Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00139

 

  Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган

улсын яллагч  Ц.Сувдаа

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М холбогдох 163/2018/0133/Э индекстэй, эрүүгийн 1815001720140  дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Х овогт О.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт хохирогч Д.Э зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруу дээрээ маргахгүй. Хохирлыг ах маань төлнө гэсэн төлсөн эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

1815001720140 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Э гийн өгсөн: 2018 оны 06 сарын 11-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Оросын булаг гэх газар зусаж байхад манай урд талд байдаг зуслангийн газрын  манаач М  нар хамт Орхон аймгийн төв ороод өгөөч гээд мотоцикльтой ирэхээр нь би хамт явсан. Тэгээд дэнжийн захын дэлгүүр орж архи пиво аваад гарч иртэл О.М буюу Дөөдөн, Пүрэвсүрэн 2 мотоцикльтой явж таарсан. Тэгээд М  архи пивоо барьчихсан байсан учраас нөгөө 2 залуу архи пивоноос чинь ууна гэхээр нь минийх бишээ энэ хүний юм гэсэн чинь дургүй маягтай байсан, тэгээд өгөөдөх гээд тэр 2 нэхээд байсан ба тэгвэл ийшээ гарч байж болье гээд явсан. Бид түрүүлээд хөдөлтөл тэр 2 араас гүйцэж түрүүлээд нэг хөтөл дээр гарч зогсчихсон байхаар нь улаан зам дээр яаж болдог юм гээд замын урдхан талд замаасаа өөр газарт очиж зогссон. Тэгсэн пивыг нь задлах гэсэн архийг нь ууна гээд архиа задалсан Тэгээд архиа хувааж ууцгаасан. М  өвгөн архиа жаахан харамлах маягтай байсан чинь О.М түүнийг 2-3 удаа нүүрэн тус газар нь цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би хөгшин хүний юмыг нь авч уучихаад яаж байгаа юм гээд би салгах гэсэн тэр залуу надруу дайраад л О.М нь зодсон. Пүрэвсүрэн бол салгаж байсан. Тэгээд л цагдаад хандсан. Тухайн газраас манай эхнэр намайг авсан. Миний биед баруун хавирга орчимд гэмтсэн нүүрэнд хавдартай байсан. Энэ цээж нил хөндүүр байсан. Пүрэвсүрэн нь болохоор сүүлд надтай ирж уулзаад би та хоёрыг хамгаалж салгаж байсан л гэж яриад байна лээ. Тэгээд цагдаагаас та гомдлоо татаад авчихаач, би хохирлыг чинь барагдуулья гээд байсан. М ын биед нүүрэнд ил харагдаж хөхөрч хавдсан байсан ба өөрөө шалгуулахгүй гомдол саналгүй гээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй.  М  бол тэр хоёр залууг танихгүй. Тэр хоёр залуу манайхтай ойролцоо нутагладаг учраас зүс таних юм. Бид нарын хувьд өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй байсан ба өмнө нь манайх аргамжаатай хэд хэдэн морь алдчихсан ба битүүхэндээ тэр залууг харддаг ба архи ууж байхдаа л намайг хулгайч гэдэг гээд О.М нь надруу тэгээд байсан, тэрнээс болсон ч байж магадгүй. Гэхдээ тэр залуу манай адууг авсан үгүйг бол тогтоогоогүй юм. Тийм зүйл л ярьж өө гаргасан байх. Энэ адуу малаа алдаж байсан асуудлаа тухай, тухай бүрт нь цагдаад хандаж шалгуулж байсан гэх мэдүүлэг /хх-09-10 тал/,  

Гэрч Л.М ын өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манайд хүн ирэхээр нь хажуу талын хүн Д.Э г гуйгаад Орхон аймаг орж дэлгүүрээс 1 шил  архи, 1 том пиво аваад дэлгүүрээс гартал дэлгүүрээс 2 залуу даагж гарч ирээд бид хоёроос архиа өгчих, хувааж ууя гэсэн. Тэгээд өгөхгүй гэсэн чинь явуулахгүй байсан. Тэгээд бид 2 архи өгөхгүй пиво уу гэсэн чинь ийшээ гараад ууна гээд дагуулаад явсан. Тэгээд “Оросын булаг”-н хойд хөтөл дээр очоод нөгөө 2 залуу бууж ирээд архи ууна гээд надад байсан архийг задлаад дөрвүүлээ уусан. Тэгээд нөгөө залуучууд согтоод намайг цохиод авсан. Тэгээд Д.Э  намайг өмөөрөөд та хоёр яагаад байгаа юм гэсэн чинь Дөөдөн нь чи яасан их хүн өмөөрдөг пиздаа вэ гээд Д.Э г барьж авч цохиод, боож унагаагаад өшиглөөд байсан. Тэгээд Д.Э  зугтаасан ардаас нь нөгөө 2 хөөгөөд тэнд Д.Э г тэр 2 зодсон. Тэгээд байж байтал Д.Э гийн эхнэр ирсэн. Удаагүй цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан бид нар гэр гэрлүүгээ явцгаасан.  Тэр 2 залуу намайг архиа өгөхгүй байсан гэж цохьсон. Харин Д.Э г намайг өмөөрлөө гээд зодсон. Би бол танихгүй надтай хамт явж байсан Д.Э  бол танина.  Барагцаагаар 20 гарсан залуучууд байсан. Хувцсыг нь мэдэхгүй байна. Нэг шардуу царайтай, туранхайдуу хүн байсан Пүүжээ гэж байсан. Надад бол гэмтэл учраагүй, намайг Дөөдөн гэх бор залуу нь 2 удаа шанаадсан. Би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан барьж боож унагасан. Цохьсон өшиглөсөн ардаас нь хөөж очоод цохиод байсан, бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Бид нарын зодоон болдог газрын ойролцоо айлууд байсан. Бид нар нэг шил архи, нэг том пиво уусан, би бол тухайн асуудлыг санаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,  

Гэрч Д.Будсүрэнгийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгаас гэртээ ирээд хоол хийж байсан чинь манай хажуу талын айлын эхнэр Болортуул гэх хүн орж ирээд танай нөхрийг Дөөдөн зодоод байна гэсэн. Тэгээд би байгаа газар нь очиход манай нөхөр ухаангүй хэвтэж байсан. Тэгээд татаж үзэхэд айн гэхээр нь нөхрийг орхиод нөгөө хэд дээр нь очиход та нар яахаараа архи уудаг юм, Дөөдөнг чи яахаараа хүн зоддог юм гэсэн чинь яадгийн танай нөхөр намайг хулгайч гэсэн юм чинь гээд тоохгүй байсан. Би та нарыг цагдаад өгнө гээд машин руугаа явж байсан чинь Дөөдөн хувцсаа өмсөөд байхаар нь би эргээд очих гээд байтал нэг машин зогсоод бид нар дээр хүрээд ирсэн.Тэгээд би Булганы цагдаа байна гээд тэр хоёрыг аваад явсан.Тэгээд бид нар гэрүүгээ явцгаасан гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Л.Пүрэвсүрэнгийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр О.М /хоч нь Дөөдөн/ бид 2 миний мотоцикльтой Орхон аймгийн төв орсон.Тэгээд Петровис колонк орж бензин хийгээд цаашаа явж дэлгүүр орж тамхи аваад гараад ирсэн. Оросын булаг гэх газарт байдаг Д.Э  өөр нэг ахтай хамт дэлгүүр ороод гарч ирж таарсан.Тэгээд тэр хоёр 1 шил архи, 1 сав пиво авчихсан байсан. Тэгээд Д.Э  гэдэгтэй нь мэндлээд хаа хүрэх нь үү гэсэн хүнтэй хамт явна гэсэн. Наадахаа уух гэж байгаа юм уу гэхэд энэ хүнтэй яваа юм гэхдээ яахав   ийшээ даваад пивыг нь хуваагаад уувал ууя гэсэн. Тэгээд дэлгүүрлүү орчихоод тэр хоёрын араас явсан. Оросын булаг дөнгөж даваад цаад хажуу дээр нь сууж байсан. Тэгээд тэнд очоод эхлээд пивыг нь задлаж ууцгаасан.Тэгээд дараа нь нэг мэдсэн архийг нь задлачихсан байсан. Юунаас болсон юм О.М нөгөө 2 ахтай зодоон хийгээд унасан ба би салгасан ба О.М л тэр 2 луу энд тэндээс нь тойрч гүйж гарч ирж өшиглөж зодсон. Д.Э  гуайн эхнэр ирж нөхрөө аваад явсан.  О.М л тэр хоёрыг зодчихсон. Д.Э  гуайн нүүр шанаа хэсэгтээ халцарч шалбарсан байсан. Нөгөө хүн нь мөн тийм байх шиг байсан. О.М бид 2 тэр хоёр ахтай таархын өмнө архи уучихсан байсан болохоор нэлээд согтуу байсан. Тэгээд Бугат сумын төлөөлөгч таарч намайг Орхон аймгийн эрүүлжүүлэх рүү, Мөнх-Амьдралыг Бугат сум руу аваад явсан.  Мотоциклио журмын хашаанд хийсэн. Үүнээс хойш Халтар гуай /Д.Э  авгайлж дууддаг тайлбарлав/-тай 2-3 удаа таарч уулзсан.Тэр асуудлын улмаас би 7 хоног баривчлагдсан ба гараад очиж уулзаж бие хааг нь асууж уулзсан ба хавирга гэмтсэн байна гэж ярьж байсан. Эм тариа хэрэглээд байж байна гэж байсан. Нөгөө хамт явсан хүнтэй нь бол уулзаагүй. О.М одоо хаана байгааг мэдэхүй. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад одоогоос 10 орчим хоногийн өмнө түүнтэй Орхон аймагт уулзсан. Түүнээс хойш би Орхоны цагдаад баригдаад ирсэн ба О.М цагдаатай уулзаагүй гэрт нь очихоор байхгүй байгаад байгаа, 88146650 гэсэн дугаартай байсан ба үүнийгээ дэлгүүрт тавьчихсан гээд утасгүй байсан. О.М Дундат гэх газарт өвөө Дагвадорж, эмээ Лхамсүрэн нарын хамт гурвуулаа амьдардаг. Аав ээж нь Бүрдэнд байдаг.  Аав нь Цэнгэл, ээж нь Осоржам гэж хүн байдаг. О.М л намайг хулгайч гэсэн гэж яриад л маргалдсан гэсэн, би согтуу байсан учраас сайн мэдэхгүй. Д.Э  гуай О.Мөнх-Амьдралын эмээ өвөөгийнхтэй ойрхон өвөлждөг юм. Бие биенээ танина. О.М өөрөө тухай үедээ нэлээд согтуу байсан. Нөгөө 2 ах ч гэсэн жаахан халамцуу байсан. Миний хувьд тэр 2 ахад гар хүрч зодож цохиогүй. Харин салгах гээд дийлдэхгүй байсан.Тэгээд би Д.Э  ахыг зодуулахгүй гээд түүний дээрээс дараад хэвтчихсэн чинь тойрч өшиглөөд байсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,  

Шүүгдэгч.О.М яллагдагчаар өгсөн:  2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Л.Пүрэвсүрэн бид 2 түүний мотоцикльтой Орхон аймгийн төв орсон.Тэгээд Петровис колонк орж бензин хийгээд цаашаа явж дэлгүүр орж тамхи аваад гараад ирсэн Оросын булаг гэх газарт байдаг Д.Э  өөр нэг ахтай хамт дэлгүүр ороод гарч ирж таарсан. Тэгээд тэр 2 нэг шил архи, 1 сав пиво авчихсан байсан. Тэгээд Д.Э  гэдгийг нь таних болохоор мэндлээд хаа хүрэх нь үү гэсэн хүнтэй хамт яваа гэсэн. Наадахаа уух гэж байгаа юм уу гэхэд энэ хүнтэй яваа юм, гэхдээ яахав ийшээ даваад пивыг дөрвүүлээ хуваагаад уучихвал уучихъя гэсэн. Тэгээд дэлгүүр лүү орчихоод тэр хоёрын араас явсан, Оросын булаг дөнгөж даваад цаад хажуу дээр нь сууж байсан. Тэгээд тэнд очоод эхлээд пивыг нь задлаж ууцгаасан. Яг юунаас болсон юм нэг мэдсэн нөгөө 2 ахтай зодоо хийгээд унасан байсан. Тэр 2 ахыг би хоёуланг зодсон байсан. Яагаад тэгсэнээ бол мэдэхгүй байна. Их согтуу байсан юм. Би Д.Э г зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тэр хүмүүст учирсан хохирлыг барагдуулна гэх мэдүүлэг /хх-47-48 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай:

1. Д.Э гийн биед баруун дээд зовхи, баруун нүдний алимны салст, зүүн хацар, шанаа, цээж, зүүн даланд цус харвалт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтандн нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-4 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, шүүгрдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-9-51 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-73-74 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.М нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг “Оросын булаг” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Э тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э , гэрч Л.М , Д.Будсүрэн, Л.Пүрэвсүрэн нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Шүүгдэгч О.М хүний халдашгүй чөлөөтэй байх Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч О.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эмчилгээ, оношлогоотой холбоотой иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байх ба хэргийн 72 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж 375800 төгрөгийг шүүгдэгч О.Мөнх-Амьдралаас гаргуулж хохирогч Д.Э д олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч О.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ажлыг Булган аймгийн Булган сумын тохижилт үйлчилгээний албанд ажиллуулах нь зүйтэй гэж үзэв.

        Энэ хэрэгт шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:                                                                                                                        

1.Шүүгдэгч Х овогт О. М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Булган аймгийн Булган сумын тохижилт үйлчилгээний албанд гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.М мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.М 375800 /гурван зуун далан таван мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багт оршин суух Д.Э д олгосугай.

       5. Энэ хэрэгт шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД