Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 06

 

 

 

 


               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Б.Батжаргалын нэхэмжлэлтэй 
Хариуцагч:  Архангай аймгийн Засаг даргад холбогдох 
2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн б/07 дугаар захирамжийг хүчингүй болгохыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батжаргал, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б.Батжаргал миний бие нь төрийн албанд нийт 33 жил ажиллаж байна. Би 2008 оноос 2016 он хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар томилогдон ажилласан. 2016 онд орон нутгийн сонгуульд ардчилсан нам олонх болж 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хурлын 11 дүгээр тогтоолоор сумын Засаг даргаар дахин нэр дэвшүүлсэн. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр тогтоолд хариу өгөлгүй 86 хоног болж байна.
 Гэтэл аймгийн Засаг дарга 2017 оны 01 сарын 03-ны өдрийн б/07 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн. Уг захирамж нь Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байна. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга доод шатныхаа Засаг даргыг томилохоос татгалзвал энэ хэсгийн 2 дахь зүйлд зааснаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг даргын бүрэн эрх хэвээр хадгалагдана гэж заасан байдаг. Засаг даргын үндэслэсэн Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засаг даргыг 4 жилээр томилно гэж заасан байдаг. Чөлөөлнө гэсэн үг байхгүй. 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтыг 3 дахь хэсгээр оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл Засаг даргын бүрэн эрх дараагийн Засаг дарга томилогдсоноор өмнөх Засаг даргын бүрэн эрх дуусгавар болно гэж заасан. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь заалтыг яагаад хууль зөрчсөн гэж үзээд байгаа гэхээр зөвхөн хоёр шалтгааны улмаас өөрөөр хэлбэл биеийн эрүүл мэндийн улмаас бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлтээ гаргасан бол Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, огцруулах асуудал яригдана. Засаг дарга чөлөөлөгдсөн тохиолдолд бүрэн эрхийг Засаг даргын орлогчид хүлээлгэх хуулийн заалттай. 
Аймгийн Засаг даргын захирамж нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдөлмөрлөх, 9 дэх хэсэгт сонгох сонгогдох, 10 дахь хэсэгт нам эвсэлд эвлэлдэн нэгдэх гишүүний хувьд ялгаварлан гадуурхах хэлмэгдүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэ 3 заалтыг аймгийн Засаг даргын захирамж зөрчсөн гэж үзэж байна. 
Өөрөөр хэлбэл миний дараагийн Засаг дарга томилогдсоноор миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Дараагийн Засаг дарга томилогдоогүй байгаа учраас миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа. Миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, би хүсэлт гаргаагүй байхад мөн огцрох үндэслэл байхгүй байхад дээрх үндэслэлээр чөлөөлсөн нь холбогдох хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б.Батжаргал нь тус аймгийн Цэнхэр сумын засаг даргаар 2012 оны 12 дугаар сард томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сард 4 жилийн  бүрэн эрхийн хугацаа дууссан тул аймгийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийн дагуу Цэнхэр сумын Засаг даргын үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн б/07 дугаар захирамжаар чөлөөлсөн нь хуулийн дагуу гарсан захирамж юм.
Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргаар Батсуурийн Батжаргалыг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн б/77 дугаар захирамжаар томилсон. Захирамжийн үндэслэх хэсэгт Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг баримтлан Цэнхэр сумын Засаг даргаар томилсон байдаг. Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сумын Засаг даргыг 4 жилийн хугацаатай томилно гэсэн заалтыг барьж томилсон байгаа. Захирамжийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан учраас аймгийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр б/07 дугаар захирамжаар Б.Батжаргалыг Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Цэнхэр сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийг үндэслэн тус сумын Засаг даргын ажлыг Цэнхэр сумын Засаг даргын орлогч Ц.Чулуунцэцэгт хариуцуулахаар тусгасан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэг бол Засаг дарга чөлөөлөгдсөн бол Засаг даргын бүрэн эрхийг тухай Засаг даргын орлогч нь гүйцэтгэнэ гэж заасны дагуу Засаг даргын орлогчийг томилсон. Засаг даргаар ажиллаж байсан Б.Батжаргал нь дээрх хуулийн заалтыг зөвшөөрөөд Засаг даргын орлогчид тамга тэмдэгээ хүлээлгэн өгсөн. 
2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжийн гаргуулж авахаар холбогдох материалаа бүрдүүлж өгсөн байсан. Өчигдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүрдүүлж өгсөн материалаа татаж авсан үйл ажиллагаа явагдсан. Үүнээс харахад Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дууссаныг хүлээн зөвшөөрөөд хуулийн дагуу гарсан шийдвэр байна гэдгийг хүлээн зөвшөөрч өөрийнхөө хийж байсан ажлыг орлогч даргад хүлээлгэж өгсөн гэж ойлгож болохоор байна. Иймээс Б.Батжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
    Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, Цэнхэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын материалууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

    Шүүх нэхэмжлэгч Б.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх  нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “..хууль дээдлэх нь.. төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь .. үйл ажиллагаандаа .. хууль дээдлэх үндсэн зарчим баримтална” гэж заасан үндсэн зарчмыг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Б.Батжаргал нь тус аймгийн Цэнхэр сумын засаг даргаар 2012 оны 12 дугаар сард томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сард 4 жилийн  бүрэн эрхийн хугацаа дууссан тул аймгийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийн дагуу Цэнхэр сумын Засаг даргын үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн б/07 дугаар захирамжаар чөлөөлсөн нь хуулийн дагуу гарсан захирамж юм...” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

 Учир нь: Уг маргаан бүхий актыг /б/07 дугаар захирамж/ хянахад: Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн .. сумын Хурлаас нэр дэвшүүлж, ... сумын Засаг даргыг харьяалах аймгийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэх заалтыг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д зааснаар “маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” үйл ажиллагааны тусгай зарчим, мөн хуулийн 37 дугаар зүйл 37.1, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 гэж дээрхи хуулинд байхгүй заалтыг баримтлаж захиргааны акт гаргажээ. 

        Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3-т “...дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг ... томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэсэн хуулийн заалт хэрэгжүүлээгүй байна. 
 Эндээс дүгнэхэд аймгийн Засаг дарга нь Цэнхэр сумын Засаг даргыг чөлөөлөхдөө өмнө томилсон 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Засаг даргаар томилох тухай” б/77 дугаар захирамжийн үйлчлэл 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон тул тус сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаа энэ өдөр дууссан гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийг үндэслэсэн нь хууль бус байна. Уг хуулийн зохицуулалт нь  Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох хуулийн заалтууд бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар аймгийн Засаг дарга нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгтэй ажлаас чөлөөлнө, харин тухайн Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлнэ, мөн Засаг дарга өөрөө сайн дураар огцрох хүсэлтээ өгснөөр тухайн ажил, албан тушаалаас нь чөлөөлснөөр тухайн сумын Засаг даргын чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн зохицуулалт бүхий заалт юм.

Дээрх нөхцөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд тус аймгийн Цэнхэр сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн /б/07 дугаар/ захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгч Б.Батжаргалын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. /х.х-н 3/

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар ...Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн бөгөөд дээрхи хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар тухайн шатны буюу Цэнхэр сумын Засаг даргыг томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Б.Батжаргалыг Засаг даргаар чөлөөлж, Ц.Чулуунцэцэгийг Засаг даргаар түр томилох тухай” б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч  Б.Батжаргал нь ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ Архангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газарт өгчээ. Үүний дагуу ажилгүйдлийн тэтгэмжийн материал хянагдаж байх хугацаандаа буцаан авах хүсэлт гаргаснаар хувийн хэргийг хааж, холбогдох материалыг буцаан өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна. /х.х-н 114, 115, 118-127/

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Батжаргал нь шүүх хуралдааны үед ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар хүссэн мэдүүлэгийг тус шүүх шийдвэрлэх боломжгүй. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлдээ хамтатган нэхэмжлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дугаар хэсгийн 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйл удирдлага болгон  
                                                                                                  
ТОГТООХ нь:

     1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Б.Батжаргалыг Засаг даргаас чөлөөлж, Ц.Чулуунцэцэгийг Засаг даргаар түр томилох тухай” б/07 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Архангай аймгийн Засаг даргын тамгын газар/ 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батжаргалд олгосугай.      

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ОДОНТУЯА