 500 000 төгрөг болгон мод банз зардаг Наранчимэг гэх хүнээс банз, шургааг худалдан авч өөрийн өмчлөлийн хашаагаа А.Байгалмаагийн газраас тусгаарлан хамар хашаа татан урд хойд хашаагаа бүхэлд шинэ банзаар сольж урд талын төмөр хаалганы 2 шонгоо тус тус шинэчлэн барьж шинэ хашаатай болсон. Энэ бүхнийг би Хуяг, Батжаргал, Энхзаяа нарыг гуйж хийлгэсэн. Мөн манай хашааны том төмөр хаалгыг талийгаач амьд байхдаа 2017 онд хийсэн. Тэр үед бид хоёр захаас 500 000 төгрөгийн төмөр болон бусад материалыг авч том сайхан хаалга хийж байсан.

Ингээд би 2018 онд талийгаачийг өнгөрснөөс хойш 614 мкв газартаа 3 тал хашаагаа 1 500 000 төгрөгийн шинэ банзаар сольж, урдаа талийгаачийн хийсэн 500000 төгрөгийн хаалгатай хашаа болгон шинэчилсэн, А.Байгалмаагийн хашаанаас тусгаарлан барьсан хамар хашаанд 800,000 төгрөгийн банз, шургааг орсон гэтэл энэ хамрыг А.Байгалмаа миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч өөрийн хашааны ар талыг тэр чигээр нь шинэчлэн барьсан.

Мөн манай хашааны 500 000 төгрөгийн том хаалгыг авч өөрийн муу хаалганы оронд сольж хийсэн байсныг мэдээд очиж уулзахад чиний юм биш миний ахын юм бичиг үсэг мэдэхгүй чамд хамаагүй гээд зодсон тэгэхээр нь цагдаа дуудсан чинь манайд хамаагүй эд хөрөнгийн маргаанаа шүүхэд өг гээд явсан.

Байгалмаа хэзээ ч миний хашааг урьд байсан байдалд нь оруулж өгөхгүй, мөн буцааж янзалсан ч сэтгэлээр хандахгүй миний нүдийг хуураад хийсэн болж үүнээс болж бөөн хэрүүл маргаан зодоон болно.

Ийм учраас 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянхонгор аймаг дахь "Энх-нахиа ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр миний хашааны хаалга болон зааглан хашаа барихад орох материалын зардал, ажлын хөлс 2021 оны байдлаар 2,577,000 төгрөг орох тооцоолол гаргасан байх тул А.Байгалмаагаас 2,577,000 төгрөг гаргуулан би өөрөө хашааны хаалга, хамар хашаагаа хийнэ.

Одоо надад айлын хашаанд байхад хэцүү байна цаашид өөрийн өмчлөлийн хашаа байшиндаа байх хүсэлтэй байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж миний эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Байгалмаагийн  тайлбарын агуулга:

Э.Сувдмаагийн өвлөж авсан гэх 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоот нь миний төрсөн ээж Данзангийн Амгалангаас өвлөж ирсэн газар хашаа юм. Нэхэмжлэгч Э.Сувдмаад миний зүгээс удаа дараа тайлбарлан хэлсэн боловч намайг хөдөө явсан хойгуур бичиг баримтыг нь хөөцөлдөөд авсан байсан. Уг газар нь Э.Сувдмаагийн манай ахтай хамтран амьдрахаас өмнө манай төрсөн ээж 2-н хамт мөн манай нөхрийн хамт авсан газар болохоос Э.Сувдмаа анхнаас бий болгож авсан газар биш миний төрсөн ээж, үр, хүүхдүүддээ өвлөн үлдээж дундаа эзэмшин яваарай гэсэн болохоос хэн нэг нь давуу эрхээр авах булаах явдал битгий гаргаарай гэж надад захиж үлдээсэн газар юм.

Мөн бидний зүгээс Э.Сувдмаатай маргалдах хөөх, ямар нэгэн шалтгаан байхгүй. Харин Э.Сувдмаа хашаа, байшингийн бичиг баримтыг барьцаанд тавьж болохгүй, учрыг нь олъё гэтэл гэнэт нүүгээд явсан байсныг нүүгээд хэд хоносны дараа би мэдсэн. Нүүлгэсэн жолооч нь манай гудамжинд амьдардаг. Хэрүүл маргаан хийж нүүлгэсэн тухай асууж болно.

Дундаа хамар хашаа байхгүй ах дүү нар хамтдаа амьдардаг. Намайг говиор ажилтай явж байх хойгуур Э.Сувдмаа хамар хашаа татаад байгаа айлын хүн хэлэхээр нь би утсаар байгаа юмыг байгаагаар нь байлгаарай гэж хэлэхэд тоогоогүй хашаа татсан би буцаагаад хамар хашааг авч хуучин хэвэнд нь оруулсан. Э.Сувдмаа нь нүүж явахдаа гэрлийн утсыг тасдаж аваад байшин савыг хүн амьдарч байсан гэж хэлэхээргүй хог шороо, тоос буулгаж хаячхаад нүүсэн байсан. Мөн манай удмын 3 дахь үеийн цайны дээж өргөдөг уламжлагдан ирсэн цөгцийг цоолон шалан дээр уруу нь харуулан хаяад явсан. Талийгаач ахын минь нас барсан өдрөөр зул өргөөд явсан боловч зулын цөгцийг бас л бөөрийг нь цоолоод хараал хийгээд явсан байсан. Ер нь ямар учиртай ингэж цөгц зулыг цоолоод явдаг юм бол гэж би хотод ганданд үзмэрчээс учрыг нь лавлахад ад бэлэвсэн хүний хараал байна битгий хэрэлдээрэй гэж хэлж байсан.

Мөн талийгаач ах минь ээжийг асран хардаг байсан бөгөөд хүнсний талон авдаг байсан учир Э.Сувдмаа нь иргэний үүргээ умартаж нас барсан хүний хүнсний талоныг авсаар байгааг би мэдээд халамжийн төвд хандан хасуулж байсан. Э.Сувдмаагийн ах нар нь Галуут суманд алт олборлож манай талийгаач ахынд хаваржихдаа хориотой ан болох тарвага гарган идэж хашаагаар тарваганы арьс өмхийрүүлж, өтүүлж хаячхаад явдаг байсан. Иймэрхүү арчаагүй байдлыг нь хэлэхээр намайг барьж зодон ээжийн минь гал голомт руу чулуу нүүлгэж, бурхан тахил руу нь нулимж, хэл, амаар доромжилдог байсанд нь гомдолтой байдаг. Ээж, ах хоёрынхоо буяныг бодож, газрыг тахиж, 3 жилийн буяныг нь хурааж дуусгаад хуулийн дагуу өмчийн маргаанаа шийдүүлнэ гэж ах дүү бид нар тохиролцоод өдийг хүрснийг Э.Сувдмаа өөрийн талд шийдүүлэх гэсэн хувиа хичээсэн зан гаргаж байгаад бид маш их гомдолтой байна. Ер нь Э.Сувдмаа нь талийдаг ахтай минь эв түнжин муу, байнга харааж зүхэж, дуртай үедээ хаяад явдаг, дуртай үедээ ирдэг. Тийм л амьдралтай байсан. Үнэхээр миний ахыг гэсэн сэтгэлтэй хүн, ах, дүү нарыг нь доромжлоод шүүхдээд байх уу миний ахын газрыг тахихад сураггүй байсан хүн гэнэт хөрөнгө яриад явдаг. Мөн ахын минь шүүх хуралд оролцохдоо гомдолтой гэж хэлээгүй. Тэр битгий хэл алсан залуутай нь үгсэн хуйвалдаж, мөнгө төгрөг авдаг байсан. Хяналтын прокурор Э.Гантулгатай үгсэн хуйвалдаж хэргийн материалыг нь сольдог байсан увайгүй хүүхэнд харин ч бид нар гомдол гаргах ёстой ч өдийг хүртэл тэвчиж ирсэнд талархах байтал... мөн 2019 онд бас л том ах, дүү хоёртоо шүүхдээд дахин гомдол гаргах эрхгүй хэрэгсэхгүй болсон гомдлыг дахин үүсгээд хэн нөлөөлөөд байгаагаас тодруулж хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Ц.Отгонцэцэгийн тайлбарын агуулга:

Хариуцагч Ц.Отгонцэцэг миний бие нь нэхэмжлэгч Э.Сувдмаагийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг гэгээн шавь 12 дугаар гудамжны 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдэж гэрчилгээний авах газар нь Д.Амгалангаас төрсөн охин А.Байгалмаад өвлөгдөн ирсэн газар бөгөөд бид нарын хамтын өмчлөл байх ёстой тул би А.Байгалмаа эгчдээ хань бараа болон эмээгийнхээ хашаанд амьдарч байгаа. Э.Сувдмаа нь өөрөө манай эмээгийн хашаанаас нүүж явсан бөгөөд бид нарын зүгээс хэл, ам, хэрүүл тэмцэл хийгээгүй өөрийн хүслээр нүүж явчхаад бид нарыг гүтгэж доромжилж удаа дараа худал ярьж бидний нэр төрд халдаж байхад гомдолтой байна. Э.Сувдмаагийн нөхөр нь миний эмээгийн хууль ёсны асран хамгаалагч байсан бөгөөд миний ахыг нас барснаас хойш улсаас олгогдож байсан хүнсний эрхийн бүтэн 6 сар авсан байсан. Э.Сувдмаа нь өөрөө юмаа өөрөө мэдээд оргон зугтсан Сувдмаа нь нүүхдээ эмээгийн он удаан жил хэрэглэж байсан бурхны цөгцийг цоолж шалан дээр уруу нь харуулж тавиад эмээгийн хүүгийн гал голомтыг доромжлоод нүүсэн байсан. Э.Сувдмаагийн нэхэмжлэлд дурдсан гомдлын баримтыг манай нагац эгч газар эзэмшиж А.Байгалмаа хуулийн дагуу бүгдийг нь гаргаж өгнө гэжээ.

Хариуцагч А.Байгалмаагийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дугаартай захирамжаар Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 6 тоотод байрлах газрыг өмчлүүлсэн. Ээж маань миний асрамжид байж байгаад 2006 онд нас барсан. Ээж маань хувьдаа өмчлүүлсэн газар, 5 ханатай гэр, 2 тал хашаа , 4 ханатай гэр 1 зэрэг хөрөнгөтэй байсан. Нас барахынхаа өмнө надад 5 ханатай гэр, 1, 2 тал хашаа, 700 м квадрат газар зэрэг хөрөнгийг надад өгөхөөр миний төрсөн ах, эгч дүү нартай тохирч байсан юм. Энэ талаар миний ах эгч дүү нар хэлцэл хийж бүгд гарын үсгээ зурцгаасан.

Миний ээжийн 700 м.кв газрыг миний төрсөн ах Удаанжаргалын эхнэр бидэнд мэдэгдэлгүйгээр дээрх 700 м.кв газрын гэрчилгээг өөрийн 6-12-7 тоот хашаанд байсан газартай нэгтгэн Эрхийн бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авснаар энэ хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоо бүхий маргаан үүссэн юм. Энэ талаар би Баянхонгор аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч миний өргөдлийг тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн байсан. Тус газар миний өргөдлийг нягтлан үзээд хаягжилтын алдаанаас болж миний эх Д.Амгаланд 6-12-6 тоотод байрлах газар, миний ах Удаанжаргалд 6-12-7 тоот газрыг өмчлүүлсэн талаар бичсэн байна. Тус газар дээрх өргөдлийн хариуг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 809 тоотоор хариу мэдэгдсэн.

Иймд миний төрсөн ах Удаанжаргалын эхнэр Сувдмаа миний ээжийн өмчлөлийн 6-12-6 тоотод байрлах газрыг 6-12-6 тоотыг өөрийн 6-12-7 тоотод байрлах газартай нийлүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь үндэслэлгүй байна. Би төрсөн охиных нь хувьд ээж Амгалангийн 2 тал хашаа, газрыг өмчлөх ёстой. Миний эх Д.Амгалангийн өмчилж байсан Баянхонгор сумын 6-12-6 тоотод байрлах 700 м.кв газрыг 2 тал хашааны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Сувдмаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

Миний бие нөхөр болох Амгалангийн Удаанжаргалтай 18 жил хамт амьдарч албан ёсоор гэрлэлтээ 2006 онд бүртгүүлэн 2009 онд хүү Алтангадасыг өргөж авсан бөгөөд хүү маань одоо 15 настай. Нөхөр маань 2017 оны 05 дугаар сарын 11-нд аваарт орон нас барсан бөгөөд одоо хүүтэйгээ амьдарч байна.

2005 онд билүү 2003 онд Монгол Улсын иргэний газар өмчлөх гэрээгээр 6-12-06 тоотод байрших газрыг нөхөр Удаанжаргал авсан байсан. Маргаан бүхий газар анх хадам ээж Амгалангийн нэр дээр байсан бөгөөд хүү Удаанжаргал бид хоёрт өгсөн тул хуулийн дагуу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж 6 тоотод байрлах 614 мкв газрын холбогдох гэрчилгээг 2016 онд авсан. Нөхөр маань нас барснаас хойш 1 жилийн дараа өв нээгдэж, уг газар миний өмчлөлд шилжсэн.

А.Байгалмаагийн хэлснээр түүний 700 мкв газрыг өөрийн 6-12-7 тоот хашаанд байсан газартай нэгтгэн хууль бусаар авсан зүйл байхгүй. Харин 6-12-5 тоотод байрших газарт А.Байгалмаа амьдарч байгаа бөгөөд 6-12-7 тоотод Батжаргал гэдэг айл олон жил амьдарч байгаа хаягийн ямар нэгэн маргаан байхгүй би илүү газар аваагүй холбогдох хууль журмын дагуу миний нэр дээр шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга;

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Сувдмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах нэгж талбарын 6409005067 дугаартай газраас хариуцагч Ц.Отгонцэцэгийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлж, хариуцагч А.Байгалмаагаас гэм хорын хохиролд 2,577,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Сувдмаад олгож, Хариуцагч А.Байгалмаагийн нэхэмжлэгч Э.Сувдмаад холбогдуулан гаргасан Өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Сувдмаа, хариуцагч А.Байгалмаа нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Отгонцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, хариуцагч А.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 56,182 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Байгалмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч, хариуцагч Амгалан овогтой Байгалмаа Баянхонгор сумын 6 дугаар баг, 12 дугаар гудамж, 5 тоотод оршин суугч , утас 99625557 Э.Сувдмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн хашааг урьд байсан байдалд нь оруулж өгөхийг даалгах, А.Байгалмаагаас хашаа , хаалга хийлгэх үнэд 2 577 000 төгрөг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2022/00354 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн106.1, 497 дугаар зүйлийн. 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Сувдмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж , Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 6 тоот хаягт байрлах 6409005067 дугаартай газраас хариуцагч Ц.Отгонцэцэгийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлж , хариуцагч А.Байгалмаагаас гэм хорын хохиролд 2 577 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сувдмаад олгож нэхэмжлэгч Байгалмаагийн өв залгамжлагчаар тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Сувдмаа, хариуцагч А.Байгалмаа нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Ц.Отгонцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, хариуцагч А.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 56 182 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. .

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Би ээж Д.Амгалан болон 2 хүүхдийн хамт Баянхонгор сумын 6-12-6 тоотод амьдарч байсан бөгөөд ээжийгээ өвчний улмаас асарч байгаад ээж маань нас барсан. Энэ талаар Баянхонгор сумын 6 дугаар багийн Засаг дарга Д.Идэрхандын 2021 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн 938 дугаар албан бичигт А.Байгалмаа нь Цагаан эрэгийн 6-12-6 тоотод ээж Амгалан болон 2 хүүхдийн хамт амьдардаг байсныг тодорхойлов гэснээр батлагддаг.

Ээж Амгалан бид хоёрын амьдарч байсан хашаанд миний төрсөн ах Удаанжаргал эхнэр Сувдмаагийн хамт оршин суудаг байсан бөгөөд бид нар хашаагаа тусгаарлаагүй хамтдаа амьдарч байсан.

Иргэдэд газар өмчлүүлэх тухай хууль 2003 онд батлагдаж анх удаа иргэдэд 0.7 га газар олгох шийдвэр гарснаас хойш Баянхонгор аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29 ний өдрийн 114 дүгээр захирамжаар 824 иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулж 78.6 га газрыг үнэгүй өмчлүүлэх шийдвэр гарсан. Энэ захирамжийн хавсралтад бичигдсэн иргэдийн 775 дугаарт 6-12-6 тоотыг Данзангийн Амгаланд , 776 дугаарт 6-12-7 тоотод 430 т кв газрыг Амгалангийн Удаанжаргалд өмчлүүлэхээр заасан. Тухайн үед миний ээж Амгалан 6-12-5.6-12-6, 6-12-7 тоот газруудыг эзэмшиж байсан .

Засаг даргын захирамжийг хэн ч өөрчлөх эрх байхгүй. Энэ захирамж одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Засаг даргын захирамжийн дагуу кадастрын зураглал хийгдэх ёстой. Гэтэл засаг даргын захирамжийг зөрчиж кадастрын зураглал буруу хийгдсэн. Энэ талаар Аймгийн Засаг даргад өргөдөл гаргахад Засаг даргын захирамжийг зөрчсөн байна гэсэн хариуг надад өгч энэ тухай баримт хэргийн материалд авагдсан.

Энэ газар дээр хийгдсэн кадастрын зураглал нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.13-т зааснаар газар дээр тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан хил нь газар олгоход эрх бүхий байгууллагаас тогтоосон хилтэй тохирч байна гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм. Тухайн үед гарсан Засаг даргын захирамж одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Кадастрын зураглалыг эрх бүхий байгууллага буруу хийсний гадна өөр нэг шалтгаан бол Миний ээж Амгалан , ах Удаанжаргал нар хашаагаа зааглаж тусгаарлаагүй байсан , тэр үед 2 айлын газрыг нэг газарт тооцож зураглал хийсэнтэй холбоотой гэж миний хувьд үзэж байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан хашааны зураглалаас харахад Э.Сувдмаагийн байшингийн хажуугаар нь анх олгосон газрын зааг миний ээжийн газраас тусгаарлагдаж байсан. Гэтэл Э Сувдмаа газрын Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахдаа ээжийн газрыг оролцуулж гэрчилгээ авсан байсан. Тухайн үед газар олгохдоо нарийн хэмжиж байсан. Миний ээж Амгалан , ах Удаанжаргал нарыг нас барсны дараа Э.Сувдмаа надад мэдэгдэлгүйгээр газар буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан байсан. 2017 оноос хойш энэ маргаан үргэлжилж байгаа юм.Миний ээж Амгалан нь өөрийн өмчилж авсан газар буюу 6-12-6 тоот болон 6-12-5 тоот буюу ах Бумцэндийн бэлэглэсэн газар гэх 2 эзэмшил газартай байсан учраас маргаангүй 6-12-5 тоотыг би өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр авч одоо тэр газраа амьдарч байгаа . Гэтэл шүүх энэ байдлыг ялгаж салгаж ойлгосонгүй. Миний ээжийг зөвхөн 6-12-5 тоот газар эзэмшиж байсан мэтээр буруу дүгнэлтийг хийсэн. Би энэ байдлыг гэрч асуулгаж тодруулахаар хүсэлт гаргаж байсан боловч миний хүсэлт болгоныг хэрэгсэхгүй болгож шүүх нэг талыг барьж хэргийг шийдсэн.

Би ээжтэйгээ нэг гэрт хамт амьдарч түүнийг асарч байгаад ээж маань нас барсан бөгөөд 5 ханатай гэртэй, 2 хашааны газартай хүн байсан гэдгийг олон хүн мэднэ.

А.Удаанжаргалд анх 430 м кв газар өмчлүүлсээр байтал 200 гаруй квадрат /м газрыг илүү өмчилж 614 т/кв болсон байхад шүүх ямар учраас өмчлөх газрын хэмжээ нэмэгдсэн учир шалтгааны талаар шалгасангүй. Энэ нь миний ээжийн газрыг өөрийнхөө газартай нийлүүлж авсан 614 м.кв болгож гэрчилгээ авсан нь тодорхой байгаа.

Шүүх шийдвэртээ газрын кадастрын зураглалын талаар талууд маргаагүй гэж бичжээ. Газрын кадастр буруу хийгдсэн талаар анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн маргаж байсан байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн төдийгүй газрын маргаантай асуудал дээр үүссэн гэм хорын асуудал , кадастрын зураглал буруу хийгдсэн хууль бус үйлдэл байсаар байтал иргэний шүүх харьяаллын бус маргаантай хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тухайн үед нь би энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх гэсэн боловч миний өвлөх эрхийн гэрчилгээний эх хувийг газрын албанд өгчихсөн байсан учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй юм.

Шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нарын нэр тэр тусмаа гэм буруугийн талаар дүгнэлт гаргах эрх бүхий этгээд иргэдийн төлөөлөгчийн нэрийг зөв бичих шаардлагатай. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Дашзэгвийн Ууганбаяр оролцсон. Шүүхийн шийдвэрийн 13 дугаар талд Иргэдийн төлөөлөгч Г.Баяраа гэм буруугийн талаар дүгнэлт гаргасан гэж хүний нэрийг буруу бичсэн.

Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас нь өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж бичсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийг 2 талын гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд хэрэглэдэг учраас энэ заалт гэм хорын нэхэмжлэлд хамааралгүй гэж үзэж байна.

Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн.

Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өрх толгойлсон, төлбөрийн чадваргүйн улмаас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Миний төлбөрийн чадваргүй байдлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын албан бичгээр нотолж шүүгчийн захирамжаар намайг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 56182 төгрөг төлүүлэхээр шийдсэн.

Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах явцад хүчинтэй байгаа. Шүүх миний улсын тэмдэгтийн хураамж төлөх чадвартай эсэхэд дүгнэлт хийгээгүй , өмнөх захирамжаа хүчингүй болгоогүй байж хураамж гаргуулж шийдсэнийг буруу гэж үзэж байна.

Шүүх намайг хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг 2022 оны 06 сарын 02-ны өдөр буюу шүүх хуралдаан эхлэхээс 20 минутын өмнө мэдэгдсэн. Би тэр үед нь өөрийн барааг үерт авхуулж үерийн ус зайлуулах гээд шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Энэ үед бараа үерт автлаа шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг туслах Б.Сайннямбууд хэлж бичгээр мэдэгдсэн. Миний шүүх хуралдаанд оролцох боломжгүй байдлыг миний өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлж тайлбарласаар байтал шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, шүүх хуралдааны товыг боломжтой байдлаар мэдэгдээгүйд гомдолтой байна.

Шүүх надаас гэм хорын хохиролд 2.577.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Шүүх эмнэлгийн Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэнээр Сувдмаа хашааг тусгаарлахад гарах зардлыг тухайн үеийн болон зах зээлийн ханшаар гэж 2 янзаар тооцож гаргасан. Гэтэл шүүх Сувдмаа хашааг тусгаарлаж банз мод зарцуулаагүй байхад зах зээлийн ханшаар тооцож 2 577 000 г гаргуулахаар шийдсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүссэн үеийн ханшаар тооцно гэсэн заалтыг зөрчиж модны үнийг зах зээлийн ханшаар тооцож ирээдүйд гарах зардлаар хохирол гаргуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Сувдмаагийн хашааг тусгаарлахад зарцуулсан мод банз бусад зүйл нь Байгалмаа миний хашаанд байсаар байтал хэдэн төгрөгийн эд зүйл байсныг үзлэг болон бусад байдлаар нотлоогүй.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2022/00354 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч Э.Сувдмаагийн хариуцагч А.Байгалмаа, Ц.Отгонцэцэг нарт холбогдуулан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000375659 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг Гэгээн шавь 12 дугаар гудамж, 6 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаартай 614 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0320005067 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан хашаатай газарт гэрээ барин амьдарч байгаа Ч.Отгонцэцэгийг албадан нүүлгэж, түүний хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх, А.Байгалмаагаас хамар хашаа, хашааны хаалга хийлгэх үнэ 2.577.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч нар эс зөвшөөрч  маргаан бүхий газрын өв залгамжлагчаар тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж харилцан маргаан үүсгэсэн байна.

Маргааны зүйл болсон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотод байрлах 6409005067 нэгж талбарын дугаар бүхий 614 м.кв талбайтай газрыг  нэхэмжлэгч Э.Сувдмаагийн талийгаач нөхөр А.Удаанжаргалд 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2 жилийн хугацаагаар ашиглах эрх олгогдсон болох нь   газар ашиглах эрхийн 001755 дугаартай гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна./1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр тал/

Улмаар тус газрыг нэхэмжлэгч Э.Сувдмаа болон түүний нөхөр А.Удаанжаргал нар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр газар өмчлөх эрхийн 000227471 дугаарт, эрхийн улсын бүртгэлийн Г-0320005067 дугаарт бүртгүүлэн, газрын хэмжээг 614 м.кв талбайтайгаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй болсон нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-122-126/, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулсан газрын хувийн хэрэгт хадгалагдаж буй газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураглал зэргээр тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч Э.Сувдмаагийн нөхөр А.Удаанжаргал 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нас барснаар нэхэмжлэгч Э.Сувдмаа нь маргаан бүхий газрыг өвлөн авч газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь  Өвлөх эрхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар гэрчилгээ, газар өмчлөх эрхийн 000227471 дугаар, эрхийн улсын бүртгэлийн Г-0320005067 дугаар, нэгж талбарын 6409005067 дугаар  улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон байна./хэргийн 123-124,130 дугаар тал /

Анхан шатны шүүх  нь шүүх хуралдаанаараа дээрх нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлээд  “ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж зааснаар газрын асуудал эрхэлсэн болон эд хөрөнгийн улсын бүртгэл эрхэлсэн байгууллагуудад хадгалагдаж буй дээрх газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүчинтэй байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн газрыг өмчлөх эрхтэй болохоо нотлохоор гаргаж өгсөн газар өмчлөх эрхийн тус гэрчилгээгээр нэхэмжлэгч Э.Сувдмаа нь маргаан бүхий газрын өмчлөгч болох нь хангалттай нотлогдож байна” гэсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу  нэхэмжлэгч  Н.Сувдмаа нь өөрийн өмчөө  бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй төдийгүй нэхэмжлэгч Э.Сувдмаагийн зөвшөөрөлгүйгээр хашаанд нь гэрээ барин амьдарч байгаа  хариуцагч Ц.Отгонцэцэгийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлж, түүнийг албадан нүүлгүүлэхээр шаардах эрхтэй

Харин  нэхэмжлэгч Н.Сувдмаа нь өөрийн өмчлөлийн дээрх газраа  хариуцагч А.Байгалмаагийн газраас зааглан хашаа татсан, хашаа бүр тусдаа төмөр хаалгатай  бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч А.Байгалмаа  нь нэхэмжлэгч Э.Сувдмаагийн барьсан хашааг буулгаж, банзаар нь өөрийн хашааны ар болон хажуу талыг нөхөж барьсан, хашааных нь хаалгыг өөрийн хашааны хаалганы оронд байрлуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн  байх тул   хариуцагч  А.Байгалмаагийн  гэм буруутай  үйлдлийн улмаас өөрийн өмч хөрөнгөнд учруулсан 2,577,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлоо шаардах   эрхтэй,  хохирлын үнэлгээг гаргасан Энх-Нахиа ХХК-ийн  шинжээчийн  244, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн  шинжээчийн дахин дүгнэлтүүд  үндэслэлтэй.

Анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ Э.Сувдмаагийн нэхэмжлэлтэй, А.Байгалмаа, Ц.Отгонцэцэг нарт холбогдох, 131/2021/00341/И дугаарын индекстэй иргэний хэргийг А.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Э.Сувдмаад холбогдох, 131/2022/00098/И дугаарын индекстэй иргэний хэргээс цаг хугацааны хувьд түрүүнд хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн учир уг хэрэгт нэгтгэх зүйтэй гэж үзсэн нь зөв байна.

Хариуцагч А.Байгалмаа нь “...  маргаан бүхий газрыг Баянхонгор аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дугаартай захирамжаар Д.Амгаланд өмчлүүлсэн...” гэж маргаж байгаа боловч  талийгаач Данзан овогтой Амгалангийн хүүхдүүдийн хооронд хийсэн хэлцэл гэх баримт нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн,  маргааны зүйл 6.12.6 тоот хашаа бүхий газрыг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 809 дүгээр албан бичигт дурдснаас хаягжуулалттай холбоотой алдааны улмаас тус захирамжаар 6.12.6 тоотыг Д.Амгаланд өмчлүүлэх шийдвэр гарсан өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 114 дүгээр захирамжаар ...6 дугаар багийн 12 дугаар гудамжны 05 тоотын 400 м.кв газрыг Д.Амгаланд өмчлүүлсэн, ....2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 31 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн А.Байгалмаад өмчлөх эрхийг шилжүүлсэн. 6 дугаар багийн 12 дугаар гудамжны 06 тоотын 430 м.кв газрыг А.Батжаргал, регистрийн дугаар нь А.Удаанжаргалын нэр дээр өмчлүүлэх шийдвэр гаргасан байх  бөгөөд А.Удаанжаргалын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн. ...Захирамжид Д.Амгалангийн өмчлөн авсан 6-12-6 нь одоо 6-12-05 тоот, А.Удаанжаргалын 6-12-7 тоот нь одоо 6-12-6 тоот юм... хаягжуулалттай холбоотой алдааг залруулах болно гэснээс тодорхой илэрхийлэгдсэн байх ба маргаан бүхий газар нь анхнаасаа нэхэмжлэгч Э.Сувдмаагийн нөхөр А.Удаанжаргалын ашиглалт, эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй,   Д.Амгаланд тус газартай холбоотой ямар нэг эрх үүсээгүй...” талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцжээ.

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан кадастрын зургууд, газрын кадастрын зургийг Сансрын зураглалтай давхцуулсан байдлаар үйлдэж ирүүлсэн зураглал  зэргээр нотлогдон тогтоогджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 133, 140, 159 дүгээр тал/

Анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу  нэхэмжлэгч Э.Сувдмаа болон хариуцагч А.Байгалмаа нарыг нэхэмжлэл гаргахад  улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн харин  хариуцагч нарын гэм буруутай үйл ажиллагааны улмаас  үүссэн хариуцлагад  төлөх  улсын тэмдэгтийн хураамжаас нь  чөлөөлөхгүй тул  анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хувиарлан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн нэрийг орхигдуулсан,   нэрийг нь буруу бичсэн гэх хариуцагч нарын өмгөөлөгчийн саналын тухайд энэ нь техникийн шинжтэй алдаа бөгөөд үүний улмаас  тодорхой үр дагавар үүсэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...иргэдийн төлөөлөгч Г.Баярмаагаас гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж...” гэж нэрийг буруу бичсэн хэдий ч шүүх хуралдааны тэмдэглэлд  иргэдийн төлөөлөгч Д.Ууганбаяр оролцсон...” гэж бичсэн болохыг дурдах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 131/ШШ2022/00354 дүгээр шийдвэрийг  хэвээр үлдээж,  хариуцагч А.Байгалмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч А.Байгалмаагийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56162 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН

 Л.НЯМДОРЖ