Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01429

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01400 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.А т холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8,044,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Содхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Р.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сарын 900,000 төгрөгөөр, нэг жилийн хугацаатай орон сууц түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээг нэг жилээр сунгасан. Уг байранд амьдарч байсан н.Д гэх хүн түлхүүрийг бусдаар дамжуулж хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагч Р.А аас 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 7,083,870 төгрөг, алданги 960,765 төгрөг, нийт 8,044,635 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: н.С, н.С нарын гуйлтаар 2018 онд түрээсийн гэрээг байгуулсан. Уг орон сууцанд нэг ч удаа амьдарч үзээгүй, ямар нэгэн ашиг сонирхол байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч О.А т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 29 дүгээр байр, 203 тоот орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8,044,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Р.А тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, 1 жилийн хугацаагаар сунгасан. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж зааснаар гэрээг сунгасан гэж үзнэ. Анхан шатны шүүх хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр өгсөн тайлбарыг үндэслэж байгаа бол тус байранд амьдарч байсан н.Д гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Р.А т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,044,635 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3а.Тодруулбал, нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэг тал Р.А , нөгөө тал нь Ч.Б гэх этгээдүүд байна.

3б.2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн огноо бүхий Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний түрээслүүлэгч тал С ХХК-ийг төлөөлж Ч.Б, түрээслэгч тал Р.А нар гэрээ байгуулж, гэрээнд Ч.Б, Р.А нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Уг гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон байна.

 

3в.С ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 203 тоот, нийт 53,95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр эрх бүхий байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ. /хх-17/

 

3г. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцанд н.Д гэх хүн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд амьдарч байгаад түлхүүрийг хүнээр дамжуулан өгсөн учир Р.А аас 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны төлөгдөөгүй төлбөрийг гаргуулна гэж, хариуцагчийн хувьд гэрээг найз н.С, н.С нарын хүсэлтээр байгуулсан, орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаагүй гэж тус тус тайлбарлан талууд маргасан байна. Тус орон сууцыг хариуцагч Р.А бодитоор ашиглаагүй, орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг өөр этгээдээс нэхэмжлэгчид төлсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Р.А нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш сунгагдсан, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний харилцаа үргэлжилсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

 

4.Нэхэмжлэгч тал Р.А тай байгуулсан гэрээ Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар сунгагдсан, мөн нэхэмжлэлд дурдсан орон сууцанд амьдарч байсан н.Д гэгчийг дуудан ирүүлэх хүсэлтийг шүүх хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, иргэн н.Д ийн талаарх лавлагааг Нийслэлийн Прокурорын Газраас гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг хэрэглэн, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01400 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД