Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01428

 

2022.08.01 МАГАДЛАЛ №1428

/ТӨСӨЛ/

 

Н ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/01055 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д ХЗХ-нд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71,803,853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь Д ХЗХ-той 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Д ХЗХ-нд 30,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсон. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг ижил нөхцөлөөр зээлдүүлэх болсон. Ингээд 30,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, 70,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус Төрийн банк ХХК дахь хариуцагчийн дансаар олгосон. Хариуцагч нь дээрх гэрээнүүдийн 4.5, 4.6-д зааснаар сар бүр хүүгийн төлбөр төлөх болон зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн тайлан гаргах, гэрээний хэрэгжилтийн мэдээг улирал бүр өгөх үүргээ хангалттай биелүүлээгүй. Ингээд талууд 2018 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 67 дугаартай "Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ-г байгуулж, дээрх 2 гэрээний зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулж, зээлийн төлбөрийг буцаан төлөх хуваарийг шинэчлэн тогтоосон. Гэвч хариуцагч нэмэлт гэрээгээр тохиролцсон ёсоор зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлах тухай мэдэгдэж, үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг шаардсан. Хариуцагч нь 100,000,000 төгрөгийн зээлээс үндсэн төлбөрт 24,825,541 төгрөгийг төлж, 75,174,459 төгрөг төлөөгүй байсан. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 71,803,853 төгрөг болгож байна. Хариуцагч талаас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч уг гэрээ, түүний хавсралтыг гэрээний талуудын эрх бүхий этгээдүүд баталгаажуулж гарын үсэг зурж, тамга дарсан. Нэхэмжлэгч нь гэрээний дугаарыг буруу бичиж техникийн алдаа гаргасан байна. Иймд 71,803,853 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Талууд дээрх нэхэмжлэлд дурдсан гэрээнүүдийн төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталгаажуулахад 99,935,398 төгрөг байсан. Энэхүү баталгаажуулсан дүн нь зөрүүтэй дүн бөгөөд нийт гэрээ тус бүрийн зээл, хүүгийн тооцооллыг нарийвчлан гаргаагүй. Гэтэл талууд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 67 тоот нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээнд үндсэн гэрээнүүдийн үлдэгдэл 100,000,000 төгрөг болж, хүү 1,338,887 төгрөг, нийт 101,338,886 төгрөг болгосон. Энэхүү нэмэлт гэрээгээр ямар үндэслэлээр хүү тооцож, эргэн төлөлтийн хуваарь тогтоож байгаа нь тодорхойгүй байх тул нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээний дагуу нийт 33,709,564 төгрөг төлж, 68,290,436 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 31,344,981 төгрөгийг төлж, 68,590,417 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ дүнг хүлээн зөвшөөрч байх тул үлдэх 8,213,166 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д ХЗХ-оос 70,089,449 төгрөг гаргуулж, Н ТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,714,404 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 508,397 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 70,089,449 төгрөгөөс 1,499,032 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь,

а. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 67 тоот нэмэлт гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл.

б. Дүүрэн буудай ХЗХ нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш буюу талууд үлдэгдэл төлбөрийг 99,935,398 төгрөг гэж баталгаажуулснаас хойш хугацаанд 31,344,981 төгрөг төлсөн тул нэхэмжлэгчид 68,590,417 төгрөг төлөх учиртай. Иймд энэ дүнгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Н ТБАГУТҮГ нь хариуцагч Д ХЗХ-нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71,803,853 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 68,590,417 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 100-101/

3. Хэргийн 38-42 дахь талд авагдсан Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ, талуудын тайлбараас үзвэл, Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан нь Дүүрэн буудай ХЗХ-той 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 107 тоот гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, зээлийн эх үүсвэрийг олгосон хугацаанаас хойш жилийн 1 хувийн хүү тооцох нөхцөлөөр зээлдүүлсэн, мөн хариуцагчтай 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 158 тоот гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг 107 тоот гэрээтэй ижил нөхцөлөөр зээлдүүлэхээр гэрээний талууд харилцан тохиролцсон байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч талд 30,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, 70,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус шилжүүлжээ. /хх-48-49/

Талууд дээрх гэрээ тус бүрийг байгуулсан талаар болон гэрээгээр тохиролцсон нөхцөл, гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө хүлээн авсан эсэхэд маргаагүй. Харин хожим буюу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээний хүчин төгөлдөр байдал болон эргэн төлөлтийн хэмжээ маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд гэрээ тус бүрийг бичгээр байгуулсан байх тул 1 жилийн 1 хувийн хүү тооцох тухай талуудын тохиролцоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсгийн заасантай нийцсэн байна.

5. Хэргийн баримтаас үзвэл, талууд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дээрх гэрээнүүдийн үүргийг харилцан тооцож, үлдэгдэл 99,935,398 төгрөг байгааг баталгаажуулсан байна. /хх-130/ Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 67 тоот нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь үндсэн зээл 100,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны хүү 1,338,887 төгрөг, нийт 101,338,886.51 төгрөгийг эргэн төлөх хуваарь бүхий нөхцлийг талууд харилцан тохиролцож, баталгаажуулсан байна. /хх-50-54/

6. Маргаан бүхий 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 67 тоот нэмэлт гэрээнд оролцогч талуудын эрх бүхий этгээдүүд гэрээ болон түүний хавсралт тус бүрт харилцан гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулсан байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Талуудын маргаагүй үйл баримтаар хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 31,344,980 төгрөг төлсөн талаарх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 102, 103, 125-129/

 

Иймд дээрх нэмэлт гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тул уг гэрээнд заасан хугацаагаар талуудын хооронд байгуулагдсан 2015 оны гэрээний хугацаа сунгагдсан гэж үзээд талуудын баталгаажуулсан 99,935,398 төгрөгийн дүнгээс хүү тооцож, хариуцагчаас 70,089,449 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/01055 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД