| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0134/Э |
| Дугаар | 00141 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 00141
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Н.Э,
шүүгдэгч А.А ,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.А т холбогдох 163/2018/0134/Э индекстэй, эрүүгийн 1815002520131 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Б овогт А.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг, Цагдаагийн газрын гадна талбайд нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч Н.Эалбан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дэд ахлагч Билгүүний хамт пост дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд цагаан өнгийн суудлын авто машин бусад машинуудаас илүү хурдтай Эрдэнэт талаасаа ирж байсан. Дохиж зогсоогоод очиж шалгахад архи үнэртсэн. Драйгер багажаар согтолтын зэргийг нь үзэхэд 1.42% гарсан. Тэгээд аймгийн төврүү эрүүлжүүлэхэд хийх гээд аваад явсан. Тээврийн хэрэгслийг нь цагдаагийн газрын хажуу талын зогсоол дээр тавьчихаад машинаас буугаад байж байтал А.А мэргэжлийн хяналтын газрын тийшээ утсаар хүнтэй яриад байсан. Тэгэхээр нь би “утсаа боль, эрүүлжүүлэхэд оръё” гэж хэлэнгүүт миний зүүн талын нүд рүү цохьчихоод зугтаасан. Тухайн үед би нүдний шилтэй байсан. Нүдний шил хагарсан. Тэгээд 102 дээр гарч байсан цагдааг дуудсан. Маргааш өглөө нь цагдаагийн газрын үүдэнд сууж байсан. Тэгээд надаас уучлалт гуйсан. Хохирлын хувьд шүүгдэгчтэй эвлэрэн хэлэлцсэн. Одоо надад санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
1815002520131 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Гэрч Э.Ганцолмонгийн өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагчийн үүргийг гүйцэтгэж байсан. ...Тэгээд орой 22 цаг өнгөрч байсан дэд ахлагч Н.Э гар утсаар “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг авч явж байна” гэхээр нь пост дээр хэн байгаа юм гэж асуухад “д/а Дөлгөөн үлдсэн” гэж байсан. ...Удалгүй цагдаагийн вакум хаалгаар орж ирээд намайг дуудсан бөгөөд очиход “нөгөө гар чинь намайг цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнбатад гэрэл өгөөд Мэргэжлийн хяналтын газрын урд садаар хайлгуулсан, би өөрөө зүүн талаар нь хайсан...Н.Э буцаж ирээд машин ордог хаалгаар дөнгөж орж ирээд “энэ миний шил байна, хугартал нь цохьчихлоо” гэж хэлээд түүж байхад ерөнхий жижүүр Батжаргал гарч ирээд намайг сумдуудад мэдээ өгөх гээд байна гэхээр нь би орсон. Нүд нь улайчихсан, майжсан гэхээр болсон байсан...гэх мэдүүлэг /хх 15 тал/,
Гэрч Х.Батжаргалын өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан. Хэв журмын цагдаа дэд ахлагч Н.Э оройн 22 цагийн үед цагдаагийн газрын хаалгаар “хүнд цохиулчихлаа” гээд жижүүрт гарч байсан мэдээлэл хүлээн авагч дэд ахлагч Э.Ганцолмонг дуудсан. ...Цагдаагийн газрын урд талын машин зогсоол руу очиж түүнээс юу болсон талаар асуухад дэд ахлагч Н.Э зам тээврийн хяналтын постноос согтуу жолооч авч ирсэн чинь миний нүд рүү цохьсон гээд нүдний шилнийхээ хагархайг хайгаад байсан. ...Нүүр, нүдний эмчид үзүүлэхийг зөвлөсөн, мөн илтгэх хуудас бичихийг даалгасан ...гэх мэдүүлэг /хх 16 тал/,
Гэрч Г.Отгонбаярын өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тэс петролиум шатахуун түгээх газарт ажиллаж байсан. Орой 12 цагийн үед нэг үл таних залуу замын гэрэлд зогсож байхаар нь би юу хийж байгаа талаар асуухад “унаа олох гэж байна” гэж хэлсэн. Надаас утсаараа нэг яриулаач гэхэд нь би утсаараа яриулсан. Надад эхнэр төрсөн, машинаа цагдаад хураалгасан гэх мэт ойлгомжгүй зүйл яриад байсан. Мөн даарч байна гэхээр нь би борооны цуваа өгсөн. ...Өглөө 07 цагийн үед явсан... гэх мэдүүлэг /хх 17 тал/,
Гэрч Э.Дөлгөөний өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хуваарийн дагуу Булган аймгаас Орхон аймаг явах замд байрлах хяналт шалгалтын постонд нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, дэд ахлагч Н.Эын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 22 цаг 40 минутын үед “Орхон аймгаас Булган аймгийн чиглэлд сэжиг бүхий 78-71 ОРХ улсын дугаартай карина маркийн тээврийн хэрэгслийг дохиж зогсооход намайг яг мөргөх гэж байна ш дээ” гэсээр орж ирсэн... жолоочийг согтуурал шалгах багажаар шалгахад 1.42 хувьтай байсан. Дэд ахлагч Н.Э “тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийчихээд ирье” гэхээр би “за” гээд явуулсан. ...Хэсэг хугацааны дараа дэд ахлагч Н.Э над руу залгаад нөгөө жолооч чинь намайг цагдаагийн газрын гадаа “цохиж унагачихаад зугтчихлаа” гэж хэлсэн. ...Би түүний эрүүл мэндийн байдлыг асуухад эмнэлэг дээр үзүүлэх гээд байж байна гэж хэлсэн. Орой 12 цаг өнгөрч байхад дэд ахлагч Н.Э зүүн талын нүдээ боолгуулчихсан ирсэн ...гэх мэдүүлэг /хх-19/,
Гэрч Э.Шижир-Уяагийн өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд багын найз болох А.А тай Орхон аймгийн Төгөл худалдааны төвийн урд тааралдсан. Бид мэнд мэдээд байж байтал А.А охинтой болсон тухайгаа хэлсэн... тэгээд хоёр ширхэг 2.5 литрийн пивыг ууж дуусгасан. ...надтай уулзахдаа согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, ...ууж суухдаа Булган аймаг явна гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх 20 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаартай:
1.Магадлуулагч Н.Эын биед зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба баруун ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 26-27/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 3-4тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6-7 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-35-41,52-64 тал тал/,согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 42 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг, Цагдаагийн газрын гадна талбайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болохыг шалгаж тогтоосон нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч Н.Эалбан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, дэд ахлагч Н.Э, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Ганцолмон, Х.Батжаргал, Г.Отгонбаяр, Э.Дөлгөөн, Э.Шижир-Уяа нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Эын биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч А.А ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалж батлагдсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч А.А ын хууль сахиулагчийн эрх чөлөөнд халдсан дээрх үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж байна.
Шүүгдэгч А.А ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар хохирогч Н.Э нь шүүгдэгчтэй эвлэрэн хэлэлцэж шүүхийн шатанд шийдвэрлүүлэх иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч А.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.А ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А ыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А т оногдуулсан 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 27 /хорин долоо/ сарын хугацаагаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.А т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД