| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00680/И |
| Дугаар | 137/ШШ2026/00521 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2026/00521
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,627,864.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00-р хороо, бага тойруу 00/00 тоотод байрлах Т Банк ХК /ХХД:000000, РД: 0000, утас: 000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т банк" ХХК нь зээлдэгч Н.М-тэй 2024 оны 08 дугаар сарын 16-ний өдөр №MN490000000 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулж, 19,700,000 төгрөгийг сарын 1.5%-ийн, жилийн 18%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн онлайн зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн MN67003428000000 тоот дансанд зээлийг олгосон. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал: 2025 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар зээл муу ангилалд шилжсэн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул "Т банк" ХХК нь зээлдэгч Н.М-тэй байгуулсан. Зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлд 18,643,965.57 төгрөг, хүүнд 4,747,019.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 236,879.47 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 23,627,864.76 төгрөг гаргуулах...” гэжээ.
Хариуцагч Д аймаг, З сум, 2-р баг, Ц-гийн гудамж 00-00 тоотод оршин суух, Б овогт Н-ийн М /РД: ЕИ000000 утас: 000000/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н овогтой М миний бие Т банкны нэхэмжилсэн 23,627,864.76 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 23,627,864.76 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.М нь зээлийн гэрээний үүрэгт 23,627,864.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,627,864.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,089 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 138,044.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 138,044.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА