| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2017/0184/Э |
| Дугаар | 00137 |
| Огноо | 2018-09-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 00137
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Гэрч А.Д , Т.Г ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг, П.Ган-Очир,
Шүүгдэгч У.У , Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.У , Б.Б нарт холбогдох эрүүгийн 1715001030042 дугаартай, 163/2017/0184/Э индэкстэй хэргийг Хяналтын шатны шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, Б овогт У.У
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, Д овогт Б.Б
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч У.У , Б.Б нар нь бүлэглэж Монгол улсын хилийн 476/2 дугаар тэмдэгтийн баруун талаар 500 метр газраар 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр морин уналгатай улсын хил зөрчиж ОХУ-ын талаас олон тооны мал буюу 15 тооны адуу хулгайлж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг тус тус үйлджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У ийн өгсөн: Бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр самар үзэх зорилготойгоор ууланд гарсан. Тэгээд тэнд очиход бороо ороод байсан. Бид хоёр борооноос хоргодож модны ёроолд суусан. Орой бүрэнхий болохоор нь уулнаас буугаад явж байтал хэдэн тооны адуу тааралдсан. Тэгэхэд миний бор морь тавьсан айлын адуу мөн юм шиг харагдаад байсан. Би бор морио айлын адуунд тавьчихсан байсан. Тэр айл маань адуугаа алдчихлаа, олохгүй байна гэж хэлж байсан. Би адууг оллоо гэж бодоод туугаад явсан. Өглөө эрт босоод хартал орос томсог адуу байсан. Хилийн төлөөлөгч ахмад А.Б нь намайг зодож, цохиж дарамталж байгаад зураг авахуулсан. Ер нь бол хүмүүсийг айлган сүрдүүлж мэдүүлэг авдаг хүн. Мөн хотоос тагнуулын байцаагч ирээд 3 хоногийн дараа бүх зүйл болчихлоо гэж хэлсэн. Мөр шалгахдаа бид хоёрыг дагуулж яваагүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн: Би он сараа сайн мэдэхгүй байна. Нэг өдөр Улаанбаатар хотод байж байхад тагнуулын байцаагч ирээд та хоёрын явсан мөрийг шалгана гэж Булган аймгийн Тэшиг сум руу авч явсан. Тэгээд замдаа намайг гэрт маань үлдээгээд цаана Тэшиг сумын төвд У.У ийг үлдээгээд Тэшиг сумын хилийн цэргүүдийг дагуулж явсан байна лээ. Бид хоёрын явсан газраар огт яваагүй байна лээ. Мөн зам шалгах ажиллагаанд У.У бид хоёрыг авч яваагүй. Ахмад Болдбаяр нь та хоёр хил дээр гараараа зааж байгаад зургаа авахуулах юм бол хэргийг чинь эндээ шийдээд өгье гэж хэлэхээр нь хил дээр гараараа зааж байгаад зургаа авахуулсан. Мөр шалгахдаа Олоодойн нуруунд ул мөр шинжлээгүй бөгөөд Тавтын гол үертэй байна гээд гарахгүй байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Д ы өгсөн: Шүүгдэгч У.У , Б.Б нарыг Монгол улсын хил зөрчсөн асуудлыг мэдэхгүй, хилийн төлөөлөгч А.Болдбаяр намайг дарамтлаад энэ хоёрыг хил гарч адуу хулгайлсан гэдгийг хэлүүлэх гээд удаа дараа асуугаад байхаар нь тэгээд хэлчихсэн юм. Олоодойн нуруу гэж хаана байдгийг сайн мэдэхгүй байна. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг дарамталсан учир худлаа мэдүүлсэн. Сувраганы тэнд байнаа, идэж уух зүйл аваад ирээч, тэгээд нэг эрлийз адуу байна авах хүн байна уу? гэж ярьсан. Би тэр газарт очоогүй. Харин найзаасаа асуугаад өгье эрлийз адуу авч магадгүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Г ын өгсөн: Монгол улсын хил давж хулгай хийж байхыг огт хараагүй, мэдэхгүй. Би хил зөрчсөн талаар мэдүүлэг өгөөгүй. Мэдүүлэг авсан байцаагч худал мэдүүлж болохгүй, хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг тайлбарлаж тийм зүйл яриагүй. Би аравдугаар анги төгссөн, тухайн үед мэдүүлэг өгчихөөд би өөрөө уншаад гарын үсэг зурсан. Одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Намайг ятгасан болоод дарамталсан тийм зүйл байхгүй. А.Д , У.У хоёр хоорондоо эрлийз адуу байна, худалдаж авах, зарах талаар яриагүй. Харин өвс тоосны асуудал ярьж байсан... гэх мэдүүлэг,
1715001030042 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Т.Ю.М өгсөн: Би ОХУ-ын Онгорбай тосгоноос 6 км зайд нутагладаг. Өөрөөр хэлбэл нутгийн гүн талдаа байдаг. Би фермерийн аж ахуй эрхлэж мал малладаг бөгөөд хар азаргатай 15 адуутай. Миний адуунууд бүгд Орос томсог адуунууд. Манай ферм ОХУ-ын хилээс ойролцоогоор 5 км орчим зайд байдаг. Харин адуунууд маань фермээс нутгийн гүнрүүгээ 3 км орчим зайд байдаг байсан. 2 хилийн зааг дээр мал маллах хэцүү бөгөөд зөвшөөрөлгүй мал маллавал өндөр торгууль төлдөг. Би адуугаа өдөр бүр хардаг байсан ба манай адуунууд өмнө нь Монгол улсын хилрүү орж байгаагүй. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр харахад фермын ойролцоо буюу ОХУ-ын хилээс 5 км орчим зайд байсан. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр адуу руугаа явахад олдоогүй ба 2 хоног эрээд олоогүй. Би өөрийнхөө адууг хилрүү дөхөж хайгаагүй. Дээрээс нь бороо ороод ул мөр гэх зүйл байхгүй байсан. Тэгээд нутгийн гүн буюу ОХУ-ын гүн рүүгээ хайгаад олохгүй байсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр саран 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд дахин хайгаад олоогүй. Гэртээ ирэхэд Ёнгорбай тосгоны тамгатай адууны мэдэгдэл ирсэн бөгөөд хилийн цэрэг дээр ир гэх утгатай мэдэгдэл байсан. Тэр өдрөө застав ороход манай адууг хаана байгаа талаар асууж хэдэн зураг үзүүлсэн. Тэр зурган дээрх адуунууд манай адуу байсан ба Монгол улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан байна гэсэн. Манай адуунууд Монгол улсын нутаг дэвсгэр рүү өөрсдөө явах ямар ч үндэслэлгүй, хулгайлсан байхаас гарцаагүй гэж бодсон. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хоёр улсын хилийн төлөөлөгч нарыг уулзалтаар ирээд өөрийнхөө адууны онцлог шинжийг хэлээд зураг харуулахад яг таарсан. Дараа нь миний адууг надад харуулахад 3 унага дутуу байсан ба асуухад үхсэн гээд материалыг нь харуулсан. Харахад миний 3 унага мөн байсан. Миний адууг хулгайлсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. Би дахиад Монголд ирж чадахгүй. Надад мөнгө байхгүй. Надгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү, адуугаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-1-143-148 тал/,
Гэрч Т.Г ын өгсөн: ...Би сая 2017 оны 8 дугаар сарын дУ р яваад 6 хоноод ирэхэд л У.У хулгай хийгээд Тагнуулын хүмүүс бариад явсан гэж байсан. Намайг явахын урд өдөр У.У манайд ирээд хойшоо хадландаа гарна, трактороо засна гээд байж байтал А.Д ирээд нэг пиво гаргаж өгсөн. Тэрийг уучихаад харина гээд явсан. У.У манайд хоносон. У.У манайд ирэхдээ явган ирсэн. Морь унаж яваагүй, намайг Хишигээ гэх айлд хүргээд өг гэхээр нь би гэрэлгүй мтоцильтой гээд яваагүй. Маргааш өглөө нь би 6 цаг гээд босоход У.У явчихсан байсан. Хаашаа явсныг нь мэдээгүй. Анх орж ирэхдээ сэлбэг авахаар гэрээсээ ирлээ гэж байсан. Адуу мал хулгайлсан талаар яриагүй. ...2017 оны 7 дугаар сарын 26-нд Олон нуурын баяр болдог өдөр У.У манайд ирж морь нь наймаар орсон гээд ...байныхаа идээг амсуулж байна гэж ярьсан. ...8 дугаар сарын 15-ны үед ирээд манайд нэг хоноод явсан, тэгэхэд Дэлгэрчуулуун ирж У.У той уулзаад...орой нь явсан гэх мэдүүлэг /хх-1-161-163, 182 тал/,
Гэрч П.Ганцэцэгийн өгсөн: ...У.У ноднин самарт яваад 6000000 төгрөг олсон ба энэ жил 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр билүү 09-ний өдөр самар үзэхээр яваад 11-ний өдөр буцаж ирсэн. Тэгээд Пүүжээд бэлэглэсэн мориных нь ор хээр даагыг аваачиж өгнө гээд явсан. Тэр даага нь манай унаган даага, өөр хүнээс аваагүй. 2017 оны 7 дугаар сард давааны ард болсон наадмаар Пүүжээ манай хүүд морь бэлэглэсэн болохоор ор даагыг нь өгч байгаа нь энэ. Миний бодлоор ийм богино хугацаанд хил гарч хулгай хийсэн гэдэгт итгэхгүй байна гэх мэдүүлэг /хх-1-165-166 тал/,
Шүүгдэгч У.У гэрчээр өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 07-нд Б.Б ахтай Тэшиг сумын төвд таараад мэнд мэдэлцэж ойр зуурын юм ярилцаж байгаад Баянмөнхөд “хоёулаа Оросын хил давж адуу оруулж ирэх үү” гэхэд “болох юм уу, бүтэх үү” гэхээр нь би “болноо, амжуулъя” гэж хэлсэн. Маргааш нь буюу 08 дугаар сарын 08-ны өдөр ярьж хэлэлцсэн ёсоороо Б.Б ах хул морь, хээр морь хоёртой ирсэн. Орой 23 цагийн үед сумын төвөөс хөдлөж Тэшигийн даваа өгсөж нэг хоносон. 08 дугаар сарын 09-ний өдөр Тавт руу явж Шиврийн гол өгсөж дахин нэг хоносон. 08 дугаар сарын 10-ны өглөө буюу маргааш нь голын амаа дагаж өгсөөд хойшоо шилээр даваад Олоодойн нуруунд хушин дотор нэг хоносон. 08 дугаар сарын 11-ний өглөө хушнаасаа гарч хойшоо явсаар байгаад орой болохын үед эрлийз шарга гүү, хар азарга хоёр модон дотроос гарч ирээд ойролцоох адуунд нийлээд 8 гүү, 1 азарга, 6 унага нийт 15 толгой эрлийз адуу болохоор нь наашаа өөрийн Монгол улсын тал руу тууж Тавтын эхээр хил давж орж ирсэн ...Б.Б бид хоёрыг эрлийз адуу хулгайлаад буцаж явахад оройхон болж байсан...Тавтын голоо дагуулж шөнөжин, өдөржин туусаар 8 дугаар сарын 12-ны орой ...харанхуй болонгуут гэрийнхээ хажууханд ирж Б.Б ахыг “адуугаа харж байгаарай, би гэртээ орж идэх юм аваад ирье” гэж хэлээд гэр лүүгээ ирж явахад манай адуу үхрийн хашааны хажууд байхаар нь ...тамгагүй хээр даага барьж хашаанаас уяад гэртээ орсон...эхнэртээ “даага барьж авч Бадвайн Пүүжээд өгөхөөр ирлээ” гэж хэлээд цай уугаад гарсан...эхнэр маань янз бүрийн юм хийж явж байж хэрэгт орчихвоо гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-1-158 тал/,
Шүүгдэгч Б.Б гэрчээр өгсөн: 2017 оны 8 дугаар сарын эхээр би У.У , Сүхээ, Хуягаа нарын хамт 2 мотоцикльтой Даян дээрхийн агуй орж мөргөчихээд тэндээ 2 хоноод буцаж ирсэн. Тэр үед У.У ОХУ-ын хил гарч адуу хулгайлж ирмээр байна. Сүхбаатар аймгаас хүн ирж адуу авна гэж хэлсэн. Ах нь хамт явья. Малчны зээлтэй, оюутны сургалтын төлбөр төлнө, мөнгөний хэрэг байна гээд бид хоёр ОХУ-ын хил давж адуу хулгайлахаар тохиролцож 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өөрийн хээр, хул морийг барьж сумын төв орж У.У той уулзаад тэр өдрөө сумын баруун хойшоо гарч Тэшигийн даваанд нэг хоносон. Би гэрээсээ гарахдаа эхнэр хүүхдүүддээ Азаргын голын алтны уурхай руу алтанд явлаа гэж хэлсэн. Бид хоёрыг явж байхад нилээд өргөн гол гарч бас өтгөн манан татсан байсан. У.У одоо Олоодойн нуруунд явж байна гэж хэлсэн. Тэндээ самарчдын отог дээр нэг хоносон. Маргааш нь босоод явж байгаад би У.У оос хил давсан уу гэж асуухад аль түрүүн давсан шүү дээ гээд инээж байсан. Тэгээд удалгүй хар азарга, шарга гүү хоёр модноос гарч ирээд бид хоёрыг хараад зугтааж буцаж мод руу орсон. Бид хоёр араас нь яваад очтол нэг азарга, найман гүү, зургаан унагатай эрлийз адуу байсан. Шарга гүү, хүрэн халзан гүү хүрэн халзан унагатай, бор гүү хар бор унагатай, хээр гүү цагаан амтай халтар унагатай, бусад нь 4 хээр гүү 3 хээр унагатай 15 адуу байсан. Шарга гүүнээс бусад нь 60, 32, F гэсэн тамгатай байсан. Зарим тамгыг нь сайн санахгүй байна. У.У тэр адууг хараад эзэнгүй, ойр хавьд айл, адуу мал байхгүй юм байна гэж байсан. Бид хоёр 8 дугаар сарын 11-ний өдөр адуугаа тууж хил давж орж ирсэн. Адуугаа өдөржин шөнөжин туугаад давааны ард ирж нэг хоносон. Тэр үед У.У намайг адуугаа харж байгаараа гэж хэлээд нэг цаг орчмын дараа тамгагүй хээр даага хөтөлж ирсэн. Би ямар учиртай даага вэ гэж асуухад хүнд өгөх юм гэж хэлсэн. Маргааш орой нь адуугаа тууж Залмангийн ард ирж нэг хоносон. Адуу тууж явах замдаа У.У надаас холдож өөрийнхөө утсаар хүнтэй ярьж байсан. Нөгөө адуу авах хүнтэйгээ ярьчихлаа. Ачаа ачиж яваа гэнэ. Тэр ачаагаа буулгаад А.Д ыд очино. Тэгэхээр нь тэндээс ачуулна гэж ярьж байсан. Бид хоёр Залман хангайн ард ирээд байж байтал У.У намайг орхиод яваад өгсөн. Хоёр хоног ирээгүй, би адуугаа хараад хоол унд үгүй 2 хоносон. 8 дугаар сарын 13-ны орой Цэрэнпүрэв намайг Залман хангайн өвөрт байхад адууны мах чанаж очсон. Тэгээд ардаа ажилтай гэж хэлээд буцсан. Тэр орой би адуугаа туугаад А.Д ыд байх үед Пүүжээ ирж надаас тамгагүй хээр даага аваад явсан. Тэгээд би адуу авах хүн олдохгүй, У.У ийн утас холбогдохгүй байхаар нь А.Д д “У.У намайг хаяж байгаа юм байна” гэж хэлээд адуугаа туугаад нутаг руу нь буцаахаар Цэрэнпүрэвтэй хамт Харлан өгсөөд Халзан давааны эхэнд гаргаж мод руу оруулаад буцаж гэртээ ирсэн. Унаж явсан морио Харланд хээр үлдээгээд Цэрэнпүрэвтэй хамт адуугаа тууж мод руу оруулсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр У.У той ярихад миний морийг тавьсан шүү гэж хэлсэн. Надаас “тууж оруулж ирсэн адуугаа яасан бэ” гэж асуухад “чамайг хүлээгээд ирэхгүй болохоор чинь нутаг руу нь буцаагаад хөөсөн” гэж хэлсэн. Би У.У той хамт хил зөрчиж ОХУ-ын талаас адуу хулгайлж зарж борлуулах гэсэн минь үнэн. У.У анх хэлэхдээ Сүхбаатар аймгаас хүн ирж авна гэж хэлж байсан. Харлангийн эх рүү адуунуудыг туусан, одоо хаана байгааг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-1-170-172 тал/,
Гэрч Б.Цөгсөн: 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би сумын төвд эхнэр хүүхэдтэйгээ хөдөөнөөс орж ирээд явж байхад У.У утсаар яриад “би Б.Б /Баян/ тай хамт Жаргантад байна, өлсөж үхлээ хоол аваад ирээч“ гэхээр нь би ээжээр адууны мах чануулж аваад мотоцикльтой ганцаараа мах аваачиж өгсөн. Тэр үед У.У , Б.Батмөнх нар хээр, хул хоёр морьтой байсан. Өөр адуу харагдаагүй. Би тэр өдөр өөрийнхөө халтар үрээг нядалж зарж байсан болохоор удалгүй буцсан. У.У надад тэр үед нэг даага байгаа аваарай гэж байсан. Нөгөөдөр нь У.У утсаар яриад А.Д /Дэлгэр/-ийнд очиж нөгөө даагаа аваарай гэж хэлэхээр нь орой би Дэлгэрийнд очсон. Намайг очиход Баян, Дэлгэр хоёр эрлийз 10 гаран тооны адуу айлын өвөлжөөнд хашсан байсан. Содон зүстэй нь гэвэл шарга гүү, бор гүү байсан. Бусад нь хээр голдуу зүстэй байсан. Тамга тэмдэгийг нь сайн хараагүй. Тэгээд би хээр зүсний тамга тэмдэггүй, эр даага барьж аваад буцсан. Намайг гэртээ ирээд удаагүй байхад Баян араас адуугаа туугаад ирсэн. Тэгээд морь эцчихлээ мотоциклиор чинь Харлан өгсөөгөөд нутаг руу нь /Оросын тал руу/ хөөе гэхээр нь Баянтай хамт харлан өгсөөж Халзан давааны мод руу оруулаад буцсан. Би Баянтай хамт эрлийз адууг нь Халзан давааны мод руу оруулаад буцаж ирэхэд хээр даага уяагаа таслаад алга болсон байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. ...Булган аймгийн Тэшиг сумын давааны арын баяр 2017 оны 7 дугаар сард болсон баяр дээр би өөрийнхөө 9 настай, зөв талын гуяандаа цэцгэн тамгатай, бор морио бэлэглэсэн. У.У өөрөө надаас гуйгаад байхаар нь өгчихсөн юм. У.У морь авсныхаа дараа надад хонгор халзан гүүний хээр даагыг чамд өгнө гэж хэлж байсан. 2017 оны 8 дугаар сарын 12, 13-ны үеэр У.У над руу яриад нөгөө даагаа А.Д ыхаас очоод аваарай гэхээр нь А.Д ыд очиход Баянмөнх, А.Д хоёр хамт байсан. Тэгээд бид 3 хамт гараад Даваадоржийн хашаанд очиход 10 гаруй тооны унагатай адуу байсан. Б.Б надад тэр адуун дотроос ямар нэг тамгагүй, монгол хээр даага бариад У.У чамд өгөөрэй гэсэн гээд өгөхөөр нь би мориныхоо хүзүүнээс уяад авч явсан эмнэг, хангал даага байна лээ. Би даагаа авч ирээд гэрийнхээ хажуу талын хурдан морины уяан дээр уяад байж байтал Б.Б нөгөө хашаанд байсан адуугаа тууж ирээд “энэ адууг Харлан гол өөд өгсөөгөөд туугаад өгөөч, миний морь эцээд явахгүй байна” гэхээр нь би өөрийнхөө мотоциклиор Б хамт туугаад Халзангийн давааны хажууд адууг орхиод явсан. Тэгээд Б морь эцээд явахгүй байсан учир манайд морио үлдээсэн, эргэж ирээд Б морин дээр нь буулгаад явсан. Б.Б жижиг хул морьтойгоо явсан тамгыг нь хараагүй. Би гэртээ ирэхэд нөгөө хээр даага уяагаа таслаад алга болсон байсан. Маргааш нь би голоор хайхад олдоогүй. Тэгээд сүүлдээ хадлангийн ажил эхлээд хайж яваагүй байна. Намайг даагаа аваад буцаж байхад А.Д , Б.Б хоёр бор гүүг хөөгөөд байсан би түрүүлээд явсан болохоор барьсан үгүйг нь мэдэхгүй байна. Харин адууг туугаад Халзангийн даваанд хүргэх үед А.Д , Б.Б хоёрын хөөцөлдөж явсан бор гүү адуунд байсан гэх мэдүүлэг /хх-1-178-180, 191-193 тал/,
Гэрч А.Д ы өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 12-ны үед өглөө миний гар утасруу У.У /У / яриад “би Б.Б /Баян/тай хамт ОХУ-ын талаас хил давуулаад адуу хулгайлаад оруулаад ирлээ, давааны ард суварганы хойд талын аманд байна. Идэх юм аваад ир, би таны мотоциклиор сумын төв рүү орно. Та энэ адууг Б.Батмөнх /Баян/-тай туугаад гэртээ харь” гэж хэлсэн. Би хулгайн хэрэгт холбогдоно гэж бодоод очоогүй. У.У “адуу авах хүн байна уу” гэхээр нь би өөрийн найз Баярхүү рүү яриад “адуу авах уу” гэж асуусан. Баярхүү “би хулгайн адуу авахгүй” гэж хэлсэн. Маргааш орой нь У дахиад над руу утсаар яриад “би залманд байна, хүрээд ир” гэж ярьсан. Би тэр үед сумын төвд Б.Оюунбаатар гуайгаар хадуурын юм гагнуулж байсан. Тэгээд би 2 хайрцаг улаан шонхор тамхи, 2.5 литрийн нэг Боргио пиво аваад залмангийн өвөрт яваад очиход У.У над руу утсаар яриад “би сумын төвд Ганбаа ахынд байна” гэж хэлэхээр нь очсон. Намайг очиход У.У , Ганбаа нь эхнэртэйгээ, бас нэг танихгүй залуу дөрөв байсан. Тэднийд пиво уугаад сууж байхад У.У надад “нэг шарх соривгүй юм авч ирсэн шүү” гэж хэлж байсан. Би Ганбаагынхаас гараад мотоциклио янзлуулж аваад шөнө 04 цагийн үед гэртээ харьсан. Маргааш нь гэртээ хариад байж байхад Баян надруу утсаар яриад “Залманд байна, идэх юм аваад ирээч” гэж хэлсэн. Тэр өдөр би Баян дээр очоогүй. Тэгээд маргааш өглөө нь Баян манайд 09 цагийн үед очсон. “Адуугаа яасан бэ” гэхэд манай ах Даваадоржийн хашаанд “хашсан” гэж хэлсэн. Би очиж үзсэн чинь арав гаран тооны хар азаргатай адуу байсан. Би тэр өдөр нь өөрийн портер маркын автомашинаар мотоциклио ачаад сумын төв орж засварчинаар засуулсан. Өдөр нь надруу Бадвайн Пүүжээ утсаар яриад “Баян танайд байгаа юм уу” гэж асуусан. Би “байгаа” гэж хэлсэн. Орой нь гэртээ хариад байж байхад Бадвайн Пүүжээ манайд морьтой ирээд Баянгийн байгаа газрыг надаар заалгаад явсан. Би араас нь мотоцикльтой очсон. Бадвайн Пүүжээ Б.Б /Б-гаас тамгагүй хээр даага авсан. Би бор гүүг бор хээр унагатай нь тугалтай үнээ өгөөд авахаар Баянтай тохирч барьж авах гээд чадаагүй. Тэгээд би баригдахгүй болохоор нь авахаа болилоо гэж хэлсэн. Баян “У намайг хаяад явсан, би энэ хэдэн адуунаас залхаж байна” гэж хэлж байсан. Би “наад адуугаа байсан газар луу нь сайн хөөгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд харанхуйд Баян адуугаа хөөгөөд явсан. Араас нь Бадвайн Пүүжээ охин хээр даагаа хөтлөөд явсан. Тэгээд би гэртээ орж унтсан. Дахиж би Баян, У нартай холбоо бариагүй. Б.Б Тариалангийн багийн баяр дээр энэ жил таарч байсан. Бид хоёр нэг голын хүмүүс. Өөр холбоо байхгүй. У.У манайд 6 сард даага, морь хоёр хайж яваа гэж очсон. Тэгээд надаас “мөнгө зээлээч, морио хайх гэхээр бензин хоолны мөнгөгүй болчихоод байна” гэж хэлсэн. Би “надад байхгүй” гэсэн. Тэгсэн чинь “хүнээс олоод өгөөч” гэж гуйсан. Тэгээд би өөрийн найз Сүхбаатар аймагт байдаг Баярхүүгээс 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг зээлж өөрийн дүү Баасансүрэнгийн Ундрахсайханы дансанд хийлгээд “У.У ийг очоод ав” гэж хэлсэн. У.У мөнгийг тань удаахгүй өгнө гэсэн боловч одоо болтол миний мөнгийг өгөөгүй. У.У утсаар ярихдаа “би өөр хоёр хүн рүү адуу авах уу гэж ярьсан” гэж хэлж байсан. Б.Б надад ярихдаа “У.У бид хоёр Олоодойн нуруугаар явж адуу хулгайлсан” гэж хэлж байсан. Би хил давсан даваагүйг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-1-184-186, 194-197 тал/,
Гэрч Г.Б өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байх Сүхбаатар аймагт уурхайгаас ачаа ачиж ирчихээд гэртээ байж байтал Булган аймгийн Тэшиг сумаас Дэлгэр буюу А.Д өөрийнхөө 96460433 гэх дугаараас миний ******** дугаарлуу залгаад "хүнд хэдэн эрлийз адуу байна авах юм уу” гэж ярихад би “яаж орж ирсэн адуу вэ” гэж асуухад Дэлгэр надад “буруу гарынх юм шиг байна” гэж хэлсэн. Би “хулгайн адуу бол авахгүй” гэж хэлээд тэр өдрөө Дорноговь аймаг руу ачаа ачаад яваад өгсөн. Дахиад Дорноговь аймагт байхад Дэлгэр яриад “сайн явж хүрсэн үү” гэж асуугаад “нөгөө хэдэн адууг хүнд нь авахгүй гээд хэлчихсэн шүү” гэж байсан. Дэлгэр буюу А.Д тай би 2015 оны намар "Баатарван" амралтын газар амарч загас барьж яваад танилцсан. Тэгээд би Дэлгэрт нэг адуу бэлгэнд өгөхөд Дэлгэр буцаагаад надад гунжин үхэр өгсөн. Тэгээд 2016 оны хавар 5 дугаар сард гурван үхэртэй ирсэн, нэг нь надад өгсөн үхэр нөгөө хоёр үхрийг нь хоёр мориор солиод нутаг буцсан. Энэ хавар буюу 2017 оны 5 дугаар сард дахиад найман үхэртэй ирээд 8 тооны адуугаар солиод буцахад нь би гурван морь зараад өг гээд явуулсан. Би өөрөө өнгөрсөн зун тэднийд очиж амарсан. Дэлгэр бид хоёр ийм л харьцаатай хүмүүс. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Дэлгэр утсаар залгаад “хэдэн эрлийз адуу авах уу” гэж асуусан. Тоог нь бол хэлээгүй. Түүнээс хойш адуу авах уу гэж Тэшигээс нэг ч хүн яриагүй гэх мэдүүлэг /1-хх-188-190 тал/,
Гэрч А.Б өгсөн: Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн. Манайх гүйцэтгэх ажлын шугамаар 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мэдээлэл авагдаад хойшлуулшгүй ажиллагаа явуулахад Булган аймгийн Тэшиг сумын 4 дүгээр багийн иргэн У.У , Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Бадарчийн Б.Б нарыг саатуулан шалгаж гэрчийн мэдүүлэг авахад "бид хоёр 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумаас ОХУ-ын талруу Олоодойн нурууны чиглэлээр хил давж 15 тооны хар азаргатай адуу хулгайлж оруулж ирсэн" гэж ярьсан. Үүний дагуу холбогдох гэрч нараас мэдүүлэг авахад У.У , Б.Б нарын ОХУ-ын талаас 15 тооны адууг хулгайлж оруулж ирсэн нь тогтоогдсон. Тухайн хэрэгт хулгайлагдсан 15 тооны адууг гэрч нар болон Б.Б буцаагаад туусан гэж мэдүүлсэн тул энэ чиглэлд эрлийн ажиллагаа явуулахад адуу бүрэн бүтэн олдсон. Энэ хилийн зөрчил нь Хөвсгөл аймаг дахь хилийн 47 дугаар отрядын 10 дугаар заставын хариуцсан хэсэг Монгол Улсын хилийн 476\2 дугаар тэмдэгтийн баруун гар талаар 500 метр газраар хил давж орж ирсэн мөр ул илэрсэн. Энэ нь манай хилийн 48 дугаар отрядын хариуцсан хэсэг биш, бид нар хэрэгт холбогдсон У.У , Б.Б нарыг хил хууль бусаар давж орж ирсэнгазраа зааж өгнө үүү гэхэд 476/2 дугаар тамдэгтийн чиглэлийг зааж өгсөн гэх мэдүүлэг /хх-1-198-200 тал/,
Гэрч Х.Б өгсөн: Манай хилийн 0286 дугаар ангийн дэргэдэх тагнуулын тасагт гүйцэтгэх ажлын шугамаар "Булган аймгийн Тэшиг сумын иргэн У.У , Б.Б нар нь ОХУ-ын талаас 15 тооны эрлийз адуу хулгайлж хил давж ирсэн " гэх мэдээлэл авагдсан. Үүний дагуу хилийн тагнуулын тасагтай хамтран У.У , Б.Б нараас урьдчилсан байдлаар мэдүүлэг авахад У.У , Б.Б нар Булган аймгийн Тэшиг сумын нутаг Олоодойн нурууны чиглэлээр Монгол Улсын хил хууль бусаар нэвтэрч ОХУ-ын талаас 15 тооны орос эрлийз адуу авч ирсэн гэж мэдүүлсэн. Үүний дагуу 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хил зөрчсөн гэх У.У , Б.Б нарын явсан замналаар ул мөрний сөрөг мөрдөлт хийсэн. Уг сөрөг мөрдөлтийг хилийн 0286 дугаар ангийн 1 дүгээр заставаас эхлүүлсэн. Хил зөрчигч нар нь анх мэдүүлэхдээ 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумаас гарч баруун хойд зүгт хамар даваа, Олоодойн нурууны чиглэлд яваад 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хил давж бэлчээрлэж байсан 15 тооны адууг хулгайлж уг шөнөө явсаар эргэж Монгол улсын тал руу нэвтэрч орж ирсэн гэх замналын дагуу шалгахаар төлөвлөсөн хэдий ч 10 гаруй хоногийн турш орсон их борооны улмаас Тавтын гол үерлэж явах боломжгүй болсон тул 0286 дугаар ангийн 1 дүгээр заставын байрлалаас хилийн 487 дугаар тэмдэгийн чиглэлд явж хилийн 487 дугаар тэмдэгт дээр очоод баруун тийш байх хилийн 476 дугаар тэмдэгийн хооронд үзлэг шалгалт хийх явцад У.У , Б.Б нар өөрсдийнхөө орж ирсэн газраа зааж өгсөн. Тухайн зааж өгсөн газар нь 476/2 дугаар тэмдэгтийн баруун талаар 500 м газраар ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу туугдсан адууны ул мөр илэрсэн. У.У Б.Б нар хараад “бид нарын адуу тууж орж ирсэн мөр энэ мөн байна” гэсэн. Үүнийг дагуу ул мөрийг шалгахад 10 гаруй хоногийн өмнө гарсан гэлтэй туугдаж, цуварсан адууны ул мөр илэрсэн ул мөрийг шалгаж явахад Тавтын голд тулж гол үерлэсэн учир мөр замхарсан. Тэгээд хил зөрчигч нар оруулж ирсэн адуугаа туугаад залман гэх ууланд 1 хоноод, шөнө нь тууж Эгийн голын захад айлд очоод буцаагаад 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Халзан даваа чиглэлд туусан гэж мэдүүлсэн. Халзан даваанд хил зөрчин оруулж ирсэн 15 тооны адууг эрж хайх эрлийн ажиллагаа явуулахад 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хар азаргатай 6 унага, 8 гүү 15 тооны адуу олдсон. Тус хар азаргатай 15 тооны адууг хилийн 0286 дугаар ангийн 1 дүгээр заставын байрлалд авч ирж хадгалалтанд авахад хулгайлагдан туугдах явцад өлдөж ядарсны улмаас 3 тооны унага үхсэн. Үхсэн 3 тооны унагыг комисс томилж акт үйлдэн баримтжуулсан энэ актыг мэдүүлгийнхээ ард хавсаргуулах саналтай байна. Тухайн адууны эзэн холбогдогчийн олж тогтоох зорилгоор уг адууны зүсмийн бүртгэлийг холбогдох мэдээллийн хамт ОХУ-ын талд хилийн төлөөлөгчийн шугамаар албан захидлаар хүргүүлэхэд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ОХУ-ын талаас хулгайлагдсан адууны эзэн холбогдогч байж болзошгүй иргэнийг олж тогтоосон утга бүхий албан захидал ирүүлсэн. Уг захидалд 487 дугаар тэмдэгийн дэргэд хилийн бүрэн эрх төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалт зохион байгуулж, адууг хүлээж авах санал ирүүлсэн. Ирүүлсэн саналын дагуу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хилийн 487 дугаар тэмдэгийн дэргэд хилийн уулзалтаар хулгайлагдсан 12 тооны адууг ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн. Тухайн өдөр хилийн ул мөрний үзлэг шалгалт хийх явцад У.У нь “бид хоёр энэ хавиар ОХУ-ын талаас адуугаа туугаад орж ирсэн” гээд яриад явж байтал ОХУ-ын талаас Монгол Улсын талруу 10 гаруй хоногийн өмнө туугдсан байдалтай цуварсан адууны ул мөр илэрсэн. Үүнийг хараад У.У Б.Б нар “энэ адууны мөр бид хоёрын 15 тооны адуу тууж оруулж ирсэн мөр мөн байна” гэсэн гэх мэдүүлэг /хх-1-201-203 тал/,
Гэрч Ж.М өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хамтарсан үзлэг шалгалт явуулсан. Манайхаас 4 хүний бүрэлдэхүүнтэй ахмад Мөнхтөр, ахлах ахлагч С.Хосбаяр, ахлагч Б.Гансүх, дэд ахлагч Б.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Булган аймаг дахь хилийн 0286 дугаар ангиас Хилийн тагнуулын тасгийн ажилтан, хилээс бас хүн байсан одоо санахгүй байна. Бид нарыг хилийн шугамын дагуу үзлэг шалгалт хийхэд Хөвсгөл аймаг дахь Хилийн 0267 дугаар ангийн 0299 дүгээр салбарын хариуцсан хэсэг хилийн 476/2 дугаар тэмдэгтээр адууны тоон нь тодорхойгүй ОХУ-ын талаас Монгол улсын талруу цувж орж ирсэн адууны мөр байсан. Уг адууны мөрийг үзэхэд бүдэг хуучирсан байсан ойролцоогоор 10 гаруй хоногийн өмнө нэвтэрсэн болов уу гэлтэй мөр байсан. Хилийн шугамын дагуу гарсан мөрийг 1.5 км орчим мөрдөөд бороо их орж Хилийн 0286 дугаар ангийн дарга манаагаа дуудсан учир мөрдөлтийн ажиллагааг зогсоосон. Уг мөр ОХУ-ын талаас Монгол улсын талруу орж ирээд хилийн зоон дагаж 200 гаруй метр явсан байсан. Тэгээд уг мөрийг 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын талтай хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээний туслагчийн уулзалт зохион байгуулж хүлээлцсэн гэх мэдүүлэг /хх-1-210-213 тал/,
Гэрч Т.Г өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хамтарсан үзлэг шалгалт явуулсан. 2 талаасаа ул мөрийг шалгаж ирэхэд Хөвсгөл аймаг дахь Хилийн 0267 дугаар ангийн 0299 дүгээр салбарын хариуцсан хэсэг хилийн 476/2 дугаар тэмдэгтээр адууны тоон нь тодорхойгүй ОХУ-ын талаас Монгол улсын тал руу цувж орж ирсэн адууны мөр байсан. ...Хилийн шугамын дагуу гарсан мөрийг 1.5 км орчим мөрдөөд бороо их орж Хилийн 0286 дугаар ангийн дарга манаагаа дуудсан учир мөрдөлтийн ажиллагааг зогсоосон. Уг мөр ОХУ-ын талаас Монгол улсын тал руу орж ирээд хилийн зоон дагаж 200 гаруй метр явсан байсан. Тэгээд уг мөрийг 4,5 хоногийн дараа ОХУ-ын талтай хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээний туслагчийн уулзалт зохион байгуулж хүлээлцсэн гэх мэдүүлэг /хх-1-214-216 тал/,
Гэрч Э.А өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 2О-ны өдөр 1 дүгээр заставын байрлалаас хилийн харуулын байрлал руу хөдөлсөн. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хилийн 0286 дугаар ангийн хилийн албаны дарга, ахмад Батгэрэлийн тушаалаар ахмад Болдбаяр, ахмад Олонбаяр, ахлах ахлагч Б.Энхбаяр нарын хамт хилийн харуулаас хилийн 480/1 тэмдэгтээс 476 дугаар тэмдэгтийн чиглэлд хилийн манааны үүрэг гүйцэтгэсэн. Тэгтэл үүрэг гүйцэтгэх хугацаанд Хилийн 476/2 дугаар тэмдэгтийн баруун талаар 500 метр зайд хойноосоо урагшаа буюу ОХУ-ын талаас Монгол Улсын талруу нэвтэрсэн адууны цуварсан ул мөр илэрсэн. Уг мөрийг Хилийн 47 дугаар отрядын 10 дугаар заставын хилийн манаанд хүлээлгэж өгсөн. Дотоод тал руугаа явсан мөрийг бүрэлдэхүүн мөрдөж яваад цаг агаарын хүндрэлийн улмаас мөрийг орхисон. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын талтай ул мөр илэрсэн зөрчилд мөр хүлээлцэх туслагчийн хэмжээний уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтаар өмнө илрүүлсэн мөрөө ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-1-217-219 тал/,
Гэрч Н.М өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хилийн 476 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу Булган дахь хилийн 0286 дугаар ангийн манай талтай уулзвар мөрний шалгалт хамтран явуулах талаар утсаар холбогдсон. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хамтарсан үзлэг шалгалт хийхэд Хилийн 476/2 дугаар тэмдэгтийн баруун талаар ОХУ-ын талаас Монгол Улсын талруу адуу орж ирсэн ул мөр илэрсэн. Яг хэдэн адуу орж ирсэн нь ул мөрнөөс мэдэгдэх боломжгүй байсан адууны мөр цувж туугдсан байдалтай байсан. Хилийн 476/2 дугаар тэмдэгтийн чиглэлд илэрсэн ул мөрийг ОХУ-ын талд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-1-223-226 тал/,
Гэрч П.Н өгсөн: ... У /У.У / Төөгөө буюу Төмөрсүх ахад хэлээд адуунд нэг бор морь тавьсан...бор морь одоо хүртэл манай адуунд байгаа. ...хоёр хоног аргамжиж байгаад тавьсан тэр цагаас хойш адуу дагуулж хол явсан, эрж хайсан зүйл байхгүй...Тавтын гол, Олоодойн нурууны чиглэлд манай адуу нутаглаж байгаагүй, явдаггүй гэх мэдүүлэг /хх-1-231-232 тал/, Хилийн зөрчил шалгасан тухай нотломж /хх-1-10-14 тал/, хилийн уулзалтын протокол /хх-1-19-20, 28 тал/, улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /хх-1-30-32 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1-27 тал/, ул мөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх -1-32 тал/, гар утасны холболтод үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1-34, 44-76, 78-87 тал/, адуу малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1-88-91 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-1-95-111 тал/, хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтын нотломж /хх-1-117-118тал/, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт /хх-1-119-122 тал/, 15 тооны адууг эзэн хохирогчид нь танилцуулах ажиллагааны тэмдэглэл /хх-1-123-130 тал/, унага хорогдсон тухай тэмдэглэл /хх-1-131-137 тал/, адууны үнэлгээ /хх-1-235-238 тал/, У.У ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-2-3-9 тал/, Б.Баянмөнхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-1-478-250, хх-2-10-13 тал/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-2-14-15/ болон бусад хувийн байдлын талаарх /хх-2-17-48 тал/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч У.У , Б.Б нар нь бүлэглэж 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилийн 476\2 дугаар тэмдэгтийн баруун гар талаар 500 метр газраар хууль бусаар нэвтэрч ОХУ-ын нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан хохирогч Т.Ю.Мироновын 15 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж цагаатгах байр сууринаас хэргийн онолоо дэвшүүлж, шүүгдэгч У.У , Б.Б нар нь улсын хилийг хууль бусаар нэвтрээгүй, харин Олоодойн нуруунд байсан 15 тооны адууг байсан байршлаас нь тууж, захиран зарцуулах гэсэн үйлдлийнхээ үр дагаварыг ухамсарласны үндсэн дээр буцаан хөөж, энэ гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзсан гэж мэтгэлцэж байгаа боловч хилийн зөрчил шалгасан тухай нотломж, хилийн уулзалтын протокол, улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, ул мөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Ю.Мироновын өгсөн “...би адуугаа өдөр бүр хардаг байсан ба манай адуунууд өмнө нь Монгол улсын хил рүү орж байгаагүй. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр харахад фермын ойролцоо буюу ОХУ-ын хилээс 5 км орчим зайд байсан...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр адуу руугаа явахад олдоогүй ба 2 хоног эрээд олоогүй…адууг хил рүү дөхөж хайгаагүй. Дээрээс нь бороо ороод ул мөр гэх зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Д ы өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 12-ны үед өглөө миний гар утас руу У.У /У / яриад “би Б.Б /Б/тай хамт ОХУ-ын талаас хил давуулаад адуу хулгайлаад оруулаад ирлээ, давааны ард суварганы хойд талын аманд байна. Идэх юм аваад ир, би таны мотоциклиор сумын төв рүү орно. Та энэ адууг Б.Б /Б/-тай туугаад гэртээ харь” гэж хэлсэн. Би хулгайн хэрэгт холбогдоно гэж бодоод очоогүй. У.У “адуу авах хүн байна уу” гэхээр нь би өөрийн найз Баярхүү рүү яриад “адуу авах уу” гэж асуусан. Баярхүү “би хулгайн адуу авахгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Баярхүүгийн “...Булган аймгийн Тэшиг сумаас Дэлгэр буюу А.Д өөрийнхөө ******** гэх дугаараас миний 99498141 дугаарлуу залгаад "хүнд хэдэн эрлийз адуу байна авах юм уу” гэж ярихад би “яаж орж ирсэн адуу вэ” гэж асуухад Дэлгэр надад “буруу гарынх юм шиг байна” гэж хэлсэн. Би “хулгайн адуу бол авахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Цэрэнпүрэвийн “...У.У утсаар яриад би Б.Б /Баян/ тай хамт Жаргантад байна өлсөж үхлээ, хоол аваад ирээч гэхээр нь би ээжээр адууны мах чануулж аваад мотоцикльтой ганцаараа мах аваачиж өгсөн. ...Нөгөөдөр нь У.У утсаар яриад ...орой би Дэлгэрийнд очсон. Намайг очиход Баян, Дэлгэр хоёр эрлийз 10 гаран тооны адуу айлын өвөлжөөнд хашсан байсан. Содон зүстэй нь гэвэл шарга гүү, бор гүү байсан. Бусад нь хээр голдуу зүстэй байсан. Тамга тэмдэгийг нь сайн хараагүй...”, гэх мэдүүлэг, гэрч П.Наранбаярын өгсөн “...У /У.У / Төөгөө буюу Төмөрсүх ахад хэлээд адуунд нэг бор морь тавьсан...бор морь одоо хүртэл манай адуунд байгаа. ...хоёр хоног аргамжиж байгаад тавьсан тэр цагаас хойш адуу дагуулж хол явсан, эрж хайсан зүйл байхгүй...Тавтын гол, Олоодойн нурууны чиглэлд манай адуу нутаглаж байгаагүй, явдаггүй” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч У.У , Б.Б нар нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дээрх гэмт хэргийг үйлдэх санаа сэдэл хэзээ төрж санаатай нэгдсэн болох, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, үйлдлийн арга, хэргийн сэдэлт шалтгааны талаар эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн, тэдний мэдүүлгийн эх сурвалж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Цэрэнпүрэв, А.Д , Г.Баярхүү, А.Болдбаяр, Х.Батгэрэл, Ж.Мөнхтөр, Т.Гансүх, Э.Алтанчулуун, Н.Мөнхбат нарын мэдүүлэг, гар утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож тогтоогдсон байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Д , Т.Г нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгч, одоо шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг үнэн зөв гэж тус тус мэдүүлж байгаа хэдий ч гэрч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэгтэйгээ танилцаж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан, тэднийг дарамталж мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэргийн нөхцөл байдал болон бусад нотлох баримтуудтайгаа хамаарал бүхий нотлох баримт гэж үзэж үнэлсэн болно.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нар нь бага болон боловсролгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд тэднээс гэрчийн мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж мэтгэлцэж байгаа боловч мөрдөгч гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүргийг тайлбарлаж, хуулийн зүйл заалттай танилцуулсан байх бөгөөд гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй бөгөөд хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч У.У , Б.Б нарын ОХУ-ын хил гарч адуу хулгайлах зорилгоор Улсын хилийн халдашгүй дархан байдалд халдаж хууль бусаар улсын хилээр орсон гарсан үйлдэл, 15 адуу буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч У.У , Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч У.У , Б.Б нарыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ю.М 7000000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд 12 тооны адууг биет байдлаар хүлээн авч, хорогдсон 3 унаганы хохирлыг нэхэмжлээгүй, цаашид санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болох нь адууг эзэн хохирогчид нь танилцуулах ажиллагааны тэмдэглэл, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт, адууны үнэлгээ, хохирогчийн гаргасан тайлбар, хүсэлт зэргээр нотлогдож байна.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан гэрч А.Д , Т.Г нарыг оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдож гэрч нарын шүүх хуралдаанд дуудагдаж ирсэн 100440 төгрөгийн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч У.У , Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Булган аймгийн шүүхийн Тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.У , Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, бага насны олон хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч У.У ийн хоёр үхэр, Б.Б нэг адуу, нэг үхэр тус тус битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 5/04 тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг сэргээж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.У , Б.Б нар нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус нэг жилийн хорих ялаар шийтгүүлж, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ялаа эдэлж байх хугацаанд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцлээр хэргийг хянаад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шүүгдэгч У.У , Б.Б нарын цагдан хоригдсон 198 хоног, ялын тооцоо бодсон тодорхойлолтын /хх-3-34,36 тал/ дагуу шүүгдэгч У.У ийн шагналын 15 хоног, Б.Б шагналын 18 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У.У , Д овогт Б.Б нарыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч У.У , Б.Б нарыг тус тус нэг жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.У , Б.Б нарыг тус тус нэг жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч У.У , Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар нэг жилийн хорих ял, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч У.У , Б.Б нарын нийт эдлэх ялыг тус тус хоёр жилийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч У.У , Б.Б нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шүүгдэгч У.У , Б.Б нарын цагдан хоригдсон 198 /нэг зуун ерэн найм/ хоног болон шүүгдэгч У.У ийн шагналын 15 /арван тав/ хоног, Б.Б шагналын 18 /арван найм/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч У.У , Б.Б нараас 50220 /тавин мянга хоёр зуун хорь/ төгрөгийг тус тус гаргуулж, Булган аймгийн шүүхийн Тамгын газарт олгосугай.
7. Шүүгдэгч У.У , Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт шүүгдэгч У.У ийн хоёр үхэр, Б.Бийн нэг адуу, нэг үхэр тус тус битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 5/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг сэргээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У , Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.У , Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД