Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 312/шш2026/01970

 

 

 

 

 

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2026/01970

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ... тоотод оршин суух, .....ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, .... тоотод оршин суух, ..../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,538,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 1,538,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... ******* нь 2025 оны 07 дугаар сарын 29-нд миний ******* ОРН Changan авто машиныг өөрийн ******* ОРБ улсын дугаартай машинаараа мөргөж хохирол учруулаад зугтаасан. Миний машин хятад машин, радиатор нь пиавр түгжээтэй байдаг, хүчтэй мөргөснөөс болоод радиаторын түгжээ мултраад антифриз гоожсон. Мижиддорж нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өглөө зогсоол дээр байсан манай машиныг хажуу талд зогсож байгаад буруу дараад мөргөөд зугтсан. Тэр хавийн камер болохгүй байж байгаад бид өөрсдөө 2 өдрийн турш эрэн сурвалжилж, тэр хавийн бүх албан байгууллагын камерыг шүүж байгаад МСҮТ-ийн гадаах камераас олсон. Ингээд тээврийн цагдаад хандан бидний гомдол эхэлсэн байдаг. Манай машин Чанган гэх хятад машин. 2020, 2023 онтой хэдий ч одоогийн зах зээлийн үнэ нь 120,000,000 төгрөгийн үнэтэй, бид хоёр 2023 онд орж ирсэн гэх утгаар 90,000,000 төгрөгөөр 8 сарын өмнө аваад 2 сар болж байсан. Мижиддорж гуай мөргөчихөөд явсан, би маргааш өдөр нь гараад анзаарахгүй явж байгаад хөдөлгөөн хийгээд арагшаа гараашны хажууд очоод найзтайгаа хамт явж байхад доороос чинь юм гоожоод болохгүй байна гэж хэлэхээр нь харахад хажуу талаас мөргөсөн байсан, ингээд цагдаа дуудахад камер байхгүй, өөрсдөө камер шүүгээд олж авах юм бол энэ асуудлыг шийдэж өгч болно гэж хэлсэн. Гоожоод байгаа зүйл нь энэ Хятад машины радиатор гээд байгаа нь сайжруулсан хуванцар түгжээтэй. Мөргөхдөө энэ хүний машин нь портер, өөрийнх нь машин хүртэл нэлээн хонхойсон байгаа. Оношилгоо нь ч гэсэн хүчтэй мөргөснөөс болоод радиаторын хуванцар түгжээ нь мултраад антифриз нь гоожсон гэсэн байгаа. Ингээд цагдаа дээр асуудлаа шийдэх гээд очиход үнэлгээ яригдаж байсан. Манай машины хувьд Орхон аймагт байтугай Улаанбаатар хотод сервис нь байдаггүй, ганцхан Номин гэдэг газар оруулж ирдэг. Ингээд үнэлгээний газар очоод үнэлгээ хийлгэх гэхэд оношилж байж бид үнэлнэ гэж хэлсэн. Оношилгооны газар руу хоёулаа хамт очиход бид нар задлахгүй, задлаад оношийг нь мэдэхгүй, 2 дугаарт сэлбэг байхгүй учраас та нар мэддэг газраар нь эхнээсээ явсан нь дээр гэж хэлсэн. 4-5 газар ороход яг ингэж хэлсэн. Тэгээд хот руу машинаа 450,000 төгрөгөөр ачуулж авч яваад 100,000 төгрөгөөр буулгагч машинаар буулгуулсан, 460,000 төгрөгөөр гүпер задлуулж оношлуулаад, засварлуулсан, антифриз 68,960 төгрөг, радиатороо гагнуулсан 100,000 төгрөг, таксинд суусан 60,000 төгрөг, наашаа ирэхэд бензин 160,000 төгрөг, энд ирээд үнэлгээ 150,000 төгрөгөөр хийлгэснийг нэхэмжилж байгаа. Энэ зардалд хоёрын хоёр том хүн Улаанбаатар хотод идэж ууж, хоносон газрынхаа баримтыг и баримтаар өгөхөд цагдаа нь шоолоод энэ чинь манайд хэрэггүй гээд буцаагаад өгсөн боловч буцаад олдохгүй байгаа. Ингээд энэ ахыг мөнгө өгөхгүй байхаар нь хүнээс 2,000,000 төгрөг зээлж хот явсан 110,000 төгрөг үлдээд Эрдэнэтэд ирсэн. Эрдэнэтэд ирээд маргааш нь үнэлгээний газар очоод ийм ийм байдалтай ингэсэн гэхэд гарсан зардал хамаагүй, одоо танай машин радиатор солих шаардлагатай, үндсэн радиатор нь гэмтсэн, мөн зүүн талаараа мөргөсөн учраас будганд орно гэсэн. Ийм учраас хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

4. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Миний бие 2025 оны 7 сарын 29-ний өглөө зогсоол дээрээс хөдлөхдөө ******* ОРН улсын дугаартай машиныг шүргэсэн байсан. Тухайн үедээ гэмтэл гаргасныг мэдэлгүй хөдлөөд явсан. ЗЦГ-аас дуудахад нь уг гэмтлийг мэдсэн. Улаанбаатар руу машинаа ачиж авч явна гэхээр нь зардал 450,000 төгрөг, 7 литр тосол 65,000 төгрөг, Улаанбаатараас ирэхэд нь нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг төлсөн болно. Миний учруулсан гэмтэл нь энд засуулах боломжтой гэмтэл бөгөөд тухайн жолоочийн шаардлагаар хүний хөрөнгөд гэмтэл учруулсандаа гэмшиж уг төлбөрүүдийг хийсэн. Миний хувьд гэмтэлд тохирсон төлбөрөө хангалттай төлсөн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

6. Хариуцагч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэр Сайхан төв худалдааны төвийн урд зогсоол дээр Хюндай Портер маркийн ******* ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байх үедээ тус зогсоолд байсан Changan маркийн ******* ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учруулсан, уг зөрчилд Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж *******ид Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр 100,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна.

 

7. Тухайн Changan маркийн ******* ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь иргэн ******* болох нь Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний хуулбараар тогтоогдож байгаа ба уг машины эвдрэл хохирлын үнэлгээг Хас үнэлгээ ХХК-ийн 2025 оны 8 сарын 4-ний өдрийн 88 дугаартай тайлангаар 1,999,993 төгрөгөөр тогтоосон байна.

 

8. Хариуцагчаас нэхэмжлэгчид тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, төлбөрт нийт 2,450,000 /УБ хот руу автомашиныг ачуулахад 450,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон 2,000,000 төгрөгийг төлсөн/ төгрөгийг төлсөн, энэ талаар зохигч маргаагүй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 499.1 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасанд үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

10. Нэхэмжлэгч хариуцагчаас дээрх хохирол төлбөр дээр нэмж Changan маркийн ******* ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хотод очиж засварын газарт оношлуулахад гарсан зардал болох /машиныг буулгагч машинаар буулгах хөлс 100,000 төгрөг, радиатор задалж засварлах төлбөр 460,000 төгрөг, антифриз үнэ 68,960 төгрөг, радиатор гагнах 100,000 төгрөг, хотоос ирэх бензин 140,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 150,000 төгрөг, хотод такси унааны төлбөр, хоолны зардал гэсэн төлбөрүүд/ 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураажид төлсөн 38,950 төгрөгийг нэмж нэхэмжилсэн.

 

12. Хэдийгээр хариуцагч Д.Мижиддоржоос нэхэмжлэгч *******д машиныг хот руу ачуулах зардал болон үнэлгээгээр тогтоосон төлбөрийг төлсөн боловч хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн автомашиныг хот руу ачуулж засварын газарт оношуулахад гаргасан зардал төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

13. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдож байгаа хохирлын үнэлгээ хийлгэх төлбөр 150,000 төгрөг, оношлогоо хийсэн зардал 460,000 төгрөг, антифризний үнэ 68,960 төгрөг, хотоос ирэх бензин 140,000 төгрөг, радиатор гагнуулсан 100,000 төгрөг, нийт 918,960 төгрөгийг хариуцагч Д.Мижиддоржоос гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа 518,040 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 26,605 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 918,960 /есөн зуун арван найман мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 518,040 /таван зуун арван найман мянга дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 26,605 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ