Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00138

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох 163/2018/0132/Э индекстэй, эрүүгийн 1815001910132  дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 128 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, И ургийн овогт Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт Ш.Т зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй, хохиролд нийт 195000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

1815001910132 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны  шатанд:

Хохирогч Ш.Т  ын өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баян-Агт суманд байдаг Пунцаг-Ёндон гэх найзтайгаа Эрдэнэт хотод тааралдаад Баян-Агт суманд шууд ирсэн юм. Учир нь Пунцаг-Ёндон хашаандаа байшин барьж байгаа юм туслаад өгөөч гэхлээр нь хамт Баян-Агт суманд очсон юм. Тэгээд найздаа тусалж байгаад 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад Д.Б , Самбуу, Пунцаг-Ёндон нарын хамт хувааж ууж байхад Самбуу гэх хүн гэрлүүгээ явсан. Тэгээд архиа дуусаад байж байхад Д.Б “Ерөөл” нэртэй 0.5 литрийн нэг шил архи авч ирээд нэрийг нь мэдэхгүй байна нэг дэлгүүрийн хойно сүүдэрт сууж байгаад Д.Б , Пунцаг-Ёндон нарын хамт хувааж уусан ба архи дуусаагүй байхад Д.Б нь юм ярьсан ба би Эрдэнэт хотын цагдаад ажиллаж байсан гэхээр нь би чи намайг Эрдэнэт хотын цагдаад ажиллаж байхад байгаагүй юм байна гэсэн. Тэгтэл Д.Б нь би чамайг бодвол юм үзсэн хүн гэх зэргээр янз бүрийн сонин юм ярьж байгаад надтай муудалцсан. Тэгтэл Д.Б нь намайг сууж байхад түлхэж унагаагаад бид хоёр дээр доороо ороод ноцолдсон, нэг мэдэхэд Д.Б нь миний дээр гараад миний толгой руу 4 удаа цохих шиг болсон. Тэгээд миний толгойноос цус гараад тэнд усаар угааж цэвэрлэсэн ба Пунцаг-Ёндон эмч дуудаж ирээд би эмнэлэгт очиж 4 оёдол хийлгэсэн юм. Тэгээд Д.Б  маргааш нь ирж надтай уулзаж уучлалт гуйсан боловч тэрнээс хойш над руу ярьж надтай уулзахгүй байхаар нь би цагдаад хандсан юм. Одоо миний бие зүгээр байгаа, Д.Б нь эм тариа болон оёдлын мөнгө зэргийг төлж өгсөн. Мөн миний 50304153902 дансанд 95000 төгрөг шилжүүлсэн. Надад их тусалсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Гэрч Х.Гонгорын өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 26-ны орой ажил тарах үед Пунцаг-Ёндон гэх хүн эмнэлэг дээр хүрч ирээд дэлгүүрийн урд хүн ухаан алдаад уначихлаа гээд дуудлага өгсөн. Үүний дагуу дуудлагаар явж очиход нэг хүн байсан ба толгойноос нь цус гарч байсан учраас тэр хүнийг эмнэлэг дээр авч ирж толгойны шархыг нь цэвэрлээд шархыг нь оёсон юм. Ш.Т   гэх хүн нь тухайн үед согтуу байсан ба оёдлоо хийлгээд шингэн залгуулаад эмнэлэгт хэвтэж байгаад орой 21 цагийн үед эмнэлгээс гараад явсан. Толгой хэсэгт нь үүссэн шарх нь бүгд 2 см-ээс илүүгүй хэмжээтэй байсан. Би толгойны орой хэсэгт 1 ширхэг оёдол, дагз орчимд 1 ширхэг оёдол, духны хэсэгт 2 ширхэг, нийт 4 ширхэг оёдол хийсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч Л.Пунцаг-Ёндонгийн өгсөн: Би Ш.Т танина аа. Би Ш.Т  тай залуугийн найзууд юм. Эрдэнэт хотын эмнэлэгт миний ээж хэвтэж байгаад 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орчимд эмнэлгээс гарсан юм. Тэгээд би ээжийг тосож авахаар Эрдэнэт хотод явж байгаад багийн найз Ш.Т  тай зах дээр таараад хэсэг юм ярьж байгаад, би ээжид байшин барьж байгаа юм. Миний найз завтай бол надтай хамт Баян-Агт ороод тэр ажилд маань туслаад өгөөч гэж гуйгаад Ш.Т аваад ээжийн хамт шууд Баян-Агт сум руу ирсэн юм. Тэгээд Ш.Т   бид хоёр байшингийн хундаамны элс хайрга, шороо зөөж хэд хоносон юм. Ш.Т   бид хоёр 2018 оны 06 дугаар сарын 26- ны өглөө 10 цагийн орчимд дэлгүүр орохоор хамт явж байгаад Болдоо гэх хүнтэй таарсан юм. Тэгтэл тэр Болдоо нь манай найз Ш.Т тай эртний танилууд байсан юм байна лээ. Тэгээд Болдоо Ш.Т  т “Ерөөл нэртэй 0.5 литрийн” нэг шил архи авч өгсөн тэгээд уг архийг бид гурав Баян-Агт сумын эрүүл мэндийн төвийн хашааны ард хувааж уусан юм. Тэгээд архи дуусахаар нь би гэрлүүгээ явж ээжид каш буцалгаж өгсөн ба гэрт байсан нойлын цаас дууссан байхаар нь дэлгүүрээс нойлын цаас авахаар Хавцгайт-Од хүнсний дэлгүүр рүү орсон ба нойлын цаасаа аваад гэрлүүгээ явж байхад Тэнгэр хүнсний дэлгүүрийн хойд буланд Самбуу, Ш.Т , Д.Б гурав сууж байсан тэгээд би наанаас явж очиход Ш.Т   намайг чи ийшээ суу гээд “Ерөөл нэртэй 0.75 литрийн” хагас шил архи аваад ирсэн тэгээд уг архинаас Д.Б болон Самбуу хоёр бараг уугаагүй, Ш.Т   бид хоёр хувааж уусан юм. Тэгээд архи дуустал Самбууг нэг эмэгтэй хүн чи хариач гээд байсан. Тэгсэн чинь Самбуу шууд яваад өгсөн. Тэгээд байж байтал Д.Б нь надад хандаж “би  чамд нэг шил архи авч өгөх учиртай” гээд дэлгүүрээс “Ерөөл нэртэй 0.5 нэг шил архи авч ирээд тэнд задлаад Ш.Т  , Д.Б бид гурав хамт уусан ба архи бараг дууссан байсан. Тэгтэл Ш.Т   Д.Б хоёр маргалдаад байсан юм. Яриаг нь сонсоход Ш.Т   Д.Б ийг би чамайг Эрдэнэтийн цагдаад хараагүй юм байна. Би өөрөө Эрдэнэтэд цагдаагаар ажиллаж байсан юм гээд байсан.  Тэгтэл Д.Б би Эрдэнэтийн цагдаад нярав ажилтай байсан юм. Харин чам шиг юмыг би хараагүй юм байна гэх зэргээр хэрэлдээд байсан. Тэгээд удалгүй тэр 2 барилцаж аваад дээр доороо оролцоод газар ноцолдоод байсан. Тэгтэл Ш.Т   нь Д.Б доор нь байхдаа гараараа толгойруу нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Д.Б нь Ш.Т  ын толгой руу нь хэд хэдэн удаа цохих шиг болсон. Тэггэл Ш.Т  ын толгойноос цус гараад байхаар нь би дэлгүүр лүү гүйж ороод цэвэр ус, нойтон салфетка авч ирээд Ш.Т  ын толгой руу хийж өгөөд шархыг нь цэвэрлэсэн ба Д.Б нь тэнд зогсож байснаа гэнэт яваад өгсөн байсан юм.  Тэгэхээр нь би сумын эмнэлэг рүү очоод дуудлага өгсөн ба Х.Гонгор эмчийг аваад зодоон болсон газраа ирээд Ш.Т үзүүлж эмч Ш.Т эмнэлэг рүү авч явсан. Харин би гэрлүүгээ харьж унтсан. Өглөө нь би босоод хойд шовгорлуугаа ороход Ш.Т   нь хойд нааран дээр унтаж байсан ба толгойдоо боолттой байсан. Тэгээд Ш.Т  аас асуухад оёдол хийлгэсэн гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Гэрч Б.Даваасамбуугийн өгсөн: Тухайн өдөр би Булган аймаг явж эмнэлэгт байгаа эхнэр дээрээ очих санаатай Баян-Агт сумын тендрийн зогсоол дээр ирсэн. Тэгээд эхнэр лүүгээ залгаад одоо гарах гэж байна гэж хэлэхэд эхнэр маань ирээд хэрэггүй ээ гэж хэлсэн юм. Тэгээд би гэртээ харих гээд “Тэнгэр” хүнсний дэлгүүрийн хажууд явж байхад урдаас танихгүй нэг хүн ирж явахаар нь би “та хаанаас яваа юм” гэхэд тэр ах “би Эрдэнэт хотоос ирсэн, Эрдэнэт рүү явах унаа хайж байна” гэсэн. Тэгээд би тэр ахтай тамхи татангаа Тэнгэр хүнсний дэлгүүрийн зүүн хойд талын буланд сүүдэрт сууж байхад цаанаас Пунцаг-Ёндон ах ирж явсан. Би босоод Хаан банкны урд замаар алхаад гэртээ харьсан. Би дэлгүүрийн хойд буланд тэр ахтай суугаад тамхи татчихаад босоод яг явах гэж байхад Д.Б ах ирсэн юм. Тэр үед Догоо эгч Хаан банкнаас гарч ирээд “хөөш Самбуу чи урагшаа явах юу болсон бэ, хариач” гэж хэлэхээр нь би тэндээс шууд яваад гэртээ очсон гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Гэрч А.Батдоржийн өгсөн: Д.Б нь бага байхдаа ангийн бүлгийн дарга хийдэг анги дотроо нэр хүндтэй хүүхэд байсан. Одоо зан араншингийн хувьд аливаа ажил төрөлд шудрага, тууштай ханддаг, бусадтай нээлттэй харьцаатай, инээж хөгжилдсөн хүн байгаа юм. Бусадтай харьцахдаа нийтэч зантай, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, ажилсаг, төлөв даруу хүн юм. Хувиараа хөдөлмөр эрхэлж мал түүхий эд худалдан авч борлуулж амьдарлаа залгуулдаг гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Гэрч Ж.Оргилболын өгсөн: Д.Б нь эхнэр байхгүй, 2 хүүхэд нь тусдаа гарсан, ганцаараа амьдарч байгаа. Зан араншингийн хувьд цайлган цагаан сэтгэлтэй өрөвч энэрэнгүй, аливаа ажил төрөлд шудрага, тууштай ханддаг, бусадтай нээлттэй харьцаатай. Урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Найз нөхдийн хувьд Баян-Агт сумын гаралтай хэсэг эрэгтэйчүүдтэй найзалдаг. Тэдэнтэйгээ нийлж наймаа арилжаа хийж, арьс нэхий авч борлуулах зэргээр амьдрлаа залгуулдаг юм. Хүнтэй маргаан зодоон үүсгээд байдаггүй ямар нэгэн муу зуршилгүй, муу санаагүй цайлган зантай хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

Шүүгдэгч Д.Б яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 26-ны өглөөний 06 цагийн үед мотоцикпь унаад Хануй рашаан ороод 30 гаран тооны хонины өлөн хүмүүсээс худалдаж аваад, авсан өлөнгөө Баягт-Агт суман дахь гэртээ авч ирэхээр Хануй рашаанаас мотоцикльтой хөдөлсөн юм. Тэгээд замаараа Норвоогийн гэрээр ороход гаднаас хүмүүс ирсэн гээд нэг шил архи задалсан байсан юм. Би тэр архинаас хувааж уугаад Норвоогийн гэрээс явсан ба замаараа Нэргүй ахынхаар дайрч худаг дээрээс нь ус уучихаад сумын төврүү явж гэртээ очоод авсан өлөнгөө давсалж тавьсан. Тэгээд гэрээсээ гараад Бургаст хүнсний дэлгүүрлүү очоод “Ерөөл нэртэй 0,5 литрийн 1 шил архи” худалдаж аваад гэртээ харих гээд сумын хуучин клубын ард байдаг Тэнгэр хүнсний дэлгүүрийн орчим явж байхад дэлгүүрийн зүүн хойд буланд Самбуу, Ш.Т  2 сууж байсан. Тэгээд тэр хоёртой таараад авсан 1 шил архиа задлаад аягалах гэхэд аяга байхгүй байхаар нь Самбууг архинд явуулах гэхэд Баатарын эхнэр Самбууг дуудаад цааш аваад явсан. Ш.Т тай үлдээд юм ярьж байхад “Ш.Т  нь би Эрдэнэт хотын цагдаад чамаас хойш ажиллаж байсан, чи дандаа хөгшин хүмүүс таньдаг юм байна. Би чамайг хараа ч үгүй юм байна, би Эрдэнэт хотод замын цагдаагаар ажиллаж байсан юм” гэх мэтээр надруу дайраад хуруугаараа заагаад байсан. Тэр үед Пунцаг-Ёндон дэлгүүрийн урдаас ирж явсан, тэгтэл Ш.Т  нь гэнэт намайг миний баруун шанаа тус газар хальт цохиход би сууж байсан чигээрээ хойшоо газар налаад унасан. Тэгтэл Ш.Т  нь миний дээр гараад намайг толгойруу минь 2 удаа гараараа цохиход Пунцаг-Ёндон хүрч ирээд боль гээд Ш.Т ын гарнаас барьсан. Тэгэхээр нь Ш.Т ын хөлийг нь дараад биеэрээ бүтэн эргээд Ш.Т ыг доороо хийх явцдаа газраас гартаа мэдрэгдсэн жижиг чулууг атгаж аваад баруун гарынхаа чигчий хуруунд атгаж байгаад Ш.Т ын толгой хэсэгт сайн санахгүй байна 4 орчим удаа цохиод гэрлүүгээ явсан. Пунцаг-Ёндон эмч дуудна гээд эмнэлэг явсан, би явж байгаад Ш.Т ыг харахад босоод суусан байсан ба дух орчимоос нь бага зэргийн цус гарсан байсан. Ш.Т ыг сайн танихгүй, өмнө харж байгаагүй, Баян-Агт суманд ирсэн хойно нь Пунцаг-Ёндонгийн найз гээд Ш.Т  гэх хүний талаар хүмүүс ярьж байхад нь сонсож байсан юм. Ш.Т ыг доороо оруулахдаа газраас атгаж авсан жижиг чулууг чигчий хуруундаа хавчуулан баруун гартаа атгаж байгаад толгойн зүүн талруу болон дагзны орчим 4 удаа цохисон. Тэр чулууны хэмжээ хүний эрхий хурууны эхний үе шиг хэмжээтэй мөлгөр зуйван хэлбэртэй хурц үзүүргүй байсан. Тэр залуу эхлээд би чамайг танихгүй би Эрдэнэт хотын цагдаад ажиллаж байсан гэж хэлэхээр нь би ч гэсэн танихгүй гэж хэлтэл намайг 1 удаа хальт цохисон, тэгэхлээр нь би цохиулсан уурандаа болоод Ш.Т ыг зодсон юм. Энэ нь миний буруу. Их согтуу байсан миний авчирч задалсан архинаас ерөөсөө уугаагүй, харин би өөрөө халамцуу байсан ба энэ үйл явдал болсоны маргааш өглөө нь 06 цагийн үед Пунцаг-Ёндонгийн гэрт очиход Ш.Т  хэвтэж байхаар нь би чиний бие гайгүй өчигдөр хёулаа ялихгүй юмнаас болоод ийм асуудал болсон. Чи өөрөө эхэлсэн шүү гэж хэлсэн. Би тэр өдрөө Дулаанхаан багийн Цагаан голын рашаан руу хонинд явна ирээд уулзъя гэж хэлээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаартай:

  1. Ш.Т  ын биед дух, гавлын орой, дагз хэсгийн хуйханд шарх, баруун бугалганд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
  4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д

зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-4 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг түүний хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-34-39 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-40-41 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт хохирогч Ш.Т  тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Т  , гэрч Х.Гонгор, Л.Пунцаг-Ёндон, Б.Даваасамбуу, А.Батдорж, Ж.Оргилболд нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 148 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.

         Шүүгдэгч Д.Б дээрх үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Д.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Т  ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эмчилгээ, оношлогоотой холбоотой 195000 төгрөгийг төлснөөр хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн шатанд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Д.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

        Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй  байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч И овогт Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б 500000 /таван зуун  мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг хоёр сарын хугацаагаар тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б өд мэдэгдсүгэй.

         5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД