Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01985

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01985

 

Х ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/02524 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х ХХК

Хариуцагч: Г ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ажлын үлдэгдэл хөлс 19,777,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хас-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Х ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Г ХХК-тай Г/18-11 дугаар Туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Х ХХК нь өөрийн материалаар Баянзүрх дүүрэг, 00 дугаар сургуулийн цонх шинэчлэлтийн ажлын хүрээнд 826,11 м.кв цонхыг 1 м.кв нь 115,000 төгрөгөөр, резин турк ажлыг 1,800 000 төгрөгөөр буюу нийт 96,802,650 төгрөгийн үнэ бүхий ажлыг 14 хоногийн хугацаанд гүйцэтгэх, захиалагч нь гэрээт ажил 100 хувь дуусаж, улсад хүлээлгэн өгч комиссын акт баталгаажсанаар үлдэгдэл хөлсийг гүйцэтгэгч талд төлж дуусгахаар талууд тохиролцсон.

1.2 Г ХХК нь гэрээнд заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 50 хувь болох 48,401,325 төгрөгийг болон үлдэх 50 хувийн үнийн дүнгээс 20,000,000 төгрөгт тооцон Авто зогсоол-ын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус манайд шилжүүлсэн.

1.3 Гүйцэтгэгч Х ХХК нь дээр дурдсан гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, улсын комисс ажлыг хүлээн авсан боловч захиалагч Г ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 19,777,485 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд ажлын үлдэгдэл хөлс 19,777,485 төгрөгийг Г ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Г ХХК нь Х ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Г/18-11 дугаар Туслан гүйцэтгэх гэрээ нэртэй ажил гүйцэтгэх гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй. Уг гэрээг Г ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Г ХХК нь 2018 онд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 00 дугаар сургуулийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд зарим төрлийн ажил үйлчилгээг бусдаар туслан гүйцэтгүүлсэн. Ийнхүү бусдаар зарим төрлийн ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхдээ Г ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал О.Жнь тэдгээр бригад, компаниудтай өөрөө гэрээ хийж, гэрээгээ баталдаг байсан. Харин 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Г/18-11 дугаар Туслан гүйцэтгэх гэрээ нэртэй ажил гүйцэтгэх гэрээнд Г ХХК-ийн захирал О.Жкомпанийн нэрийн өмнөөс хүсэл сонирхлын илэрхийллээ илэрхийлж гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээнд зурагдсан О.Жы гарын үсэг нь түүний гарын үсэг биш. Иймд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Х ХХК, Г ХХК-уудын хооронд байгуулагдсан Г/18-11 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ.

2.2 Нөгөөтэйгүүр, уг гэрээний төлбөрт Г ХХК-аас Х ХХК-д ямар нэгэн хэлбэрээр мөнгө болон эд материалаар төлбөр төлсөн тохиолдол байхгүй. Х ХХК нь Г ХХК-тай бус, өөр этгээдтэй гэрээ байгуулж, гэрээний төлбөр тооцоогоо авсан үйл баримт байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар хариуцагч Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 19,777,485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256,838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Х ХХК-ийн 00 дугаар сургуулийн ажлын гүйцэтгэлийн доголдолтой холбоотой бага зэрэг асуудал байгаа. Уг доголдлыг арилгах зардлыг үлдэгдэл төлбөрөөс суутгах, эсвэл өөрөөр нь доголдлыг арилгуулаад үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх хүсэл сонирхолтой байна. Гэтэл тус компани нь төлбөрийн мөнгөний асуудлаар нэг ч удаа холбогдоогүй байж, Г ХХК-ийг шүүхэд хариуцагчаар татсан нь буруу.

4.2 Х ХХК нь гэрээ хийнэ гэхээр нь Г ХХК-ийн нэр, тэмдгийг ашигласнаас биш гарын үсгийг зурж, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Г ХХК-ийн захирлын зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл тул 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Г/18-11 дугаар Туслан гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус юм.

4.3 Мөн төлбөрийн хэмжээний хувьд Х ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэл 8,401,325 төгрөг байхад анхан шатны шүүх нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй 19,783,065 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Би 96,802,650 төгрөгөөр харилцан тохиролцсоноос 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 48,401,325 төгрөгийг шилжүүлсэн. 20,000,000 төгрөгт тооцож автомашины гарааш шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Т.Б дүүгээрээ дамжуулан 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 88,401 325 төгрөгийн төлбөрөө хийж гүйцэтгэсэн.

Гэтэл нэхэмжлэгч нь огт үндэслэлгүй тооцоо гаргаж 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Т.Бий шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 11,381,740 төгрөгийг хассан тооцоо гаргаж нэхэмжилсэн. Энэхүү 11,381,740 төгрөгийг Дулаан хайрхан ХХК-ийн төлбөрт тооцож төлбөрөөс суутгасан нь үндэслэлгүй. Г ХХК болон О.Н Дулаан хайрхан ХХК гэх байгууллагад ямар ч өр төлбөргүй бөгөөд нэгдмэл сонирхолтой этгээдүүд биш. Т.Б нь гүйлгээний утгыг 00, 000-р цонхны төлбөр гэж хийснээс үүдэж үндэслэлгүйгээр 12,000,000 төгрөгийг өөр байгууллагын төлбөрт суугдсан нь үндэслэлгүй. Учир нь, өөрийн хаан банкны 0000000000 тоот данснаас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 50,000,000 төгрөгийг 00 сургууль гэсэн гүйлгээний утгатайгаар Т.Б рүү шилжүүлсэн. Энэ мөнгө нь анхнаасаа 00 дугаар сургуулийн ажилд л зориулагдсан мөнгө байсан. 000 дугаар цэцэрлэгт хамаагүй.

Анхан шатны шүүх Г ХХК нь Дулаан хайрхан ХХК-ийн 11,381,740 төгрөгийг яагаад хариуцах ёстой гэж үзсэн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч нь Т.Бий 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг ямар учраас 11,381,740 төгрөг, 8,618,260 төгрөг гэж 2 хуваасныг шүүх зөв гэж үзсэн нь тодорхойгүй байна. Г ХХК болон О.Н Дулаан хайрхан ХХК-д ямар ч өр төлбөргүй, өглөггүй. Иймд Х ХХК-ийн ажлын доголдлын асуудлыг шийдвэрлээд гүйцэтгэсэн ажлын төлбөрийг О.Н хариуцах ёстой.

4.4 Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан ба энэ нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 343 дугаар зүйл, 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дахь хэсгийг буруу тайлбарласан. Учир нь, анхан шатны шүүх Г ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэстэй Дулаан алдагдлыг бууруулж эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дулаан техникийн засвар шинэчлэлт хийх ажлын гэрээг хийснээр барилгын ажлын гүйцэтгэгч болсныхоо хувьд туслан гүйцэтгэгч Х ХХК-ийн өмнө захиалагч болно гэх агуулгаар тайлбарласан нь буруу болсон. Г ХХК нь 00-р сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгч болсноор Х ХХК-ийн өмнө захиалагч болно гэсэн шалтгаант холбоогүй, логикгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх О.Нын төлөх төлбөрийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

4.5 О.Н Х ХХК-ийн төлбөрийг хариуцах ёстой, Г ХХК хамаагүй гэж хэлсэн байхад шүүх үүнийг анхаараагүй. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ бичсэн боловч тодорхой тайлбарлаагүй. Иймд Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтыг анхан шатны шүүх буруу ойлгон тайлбарласнаар жинхэнэ хариуцагч О.Ныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулж шийдвэрлээгүй нь компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Хэдийгээр О.Н нь Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал О.Жминий дүү боловч бие даасан хувь хүний хувьд Х ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ өөрөө хүлээх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч Г ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд 00-р дугаар сургуулийн цонхны ажлыг Х ХХК-тай гэрээ байгуулсны үндсэнд гүйцэтгүүлсэн. Үүнд Г ХХК-д хүсэл шаардлага байсан нь тодорхой харагддаг. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн. Туслан гүйцэтгэх гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ хэрэгжиж байсан. Г ХХК нь 00-р дугаар сургуулийн цонхны ажлыг хүлээн авч цааш хүлээлгэн өгөх санхүүжилт авсан бодит үйлдлээр гэрээг байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас татгалзах үндэслэлгүй. О.Н нь Х ХХК-ийн хувьд захиалагч байсан гэж гомдолд дурдсан хэдий ч О.Н нь өөрийн нэрийн өмнөөс Х ХХК-тай гэрээ байгуулаагүй бөгөөд Г ХХК-ийн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. О.Н нь Г ХХК-ийн эрх үүргийг хэрэгжүүлэх, шаардах эрхийг шилжүүлэн авсан ерөнхий гүйцэтгэгч гэдгийг нотлох баримт байхгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ үйл баримт тогтоогдоогүй.

5.2 О.Н болон Г ХХК-ийн хоорондын хөлс төлбөрийн дотоод асуудал нь Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Цонхны ажлын доголдлын талаар өнөөдрийг хүртэл шаардлага гаргаагүй. Тухайн үед улсын комисст 00 дугаар сургуулийн ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгөхөд шаардлага хангасан бөгөөд зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн гэх үндэслэлээр хүлээж авсан. Хэрэгт Дулаан констракшн ХХК-тай байгуулсан гэрээ авагдсан. Үүнтэй холбоотой Хаан банк ХХК-ийн дансны хуулга, тодорхойлолт зэрэг нь нотлох баримтаар авагдсан. Т.Б нь Дулаан констракшн ХХК-ийн төлбөрийг 3 удаагийн шилжүүлгээр төлж дуусгасан. Хариуцагч талын гомдолд дурдсан 20,000,000 төгрөгийн гүйлгээ нь 00 дугаар сургууль, 000 дугаар цэцэрлэг гэсэн утгатай орж ирсэн. Үүнээс үзэхэд 2 байгууллагын төлбөр гүйцэтгэхээр шилжүүлсэн нь тодорхой харагдана. Гэтэл тухайн 20,000,000 төгрөгийг зөвхөн Г ХХК-ийн төлбөрт суутгах ёстой гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Тухайлбал, Дулаан хайрхан ХХК-ийн тухай тайлбар гаргасан нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй баримтгүй асуудал бөгөөд О.Н, Т.Б нарын 20,000,000 төгрөгийн маргаан нь энэ хэрэгт хамааралгүй. Анхан шатны шүүх зохигчдын хүсэлтийг тухай бүр хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талын гаргасан шинжээч томилуулах, болон дансны хуулбар гаргуулах тухай хүсэлтийг хангасан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн зөрчил гараагүй.

5.3 Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон О.Н нь анхан шатны шүүх хуралдаанд гэрчийн байр суурьтай оролцсон боловч хариуцагчаар Г ХХК татагдсан бөгөөд О.Нын гомдол нь агуулгын хувьд хувь хүний үүднээс гомдол гаргасан нь эрх зүйн хувьд зөрчилтэй байна. Түүнчлэн, хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш доголдолтой холбоотой баримтуудыг шинээр гаргаж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 19,777,485 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Туслан гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Хариуцагч нь нийт ажлын хөлс 96 802 650 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон, ...гэрээний дагуу хариуцагч ажлын хөлсний 50 хувь болох 48,401,325 төгрөгийг, мөн 20,000,000 төгрөгийн төлбөрт авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 8,618,260 төгрөгийг гэрээний үүрэгт тооцсон. Үлдэх 19,777,485 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр бус гэрээ гэх агуулгаар үгүйсгэн маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...Дулаан хайрхан компани 11,381,740 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан учраас энэ мөнгийг суутгасан. 00-р дугаар сургуулийн төлбөрт 8,618,260 төгрөгийг авсан гэж тайлбар гаргасан байна. /хх 118/

4. Анхан шатны шүүх Хаан банк дахь Т.Бий эзэмшлийн 5163046012 дугаар данснаас Х.Хас-Очирын 5009069955 дугаар дансанд 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 00-р сур 000-р цэцэрлэг цонхны төлбөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн 8,618,260 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт тооцож, үлдэх 11,381,740 төгрөгийг гэрээний үлдэх үүрэгт тооцсон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. /хх 46, 77/ Учир нь, нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөнд шилжүүлсэн гэх 20,000,000 төгрөгийн гүйлгээний утга нь 00-р сур 000-р цэцэрлэг цонхны төлбөр гэсэн байх бөгөөд үүний хэдэн төгрөг нь хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд үүссэн гэрээний үүрэгт, хэдэн төгрөг нь нэхэмжлэгч болон Дулаанхайрхан констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Г18/10 дугаартай, Туслан гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт төлсөн болох нь дээрх гэрээ болон хэргийн 45 дугаар талд авагдсан төлбөр хийсэн өдөр мөнгөн дүн гэх баримтаар бүрэн тогтоогдохгүй байна. /хх 45, 67-68/

4.1 Түүнчлэн, Т.Б нь дээрх 20,000,000 төгрөгийг хариуцагчийн даалгаврын дагуу, эсхүл хариуцагчийн өмнөөс үүргийг нь гүйцэтгэж нэхэмжлэгчид шилжүүлсэн эсэх, мөн талууд болон Дулаанхайрхан констракшн ХХК нь уг мөнгөн хөрөнгөөс 11,381,740 төгрөгийг Дулаанхайрхан констракшн ХХК-ийн гэрээний үүрэгт тооцохоор харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна.

4.2 Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хэргийн оролцогч бус этгээд болох Дулаанхайрхан констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх гэрээний үүрэгт хамааралтай асуудлыг тухайн маргаанд хамаатуулан гэрээний үлдэх төлбөрийг тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр Дулаанхайрхан констракшн ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг анхаараагүй нь буруу болжээ.

Дээр дурдсанаар 20,000,000 төгрөгийн гүйлгээний утгыг тодруулаагүйгээс зохигчид энэ талаар хангалттай мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэх боломжгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

5. Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх хариуцагчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/02524 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН