| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0146/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 152
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баатар овогт С.С-д холбогдох эрүүгийн 1826000000173 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/82 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдаж байсан, Баатар овогт С.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр иргэн Б.Г-н толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ажлаасаа тараад гэр лүүгээ явж байсан чинь манай найз таараад надад 1 шил архи авч өгсөн. Би тэр архинаас талыг нь уусан. Тэгээд зах руу орсон юм. 2-3 хүнтэй барилцаж авснаа муухан санаж байгаа. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрээд ийм хэрэгт холбогдсоноо мэдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд төв бараан захын баруун талд явж байтал нэг өвгөн ирээд миний хүү “...энэнээс уучих...” гээд надад хэлэхээр нь “...үгүй би архи уухгүй...” гэсэн чинь “...яасан том том яриатай пизда вэ...” гэхээр нь “...та зүгээр хариа, үеийнхэнтэйгээ л уу...” гэсэн. Тэгсэн жаахан байж байгаад намайг “...хоёулаа уулзаадхая...” гээд дуудахаар нь очсон чинь юм ярьж байгаад шилтэй архиар миний толгой руу цохичихсон. Тухайн үед хажуугаар явж байсан нэг хүн миний утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. Тухайн дуудлага өгсөн залууг танихгүй. ... Надад гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... С.С нь ааш зангийн хувьд элдэв янзын зангүй хүн. Архийг сардаа 1-2 удаа уудаг. Архи уучихаараа гэртээ агсам согтуу тавиад байдаггүй, тэгсхийгээд л унтаад өгдөг. ...Сэлэнгэ аймгийн Зүүнхараад 1987-1989 онд цэргийн алба хааж байсан. Сургуульд сурч байгаагүй. Боловсролгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч С.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.С нь ааш зангийн хувьд уур уцаар багатай, тайван зантай хүн. Архийг сардаа 1-2 удаа уудаг. Архи уучихараа гэртээ агсам согтуу тавиад байдаггүй, тэгсхийгээд л унтаад өгдөг. ...Аав Сэлэнгэ аймгийн Зүүнхараад 1987-1989 онд цэргийн алба хааж байсан. Сургуульд сурч байгаагүй, боловсролгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.С-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зүс таньдаг найзтайгаа Арвайхээр сумын 9 дүгээр багт гудамжинд таараад 1 шил 0.75 литрийн архийг найз авч өгсөн. Би тэр архийг ганцаараа гудамжинд талыг нь уучихаад, архиа өвөртлөөд зах руу явж байснаа санаж байгаа. Нэг мэдсэн 2-3 эрэгтэй хүнтэй барилцаад авчихсан захын баруун талд байсан. Тэгээд цагдаа нар ирээд саатуулах байранд тэр өдрөө хоносон. Маргааш нь цагдаагаас сонсоход архины шилээр хүний толгойг цохиж хагалсан гэдгээ мэдсэн. Энэ талаараа би юу ч санахгүй байгаа. Би архийг хааяа л уудаг. Архи уучихаараа юу болсноо санадаггүй тасарчихаад байдаг. Г гэдэг хүнтэй юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээж байна. Г-д эмчилгээний мөнгө гэж 220.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №473 дугаартай: “...Б.Г-н биед зүүн хөмсөг хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгэр хуудас/,
Хохирогч Б.Г-н Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан: “... Б.Г би 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр С.С-д архины шилээр цохиулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Одоо надад гомдол санал байхгүй учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.С-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-60 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.С-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.С нь согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах төв бараан захын баруун талд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр иргэн Б.Г-н толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч С.С-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г-н “... шүүгдэгч С.С-д архины шилээр цохиулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/, шүүгдэгч С.С-н хувийн байдлын талаар өгсөн гэрч Ц.Ц, С.Э нарын мэдүүлэг /хх-ийн 19, 20/, шүүгдэгч С.С-н үйлдлийн улмаас хохирогч Б.Г-д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №473 дугаартай дүгнэлт. /хх-ийн 22/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл тэмдэглэл /хх-ийн 1/, Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 9/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/, Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/, Хохирогч Б.Г-н Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч С.С-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч С.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ерөөл” нэртэй 0.75 литрийн таглаагүй, хоосон архины шилийг устгахыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баатар овогт С.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баатар овогт С.С-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ерөөл” нэртэй 0.75 литрийн таглаагүй, хоосон архины шил нэг ширхэгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.