Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л-д холбогдох эрүүгийн 1838007390335 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Соёлын төв”-д хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Соёлын төв”-д хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Намайг “Соёлын төв”-ийн гадаа очиход гадаа харанхуй болчихсон байсан. Би Соёлын төвийн хаалгыг татаад үзсэн чинь цоожтой боловч сул наашаа цаашаа хөдлөөд доторхи зүйлүүд нь  харагдаад байсан...тэгээд машин хажуугаар өнгөрөөд явахаар нь барьж явсан модоо хойш нь шидтэл Соёлын төвийн цонхыг оноод хагалчихсан... Соёлын төв рүү ороод техник хэрэгсэл байдаг ширээн дээр нь очоод техник хэрэгсэл байхгүй болохоор нь  эд нар чинь хөдөө явчихсан ш дээ гэж бодоод гарах гэж байснаа эрхлэгчийнх нь өрөөнд чадлын өсгөгч, өсгөгч пүүл байгаа гэдгийг санаад эрхлэгчийнх нь өрөө цоожтой байсан болохоор гарч цонхны шил хагалсан чулуугаа аваад буцаж орж ирээд эрхлэгчийнх нь өрөөний цоожийг чулуугаар доош мулт цохиж эвдээд, хаалгаар дотогш ороод урт хөх санал дээр байсан чадлын өсгөгч, өсгөгч, пүүл зэргийн авсан...Тухайн эд зүйлүүдийг авчихаад Соёлын төвийн гадаа хэсэг суусан. Тэгээд гэрт очиж 2 цаг унтаад эрүүл болсон...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургын үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 18-20 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 21-23 дугаар хуудас/,

Хохирогч Б.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд явж байхад манай үйлчлэгч Эрдэнэцэцэг надруу залгаад Соёлын төвийн цонхыг хагалаад хулгай орсон байна гэсэн. Тэгээд яваад очиход үйлчлэгч ганцаараа очсон байсан бөгөөд намайг юу алга болсон байна гэж бүртгэж үзэхэд дуу өсгөгч нэг ширхэг, өсгөгчний чадал нэг ширхэг, диско гэрэл 3 ширхэг, үүний 2 нь арай том, нэг жижиг диско гэрэл байсан. Тэгээд би хулгай орсон талаар мэдэгдэхээр сумын хэсгийн цагдаа, цагдаагийн Сэпрэн рүү залгахад утсаа авахгүй ба захиргаан дээр очиход байхгүй болохоор нь хулгай орсон талаар сумын Засаг даргын орлогч Намхайжамц гэх хүнд мэдэгдээд буцаад ирэхэд хэсгийн төлөөлөгч Сэнгэравдан ирчихсэн байсан...“ҮАМАНА” МО 166 ОХ маркийн ЗЕР:01736-201009 гэсэн бичиглэлтэй хар өнгийн дуу өсгөгч, орол гаралт нийлсэн 16 ширхэг замтай, өөрийнх нь тог бууруулагч бүхий нэг метр 30 см урттай залгууртай. Хоёр талдаа хар өнгийн 2 толгойтой шар өнгийн чадлын холбогч 2 ширхэг бүхий, РО-ЭОО маркийн №2012060405 гэсэн дугаартай чадлын өсгөгч нэг ширхэг. 40-50 см хэмжээтэй нүүр хэсгийн баруун доод буланд унтраах асаах товчтой, мөн дуу тохируулагч товчтой зүүн талын товчлуур нь хагарч эвдэрсэн өөрөөсөө 1 метрийн залгууртай, эвдэрч гэмтсэн зүйл үгүй. НК М-88 маркийн хятад улсад үйлдвэрлэсэн №12102001219 гэсэн дугаартай 12-16 см хэмжээтэй автомат лазер хар өнгийн диско гэрэл нэг ширхэг, РШ1ВО үйлдвэрийн РЫХ 512 маркийн АС90-240Ү гэсэн бичиглэлтэй диско гэрэл хоёр ширхэг эд зүйлүүд хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай номын санч ажилтай С.Алтанхуяг бид 2 өглөө 10 цагаас оройн 16 цаг хүртэл цонх дулаалах ажил хийж байгаад хаалга үүд цонхоо шалгаад гэрлүүгээ явсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өглөө 10 цаг 20 минутын орчим ажил дээрээ иртэл баруун талаасаа 3 дахь цонхны хаалган талын доод том цонх нь хагарсан байхаар би хүүхдүүд чулуу шидээд хагалсан юм байх гэж бодоод арын хаалга онгойлгож ороод хагарсан дээр очиж чулуу, мод юу байна гэж нилээн хайсан чинь юм олдоогүй. Тэгээд эргээд тайз руу явтал гэрлийн монтажны утас унжсан байхаар нь хартал тайзны дээд хэсэгт байрлах 2 ширхэг диско, 1 ширхэг лазер гэрэл алга болсон байсан. Би нярав Б.Э, хөгжимчин Р.Мандшир ах нарлуу залгаад манай ажилд хулгай орсон байна гэж дуудахад нярав Б.Э түрүүлж ирээд эд зүйлээ хараад эрхлэгчийн өрөөнөөс чадлын өсгөгч, пүүлт 2 алга болсон байна гэж хэлэхэд би мэдсэн. Удалгүй араас нь хөгжимчин Р.Мандшир ах номын санч Алтанхуяг нар орж ирээд залгуур нь байхгүй болсон байна гэж хөгжимчин Р.Мандшир ах хэлэхэд нь хэсгийн төлөөлгчид Мандшир ах хэлээд аймгийн төв рүү цагдаагийн газарт би дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 10 цаг 40 минутын ойролцоо манай үйлчилгээний ажилтан П.Эрдэнэцэцэг надад утсаар манай ажилд хулгай орсон байна гэж хэлэхэд нь би ирж үзэхэд баруун талаасаа 3 дахь цонхны хаалган талын цонхны доод том шил нь хагарсан байсан. Би арын хаалгаар ороод тайзны дээд хэсэгт байдаг 2 ширхэг диско, 1 ширхэг лазер гэрлээ харахад алга байсан. Тэндээсээ гараад эрхлэгчийн өрөөнд ороход хөх сандал дээр байсан чадлын өсгөгч, пүүлт хоёр бас алга болсон байсан. Тэгэхээр нь би гэнэт санаад залгуур нь байна уу гээд бор шүүгээг нярав Б.Э, үйлчилгээний ажилтан П.Эрдэнэцэцэг нартай хамт үзэхэд пүүлтний тог бууруулагч, шар өнгийн залгуур 2 ширхэг хоёр талдаа оролт гаралттай 50 см орчим залгуур алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багт байрлах Соёлын төвд 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өглөө 10 цагийн орчимд манай нярав Энх-Амагалан үйлчилгээний ажилтан П.Эрдэнэцэцэг надад утсаар манай ажилд хулгай орсон байна гэж анх хэлхэд нь би юу юу алга болсон байна гэхэд тайзны 2 ширхэг “Лазер” гэрэл таны өрөөнд байсан “Чадлын өсгөгч” “Өсгөгч пүүлт” алга болсон байна гэхээр нь би өөр юм алга болжуу гэхэд сайн шалгасан өөр зүйлд хүрээгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 45 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838007390335 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Ө.Б.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Л нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 55 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Г.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

      Шүүгдэгч Г.Л нь 25 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Л хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лд оногдуулсан  1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн 1838007390335 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ХҮРЭЛБААТАР