| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00483/И |
| Дугаар | 137/ШШ2026/00503 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 137/ШШ2026/00503
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн 27,376,617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 00-р хороо, У гудамж, Өөрийн байранд байрлах, К банк ХК /ХХД: 000000000, РД: 0000000, утас: 000000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Б нь К банктай 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3016/2024-94000000000 тоот "К банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ"-ний дагуу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр MN69003000000000 тоот "Цахим Цалингийн зээлийн гэрээ" байгуулан 22,026,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 115,718,40 төгрөг, үндсэн хүүнээс 1,340,404.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 14,150.90 төгрөг, нийт 1,470,273.70 төгрөг төлсөн хэдий ч зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүрийн 20-ны өдөр төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авснаас хойш хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Г.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 21,910,282 төгрөг, зээлийн хүү 5,220,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 246,245 төгрөг нийт 27,376,617 төгрөг болно. Хариуцагч Г.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 27,376,617 төгрөгийг гаргуулж К банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сум, 00-р баг О байрны 00 тоотод оршин суух, Г овогт Г-ын Б /РД: РК0000000, утас: 000000/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Б нь К банкны нэхэмжилсэн 27,376,617 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К банк” ХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,376,617 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт 27,376,617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “К банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 27,376,617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,833 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 147,416.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 147,416.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА