Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 611

 

                                                                  Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1051 дүгээр магадлалтай Л.Э-т холбогдох эрүүгийн 1909046510044 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1982 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Улсын Их Хурлын Тамгын газарт эдийн засагч ажилтай, ял шийтгэлгүй Т овогт Л-ийн Э

Л.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сентоза” бааранд иргэн М.Т-ийг “шинэ жилийн үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж 1051 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон.

Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч, гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гаргасан атлаа тэдгээрийг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ноцтой зөрчил байхад давж заалдах шатны шүүхээс “улсын яллагчийг оролцуулсан, ...гэрч, шинжээчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээргүй” гэсэн агуулгатай явцуу дүгнэлт хийсэнд гомдолтой. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний гаргасан:

“Хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл шалтгааныг бодитой тогтоолгох, гэрчүүдийг заавал оролцуулах, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, тодорхойгүй учир шинжээчийг заавал оролцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоогоогүй, хэргийн газарт үзлэг хийж хохирогч унах үед эд зүйлд цохигдох боломжтой эсэх, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг мөрдөн шалгах ажиллагаагаар мухарлан шалгах, тогтоох үүрэгтэй” гэсэн саналыг шүүх хүлээн аваагүй.

Хэрэг гарсан үед хохирогч, холбогдогчтой хэн алинтай нь хамт ажилладаг хүмүүс бөгөөд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхдөө нэгэн ижил байдлаар үзээгүй, хараагүй, согтуурсан байсан гэх мэдүүлгийг яг адил үг, хэллэгээр өгсөн байсан учир шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж тодруулах асуулт тавих хүсэлтийг хангаагүй.

Хохирогч М.Т тогтвортойгоор мэдүүлсэн учир Л.Э-ын мэдүүлэг бодитой бус, гэрч нарын мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхээр ач холбогдолтой байж чадахааргүй байна гэсэн шүүхийн дүгнэлт хэт өрөөсгөл болсон. Шүүх хуралдаанд оролцох гэрч ямар байдлаар мэдүүлэг өгөхийг урьдаас таамаглах ёсгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрчийн мэдүүлгийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үнэлэх нь хуульд харшилна гэсэн саналыг хүлээн аваагүй.

Зүй нь хэргийн талаар нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хохирогч холбогдогчийн зөрүүтэй мэдүүлгийг хэргийн бусад баримттай, түүний дотор гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж асуух замаар тодруулснаар хэргийн бодит байдлыг тогтооход дөхөм болох байсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч, гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг хангаж захирамж гаргасан боловч оролцуулалгүй шийдвэрлэснийг тус тус хянуулахыг хүснэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 37.8, 39.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хянуулна.

“Шүүх хуралдаанд хохирогч М.Т нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх “...Л.Э-аас М.Т-д өгсөн 2,500,000 төгрөгийн талаар шүүх шийдвэр гаргаагүй байх ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй” гэж зөвтгөн дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Гэмт хэргийн улмаас М.Т-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нэг мөр тогтоогоогүй, шинжээчийн 2 өөр дүгнэлт гаргасан, тухайлбал, хамарт ямар төрлийн гэмтэл учирсан нь ойлгомжгүй атлаа гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэсэн байхад М.Т нь хамрын гэмтлийн мэс заслын төлбөрт Л.Э-аас 2,500,000 төгрөг шаардан авсан, эмнэлгийн төлбөр нэхэмжилсэн хуулбар баримт хэрэгт гарган өгсөн нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч дүгнэсэнгүй.

Түүнчлэн хэрэг гарах үед хамт явсан гэрч өөрийн гар утсаа олохгүй учир үйлчлүүлсэн өрөөний камерын бичлэгийг шүүж байж олсон үйл баримтын талаар мэдүүлсэн байхад шалгаагүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй, камерын бичлэгийг анхнаасаа бэхжүүлж авалгүй зориуд удаасан зэргээр шалгавал зохих асуудлуудад шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Иймд Л.Э-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн нөхцөл байдлыг нэг мөр мөрдөн шалгасны дараа хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх саналтай учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1051 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй. Анхан шатны шүүх хуралдаанд дуудагдсан хэргийн оролцогчид ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын бусад үндэслэл нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг билээ.

Дээрх хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар тодорхой заасан бөгөөд үүнийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх үндэслэл болдог тул дээр дурдсан нотолбол зохих байдлуудыг хэрэг нэг бүрт, холбогдсон этгээд тус бүрээр нотолсон байвал зохино.

Тухайн үед болсон үйл явдлын талаар хохирогч М.Т “... Л.Э караокений өрөөнд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унасан, миний хамарнаас цус гарсан”, шүүгдэгч Л.Э “...хоёулаа харилцан заамдалцаад газар унасан. Унаад дээр доороо орж ноцолдсон”, гэрч Б.Ж “нэг мэдсэн чинь хоёулаа газар унасан, дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь салгасан. Тэр үед М.Т-ийн хамарнаас цус гарчихсан байсан”, гэрч А.Ц “Л.Э, М.Т хоёр газар уначихсан байсан. М.Т явган суучихсан, Л.Э тохойгоороо газар уначихсан байсан. М.Т-ийн хамар хэсгээс цус гарсан байсан” гэж тус тус мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг сэргээн тогтооход дээрх хүмүүсийн мэдүүлэг чухал ач холбогдолтой бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь энэ талаар өөр өөрөөр мэдүүлснийг хэн алиных нь ашиг сонирхолтой холбон дүгнэж болох ч энэ хэргийн шийдвэрлэлтэнд хувийн сонирхолгүй, хууль сануулагдан байцаагдсан гэрч нар хэрэг яаж үйлдэгдсэн (цохих, өшиглөх, мөргөх, харилцан зодолдох г.м) тухай хангалттай мэдээлэл өгөөгүй байна.

Эдгээр мэдүүлэгт тулгуурлан гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох боломжгүй байх тул гэмт халдлага яаж үйлдсэнийг тодруулан нотлох шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 274 дүгээр шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад “М.Т-ийн зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, үүдэн дээд 1 шүдний эмтрэл гэмтэл нь бүгдээрээ болон дангаараа ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тусгажээ.

Энэхүү дүгнэлтэнд дурдсан гэмтлүүдийн аль нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг шинжээч тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг дүгнэлтийг “бүрэн биш” гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарыг нэг мөр, үндэслэлтэй тогтоох нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг тодорхойлох, хохирогчид учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээг сонгон хэрэглэх зэрэгт ач холбогдолтой нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал болно.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1051 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.Э-т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН