Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01986

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01986

 

Ц.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/02799 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.Д

Хариуцагч: Г.Бод холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: авто ачигчийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгаж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 44,351,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч Ц.Д нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Г.Боос Shandong Lingong.LG953 маркийн, 3344УР улсын дугаартай авто ачигчийг 145,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ц.Д нь урьдчилгаа 70,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх, Г.Б нь Хаан банкны зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсан уг авто ачигчийг худалдан авагч Ц.Дгийн шилжүүлсэн мөнгөөр зээлээ төлж, Хаан банкнаас чөлөөлж, нэхэмжлэгч Ц.Дгийн дээр шилжүүлж өгөх үүргийг тус тус хүлээсэн.

1.2 Ц.Д нь гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдөр 70,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг Г.Бод төлсөн.

1.3 2022 оны 04 сард Г.Бтой уулзахад тэрээр 55,000,000 төгрөгийн зээл үлдсэнийг төлчихвөл өнөөдөр авто ачигчийн нэр шилжүүлээд өгье гэсэн бөгөөд Ц.Д нь нийт 155,000,000 төгрөг буюу 10,000,000 төгрөг илүү шилжүүлснийг хариуцагч маргадаггүй. Гэтэл Г.Б нь үүргээ биелүүлээгүй. Иймд Ц.Дг авто ачигчийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгаж, мөн илүү шилжүүлсэн 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Ц.Д нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хэлцлийг эх хувиар нь авч явсан, шүүхэд гаргаж өгөхгүй нуун дарагдуулж байна. Уг хэлцэлд алдангийг хоног тутам тооцно гэж заасан. Алданги 44,351,000 төгрөг өгвөл үндсэн нэхэмжлэл буюу авто ачигчийн нэр шилжүүлж, өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтооход татгалзах зүйлгүй.

2.2 Нэмэлт 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Г.Б 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр банкны лизингээр авсан авто ачигчийг 145,000,000 төгрөгөөр Ц.Дд худалдахаар тохиролцож, гэрээг нотариатаар батлуулах гэхэд банкны лизингтэй учраас нотариатаар батлахгүй гэсэн тул урьдчилгаа 70,000,000 төгрөг авч, үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд 3 хувааж төлөх, хугацаа хэтэрвэл хоногийн 0,5 хувийн алданги тооцох, хугацаандаа төлбөл нэр шилжүүлэхээр тохиролцон гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Ц.Д нь авто ачигчийг 145,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 70,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд 3 хувааж төлөх, хугацаа хэтэрвэл хоногийн 0,5 хувийн алданги тооцох, хугацаандаа төлбөл нэр шилжүүлэхээр тохиролцсон.

3.2 Ц.Д авто ачигчийг хүлээн авч, ашиглаж эхэлснээсээ хойш тохиролцсон тохиролцоогоо зөрчин, 2021 оны 07 дугаар сарын 16,17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг надад төлсөн. Гэвч Ц.Д нь гэрээний дагуу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 09 дүгээр сарын 16-ны өдөр, 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд сар бүр 25,000,000 төгрөгийн төлөлт хийх үүргээ зөрчсөн бөгөөд хариуцагчийн зүгээс төлбөрөө төлөхийг түүнээс шаардаж байсан.

3.3 Ц.Д авто ачигчийн банкны үлдэгдэл лизингийн төлбөрийг төлсөн. Түүнээс хойш надтай албан ёсоор тооцоо нийлж, намайг хохиролгүй болгож, авто ачигчийн нэрийг шилжүүлэн авах үйлдэл хийхгүй явсаар байсан. Бидний хооронд тохиролцсон авто ачигч худалдах, худалдах авах хэлцэл нь тус авто ачигч нь нэгдүгээрт банкны барьцаанд байсан учраас хэлцэл хүчин төгөлдөр бус болох бөгөөд хэрвээ Ц.Д хэлцлийн тохиролцсон цаг хугацаандаа надтай тохиролцсон ёсоор мөнгөө төлсөн боловч түүнд авто ачигчийг банкны барьцаанаас чөлөөлж, түүний нэр дээр шилжүүлэн өгөх байсан боловч, Ц.Д нэгэнт хэлэлцсэн тохиролцсон үүр зөрчсөнөөс авто ачигчийг банкны барьцаанаас чөлөөлөхөд надад асуудал үүссэн.

3.4 Нэхэмжлэгч нь алданги төлөх үүргээ биелүүлээгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 160 хоног хугацаа хэтэрсэн алданги нь хоногийн 331,170 төгрөг, нийт алданги 52,987,200 төгрөг болсон. Үүнээс үндэслэлгүйгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50 хувь 33,117,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 11,234,000 төгрөг, нийт 44,351,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Маргааны зүйл болж буй авто ачигчийг худалдах, худалдан авах хэлцэл хийх үед тухайн авто ачигч банкны барьцаанд байсныг хэн аль нь мэдэж байсан бөгөөд харин худалдагч буюу Г.Б нь өөрийн өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж худалдах нь түүний үндсэн хуулиар олгосон эрх бөгөөд заавал барьцаалагч болох Хаан банкны зөвшөөрлөөр бусдад худалдах хуулийн зохицуулалт байхгүй. Улмаар анхны тохиролцоо нь Ц.Дгийн төлсөн төлбөрөөр банкны зээлийг хааж тухайн авто ачигчийн өмчлөх эрхийг шилжүүлэх байсан. Гэвч Г.Б нь Хаан банкнаас авсан 119,000,000 төгрөгийн зээлээс Ц.Дгийн төлсөн 155,000,000 төгрөгөөр төлж барьцаанаас суллах байсан хэдий ч зээлээ төлөөгүй худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл Ц.Дгийн төлсөн төлбөрөөс банкны зээлээ төлж барагдуулаагүй болно.

4.2 Хэлцлийн гол нөхцөл нь Ц.Дгийн төлсөн төлбөрөөр банкны зээлийг төлж дуусган авто ачигчийн өмчлөх эрхийг Ц.Дд шилжүүлэхээр талууд хүсэл зоригоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлснийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Иймд хариуцагч Г.Бын Ц.Дд холбогдуулж гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 44,351,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Боос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3344УР улсын дугаартай, Shandong Lingong.LG953 маркийн авто ачигч, 10,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд, нэхэмжлэгч Ц.Дгээс алданги 22,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Бод олгож, үлдэх 22,351,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,057,900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,080,605 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 1,057,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд, нэхэмжлэгч Ц.Дгээс 267,950 төгрөг гаргуулан хариуцагч Г.Бод тус тус олгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 22,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Талуудын байгуулсан хэлцэлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлөх гэж заагаагүй боловч алданги төлөх хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаас гадна хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлагад дүн шинжилгээ хийх замаар хүсэл зоригийг тайлбарлана гэжээ.

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэт нэг талыг барьсан, явцуурсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн эрхэлдэг бичил уурхайн үйл ажиллагаа нь орон нутгийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, орон нутгийн иргэдийн тэмцэлтэй өдөр тутамд тулгардаг, эрсдэл өндөртэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Д нь тус эрсдэлийг тооцож хэрвээ хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги нэг удаа төлөх юм байна гэсэн хүсэл зоригийн илэрхийлэлтэй байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

6.2 Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд хэрвээ ойлгомжгүй бол хүсэл зориг илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэвч алдангийн талаарх хэлцэл нь ойлгомжгүй зүйл огт биш алданги тооцно гэхдээ нэг л удаа хоног тутамд биш гэж энгийнээр уншигдаж ойлгогдохоор байгаа тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Тиймээс алданги 22,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчтэй зээл 55,000,000 төгрөг төлсөн тохиолдолд авто ачигчийн нэр шилжүүлэхээр тохирсон боловч үүргээ биелүүлээгүй нь Б.Насанжаргалын гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна... гэжээ.

Шүүхээс нэхэмжлэгч нь 55,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд хариуцагч тухайн өдрөө авто ачигчийг шилжүүлэх үүрэг хүлээсэн ч үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгт үндэслэн үндэслэлтэй дүгнэсэн хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох алданги шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь алданги шаардах эрх нь хугацаа хэтрүүлсэн байх урьдчилсан нөхцөлийг шаарддаг бөгөөд худалдах, худалдан авах гэрээ нь хоёр талын буюу давхар агуулгатай. Өөрөөр хэлбэл, 55,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн өдөр авто ачигчийг шилжүүлэх үүрэг хариуцагч талд үүссэн хэдий ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй нь хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч болох нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт нийцэхээр байна.

6.3 Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол түүний гэм буруутай эсэхээс үл хамаарч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан анз авах эрхээ алдах үр дагавар үүсдэг. Тиймээс хариуцагч Г.Баяртогтох нь хугацаа хэтрүүлсэн тул алданги шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 22,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулж 22,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 22,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Уг гомдол нь үндэслэлгүй гэж хариуцагч талаас үзэж байна. Гомдолд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхээс тооцооллын хувьд алдаатай буюу шүүхийн шийдвэрийн 4 дэх талын төгсгөл хэсэгт иймд хариуцагч Г.Б нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 55,000,000 төгрөгөөс хоног тутамд алданги тооцож шаардах эрхтэй, хариуцагчийн тооцсон 160 хоногоос алданги бодоход 275,000 төгрөг байна. Иймд 22,000,000 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр эрх зүйн дүгнэлтийн хувьд зөв зүйтэй дүгнэлт болсон.

7.2 Алданги тооцох нь тооцооллын хувьд алдаатай болсон хэдий ч хариуцагч талаас гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлтийн хувьд зөв зүйтэй дүгнэсэн учраас гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Хоног тутамд алданги тооцсон нь буруу, нэхэмжлэгчийн хүсэл зориг нь нэг удаагийн алданги төлнө гэх хүсэл зоригтой байсан гэж үзэж гомдол гаргасан. Гэтэл хариуцагч яагаад хоног тутам алданги тооцохоор байсан бэ гэхээр талууд хэлцлээ өөрсдийн гараар бичиж харилцан солилцсон. Ц.Д авсан хэлцлээ шүүхэд гаргаж өгөхгүй өөрөө бичсэн алдаатай хэлцлийн шаардлагаар хариуцагчаас авто ачигчийн нэрийг шилжүүлэх, 10,000,000 төгрөг өгснийг гаргуулахаар шаардсан. Яагаад Г.Б, Ц.Дд авто ачигчийг худалдан борлуулах болсон гэхээр банкны өр төлбөртэй буюу банкны зээлэн байсан учраас түргэн хугацаанд тухайн авто ачигчийн мөнгийг авч, банкны өрийг дарах сонирхол байсан.

7.3 Хэрэв ийм хүсэл зориг байгаагүй бол тухайн авто ачигчийн түрээсийн гэрээ, авто ачигчийн худалдах, худалдан авах гэрээ, авто ачигчийг зээлээр авсан гэрээ хэрэгт авагдсан. Г.Б 3 сарын хугацаанд Ц.Дгээс мөнгөө авч авто ачигчийн үнийг бүрэн барагдуулан авч, банкны өрийг дарах байсан. Хэрэв өрийг дараагүй нөхцөлд хоног бүр алданги тооцохгүй бол сар бүр 1,500,000 төгрөгийн хүү төлж байгаа тул яагаад нэг удаагийн алданги авах хүсэл сонирхлын асуудал яригдана. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Г.Бод холбогдуулан авто ачигчийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгаж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 44,351,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

3.1 Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Г.Б нь 3344 УР улсын дугаартай, Shangdong Lingong.LG953 маркийн авто ачигчийг худалдан авагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт нийт 145,000,000 төгрөг төлөхөөс 70,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь гэрээний зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар маргаагүй байна. /хх 19/

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

3.2 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох Shangdong Lingong.LG953 маркийн авто ачигчийн үнэ нийт 145,000,000 төгрөгөөс 155,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 5-9/ Иймд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн байх тул тухайн авто ачигч болон уг гэрээний төлбөрт илүү төлсөн 10,000,000 төгрөгийг хариуцагчаас тус тус шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.3 Түүнчлэн, нэхэмжлэгчид тухайн авто ачигчийг өмчлөх эрх гэрээний үндсэн дээр үүссэн тул түүнийг өмчлөгч гэж үзэх тул анхан шатны шүүх авто ачигчийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

4.1 Талууд дээрх гэрээнд ...үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд 3 хувааж төлөхөөр тохиролцож /25 сая сард/ ...3 сарын хугацаанд хэтэрвэл 0.5 хувийн алданги, хугацаандаа төлбөл нэр шилжинэ гэж заасныг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал талууд гэрээгээр мөн хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн талаар тохиролцсон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...алданги төлөхөөр тохиролцоогүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

4.2 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэг нийт 145,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, 40,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 10,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 10,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буюу нийт 90,000,000 төгрөгийг гэрээний хугацаанд биелүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үлдэх төлбөр 55,000,000 төгрөгийг 160 хоног хэтрүүлж хариуцагчид төлсөн байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний хариуцлагад нэхэмжлэгчээс алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тэнцүүлэн, нэхэмжлэгчээс 22,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

4.3 Гэрээнд төлбөрийг хугацаандаа төлснөөр нэр шилжүүлэх талаар заасан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг хугацаа хэтрүүлж буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр биелүүлсэн тул хариуцагчийг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдсан гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч хугацаа хэтрүүлсэн тул алданги шаардах эрхээ алдсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу баримталсан байгааг залруулан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/02799 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 208 дугаар зүйлийн 208.1, гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН