| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0135/Э |
| Дугаар | 00140 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 00140
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох 163/2018/0135/Э индекстэй, эрүүгийн 1815002210133 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Г овогт М.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын нутаг “Хануй Рашаан” гэх газарт Д.А ын зүүн далны доод хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
1815001910132 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Д.А ын өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Хануй рашаан” амралтын газарт орой 18 цагийн үед эхнэр Оюундэлгэр, Ариунжаргал нарын хамт “Залман хангай” ХХК-ийн тайлан гаргахаар очсон. Эхнэр Оюундэлгэрийг “Хануй рашаан”-ны “Багш” амралтын газарт үлдээсэн бөгөөд би Ариунжаргалын хамт “Хануй рашаан”-д байдаг Бямбадаваа ахынд очиж ерөөл нэртэй, 0.5 литрийн архи хувааж уусан. Тэр өдөр Лхагвасүрэн эгч “Хануй рашаан” дээрээс гэрийн өрх болон гурил захиад байхаар нь түүнийг нь лавлах гээд Ариунжаргалын хамт мотоцикльтой Лхагвасүрэн эгчийн гэрийн гадна очсон. Энэ үед гэрийн гадаа нэг залуу хонь гаргаад сууж байсан. Лхагвасүрэн эгчийн охин Одончимэгээс Лхагвасүрэн эгчийг асуухад “байхгүй” гэж хэлсэн. Би хонь гаргаж байсан залуугаас хаанаас ирснийг нь асуухад “Улаанбаатар хотынх” гэж хариулсан. Би тэгэхээр нь түүнийг Улаанбаатар хотын “гожигдой” юм уу гэж хэлэхэд тэр залуу “хэн нь гожигдой байна үзэх үү” гээд байсан. Үүнээс болж тэр залуутай маргалдсан. Би гэрийнх гаднаас хөдлөх гээд мотоциклио асаагаад Ариунжаргалыг хойноо суулгаад явах гэтэл Ариунжаргал “та чадахгүй бол би үзчихье” гээд мотоциклиос буусан. Тэгэхээр нь “чамайг хэрэгт хийгээд явах вэ, би өөрөө учраа олъё” гээд гэрийн гадаа тэр залууг бариад авсан юм. Тэр залуу миний гарыг тавиулаад гэр тойроод зугтаасан. Тэгэхээр нь би буцаад мотоцикль руугаа явж байсан чинь “хүн хутгалчихлаа цусыг дараач” гэж хэлсэн. Энэ үед миний нуруу их сонин болсон бөгөөд би доошоогоо суусан. Тэнд байсан хүмүүс миний нурууг цамцаар ороосон байсан. Үүнээс хойш удалгүй түргэн тусламжийн машин ирсэн бөгөөд намайг сумын эмнэлэг рүү хүргэсэн. ...Би Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд 8 см гүн, 5 см өргөн шарх тогтоогдсон, ...7 хоног хэвтэн эмчлүүлэхэд 560000 төгрөг гарсан, үүнийг төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх 10-11 тал/,
Гэрч М.Одончимэгийн өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос төрөл, садангийн ах Бат-Оргилын хамт Булган аймгийн Баян-Агт сумын “Хануй рашаан” амралтын газарт зусаж буй ээж Лхагвасүрэн дээрээ ирсэн. ...2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Хануй рашаан” дээр хонь зарж байсан хүнээс 2 төлөг худалдаж авсан бөгөөд 1 төлөгийг нь өдөр М.Б ахаар гаргуулсан. Нөгөө 1 төлөгийг нь орой 19 цагийн үед мөн М.Б ахаар гаргуулаад би гэдсийг нь цэвэрлээд байж байсан. Энэ үед Д.А , Ариунжаргалын хамт мотоцикльтой ирээд зогссон. Д.А мотоциклиосоо буугаад гэрийн эзнийг асуусахад нь би байхгүй гэж хэлсэн. ...Д.А М.Б ахыг төлөг гаргаад байж байхад хаанаас ирсэн юм, Улаанбаатар хотоос ирсэн хулгайч юм уу гээд тэр хоёр маргалдсан. Д.А М.Б ахыг нутаг дээр ирчихээд томрох болоогүй шүү гожигоо минь гээд байсан. ...Д.А , М.Б ах нар гэрийн хойно байдаг зам дээр барьцалдсан. Д.А , М.Б ахыг хавсарч унагасан. ...М.Б ах гэрийн хажууд байсан хонь гаргаж байсан хутгаа авахаар нь би асуухад энэ хоёрыг айлгана гэж хэлж Д.А ах руу очсон. Би түүнээс хутгыг авах гэхэд өгөхгүй байсан. ...Үүнээс хойш гэрийн хойно Ариунжаргал нь намайг дуудаад Д.А ахаас цус гараад байна гээд хашгираад байсан. Шархыг нь цамцаар нь боогоод түргэн тусламж дуудсан. ... Би яг хутгалж байхыг хараагүй. ...Энэ хоёр анх ирэхдээ их согтуу байсан бөгөөд Д.А нь алхахдаа гуйваад байсан. ...гэх мэдүүлэг /хх 17-18/,
Гэрч Д.Рэгзэдмаагийн өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 24-ний орой 18 цаг өнгөрч байхад “Хануй рашаан” амралтын газраас хүн хутгалуулсан гэх дуудлага өгсөний дагуу очсон. Замд явж байхад улаан өнгийн машин биднийг зогсоосон. Бид буугаад очиж үзэхэд машины ар талын суудал дээр Д.А цээжээ цамцаараа боолгосон байдалтай байж байсан. Бид Д.А ыг эмнэлгийн машинд суулгаад сумын эмнэлэг рүү хүргэж ирсэн. Эмнэлэг рүү оруулаад цамцыг нь тайлж үзэхэд зүүн далны доод хэсэгт хутганд хатгуулсан 4-5 см хэмжээтэй том шарх байсан. Шархны ойр орчимд нөжөрсөн цус гарч байсан. Уг шарханд 4 ширхэг оёдол тавьж, шархыг нь боож, түүнийг хэвтүүлж шингэж залгаж, олон төрлийн эмчилгээ хийсэн. ...Маргааш орой нь түүнийг Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгсөн. ... Дуудлагаар очиход Д.А ын хутгаар хатгасан гэх залуу хамт явж байсан. ... М.Б гэх залууг архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч Д.А бага зэргийн согтуу байсан. ...гэх мэдүүлэг /хх 19-21/,
Шүүгдэгч М.Бат-Оргилын яллагдагчаар өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын “Хануй рашаан”-ы амралтын газарт эгчийндээ ирээд амарч байгаад хонь төхөөрөөд сууж байсан. Манай эгчийн гэрт нутгийн Д.А , Ариунжаргал гэж хоёр залуу согтуу ирчихээд Д.А нь намайг хэл амаар доромжлоод байсан...босож ирээд намайг боож аваад хавсарч унагаагаад дахиж хавсрахдаа өөрөө хамт уначихсан. Тэгээд босож зугтаасан ба хонь төхөөрч байсан газарт хутга маань байхаар нь тэр хоёрыг айлгах гээд авсан, миний ард Д.А нь ойртоод ирчихсэн байхаар нь би эргэж хараад хутгаа далайхад зүүн мөрөө урагш нь татаж далийгаад орж ирсэн...нэг нь хөөе энэ чинь цус алдаад байна гэсэн. Тэгээд л эмнэлэг, цагдаа дуудсан гэх /хх-35 тал/ мэдүүлэг,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 189 дугаартай дүгнэлтээр :
1.Д.А ын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 23/,
Мөрдөгчийн санал /хх 1/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 2-3/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх /, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 6/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 7/, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх 8-9/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх 22/, яаралтай тусламжийн хуудас /хх 24-29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, яллах дүгнэлт /хх 43-45/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын нутаг “Хануй рашаан” гэх газар хохирогч Д.А тай маргалдаж, улмаар түүнийг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.А , гэрч М.Одончимэг, гэрч Д.Рэгзэдмаа нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг, хохирогч Д.А ын биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 189 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч М.Бат-Оргилын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалж батлагдсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч М.Б дээрх үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын асрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж байна.
Шүүгдэгч М.Б гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Д.А нь 560000 төгрөгийг гаргуулна гэж мэдүүлсэн байх боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэргийн материалтай танилцаад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй /хх-40 тал/ гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч М.Бат-Оргилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт М. Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй бөгөөд торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг, хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД